1. Референциал утгыг орчуулах
Референциал утгыг орчуулахад тохиолдох гол бэрхшээл бол эх хэл болон гадаад хэлний үгийн утга зүйн багтаамж үл дүйцэх явдал юм.
Дамжуулах утга нь ижил боловч илэрхийлэх арга хэлбэр нь ялгаатай байдаг. Үгийн утга зүйн дүйцлийг үндсэн гурван хэв шинжид хувааж үздэг.
1. Бүрэн дүйцэх 2. Бүрэн бус дүйцэх 3. Үл дүйцэх.
1. Үгийн референциал утга бүрэн дүйцэх явдал харьцангуй бага тохиолдоно. Энэ нь зөвхөн нэг л тогтсон утгатай үг байдаг. Үүнд:
-Оноосон нэр, газар зүйн нэр: Poland-Польша-Польш, Homer-Гомер.
-Шинжлэх ухаан, техникийн нэр томьёо: Logarithm-логарифм, hexahedron-шестигранник-зургаан өнцөгт, mammal-млекопитающее-сүүн тэжээлтэн.
-Цаг хугацаа, тоо хэмжээ заасан үгс: January-январь-нэгдүгээр сар, Friday-пятница-баасан, thousand-тысяча-мянга.
Зарим үгийн референциал утга үл дүйцэх явдал гардаг. Жишээ нь: английн “power” гэдэг үг нь хүч, хүчин чадал, математикт бол “зэрэг” гэсэн утгаар хэрэглэгдэх учир монголын “хүч” гэдэг үгтэй бүрэн дүйцэхгүй юм. Английн “tiger” гэдэг үг бараас гадна хэрцгий хүн, томоогүй, хулиган г.м. утгатай байдаг нь монголын “бар” болон оросын “тигр” гэдэг үгнээс референциал утгын хувьд ялгаатай. Зарим салаа утгатай үг утгын хувьд бүрэн дүйцэх боловч хэл зүйн өөр хэлбэртэй болоход энэхүү дүйцэл алдагдах нь бий. Энэ нь хэл зүйн формал категори (ай) дэлгэрсэн орос, англи зэрэг хэлэнд тохиолдоно. Английн “lion”, оросын “лев” гэдэг үг нь араатан, нэртэй хүн, гариг эрхсийн нэр гэдэг утгаараа дүйцэх боловч англи хэлэнд “lions” нь нутгийн соёл, түүхийн дурсгалт зүйл гэсэн утгатай болдогоор ялгаатай юм. (Жишээ нь: to see, to show the lions.)
2. Үгийн утга бүрэн бус, хэсэгчлэн дүйцэх явдал өргөн тохиолдоно. Аливаа хэлний дийлэнх үг салаа утгатай байдаг, утга шилжүүлэн хэрэглэх нь өргөн тохиолдох учир үгс референциал утгаараа хагас дүйцэх нь нийтлэг юм. Жишээ нь: английн “character” гэдэг нь орос, монголын характер, зан төлөв гэсэн үгнээс олон утгатай учир хагас дүйцлийн хувилбар үүсгэнэ. Англи хэлэнд “character” гэдэг нь зан төлөв, зориг зүтгэл, шинж чанар, нэр хүнд, өвөрмөц хүн, үсэг, бичгээр илэрхийлсэн зөвлөмж, тодорхойлолт г.м. утгатай байдаг нь монгол хэлэнд тухай бүрд нь өөр үгээр орчуулахад хүрдэг. Оросын “стол” гэдэг үг нь английн “table”, монголын “ширээ” гэдэг үгтэй зөвхөн “тавилга” гэдэг утгаараа дүйцэх бөгөөд хоол (диетический стол), оффис (стол находок, паспортный стол) г.м. утгаараа зөрүүтэй байна. Гэтэл английн “table” нь самбар, хуваарь г.