2011-03-05

Монгол хэл минь хэл биш, сэг болох нь ээ

Б.Бирваа (Шинжлэх ухааны доктор)

Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна. Анхны үедээ энэ дэлхий дээр 10 мянга шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хүйн холбоо, гарал төрлийн хэлхээ сүлбээтэй 12 том бүлэг хэл үлдсэний нэг алтайн хэлний бүлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогүй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны үед ёстой л идэр залуудаа “Үнэн” сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хүртэх аз тохиож, монгол хэлний найруулга зүйн талаар чамлахааргүй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хүний хэлсэн сургасныг мартахгүйгээр барахгүй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр үед монгол хэл минь түүхэн хөгжлийн эрхээр, хойт хөршийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин, мөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жамаар шинэ шинэ нэр томьёо, шинэ үг, шинэ ойлголтоор баяжин, хөгжиж ирснийг үгүйсгэвэл нүгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний үг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хүчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд өнөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дугардаг, шүүмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр үеийнхээсээ бүр дордоод, монгол хүний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл түгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хүн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи (жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа) хэлийг орчлонгийн ганц хэл юм шиг шүтэгчдээс эмээж сүрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гүтгэлгийн элдэв балай юм сонин сэтгүүлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгүүлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хүнийг би мэдэхгүй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрүү үгчлэн орчуулсан үг хэллэг, онож хэлээгүй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгүй байсан боловч өнөөгийн (үүрэг, хариуцлагын талаар үг дурсах ч цээртэй) эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан үеийнх шиг зар сурталчилгаа, бүх газрын хаяг, пүүс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггүй, тэгж ч ярьдаггүй байсан. Үүнийг эрүүл ухаантай монгол хүн хэн хүнгүй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхүү сэглэгдэн зэрэмдэг хэл болсон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бүх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхүүнийг яруу сайхан, баялаг үгтэй монгол хэлээр бичиж туурвилгүй, орос болон бусад гадаад хэлнээс таамаг төдий, буруу зөрүү, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хүүхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшүүлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шүү болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрүү ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгүй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгүүлч болохыг зориод, МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгүүлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгүүлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зүйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрдөг юм байна лээ шүү. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Үүнд:

1. “Байгаа ч” гэдэг өвчин.

Энэ өвчин ялангуяа радио, телевиз, сонин сэтгүүлд ажилладаг сэтгүүлчдийн дунд хамгийн их халдварлажээ. Уул нь тийм ч бололцоо, тийм ч боломж, тийм ч амжилт бүтээл, тийм ч сайн юм байвч хажуугаар нь тийм тийм саар тал байна гэдгийг хэлэх гэсэн агуулгатай байх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ үүнийг чинь олон хувилбараар илэрхийлж болно оо доо. Жишээлбэл, “байх” хэмээх олон утгатай үйл үгнээс уламжилсан “байвч”, “хэдийгээр ... байгаа боловч”, “байгаа ч гэсэн”, “байлаа ч гэсэн”, “байгаа хэрнээ”,” байгаа атал”, “байгаа атлаа”, “бий атлаа”, “байгаа хэдий ч”, гэх мэтчилэнгээр бичиж болно шүү дээ. “Байгаа ч” гэж бичихдээ “ч” нь тусдаа юм чинь гэх байлгүй. Гэтэл радио, телевизээр ярьж байгаа хүн нь яриан дундаа “ч” нь тусдаа шүү гэж тайлбар хэлэх юм уу? “Байгаа ч” гэж бичих, ярихын дон туссан сэтгүүлч нарт монгол ардын цэцэн үгнээс ганц хоёрыг сануулъя: “Саруул тал байвч шавры нь мэд. Сайхан янаг байвч санаагий нь мэд” гэсэн үг бий. “Санаа байвч сачий нь хүрэхгүй” гэж ярьдаг шүү дээ. “Байгаа ч” гэж улиглаад бичээд яриад байдагаа байгаач ээ гэж гуйя, хүсье, шаардъя. Дээрх цэцэн үгийн “байвч” гэдгийг улиг болсон “байгаа ч” гэдгээр нь хувиргаад үзвэл мөн ч “хөөрхөн” хэллэг болно доо!. Монгол хүн бид чинь бие биендээ “Маргааш чи гэртээ байгаач. Чамтай уулзах хэрэг байна”, эсвэл “Чи ингэж хар ус гудардгаа байгаач (болиоч)”, “Уушиг муутай байж тамхи татахаа байгаач ээ” гэх зэргээр ярьдаг биз дээ. Энэ дашрамд сануулахад З.Доржийн “Тунирхал” хэмээх дууны шүлгийг дахин дахин үзвэл зүгээр байх шүү. Тэгвэл нэг юм бодно доо.

2. “Маань” гэж нэг муухай өвчин газар авчээ.

Өнөөгийн манай цагдаа нар, хуульчдын яриаг чагнаж суухад “хулгайч маань”, “дээрэмчин маань”, “малын хулгайч маань”, “орон байрны хулгайч маань”, “биеэ үнэлэгч маань”, “оргодол маань”, “алуурчин маань”, “гэмт хэрэгтэн маань”, “согтуу жолооч маань”, “хог маань”, “утаа маань”, “архидалт маань”, “архичин маань” гэх зэргээр хэнэг ч үгүй ярьж байх юм. Би гүтгээгүй шүү, үнэн л юм ярьж байна. Энэ “маань” гэдэг өвчин эмнэлгийн эмч, ажилтан нарт бас халдварласан байна. Радио, телевизээр зарим эмч “сүрьеэ маань”, “яр тэмбүү маань”, “ДОХ маань”, халдварт шар өвчин маань”, “бэлгийн замаар дамжих өвчин маань”, “хорт хавдар маань”, “халдварт томуу маань”, “цусан суулга маань” гэж бишгүйдээ л ярих юм. Тэгэхээр тэр янз янзын өвчнийг “маань” хэмээн их л өөриймсөг болгож байгаа хүмүүс энэ өвчнүүдтэйгээ хэрхэн тэмцэж анагаах юм бол доо гэж заримдаа боддог шүү! Үүнээс гадна эмч, эмнэлгийн ажилтан дунд “өгөх” гэдэг үг нэг ёсны моод болсон байна. “Суулгалт өгнө”, “улайлт өгнө”, “тууралт өгнө”, “загатналт өгнө”, “хуурайшилт өгнө”, “халууралт өгнө”, “харвалт өгнө” гэх мэтчилэнгээр орос хэлний “даёт” гэсэн үгийг махчилан ойлгоод, үндэсний хэлээ гутааж байх нь зөв үү?!

3. Огиудас хүрмээр олон “одоо”, “одоо болбол” гэдэг өвчин сэхээтний дунд, хурган ба асман дарга нарын дунд, ялангуяа дээгүүр албан тушаалтны дунд ихээхэн дэлгэрээд, зарим нь “одоо, одоо” гэж олон хэлэхийг хэл ярианы чимэг, дарга байхын содон шинж гэж боддог юм уу эсвэл өөрснөө тэрнийгээ мэддэггүй байна уу. Мэддэггүй юм бол тэгж яриад байдаг хүний авгай хүүхэд, аав ээж, ахан дүүс, амраг садан, ажлын газрынхан нь хэлээд, шүүмжлээд, засаад өгөх нь яасан юм бэ? Зарим төрийн эрхмүүдийн дунд телевизээр 10 минут орчим хугацаанд үг хэлэхдээ тоолоод байхад 30-40 удаа “одоо”-г өлхөн хэлдэг хүмүүс бий. Их хурлынханд зориулж “Номгүй хүний “одоо” олон, “но”-той хүний “тийм ээ” олон” гэсэн хэллэг гарсан байна лээ. Үүнийг санаж явахад илүүдэхгүй дээ.

4. Олон тоог гуйвуулдаг золигийн өвчин газар авчээ. Герман, орос, англи гэх мэтийн хэлний онцлог гэвэл нэг л нэр үг олон тоотой хэлэгдвэл тийн ялгалын бүх хэлбэр нь олон тоогоор хувирдаг. Гэтэл монгол хэл тийм биш байхад харийн хэлний тэр онцлогийг хуулаад монгол хэлэндээ тэр чигээр нь буулгаж, хэл яриагаа бузарладаг болжээ. Монгол хэлэнд нэг хонь байсан ч хонь, мянган хонь байсан ч хонь. Нэг цэцэг байсан ч цэцэг, талаар нэг цэцэг ургасан байсан ч цэцэг л гэдэг. Тэгэхэд одоо 1000 хоньд, 500 ямаанууд, 400 оюутнууд, янз янзын цэцэгс, тэр тэр бүх аймгийн сумдууд, эдгээр олон компаниуд, төрөл бүрийн жимснүүд, олон олон сурагчид гээд л хэл орооцолдмоор олон тоо хэлэх юм. Уул нь 100 хонь, 500 ямаа, 400 оюутан, янз янзын цэцэг, тэр аймгийн бүх сум, энэ олон компани, төрөл бүрийн жимс, олон сурагч гэх зэргээр ярьдаг, ингэж ярьсаар ирсэн монгол хэл мөн ч хөөрхийлөлтэй болжээ. Ийм шившгийн юмыг сонин сэтгүүл, радио телевизийн ажилтны сэтэр зүүгээд явдаг зарим сэтгүүлч, ялангуяа телевизийн сэтгүүлчид орон даяар тахал мэт халдварлуулж буй нь нууц биш.

5. Заахын тийн ялгалыг хэвтрүүлдэг, буруу хэрэглэдэг бас нэг өвчин их байна.
Одоо бүр хэтрээд хоолыг иднэ, цайг ууна, дэлгүүрээс талхыг авчирна, махыг иднэ, айргийг ууна гэж ярих энүүхэнд болжээ. Янз янзын арга хэмжээг авдаг гэнэ, айчлалыг хийдэг гэнэ, шийдвэрийг гаргана гэнэ, тогтоолыг баталдаг гэнэ, ажил хайсан хүнд ажлыг олгоно гэнэ, бие биедээ амжилтыг хүснэ гэнэ, мэндчилгээ хүргэхийн оронд мэндийг хүргэе гэх мэтээр ярьдаг, хэлдэг болсныгоо их соёлтойд тооцдог байна. Заахын тийн ялгалыг учир зүггүй буруу хэрэглэдгийг Б.Ринчен гуай өөртэй нь хамт ажиллаж байхад залуус бидэнд жишээгээр тайлбарлан ойлгуулж байсныг би мартаагүй санаж явдгаа хэлье. Заахын тийн ялгалын нэг онцлог нь хүн, амьгүй юм хоёр дээр тодорхой харагддагийг энд дурдъя. Жишээ нь, гаднаас тогоо оруулаад ир, цай чаная, гаднаас Тогоог оруулаад ир, түүнтэй ярих юм байна, сүх аваад ир, мод хагалъя, Сүхийг оруулаад ир, эмчид үзүүлье, чи Мэндийг гэрт нь хүргээд өгөхгүй юу, та нарт баярын мэнд хүргэе, та бүхэнд баяр хүргэхээр ирлээ. Баярыг хүргээд ирэх завтай хүн байна уу гэх мэтийн жишээ олныг хэлж болохоор байна. Сонин сэтгүүл, радио телевизийн сэтгүүлчид, хянан тохиолдуулдаг редакторууд үүнийг тун их анхаармаар байгаа юм. Заахын тийн ялгалтай холбогдуулан монгол ардын зүйр цэцэн үгнээс жишээ дурдахад, “Тоонотой гэрт толгой холбож, тостой шөлөнд хушуу холбож явсан улс аа бид” гэх юм уу эсвэл саяхнаас “мал дагавал ам тостоно, Магнайг дагавал толгой цустана” гэсэн цэцэн үг гарсныг радио телевизийн сэтгүүлчид мэдэж байгаа байх аа. Энэ зүйр цэцэн үгэнд орсон, “Толгой холбож: хошуу холбож: мал дагавал” гэсэн үгнүүдийн толгой, хушуу, мал гэсэн гурван үгийн ард заахын тийн ялгалын “г” оруулаад хэлбэл тун эвгүй дуулдана даа. Ийм учраас сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтан нар ардын зүйр цэцэн үгийг сайн мэддэг байгаасай билээ.


6. Гурав дахь биеийн хамаатуулах “нь”-ийг замбараагүй хэрэглэж буй нэг өвчнийг энд жишээтэйгээр дурдъя. Телевизийн нэвтрүүлэг үзээд сууж байхад нэг сургуулийн захирал эмэгтэй “Манай сургууль нь” гээд хэнэг ч үгүй айлдаж байна лээ. “Манай ээж нь” гэж ярьдаг монгол хүн байдаг юм уу? Одоо зөндөө байна. Компани олон болсон учраас манай компани нь гээд л ярилцлага өгч байгаа захирал бишгүйдээ бий. Манай сургууль гээд хэлчихээр нь тэр сургуулийн захирал мөн юм байна аа гэж бодтол манай сургууль нь гэхээрээ хөндлөнгийн гуравдагч хүн болчихно биз дээ. Ямар нэг хүн хорвоогоос хальсан тухай эмгэнэлийн мэдээ сонинуудаар нийтлэгдэх нь олонтаа. Тэгэхдээ яадаг гээч. Жишээ нь, Батын Гомбо нь, Доржийн Сүрэн нь тэр онд төрөөд тийм тийм ажил алба хашиж явсан гээд бичсэн байдаг. Ингэж нэг нэг хүн дээр “нь” бичих бол ёстой буруу, илүү зүйл. Талийгаач бологсдын ар гэрийнхэн “нь”-тэйгээр буруу бичээд ирсэн байж болно. Нийтэлж байгаа сонины редакцийнхан л тэр “нь”-ийг хэрэггүй гээд “нь”-гүй хэвлэж байх нь зүйтэй шүү дээ. Харин “нь”-тэй бичиж болох өөр нэгэн учир байна. Хэрэв ослоор юм уу, өөр гай гамшгаар нэг дор, нэг зэрэг хэд хэдэн хүн нас барсан байвал харин Гомбо нь, Сүрэн нь, Дорж нь гэх мэтээр бие биеэс нь ялгаж, тодруулж нийтлэх зөв л дөө. Түүнээс биш “нь”-ээс л хэдэн төгрөг тоншиж байвал боллоо гэсэн шиг хандвал ямар сайн байх вэ. Ер нь “нь”-ийг аливаа нийтлэлийн гарчигт л голдуу хэрэглэдэг биз дээ. Жишээлбэл, тийм тийм ажлыг зохион байгуулах нь, тийм нэгэн асуудлыг судлах нь, төсвийн мөнгийг зөв зарцуулах нь гэх мэтээр бичихдээ уг асуудлыг, уул зүйлийг ямар арга маягаар, хэрхэн судлах, биелүүлэх, гүйцэлдүүлэх талаар дэлгэрүүлж тайлбарласан байх учиртай. Гэтэл эдүгээ “нь”, “нээ” хоёрыг ялгахаа байгаад бантан хутгадаг болжээ. Жишээ нь, сониноос иш татахад, “Энэ онд батлагдсан Татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбогдож төсвийн хөрөнгийн багагүй хувь нь нийгмийн халамжинд зарцуулагдах нь. Үүнтэй уялдаж төсвийн хомсдол бий болох юм биш байгаа” гэж бичсэн байх юм. Тэр зарцуулагдах нь гэдгийг зарцуулагдах нээ гэж бичих гэсэн бололтой. Ингэж бичсэн байвал харин уншигчдад зөв ойлгогдоно. Үүнээс гадна “нь”-ийг хамаа намаагүй хэрэглээд, өгүүлбэрийн гол өгүүлэгдэхүүн, нэг үгийг хойтох үгнээс нь ялгаж байна гэж бодоод хаа ч хамаагүй бичдэг болжээ. Тус сургууль нь, тус яам нь, энэ компани нь гэх мэтээр бичих ч бүүр ердийн үзэгдэл. Ингэж “нь” бичих ямар ч шаардлага байхгүй. Энэ дашрамд нэг зүйлийг тэмдэглэхэд, герман хэлний нэр үгийн хүйс заадаг тодорхой артикл die, der, das юм уу, англи хэлний the, this-ийг сайхан илэрхийлэх монгол хэлний “тус” /тус сургууль, тус яам/ гэдгийг сүүлийн үеийн хүмүүс ялангуяа сэтгүүлчид мэдэхээ байсан юм шиг байна.

7. “Ач холбогдол өгөх” хэмээх нэг инээдэмтэй өвчин байна.

Малын хулгайд ач холбогдол өгнө, хүн амины хэрэгт ач холбогдол өгнө гэнэ. Хоёр улсын худалдаанд ач холбогдол өгч байна гэх мэтийн ийм этгээд юм сонин сэтгүүл, радио телевизээр бишгүйдээ л яригдаж, бичигдэж байх юм. Үүнд нь хүмүүс одоо дасчихсан юм шиг байна. Малын хулгайд ач холбогдол өгөөд байхаар энэ нь бүүр гаарч байх шиг байна. Уг нь түүнийг гайтай, уршигтай, жигшүүртэй муухай хэрэг гэж үзэх нь зүйтэй баймаар. Тус хоёр улсын гадаад харилцаа ч гэнэ үү, худалдаа эдийн засгийн харилцаа ч гэнэ үү, ялгалгүй ийм эерэг зүйлийг чухал хэмээн үзэх, ач тустай хэмээн үзэх, эрхэмлэх, чухалчлах, эрхэмд үзэх, нандигнах гэх зэргээр бичдэг, ярьдаг болбол зүйд нийцнэ.

8. “Энэ утгаараа” гэдэг (заримдаа тэр утгаараа ч гэх юм аа) нэг өвчин 90-ээд оны эхнээс дэлгэрээд одоо ч бүр хот хөдөөгүй, хөгшин хөвөөгүй ингэж ярьдаг болж. Оросоор в этом смысле, германаар in diesem Sinn гэсэн л бол энэ “утгаараа” гэж яриад бүр болохоо байжээ. Уул нь үүнийг тухай тухайн утга агуулгаар нь “үүний дагуу”, “энэний дагуу”, “ийм болохоор”, “энэ чанараараа”, “энэ янзаараа”, “энэ чанараар нь” гэх мэтчилэнгээр хэлж болно оо доо. Хэл ярианы элдэв муухай өвчнөөс зайдуу байгаа хөдөөгийн малчинд хүртэл энэ өвчин халдсан байна. Өнгөрсөн зун хөдөөгийн нэг малчин телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Энэ зун бороо хур элбэг байна. Энэ утгаараа малын тарга тэвээрэг сайн болох байх аа” гэж ярихаар нь дотор эвгүйрхэх шиг болсон шүү.

9. Хамаатуулах төлөөний “өөрийн”, “өөрийнхөө” гэдэг үгийг зөв хэрэглэж чадахаа больсон байна. Энэ өвчнийг голдуу сурвалжлагч нар, сэтгүүлчид л тараагаад байх юм. Монголчууд бид чинь бие биедээ “Чи өөрийн (эсвэл өөрийнхөө) хариуцсан ажлыг олигтойхон хийгээрэй”. Эсвэл “ажлаа олигтойхон хийгээрэй”, (өөрийн эсвэл өөрийнхөө) алдаа дутагдлыг засч сур, эсвэл алдаа дутагдлаа засч сур, өөрийнхөө хувцас хунарыг угааж бай, хувцас хунараа угааж бай, өөрийн юм уу (өөрийнхөө) бурууг өрөөл бусад руу чихээд яахав, буруугаа бусад руу чихээд яахав, үрээ хүн болгож, үрээгээ морь болгох гэх мэтчилэнгээр ярьдаг биз дээ. Тэгэхээр одоо сонин сэтгүүлд ч тэр, радио телевизээр ч ялгаагүй өөрийн (өөрийнхөө) ажлаа, өөрийн (өөрийнхөө) алдаа дутагдлаа, өөрийн (өөрийнхөө) хувцас хунараа, өөрийн (өөрийнхөө) буруугаа гэж ярьдаг нь гэм биш зан болжээ. Бид хэлд орохдоо өөрийн (эсвэл өөрийнхөө) ааваа, өөрийн ээжээ, өөрийн эгчээ гэж ярьж сурсан гэж үү. Ингэж ичмээр юм бичээд, яриад байдаг сэтгүүлчид орой гэртээ хариад “Би өөрийн хоолоо идье. Өөрийнхөө цайгаа ууя, өөрийн ороо засъя, өөрийнхөө орондоо унтана” гэж ярьдаг юм болов уу. Тэгдэггүй л баймаар. Яахаараа гэр орондоо ярьдаг монгол хэлийг ажил дээрээ болохоор мартчихдаг байна аа. Эсвэл хянан тохиолдуулдаг редакторууд нь мэдэмхийрэн аа, оо, ээ, өө нэмж засварлаад байдаг юм уу? Мөн энэ дашрамд дурдахад, хамаатуулах аа, оо, ээ, өө, уриалан дуудсан, захиран тушаасан аа, оо, ээ, өө эдгээрийг ялгаж ойлгохоо бүр больсон, ялгаж бичихээ ч байсны жишээ баримт сонин хэвлэл, телевизээр бишгүйдээ л харагдана. Жишээлбэл, “Хүүхэд, залуучууд аа. Архи, тамхинаас хол яваарай” гэж уриалах юм уу эсвэл “Хүүхэд залуучуудаа эрүүл саруул, эрдэм номтой хүн болгохыг л эрмэлзье” хэмээн хамаатуулж бичих юм гэхэд нөгөө аа, оо, ээ, өө-г хольж хутгаад бантан болгодог явдал хэн бүхэнд илэрхий харагдаж байгаа шүү.

10. “Тухай” гэдэг үгийг хэтрүүлэн гуйвуулдаг бас нэг өвчин газар авч байна.
“Тухай” гэдгийг голдуу үйл явдал, юмс үзэгдийг дэлгэрэнгүй тайлбарлан олон янзаар хэрэглэдэг нь мэдээжийн хэрэг. Гэтэл сүүлийн үед товчхон мэдээ байсан ч гэсэн маруухан, үгчилсэн орчуулгын гайгаар сав л хийвэл “тухай” гэж бичдэг, ярьдаг болж. Оросоор о том что… л гэж байвал дандаа “тухай” гэж бичих, ярих нь ялангуяа телевизүүдийн нэвтрүүлдэг гадаад мэдээнд хэрээс хэтрээд байна. Жишээлэхэд, тийм нэг хурал, тийм нэг уулзалт болох юм байна. Тийм нэгэн газар хөрс нурж гэнэ, төчнөөн хүн амь эрсэдсэн гэнэ, тийм нэг цуглаан дээр тийм нэг хүн тэгж тэгж хэлж гэнэ, тэгж хэлсэн юм байна гэх мэтчилэнгээр “гэж”-тэй бичиж, ярьж болохоор байхад, тэгсэн ингэсэн “тухай” гээд л бураад байх юм. Ер нь телевизүүдээр нэвтрүүлдэг гадаад мэдээний орчуулгын талаар дурдахад энэ телевизүүд өөрийнхөө сурвалжлагчийн биеэрээ дамжуулсан мэдээ сурвалжлагыг тухай тухайн газраас нь шууд мэдээлж байгаа мэтээр “…тэгж байна”, “…тэгсэн юм, “…тэгэх гэж байна”, “… тэгж байлаа” хэмээн орчуулаад байх юм. Тэр ч байтугай хэдэн зууны тэртээх үйл явдлыг тэгсэн юм, тэгж байлаа гээд өөрснөө тэр үед тэр явдлыг биеэрээ үзсэн юм шиг буудаад байдаг болж. Зүй нь, нэгэнт л гаднын мэдээнээс будаа идэж байгаа юм чинь “тэгж байгаа юм байна”, “тэгсэн юм байна”, “тэгсэн ажээ”, “тэгсэн юм байжээ”, “тэгж байсан ажээ”,”тэгэх гэж байгаа юм байна” гэх зэргээр дамжуулах утгаар орчуулдаг байх нь үнэнд нийцнэ.

11. “Хэрхэн” гэдэг бичгийн сайхан үгийг мартаж буй нэг өвчин байна. “Хэрхэн зохион байгуулах вэ, ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ, хэрхэн мөнгөтэй болох вэ” гэх зэргээр бичвэл зохих газар “яаж” гэдгийг л бичээд байдаг болж. Одоо ер нь хөгшин хөвөө, дарга цэрэг, сэхээтэн ажилчин, малчин хэн ч байсан ялгаагүй л “яаж” гэдгийг л урсгаад байх юм. “Яаж” гэдэг чинь нэгдүгээрт, “хэрхэн” гэдгийн утгыг илэрхийлэх бөгөөд бичгийн хэл, соёлтой бичигт “хэрхэн” гэж бичих нь илүү зохимжтой. Хоёрдугаарт, “яаж” гэдэг чинь чадахгүйн шалтаг заасан бас нэг утгатай байдаг шүү дээ. Жишээ нь, “би тэр семинарт яаж суухав, өөр ажилтай”, “энэ өөхтэй махыг би яаж барах вэ”, “энэ нарийн ажлыг тэр яаж дөнгөх вэ” гэх мэтээр бишгүйдээ жишээ дурдаж болно. Үүнийг манай сонин сэтгүүлийнхэн, радио телевизийнхэн анхаарч, зөв хэрэглэж байгаасай.

12. “Тулд” (төлөө) гэдгийн нэгэн адилаар хэрэглэгддэг “үүднээс” гэдэг үгийг буруу бичиж хэлээ бузарладаг болжээ. “Тулд” гэдгийн өмнөх үгийг заавал харъяалахын тийн ялгалтай бичдэгийн адилаар тэгэхийн үүднээс, ингэхийн үүднээс гэж бичих ёстой байтал эдүгээ урдахь үйл үгийг нь харъяалахын тийн ялгалгүйгээр “компанийнхаа ашгийг нэмэгдүүлэх үүднээс, тухайн нэг ажлыг гүйцэлдүүлэх үүднээс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс, хуулийг дагаж мөрдөх үүднээс” гэх мэтээр буруу бичих ийм өвчин бүр архагшаад сонин хэвлэл, радио телевизийнхэн үүнийг юман чинээ бодохоо больжээ. Уул нь нэмэгдүүлэхийн үүднээс, гүйцэлдүүлэхийн үүднээс, туслахын үүднээс, дагаж мөрдөхийн үүднээс гэж бичих нь жинхэнэ монгол хэлний жам мөн гэдгийг хойшдоо анхаарч хэрэгжүүлбэл зохилтой.

13. “Ямартаа ч” гэнэ үү, “ямартай ч” гэнэ үү бас нэг өвчин дэгдээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Монгол хэлээр “ямар ч байсан”, “ямар ч байлаа гэсэн”, “ямар ч гэсэн”, “ямар боловч”, “ямар ч атугай” гэж л ярьдаг, бичдэг байсан. Тэр буруу хэллэг, эдүгээгийн их өөрчлөлт шинэчлэлийн үед нэг ёсны шинэ нээлт болж байгаа хэрэг үү?

14. “Брэнд” гэж нэг шинэ өвчин гарч ирээд, ид халдварлах үедээ явж байна. BRAND гэдэг англи үг нэгдүгээрт, бараа үйлдэхүүний (бүтээгдэхүүний) шошго, тэмдэг гэсэн утгатай, хоёрдугаарт, брэнд гэж мал амьтны тамгыг (хас тамга, чандмань тамга гэдэг шиг) хэлнэ. Гуравдугаарт, түймрийг брэнд гэдэг. Өөр ч бас юмыг хэлдэг байж мэднэ. Манай монголчууд овлигогүй, онгироо улс болохоороо нэг их нээлт хийсэн юм шиг л жаахан дөнгүүр бүтээгдэхүүн хийсэн бол түүнийгээ брэнд гэж сагсуурдаг болж. Манайх 30-40 жилийн тэртээгээс л брэнд гэсэн шошготой халуун савыг хэрэглэж ирсэн шүү дээ. Урд хөршөөс манайх “deer brаnd” (”Буга” гэсэн шошготой) улаан, хөх, шаргал, янз янзын гэртэй халуун савыг авчирч хэрэглэдэг болоод өдий хүрсэн атлаа брэнд гэсэн шошгыг нь олж хараагүй л байсан байна. Тэгсэн чинь одоо Америк гэхээр сүйд болоод л брэнд гэж ам уралдан донгосоод, мөдхөн брэнд хулгайч, брэнд согтуу, брэнд жорлон, брэнд биеэ үнэлэгчтэй болох нь шиг байна. Брэнд, тооп гэж өвчигнөн, бараа бүтээгдэхүүндээ цол гуншин нэмж, хэдэн төгрөг илүү тоншихыг боддог үйлдвэр, пүүс, компанийнхан үүнийгээ боливол зүгээр биш үү. Шилдэг сайн бараа, бүтээгдэхүүн байгаа юм бол тэрнийгээ монгол хүндээ монгол хэлээр нь хэлэхэд одоохондоо ойлгох байх аа. Үүнээс гадна ченж гэсэн нэртэй шулаачингууд гарч ирээд нэлээн хэдэн жил болж байна. Англиар change гэдэг нь солих, өөрчлөх л гэсэн утгатай үйл үг. Үүнийг нь манайхан ченж гэдэг хүн болгочихоод махны ченж, нэхий арьс ширний ченж, түлээ нүүрсний ченж, ноос ноолуурын ченж, валютын ченж, ногооны ченж гэсэн амьтанд мөлжүүлээд, шулуулаад дасчихсан, тэдний амаар л юмаа авч өгөлцөөд байдаг болжээ. Солих, өөрчлөх гэсэн англи үгийг ченж хэмээх хүн болгочихсон юм хойно би тэрнийг нь жинхэнэ үйлдлээр нь чөмөг сорогч хэмээн нэрлэмээр байна. Ингэвэл ч бараг онох байх аа. Бас загас тур, сийти тур гэсэн зар сурталчилгаа энд тэнд харагдах юм. Уул нь загасчлах аялал, нийслэл хотоо үзүүлэх аялал гэсэн санаатай юм байна л даа. Тэгэхдээ аялал гэдгийг англиар тур гэж бичихийн оронд ядахдаа зөв дуудлагаар нь тюр гэж бичвэл арай дээр биз дээ? Учрыг нь мэдэхгүй хүн бодохдоо “загасыг тур” гэсэн байх юм, тэрнийг турааж яах нь вэ, таргандаа сайн биш үү гэж эргэлздэг бололтой. Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлдэг АНУ чинь Засгийн газаргүй, ердөө л сум, баг, хороо шиг, эсвэл хойт хөршийн аль нэгэн зочид буудал шиг нэг захиргаа гэгч юмтай байдаг юм шиг администрация гэдгийг нь АНУ-ын засаг захиргаа гэж бүр доош нь хийгээд байх юм. Гэтэл Англид тэрнийг нь government Засгийн газар гэж бичдэг юм билээ. Герман, Франц, Испанид ч ялгаагүй өөр өөрийн хэлээр Засгийн газар гэж орчуулсан байдаг юм. Манайхан тун хачин сэтгэхүйтэй улс юм, өнөө их шүтээн болгосон улсынхаа Засгийн газрыг зөвхөн нэг засаг захиргаа төдийхнөөр нэрлэхийг юман чинээ боддоггүй юм байж. Адилхан л арал дээр оршдог Англи, Япон хоёрыг бас алаг үзэж, Японыг арлын Япон гээд хэнэг ч үгүй яриад бичээд байхаар нь ичих шиг болох юм. Үүнийг энэ дашрамд хэлье гэж бодлоо. Америкийн англи хэлнээс улбаалаад, хар пиар гэж нэг үг хэрэглэдэг болжээ. Уг нь publicrelations (зөвхөн олон тоотой бичдэг), дуудлага нь паабликрелешнs гэсэн энэ үгийг нөгөө ченж хэмээгч гайхал шигээ урвуулаад ойлгосон бололтой. Паабликрелешнс гэдэг нь ямар нэгэн пүүс компани шууд зар сурталчилгаа хийлгүйгээр ажил төрлийнхөө өөдтэй өнгөтэйг олон нийтэд таниулах үйл ажиллагааны нэр юм даа. Түүнээс биш манайхны бичдэг шиг гүтгэлгийн чанартай зүйл биш гэдгийг манай сурвалжлагч, сэтгүүлчид зөвөөр нь ойлгож аваасай билээ.

15. Монгол хэлээ хагас дутуу сурсан хүмүүсийн гадаад хэлнээс махчилан хөрвүүлсэн орчуулгын гайгаар монгол хэлэнд буруу хэллэг их нэвтэрч байгааг дор дурдсан жишээнүүдээр нотлон харуулъя. Үүнд, сонин сэтгүүл, FM радио, янз янзын телевизээр “хүүхдийн хүчирхийлэл”, “гэр бүлийн хүчирхийлэл”, “Зоригийн аллага”, “Хуссейны шүүх хурал”, “Дашийн шүүх хурал” гэх мэтээр бичээд яриад байдаг нь инээдэмтэй хэрэг. Хүүхдийг дарамталж, айлгаж, зодож байгаа болохоос биш хүүхэд өөрөө хүчирхийлж байгаа хэрэг үү? Бас гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гэж бичих удаа бишгүйдээ тохиолддог. Уул нь гэр бүл дэх хүчирхийллийг мөн эмэгтэйчүүдийг зодох жанчих, доромжлох дарлахыг л хэлдэг бололтой. Зоригийн аллага гэдэг чинь Зоригийг хүн алаагүй, Зориг өөрөө хүний амь хөнөөсөн юм шиг ойлгогдоно биз дээ. Хуссейны шүүх хурал, Дашийн шүүх хурал гэж бичсэн байсан. Энэ чинь Хуссейны болон Дашийн үйлдсэн гэмт хэргийг шүүсэн биш, харин тэр хоёр нь өрөөл бусдын хэргийг шүүжээ гэж хүн бодно доо. Урамшуулал шагнал аваад хүн урамшина биз дээ, тэгэхэд харин урамшил шагнал аваад гэж ярьдаг сэхээтэн хүн одоо олон байна. Дээр үед улсын нэр томъёоны комиссоос шатахуун, тосолгооны материал гэж баталсан үгийг одоо тоохоо болиод, шатах тослох материал гэж ярих нь хааяагүй болжээ. Зохих технологиор үйлдвэрлэсэн шатахуун тосолгооны материал байдаг болохоос биш юу дайралдсаныг шатаагаад, юугаар ч хамаагүй тослоод байдаг ёсон хаа ч байхгүй.

16. Монгол хэл мөхлийн зам руугаа дөхөж яваагийн шинж нь сайхан монгол хэлээрээ яриад сурсан үг яриагаа умартаад, харийн хэлний үг яриаг эрдэм номтой, соёлтойн тэмдэг хэмээн эндүүрч буйд оршино. Орос, германаар ч адилхан, жишээ нь оросоор “я не понимаю вас, я не слушаю вас” гэснийг би таныг ойлгохгүй байна, би таныг сонсохгүй байна гэж ярих ч одоо бүр ердийн үзэгдэл. Ялангуяа муусайн киноны орчуулгаас энэ өвчин их халдварлаж байна. Зүй нь монголчууд бид чинь “би таны яриаг, таны хэлж байгааг ойлгохгүй байна гэж хэлэх жамтай, түүнчлэн би таны яриаг сонсохгүй байна, таны яриа сонсогдохгүй байна, дуулдаж өгөхгүй байна гэх мэтээр ярих ёстой шүү дээ. Гадныхныг дууриагаад би Шекспирийг унших дуртай гэдэг болж. Тэгээд одоо Б.Лхагвасүрэнг унших дуртай гэнэ дээ. Уул нь Б.Лхагвасүрэнгийн сайхан шүлэг, зохиол, туурвилыг шимтэн уншвал ч монгол хэлээ овоо гадарладаг болох нь дамжиггүй шүү. Монгол хэлэнд хүнтэй суух, эр хүн гэрлэх гэх мэтийн сайхан хэллэг байсан, тэр байхгүй болж байна. Үнээ бухсаад, буханд гардаг байсан чинь одоо эмэгтэй хүн эрд гардаг болж! Тэр айлын хүүхэн ч гэнэ үү охин ч гэнэ үү тийм айлын хүүтэй сууж гэнэ, тэдний хүү тэр гэгч гэрлэж гэнэ, тэр айлын хүүхэнтэй сууж гэнэ гэж ярьдаг байсан. Одоо бүр өнгөрчээ. Одоо чинь эрчүүл нь архи тамхинд цаламдуулж, арчаагаа бараад айл гэр толгойлох сөгөөгүй болсон юм хойно, баяндуу золбоотой ажилсаг эмэгтэйчүүд нь гэрлэдэг болжээ. Суух гэдэг сайхан монгол үг байсан чинь амь зогоож хоног төөрүүлэхийг илэрхийлсэн “амьдрах” гэдэг үгэнд цохигдоод, тэднийх хотод суугаа, манайх гэрт суугаа, тэдний оюутан охин Улаанбаатар хотод нэг айлын хажуу өрөө хөлслөөд сууж байгаа, тэднийх аймаг, сумын төвд сууж байгаа гэхчилэн ярих хэлэхийг болиод тийм тийм газар амьдарч байгаа гэж ярьдаг нь өнөөгийн соёлжсон монголчуудын хэлний чимэг болсондог оо.

17. Манай хуульчдын тогтоосон зарим нэр томъёо нэг л биш ээ. Хууль цаазын ухааныг германаар юриспруденц, оросоор юрисприденция хэмээн олон улсын чанартай гадаад үгээр илэрхийлэхийн сацуу германаар Recht (рехт), Rechtswissenschaft (рехтсвийсеншафт), оросоор право, правоведение гэдэг учраас энэхүү рехт, право гэсний хоёр дахь утга “эрх” гэдэгтэй нь хутгаж мунгинаад эрх зүй, эрх зүйч хэмээх инээдэмтэй үг бий болгосон ажээ. Эрх гэдэг нэр үг хүний эрх, эрх чөлөө, хөдөлмөрлөх эрх, амрах эрх, сонгох сонгогдох эрхийг илэрхийлдэг нь үнэн боловч монгол хэлэнд тэмдэг нэрээр “эрх” гэж явахаараа айлын эрх хүүхэд, тэрний эрх авгай, эрх тугал, эрх хурга ишиг гэж ярьдаг хэлдгийг хэн хүнгүй андахгүй мэднэ шүү дээ. Тэгэхээр эрх зүй гэдэг нь оросоор балованная логия, эрх зүйч нь балованный лог болж таарах жишээтэй. Үүнээс гадна “саатуулах” хэмээх нэг марзан үг түгээмэл хэрэглэгдэх болжээ. Монголчууд бид чинь ясли гэдгийг хүүхэд саатуулах газар гэж яг сайхан оноож нэрлэсэн байгаа. Бидний хэн нь ч ялгаагүй, “би дэлгүүрээс идэх уух юм авчрах гэсэн чинь хүүхэд харах хүн байдаггүй ээ, чи энэ хооронд хүүхдүүдийг минь саатуулаад байж байхгүй юу” гэж нэгнээсээ гуйдаг биз дээ. Тэгэхэд одоо яадаг болсон гээч. Улсын гааль дээр ч юм уу өөр ямар нэгэн газар хууль зөрчиж хэрэг хийсэн хүнийг саатууллаа гэж яриад бичээд байх юм. Хэрэг хийсэн тэр этгээдийг харин саатуулах гэдэг монгол үгний утгаар бол сайхан хоол унд өгч амраагаад л, тоглоом наадгайгаар зугаацуулаад байж байдаг хэрэг үү? Бодвол оросоор задержание (арест), германаар Festnahme (фээстнааме) баривчлах гэсэн утгатай үгийг хүний эрх, эрх чөлөө бялхсан эдүгээ үеийн аясад нийцүүлэн, саатуулах гэж хэлдэг болгосон юм биз. Тэгсэн чинь оросоор задержание груза гэснийг германаар ачаагий нь хураах хэмээн мөн задержание контрабанды гэснийг хилээр сэм нэвтрүүлсэн барааг хураах хэмээн хэлдгийг бодоход хууль дагаж мөрддөг газарт бол саатуулдаггүй, харин хураадаг юм байна. Хууль зөрчин хүнд хөнгөн хэрэг үйлдсэн этгээдийг саатуулж зугаацуулж байхын оронд “цагдан хорьдог” болбол зүгээр биш үү?

УИХ-аас баталсан хуульд “мөнгийг захиран зарцуулах” хэмээн хэлдэг сонин үг байдаг юм билээ. Ухамсаргүй, амьгүй мөнгийг хэрхэн захирч болдог байна аа? Мөнгийг захирч болдогсон бол тэтгэврийн хэдээрээ нэг сая төгрөгийн юм аваад ир гээд л захирамж буулгамаар байна шүү. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо ямар нэгэн зүтгэлтнийг аль нэг яамны сайдаар томилох асуудал хэлэлцээд, гаргасан тогтоолдоо “тэрний тэрийг яамны сайдаар томилохыг (100 хувийн юм уу түүнээс доош хувийн саналаар) дэмжсэн болно” гэж бичих юм гээч. Дэмжсэн болно гэдэг чинь хэрэг дээрээ бараг дэмжээгүйтэй адил. Их хурлын тогтоол гэсэн хэвлэмэл нэгэн маягт байдаг бололтой, түүн дээрээ төчнөөн хувийн саналаар дэмжсэн болно гэж хэвлэсэн байдаг шиг байгаа юм. Уг нь дэмжив, эсвэл дэмжсэн болой гэвэл зүйтэй л дээ. Тэгсэн болно гэдгийг чинь монгол хүн тухайн явдалд дургүй юм уу түүнийг ор нэр болгохын үүднээс гүйцэлдүүлснийгээ илэрхийлж ийм янзаар хэрэглэдэг шүү дээ. Жишээ нь “би тэр нэг семинарт юм уу хуралд суусан болно эсвэл тэнд нэг хоол идсэн болно, орой нь нэг концерт үзсэн болно” гэх иймэрхүү яриа амьдралд бишгүйдээ тааралддаг биз дээ. УИХ-ын чуулганыг сонирхоод сууж байтал нэг төрийн түшээ нь саналаа хэлэхдээ, тийм тийм асуулт хөдөлмөрчдөөс ирсэн байна, түүнийг ноцтой (бодвол оросоор серьёзно гэснийг хэлж байгаа бололтой) хэлэлцэх нь зүйтэй гээд хэнэг ч үгүй айлдаж байна лээ шүү. Тэр хүний монгол хэлний мэдлэг тун нимгэн байгаагийн тэмдэг энэ. Уул нь нухацтай, ул суурьтай, няхуур гэсэн сайхан үгнүүд бий шүү дээ. Шуумагны бөөс мөнөөс мөн атлаа шударга сонгууль гэсэн бахиралдааны дуулианаар, хэрээ мэдэхгүй хээхэлзэн худал ярьж байгаад Их хурлын гишүүн болоод авсан ихэмсэг дүртэй, яравгар зарим этгээдийн ил далд элдвийн аргаар эрхэлдэг бизнесийн нууцыг нь төнхөж мэдээд, ард түмнийхээ ярьдаг жинхэнэ цэвэр монгол хэлээр олон түмэнд мэдээлж байхыг дөрөвдөх засаглалынхан гэж цоллуулдаг хэвлэл мэдээллийн сурвалжлагч, сэтгүүлчдээс хүснэм.

18. Сонин хэвлэл, радио телевизийн сурвалжлагч сэтгүүлч нар минь, өөрийн гэсэн зориг гарган, орос хэлний хэллэгийг хуулбарлалгүй, гадаад улсуудын хот, хүний нэрийг тэр улсдаа хэрхэн хэлдгээр нь бичиж ярьж байвал зүгээр шүү. Кубын Хавана хот, АНУ-ын Хавайн арал, Германы Хамбург, Хановер хот, Хондурас Улс, Хонолүлү хот, Ром, Парис хот, Голланд биш Холланд Улс, германы суут зохиолч Гөте, эртний ромын яруу найрагч Хорац гэх мэтчилэн өдий төдий үгийг заримдаа оросуудын маягаар “Г” үсэгтэй бичдэг, ярьдгаа засмаар байна шүү. Монголын Үндэсний радиогийн сэтгүүлч, нэвтрүүлэгч нарын сонорт хүргүүштэй санал бодол тээж явдгаа энэ ялдамд хэлье. Нэвтрүүлгийнхээ хөтөлбөрийн цаг минутыг зарлахдаа, төдөн цаг гэх нь зөв, харин төдөн минутад гэж хэл орооцолдуулсан үгийг хэчнээн хэлдэг юм бэ?! Зүй нь минутанд гэж хэлвэл түмэн зөв. Цагийн дараагаар минут гэж хэлэх нь зөв, бусад орны радиог сонсож байхад 7 цаг 15 минут гэх байтугай 7 цаг 15-аас, 10 цаг 30-аас гэх мэтээр минут гэж хэлэхгүйгээр ярьдаг юм байна лээ. Олон удаа минутад гэхэд, бас л тодорхой хэмжээний хугацаа алдах нь мэдээжийн хэрэг. 11 цаг 15 минутад ямар нэгэн дуу хуур юм уу концерт нэвтрүүлнэ гээд зарлахад бараг зарлаж дуусаагүй байхад чинь нөгөө 15 минут нь дуусчихаад, 16, 17 гэх мэтээр цаг хугацаа нь яваад өгнө биз дээ. Ийм болохоор төдөн цаг төдөн минутаас гэж зарладаг байвал амьдрал ахуйн үнэнд нийцэх болно. Цаг агаарын мэдээнд салхины хурдыг секундэд гэх биш, секундэнд гэж хэлэх нь түмэн зөв. Монголчууд бид сар өдрийг хэлэхдээ нэгдүгээр сарын арванзургаад гэхгүй, нэгдүгээр сарын арван зургаанд гэж заавал хэлэх учиртай.

