2013-08-31

М. ГОРЬКИЙН «ЭХ» РОМАНЫ ОРЧУУЛГАД ҮГИЙГ ДАВТАН ХЭРЭГЛЭСНИЙ ЗАРИМ ЖИШЭЭ



Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


            Аливаа хэлэнд ямар нэг ухагдахууныг бие даасан утгатай ганц ганц үгээр илэрхийлэхээс гадна хоёр болон түүнээс дээш үг нийлж нэг цогц ухагдахууныг илэрхийлэх нь нэлээд түгээмэл хэлбэр билээ. Монгол хэлэнд янз бүрийн хоршоо үгийн тусламжтайгаар шинэ утга, ухагдахуун буй болгон бүтээх ёс1 тун элбэг байдгийг академич Б. Ринчен нэлээд нарийн судалж тодорхой бичсэн байдаг.
            Монгол хэлэнд үг хоршин шинэ утга ухагдахуун илэрхийлэх нэг хэлбэр нь давтах хоршоо үг2 юм. Манай зохиолчид үгсийн янз бүрийн айг давтан шинэ утга ухагдахууныг илэрхийлэн гаргасан нь үлэмж. Түүнчлэн орчуулгын уран зохиолд аливаа юмыг илэрхийлэн гаргах монгол хэлнийхээ баялаг олон талт хэлбэрийн нэг болсон үг давталтыг орчуулгын уран зохиолд хэрхэн хэрэглэснийг М. Горькийн «Эх» романы монгол орчуулгыг (орчуулагч Н. Наваан-Юндэн, редактор Х. Пэрлээ) орос эхтэй3 нь тулган үзэв.
            Уул зохиолд тулгуурлан оросоос монгол хэлэнд орчуулахдаа үгсийн янз бүрийн айг давтан хэрэглэсэн онцлогоос дурдвал:
            1. Орос хэлний нэр үгийн олны тоог монгол хэлэнд илэрхийлэн гаргахдаа тэр үгийн утгад дүйх монгол нэр үгийг олон тооны дагаваргүйгээр давтан гаргасан үзэгдэнэ. Жишээ нь Бумажки-то!! Опять появились! (69)4 –Бичиг, бичиг! Ахиад гарч иржээ (85). Усталость, накопленная годами, лишала людей аппетита (3). Жил жилд хуримталсан зүдрэл хүмүүсийг хоолонд дургүй болгох… (4). Энд «бумажки» гэсэн нэр үгийг «бичиг, бичиг», «годами» гэсэн үгийг «жил жилд» хэмээн орос үгтэй нь дүйх монгол үгээ давтан орчуулсан нь «бичигнүүд», «олон жилээр» гэснээс илүү зохимжтой болж уул зохиогчийн бичсэн «бумажки, годами» үгний утга өнгөнд нь тун сайн зохицсон байна.
            2. Орос хэлэнд олны тоог илэрхийлсэн тооны нэрийг монгол үгээр давтан орчуулжээ. Жишээ нь: Они нас убивают десятками и сотнями… (100), Тэд биднийг арав арваар нь зуу зуугаар нь алж… (112). И пусть умрут тысячи чтобы воскресли тьми народа по всей земле! (107). Бүх дэлхий дээр үй түмэн ардыг дахин амьдруулахын төлөө мянга мянгаараа үхэг (131).
            Энд «десятками сотнями», «тысячи» гэсэн олны тоог зааж буй тооны нэрийг монгол хэлээр «олон арваар нь зуугаар нь, олон мянгаараа эсвэл хэдэн арваар нь хэдэн мянгаараа» гэж «олон» юм уу эсвэл «хэдэн» гэсэн үг нэмж орчуулж болох юм. Эс тэгвэл дээрх үгсийг, монгол хэлэнд тохирох тооны нэрийг давталгүйгээр өөрөөр илэрхийлбэл орос эх дээрээ байгаа санааг төдийл нарийн гаргахааргүй байна.
            3. а) орос хэлний олон тоонд байгаа нэр үг нь хүртээл нэрээр тодотгуулж байгаа бол уул нэр үгийн олны тоог монгол хэлэнд буулгах шаардлагатай гэж үзвэл зөвхөн хүртээл нэрийг давтан нэр үгий нь олны тоог гаргасан үзэгдэнэ. Үүнд:
            …И они снова шли по улицам, заколченные, с черными лицами распространяя в воздухе липкий запах машинного масла, блестя голодными зубами (3). …Тортог болсон бараан бараан царайтай хүмүүс машины тосны өмхий үнэр ханхлуулж хоосон шүдээ гялалзуулан… дахин гудамжаар алхалдаг (3). Появлялись новые люди (23) Шинэ, шинэ хүн ирж… (28) хэмээн «с черными лицами», «новые люди» гэсэн ухагдахууныг «бараан бараан царайтай», «шинэ, шинэ хүн» гэж нэр үгийн олны тоог гаргахдаа монголоор орчуулахдаа тодотголыг давтан хэрэглэсэн нь тун оновчтой болсон байна.
