Б.Бирваа (Шинжлэх ухааны доктор)
Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна. Анхны үедээ энэ дэлхий дээр 10 мянга шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хүйн холбоо, гарал төрлийн хэлхээ сүлбээтэй 12 том бүлэг хэл үлдсэний нэг алтайн хэлний бүлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогүй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны үед ёстой л идэр залуудаа “Үнэн” сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хүртэх аз тохиож, монгол хэлний найруулга зүйн талаар чамлахааргүй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хүний хэлсэн сургасныг мартахгүйгээр барахгүй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр үед монгол хэл минь түүхэн хөгжлийн эрхээр, хойт хөршийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин, мөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жамаар шинэ шинэ нэр томьёо, шинэ үг, шинэ ойлголтоор баяжин, хөгжиж ирснийг үгүйсгэвэл нүгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний үг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хүчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд өнөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дугардаг, шүүмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр үеийнхээсээ бүр дордоод, монгол хүний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл түгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хүн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи (жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа) хэлийг орчлонгийн ганц хэл юм шиг шүтэгчдээс эмээж сүрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гүтгэлгийн элдэв балай юм сонин сэтгүүлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгүүлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хүнийг би мэдэхгүй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрүү үгчлэн орчуулсан үг хэллэг, онож хэлээгүй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгүй байсан боловч өнөөгийн (үүрэг, хариуцлагын талаар үг дурсах ч цээртэй) эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан үеийнх шиг зар сурталчилгаа, бүх газрын хаяг, пүүс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггүй, тэгж ч ярьдаггүй байсан. Үүнийг эрүүл ухаантай монгол хүн хэн хүнгүй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхүү сэглэгдэн зэрэмдэг хэл болсон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бүх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхүүнийг яруу сайхан, баялаг үгтэй монгол хэлээр бичиж туурвилгүй, орос болон бусад гадаад хэлнээс таамаг төдий, буруу зөрүү, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хүүхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшүүлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шүү болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрүү ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгүй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгүүлч болохыг зориод, МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгүүлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгүүлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зүйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрдөг юм байна лээ шүү. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Үүнд: