Л. Батбаяр
www.dayarmongol.com
Их Сургуулийн 3-р дамжаанд Үгийн сангийн хичээлийг амьддаа домог болон алдаршсан эрдэмтэн багш Чой. Лувсанжав бидэнд зааж билээ. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, М.Гаадамба тэргүүтнээс номын дуу сонсох завшаан дутсан ч Чой.Лувсанжав, С.Дулам, Ч.Билигсайхан, Чоймаа, Баянсан, Буянтогтох зэрэг эрдэмтэй чадалтай багш нараас номын дуу сонсох сайхан завшаан бидэнд оногджээ.
Орчуулгын хэл найруулгаар дүүрсэн сонин хэвлэл, ном уншсаар байгаад орчуулгын монгол хэл, сэтгэлгээтэй болж өсч хүмүүжсэн бидэнд Чой.Лувсанжав багшийн амнаас гарах үгс жинхэнэ монгол хэл, найруулгын амтыг мэдрүүлдэг сэн. Багш маань өөрөө том эрдэмтэн атлаа бас бага зүйлээс суралцдаг байсны нэг жишээг өөрөө ярьсныг дамжуулая. Ажлаа тараад харьж иртэл хөршийн залуу түлээг нь хагалаад хураагаад тавьж байна гэнэ. Багш маань баярлаад:
- Ээ, яасан сайн хүү вэ гэж.
Тэгсэн тэр залуу:
- Өө яахав, Тан зэргийн хүнд над зэргийн залуу энэ зэргийн тус хүргэлгүй яах вэ гэжээ. Сайхан монгол найруулгатай ярьж байгаа юм шүү гэж багш маань ярьж билээ. Дашрамд дурдахад монгол хүн баярлаж талархахдаа одоогийн орчуулгын хэлээр: - Баярлалаа
- Зүгээр, зүгээр гэдэггүй. Харин хүн нэг сайхан үзэг бэлэглэвэл:
- Ээ ёстой гялайлаа. Би ийм нэг сайхан үзэгтэй болох юм сан гэж бодоод явсан юм гэж баярласнаа илэрхийлдэг гэхчлэн ярихад “орчуулгын хэлтэй” бидэнд ёстой л харь гарагаас ирсэн мэт сонсогддог байж билээ.
- Сайхан үг хэллэгүүд орчин үед их мартагдаж, орхигдож байна. Жишээ нь, морьтын хишиг явганд, Моломын хишиг Чойнжуурт гэдэг юм. Гэтэл одоо сүүлийн хэсгийг нь хүмүүс мэдэхгүй болж. Чойнжуур гэж ядарсан эр байж, Молом нь хазаар гүйлгэдэг эр байж.
- Сайн байна уу гэдэг бол хүмүүс нүүр нүүрээрээ уулзаад хэлдэг үг болохоос захидлын үг биш гээд ярихаар нь мань мэт нь бас л харийн хүн болж хоцорно. Багш маань Сүхбаатар жанжны Хатанбаатарт бичсэн захидал, Жамъян гүнгийн захидал, Хичээнгүй сайд Цэрэндоржийн захидлыг иш татан ярина. Саявтар зориуд сонирхоод Ц.Дамдинсүрэн гуайн түүвэр зохиолын 3-р ботийн бичиг захидалтай хэсгийг эргэж уншлаа. Нээрээ л ахмад эрдэмтэн маань захидал бичихдээ Сайн байна уу гэж эхлээгүй, ер нь сайн байна уу гээгүй байна. Ахмад эрдэмтэнд маань захидал илгээсэн Бартольд нарын гадаадын эрдэмтэд ч Сайн байна уу гэсэнгүй.
Сайхан сүмийн барилгыг шаазгай шувуу гутаана
Сайхан монгол найруулгыг “ба”, “гд” гутаана гээд л заримдаа бас уран сайхан холбож, зүйрлэж ярина. –гд гэдэг дагаврыг хүн аргагүйн эрхэнд үйлдэх зүйлд хэрэглэнэ. Хоригдох, баригдах, туугдах. Гэтэл Монцамэ-гийнхэн Үзэсгэлэн нээгдэв гэж бичдэг. Тэр үзэсгэлэнг чинь цаана нь хүн л нээж байгаа, тэгэхээр Үзэсгэлэн нээв гэх ёстой юм гэдэг сэн.
Багшийнхаа лекцийг сонсож суухад заримдаа сэтгэл дотор минь нэг бодол орж ирдэг нь:
- Манайхан ер нь сонин улс юм гэсэн хачирхал. Б.Ринчин гуай зааж сургаад л байдаг, Ц.Дамдинсүрэн гуай хэлж өгөөд л байдаг, Чой.Лувсанжав багш маань засч залруулаад л байдаг, яг хэвээрээ, бахь байдгаараа яваад байдаг, үгийг нь авдаггүй. Буруугаа засдаггүй.