Цаг хугацаа, сар өдрийг хэлэхэд “n” авиа гарч ирдэг нь монгол хэлний жам юм биш үү? Үүнийг монгол хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэд хэлээд өгөх болов уу хэмээн найдъя. Бас үүнтэй ойролцоо жишээ дурдахад заримдаа сонин хэвлэлд “...тийм нэг уулзалтад төчнөөн хүн оролцов, ямар нэгэн шалгалтад төчнөөн газар хамрагдав” гэж буруу л бичсэн харагддаг. Уг нь уулзалтанд, шалгалтанд гэж бичих нь зөв биз дээ. Чадан ядан байж тэрлэж цоохорлосон энэ өгүүллээ З.Доржийн онож хэлсэн “хэл, хил, мал гурваасаа салбал Монгол эмгэнэлтэй” гэсэн үгээр төгсгөе. Монголчууд хэлнээсээ салчихбал, нөгөө хоёроос нь салах юухан байхав.

Худал үнэн нь хожмоо, хусран боос нь хавартаа гэдэг монгол цэцэн үг байдаг. Энэний хусран боос гэсэн хоёр үгийг одоогийн хүүхэд залуучууд мэдэхгүй дээ. Боос гэхээр нөгөө пүүс компанийн эзэн боосс л гэж ойлгох байх. Жинхэнэ монгол хэлээр хээлтэй малыг боос гэдэг юм. Боос үнээ, боос ингэ, боос гүү, боос хонь, ямаа гэж ярьдаг шүү дээ. Одоогийн хүүхэд залуучууд боос гэж мэдэхгүй, яахав хээлтэй гэж мэддэг байх л даа. Харин би үүнийг жаахан давслаад, хошигносон аястай болгоё гэж бодлоо. Хожмын нэг л өдөр хэн нэг нь сонин хэвлэлд малыг боос эсвэл хээлтэй гэхийн оронд жирэмсэн хэмээн бичиж хөгөө тарих байх аа даа. Тэгээд монгол орон малтайгаа байж чадвал жирэмсэн ингэ, жирэмсэн үнээ, жирэмсэн гүүтэй болно, тэгж байснаа монголчууд малыг нас хүйсээр нь ялгаж нэрлэхийг болиод, ерөнхий нэрээр нь жирэмсэн тэмээ, жирэмсэн үхэр, жирэмсэн морь юм уу адуу, жирэмсэн хонь ямаа гэж ярьдаг болно байх аа. Бас эр хурга, охин хурга, эр хонь, эм хонь, эр ямаа, эм ямаа, эр тугал, охин тугал, эр уянга, охин унага гэж монголоор ярьдгийг болиод юм уу мартаад, эрэгтэй, эмэгтэй хурга, ишиг, эрэгтэй эмэгтэй хонь, ямаа, эрэгтэй эмэгтэй үхэр, адуу, тэмээ гэж ярьдаг болох цаг дөхөж яваа даг аа. Даанч муухай яа! Ингэж л монгол хэл мөхөх тийшээ хандана даа. Энэ бол муу ёр биш, монголчууд биднээс л шалтгаална. Үнэн үг хатуу боловч, хэтийн явдалд тустай гэдэг. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үг бий. Өшрөх хүн гараад ирвэл тэр хүний л тар танигдана. Манай сэтгүүлчид мэдээлэл олж авах эрхээ эдлэх гээд айл гэрийн гал тогоо руу, авгай нөхрийн ор дэр рүү, аальгүй завхай эр, эмсийн өвөр түрийний явдал руу өнгийж өлбөлзөж байхын оронд төрийн түшээ, төрийн байгууллага, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээний газарт алба хашигчдын булхай, хүнд суртал, авлига хээл хахуулийн олон сэжим, хувийн хэвшлийнхний шунал, үгсэл хуйвалдаан, хувийн хэвшлийн том эздээс зах зээлийн жам хэмээн төр засгийн зохицуулах үүргийг үгүйсгэн бултдаг арга заль, сүрдүүлэг, хууран мэхлэх нүх сүвийг хайр найргүй илчлэн, жинхэнэ дөрөв дэх засаглалын үүргээ эрхэмлэн биелүүлж байгаасай хэмээн итгэл найдвараа илэрхийлье.

7 comments:

  1. Урт ч гэсэн учиртай л юм бичиж дээ. Ухаарвал одооноос засаж болох л байх. Нэгийг бодоож хоёрыг тунгаацгаая.

    ReplyDelete
  2. Utga sanaa ni iluu urt sanagdlaa. Uhaarch oilgoh yostoi yum ih baina shu! Mongolchuudaa!

    ReplyDelete
  3. Хэрэгтэй хэрэгтэй. Ялангуяа заахын тийн ялгал, үүднээс гэдэг дээр маш их алдаж байна.

    ReplyDelete
  4. heregtei zuil bichsen bn

    ReplyDelete
  5. Сайн байна уу, Бирваа гуай?

    Таны бичвэртэй 100 хувь санал нийлж байна.
    Зурагт үзэх, сонин уншихад даанч бэрх болсоон. Ямар сайндаа ойлгохгүй дахин уншина эсвэл хэрэгтэй гэсэн мөрүүдээ уншаад ерөнхий утгыг нь л тааж ойлгоно.
    Зурагтын өмнө хоосон толгойтой мэдээлэл, түүх гуйвуулагчтай хэрэлдсээр таардаг юм даа...

    Танд эрүүл энхийг хүсье!

    ReplyDelete
  6. Бирваа гуайн бичсэн нийтлэл маш таалагдлаа. Миний өвөө цагтаа бас Үнэн сонинд ажиллаж байсан сэтгүүлч хүн байсан юм. Өвөөгөөсөө Монгол хэлээр цэвэр сайхан яриx, бичиx эрмэлзлэл өвлөж авсан гэxүү дээ. Одоогийн сэтгүүлчдийн яриад, бичээд байгааг тал хагас л ойлгох болж дээ. Гадаадад олон жил амьдарч, Монгол хэлний өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаатай хөл нийлүүлж явж чадаагүй өөртөө буруу өгөөд байдаг, гэхдээ бас зарим юмыг ч арай ингэж хэлж болохгүй ээ гэж бодогддог шүү. Ялангуяа тэр блог бичдэг хэсэг нөхдүүд байнаа, Монгол хэлийг сургуульд ийм л муу заадаг болсон юм байх даа гэж сэтгэл өвдтөл бичнэ шүү дээ.

    ReplyDelete