м., монголын “ширээ” нь эрх мэдэл (хаан ширээ) утгаараа ялгаатай байна. Монголын “гэр” гэдэг үг нь английн “home”, “house”, оросын “дом” гэдэг үгтэй нэг л утгаараа дүйцэж бусад утгаараа нэлээд зөрнө. “Гартаа ном барих” гэхэд “hand”, “гартаа хүүхэд тэврэх” (бүүвэйлэх) гэхэд “arm”-г хэрэглэдэг бол “гараараа шархаджээ” гэхэд аль алийг нь хэрэглэнэ: He was wounded in the arm (in the hand). Английн “morning, day, evening, night” гэдэг нь монголын “өглөө, өдөр, үдэш (орой), шөнө” гэдэгтэй яг дүйцэх мэт байдаг. Гэтэл тодорхой хам сэдвийн хүрээнд энэ дүйцэл алдагдах нь бий: Rawdon left her and went home rapidly. It was nine o’clock at night (W.Th). Англи хүмүүсийн хувьд өглөө нь 0-12, үдээс хойших нь 12-18, үдэш нь нар жаргахаас шөнө дунд хүртэл хугацааг хэлдэг бол монгол хэлэнд ялгаатай. Энэ нь өглөө, өдөр, үдэш, шөнө гэх мэт үгийн утгын ялгарал өөр болохыг харуулна. Нэмж хэлэхэд монгол хэлний “бага үд, их үд” нь үүний жишээ болно.
Тухайн хэлээр харилцагч хүмүүс юм, үзэгдлийг аль талаас нь дүрслэн илэрхийлж байгаа байдлаар үгийн семантик утга тодорхойлогдох учир үгийн утгын ялгавар нь үүнтэй холбоотой юм.
Тухайн хэлэнд үгийн утга зүйн бүтцийг нарийвчлан задлахгүй цөм семийг гол болгох явдал байдаг. Гэтэл нөгөө хэлэнд нь дүйцэх үгийн утгыг дотор нь нарийвчлан задалсан байх нь тохиолдоно. Ийм нөхцөлд үгийн утгыг хэсэгчлэн (бүрэн бус) дүйцүүлнэ. Үүний жишээ бол оросын “рука”, английн “arm, hand”, францын “bras, main” гэсэн үгс болно. Монгол, англи, орос хэлний дараах жишээ ч дээр өгүүлснийг нотолно.
Цаг-часы-watch, clock.
Story-өгүүллэг, түүх, тууж-рассказ, повесть.
Poem-шүлэг, найраглал-стихотворение, поэма.
Stove-плитка, зуух, пийшин-плита, печка.
Blue-хөх, цэнхэр-синий, голубой.
Монголын сандал гэдэг үг оросын “стул, кресло, табуретка”, английн “chair, armchair, stool” гэх мэт үгтэй дүйцэж байгаа нь утга үл ялгах ба нарийвчлан ялгахын зөрүүнээс үүдэлтэй юм. Ийм тохиолдолд утгын ялгааг гаргахад нэмэлт тодотгол хэрэглэх нь бий.
Цэнхэр-dark blue.
Хөх-light blue.
Зарим нөхцөлд хам сэдэв утгын... [энэ хэсэг алга болжээ]
Жишээ нь:
Аяга-чашка-cup, bowl, basin.
Шилэн аяга-стакан-glass.
Англи хэлэнд аягыг бариултай эсэх, хийц, хэлбэрээр нь, шилэн аягыг ямар материалаар хийснээр нь ялгаж үгийн утгыг заагладаг байна.
3. Үгийн утга огт дүйцэхгүй буюу утгын хувьд дүйцэх үг байхгүй байх нь хэлэнд цөөнгүй тохиолдоно. Дүйцэл үгүй үгийн багтах бүлгийг дурдвал:
- Оноосон нэр, газар усны нэр, сонин хэвлэлийн нэр г.м.
- Реали буюу үндэсний ёс заншил, ахуйг тодорхойлох үг хэллэг (butter-scotch, sundae, щи, квас, бойпор, хүж г.м.)