- Хотын гудамжаар явж байхад таньдаг хүн ирж явбал өргөн гудамж бол би нөгөө захыг нь бариад явчихдаг, нарийн гудамж бол замын нөгөө талд гараад явчихдаг байсан. Тэгээд л гудамжинд таараад “За сонин сайхан... за тэгээд...” гээд л салж өгөхгүй элдвийн дэмий юм ярьж зогсохын оронд бушуухан хариад номоо үзмээр байна шүү дээ, багш нь. Би оюутан байхдаа ч, Их Сургуулийн багш болсон хойноо ч, Сангийн аж ахуйд тариа ногоо хураах ажилд явж байхдаа номоо үзээд л явдаг байсан. Энэ хашааны булангаас тэр хашааны өнцөг хүртэл бас ч гэж хэчнээн алхам газар байгаа билээ. Би нэг гартаа шуудайтай төмсөө чирээд, нөгөө гартаа номоо бариад үзээд явдаг сан. Хүмүүс эхлээд намайг гажигтай, юмтай, номын цагаан солиотой энэ тэр гэлцдэг байсан. Дэд эрдэмтний зэргээ хамгаалахад минь тэр яриа хэсэгтээ намжаад, доктороо хамгаалаадахсан чинь бүр нам болсон.
- Манай радио, телевизийнхэн Та энэ тухайгаа ярихгүй юу? гэх юм. Цаад хүн нь “Ярихгүй” гэж болно. Та ярьж өгнө үү? гэвэл зохистой.
- Манай дарга нар гадаадынхантай уулзаад ярьж байхдаа байсгээд л и гээд орос үг хавчуулах юм. Орчуулж байгаа би наана нь бүр өмнөөс нь иччих юм.
- Намын шийдвэр – амьдралд гээд л бичих юм. Намын шийдвэр чинь амьдралд байхгүй өөр хаана байх юм. Багш нь англиар орчуулахдаа амьдралд гэдгийг нь зүгээр орхичихдог юм гэхчлэн ярьдаг сан. Багшийн тэр яриануудыг санахуй, тэнэгүүдийн дунд багш минь хэцүү байсан байх даа гэж санагддаг юм.
Унаган жороо морин
Олойрт харын нүдэнд
Салга явдалтай харагдана.
Ухаант мэргэн хүмүүн
Олон тэнэгийн дунд
Солиотой юм шиг үзэгдэнэ гэсэн нэг лут шүлэг, П.Бадарч гуайнх билүү дээ, санаанд ордог сон. Багш маань асуулт тавиад анги тойруулан харж:
- Ердөө ганцхан хүүхэд мэдэж байна гэж үү? (Тэр ганц нь мэдээж би. А-я-я, би бас ланжгар байгаа биз. Ха – ха.) Ангийн 30 хүүхдээс арваад нь гар өргөж байх ёстой ш дээ. Энэ муу ёр шүү гэдэг сэн.
Манай ангид Мажид хэмээх афган залуу байсан. Эх оронд нь дайн дажинтай байсан болохоор дайжин дутаасан зам нь Монголд авчирсан болохоос монгол хэл сурч монгол судлаач болох гэсэн хүн биш гэж би боддог юм. Лав л миний мэдэхээс 5 жил болоход мань эр Сайн байна уу-тай л хоцорсон дог. Харин Чой.Лувсанжав багш маань юм бүхнийг номын нүдээр харах ажээ. Нэг өдөр багш маань Мажидын уншиж байсан нутгийнх нь сониныг авч үзээд бидэнд:
- Иш-ш, хүүхдүүд минь, та нар энэ хүнээс энэ хэлийг нь, энэ бичигтэй нь аваад үлдвэл мөн их хэрэг байна санж гэж билээ. Даанч манай ангид тийм “хэрэгтэй” оюутан байсангүй.