- Лакун буюу огт дүйцэл үгүй зарим үг хэллэг: glimpse, exposure, floorer, сутки г.м. Тухайн утгатай үг аливаа хэлэнд байхгүй байгаа нь соёл, зан заншил, амьдралын өвөрмөц нөхцөл, газар зүйн байдлаар зонхилон тайлбарлагдана. Иймд дүйцэл үгүй үг хэллэгийг орчуулахад орчуулгын өвөрмөц аргуудыг хэрэглэдэг. Эдгээр аргыг дурдвал:
1. Транслитерац, транскрипцын арга. Энэ бол эх хэлний үгийн хэлбэрийг хэвээр нь буулгах (транслитерац), дуудлагыг нь хадгалах (транскрипц) арга юм.
- Chicago - Чикого, know-how - ноу хау.
- Impeachment - импичмент, brain drain - брейн-дрейн.
2. Кальк. Энэ нь эх хэлний үг хэллэгийн үг, хэсгийг гадаад хэлний дүйцэх үгээр орлуулж орчуулахыг хэлнэ.
Grand jury-большое жюри, дом культуры-house of culture, парк культуры и отдыха-park of culture and rest.
3. Тайлбарлан орчуулах. Энэ нь эх хэлний үг, хэллэгийн утгыг дэлгэрүүлэн илэрхийлэхийг хэлнэ.
Landslide - сонгуульд илт давуу ялах
Bear - биржийн үнэт цаасны ханш буулгадаг дамчин
Brinkmanship - дайн энхийн зааг дээр байдлыг тогтоох
Floorer - унатал цохих
Щи - cabbage soup - ногоотой шөл
I used to caddy once in a while-Я ей носил палки гольфа-Би түүнд гольфийн цохиур дөхүүлж өгөв.
4. Ойролцоо үг хэллэгээр орчуулах (аналог орчуулга) арга.
Drugstore - аптек - эмийн сан
Know-how - секреты производства - үйлдвэрлэлийн нууц
Америкийн “drugstore”-д эмнээс гадна сонин, кофе, зайрмаг худалддаг.
Душегрея-West (жилет или фуфайка)
Путевка (в санаторий) = voucher
Председатель гарсовета = mayor
5. Трансформац (хувиргах) орчуулгын арга. Ийм трансформац нь өгүүлбэр зүйн болон үгсийн сангийн түвшинд хийгддэг. Тухайлбал “exposure” гэдэг үг нь үгсийн сангийн хувиргалд орж байгааг дараах жишээгээр харуулъя:
He died of exposure.
Тэр хатгалгаагаар нас барсан.
Тэр наранд цохиулж нас барсан.
Тэр цасанд хөлдсөн.
Ийм нөхцөлд хам сэдэвт үндэслэн оновчтой хувилбарыг сонгоно.
Дээр дурдсан орчуулгын жишээнүүд нь зөвхөн референциал утгыг орчуулахад холбогдоно. Референциал утга нь тухайн үг нь нэг төрлийн юм үзэгдлийн бүлэгт хамаарахыг тодорхойлно. Тухайн бүлгийн тодорхой нэгж зүйлд хамаарах утгыг денотатив утга гэнэ.
That isn’t too far from this crumby place.
Это очень далеко отсюда, от этого проклятого санатория.
All he did was lift the Atlantic Monthly off his lap and try to chuck it on the bed, next to me.
Просто он взял журнал с колен и хотел кинуть его на кровать, где я сидел.
Эдгээр англи өгүүлбэрийг орос хэлэнд орчуулсан байдлаас үзэхэд өргөн (референциал) утгатай “place”-г тодорхой (денотатив) утгатай “санаторий”, тодорхой утгагай “Atlantic Monthly”-г өргөн утгатай “журнал” гэдэг үгээр орчуулсан нь референциал-денотатив утгын түвшинд трансформац хэрхэн хийгддэгийн жишээ болж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
сайхан блог байна
ReplyDelete