1988 онд би “Залуучуудын Үнэн” сониноор нэлээд “эргэлддэг” байлаа. Нэг өдөр яваад орсон чинь “Алив, Батбаяр аа, энэ яаралтай материал! Хурдхан орчуулаад дуусгаадах” гэлээ, М.Хатанбаатар нарийн бичгийн дарга. “Хуудаснаас хуудас дамжуулан” гэснийг нь “хуудас бүрт” гэхчлэн засч, дуусгаад ... Чой. Лувсанжав багшаа саналаа. Тэдний орчуулаад ир гэсэн өөр нэг нийтлэлийг орчуулчихаад багшаасаа асууж, “бат араанд” нь хийгээд очиё гээд, багшийн эрхэлдэг Гадаад хэлний тэнхимийн үүдтйг сахиад зогсчихлоо. Багш маань ч түмэн завгүй хүн юм, би ч мөн тэвчээртэй хүлээлээ. “Ээ бас салдаггүй хүүхэд юм” гээд багш минь миний урмыг бодсон биз, миний орчуулсныг хянан тохиолдуулахдаа орос эхийг нь огт хараагүй атлаа “энэ цаад орос хэлээрээ ийм үг байна, чи ингэж махчлан орчуулжээ, энэ чинь монгол найруулгаар бол ингэсэн үг” гэхчлэн сайхан монгол найруулгатай болгоод янзлаад өглөө. Би ч бөөн баяр. Сониныхонд нөгөө засч янзлуулсан орчуулгаа өгчихөөд “хуудаснаас хуудас дамжуулан” гэж монголчилдог улсад гайхуулах юмтай боллоо гээд маадгар сууж байтал гэрийн утас хангинав. Сонины ажилтан: - “Өө, Батбаяр аа, чи хайран материал алаад хаячихжээ!” гэж байна. Би чихэндээ итгэсэнгүй. “Би бүр багшаасаа асуугаад, засуулаад...” гэж эг маг дугартал “Өө, чааваас, багш чинь юм мэддэггүй амьтан юм байна даа” гэж тачигналаа. Тэд хүн андуураагүй, өөр материал ч андуураагүй, яг маниус шигээ модон орчуулгын молхи унаатайгаа буруу замаар “давхиж” яваа улс байна даа гэдгийг ч таамаглалаа, таамагласныг минь батлах мэт өнөө нийтлэл чинь “Залуучуудын Үнэн” дээр яг-г анх миний орчуулсанархуугаар дурайгаад гараад ирдэг. Өө хөөрхий минь гэж, “Залуучуудын Үнэн”-ийнхний болоод миний мэддэг монгол хэл тун ч ойролцоо болж таарлаа. Эл тохиолыг би “Хэн нь илүү монголч вэ” гэж, “Сонин тохиол”-доо оруулсан гэж байгаа. Ха-ха.
Нэг удаа багш маань бидэнд өөртөө тохиосон нэг явдлыг ярьсан нь, биеэ магтан гайхуулах гэсэндээ огт бус, эрдэм ном чухал, залуудаа ном үз гэдэг үгээ л хэлж байгаа юм, Европын нэг соц. оронд хэл шинжлэлч эрдэмтдийн хуралд багш маань оролцжээ. Хурлын завсарлагаар гадаадын хэдэн эрдэмтэнтэй нэг ширээ тойроод цай, кофе уусан шиг сууж. Цаадуул нь жижигхэн улсын багашигхан эрдэмтэн гэж үзээд багшийг маань тоож авч хэлэлцдэггүй гэнэ. Томроод, багшийн үгэнд хариулахгүй ч байх шиг.
- Тэгэхээр нь би мажар эрдэмтэнтэй нь германаар яриад, герман эрдэмтэнтэй нь англиар яриад, орос эрдэмтэнтэй нь польшиор яриад, польш эрдэмтэнтэй нь мажараар яриад... Тэгсэн тэдний надад хандах хандлага, харилцаа их өөр болсон.
- Ер нь гадаадад очиход гадны эрдэмтэд надаас хоёрхон зүйл л сонирхдог. Та хэдэн хэл мэдэх вэ? Та хэчнээн, ямар ном бүтээлтэй вэ?
Муу хүн үхэж өгдөггүй, сайн хүмүүс нь түрүүлээд явчихдаг гэж үг байдаг, үнэн ч юм шиг. Сайн нигуртай, сайхан багш минь Тэнгэрийн орноо заларч дээ. Бурхан Будда биш ч гэсэн, ялж төгс нөгцөж дээ, багш минь. Тэнгэр диваажингийн тэр сайхан оронд багш минь Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын номын багш нартайгаа учраад номоо үзэж суугаа байх даа. Номын их багшийгаа хожуухан ч гэлээ, дутуухан ч гэлээ дурслаа даа. Дурсаагүйгээс, дугараагүйгээс арай л дээр юм сан уу гэж мунхагланам.
11 – 6 – 08.
Subscribe to:
Post Comments (Atom)
Сайхан дурсамж байна. Зурагтаар гарсан англи хэлний хичээл нь их өгөөжтэй байдаг сан. Тайлбарлана ч гэж үнэхээр гайхалтай.
ReplyDeleteДурсахгүй байхын аргагүй хүн дээ.
amaraa_ubc
Зурагтаар англи хэл заадаг байсан юм уу?
ReplyDeleteДаанч сүүлийн үеийн эрдэмтэн багш гэгдээд байгаа багш нар маань дээр дурдсан "бүдүүн" багш нарын маань хэлсэн бичсэн болгоныг үгүйсгэж буруутгадаг болсон нь итгэхэд ч бэрх..
ReplyDeleteБидний дараагийн үе тэгэхээр яаж хэл бичиг, соёлоо үнэн зөвөөр өвлөн үлдэнээ...?
Лу багшийн лекцэнд ялаа нисэх л сонсогддог байж билээ..
Сайхан дурсамж байнаа.. Багш, номдоо мөргөе ээ.
Үгүйсгэхээр барахгүй улам бүр өөгшүүлээд байгаа юм аа.
ReplyDelete(Тэр ганц нь мэдээж би. А-я-я, би бас ланжгар байгаа биз. Ха – ха... Энэ маш бүдүүлэг юм. Сайхан нийтлэл байна
ReplyDelete