            б) хэрвээ орос хэлний олны тоог заасан нэр үгийг хэд хэдэн хавсрал нэр тодотгож байгаа бол монгол орчуулгад хамгийн гол гэсэн тодотголыг давтан нэр үгийн олны тоог гаргажээ. Үүнд: …Из маленьких серых домов выбегали на улицу, точно испуганные траканы, угрюмые люди, не успевшие освежить сном свои мускулы (3). …Цуцсан булчингаа нойрсон амрааж завдаагүй царайтай дорой хүмүүс жижигхэн бор бор байшингаас үргэсэн жоомууд шиг гүйлдэн гарцгаадаг (3). …Губы её безазвучно двигались, а из глаз медленно и ровно одна за другой текли большие мутные слезы (14) …Уруул нь чимээ авиагүй хөдлөн нүднээс нь том том бүдэг нулимс нэг нэгээр бөмбөрөн алгуур урсав (17).
            Нэгдүгээр жишээний «из маленьких серых домов» гэсэн хэллэгийн «маленьких серых» хоёр хүртээл нэрийн «серых» гэсэн үгийг гол тодотгол гэж үзжээ. Учир нь хорхой шавжны (жоомны) оромж баймаар өнгө зүс муутай (бор бор) байрнаасаа дорой царайтай хүмүүс гарч ирж байна гэсэн өгүүлбэрийн ерөнхий утга дүр зураг тааруухан гарч хоёрдугаар тодотголыг давтаж нэр үгийн олны тоог буулгасан байна. Харин «бор бор байшингаас» нэг жоом шиг хүмүүс гарч ирээгүй тийм олон хүн гарч ирсэн гэдэг нь монгол хүний сэтгэхүйд тодорхой байгаа учир «жоомууд» гэж «ууд» гэсэн олон тооны дагавар хэрэглэх нь ч илүү юм. Хоёрдугаар жишээнд «большие мутные слезы» гэсэн үгсийн холбоосноос нэгдүгээр тодотгол «большие» нь голлох үүрэгтэй гэж өгүүлбэрийн утгаас ялгаж түүний орчуулгыг давтан холбогдож буй нэр үгийн олны тоог гаргасан байна.
            4. Орос хэлний юмыг дахин гүйцэтгэсэн утгатай төгс бус байдалт үйл үгийн дахин дахин болж буй санааг монгол хэлээр илэрхийлэхийн тулд үйл үгэнд хамааран хэрэглэсэн дайвар үг байвал түүнийг нь монгол орчуулгад давтан гаргаж болдог байна. Үүнд, и, незаметно вынимая книги пачку за пачкой, совала их в руки братьев (64). Тэгээд номуудыг боодол боодлоор нь сэмхэн сэмхэн гаргаж ах дүү хоёрын гарт бариулж… (79).
            Энд «вынимая» гэсэн төгс бус байдалт нөхцөл үйл үгийн дахин дахин гаргаж ирээд гэсэн санааг гаргахын тулд «незаметно» гэсэн дайвар үгийг «сэмхэн сэмхэн» гэж монгол орчуулгад гаргаж үйлийн явцыг зөв тодорхой болгон илэрхийлсэн байна. Харин «боодол боодлоор» гэж нэгэн боодолд олон ном байгааг илэрхийлсээр байтал «номуудыг» гэж «ууд» гэсэн олон тооны дагавар хэрэглэсэн нь илүү юм. Мөн энэ хэсэгт хамаарах нэг жишээг дурдвал: И они то одна (мать), то другой (Андрей), мельком взглядывали на гостя (84). Хоёул ээлжлэн (эх Андрей хоёр) зочноо хялмас хялмасхийн харж (103) хэмээн «мельком взглядывали» гэсэн ухагдахууныг «хялмас хялмасхийн харж» хэмээн тун аятайхан орчуулсан байна.
            5. Орос хэлний дуу чимээг тэмдэглэсэн үйл үгийг, монгол хэлэнд аялга үгийг давтан орос үйл үгийн утгыг гаргасан үзэгдэнэ. Үүнд, На улице быстро шлепая босыми ногами по влажной земле, девочка говорила (204). Тэр гудамжинд гарч, нүцгэн хөлөөрөө чийгтэй газар дээгүүр шал шал гишгэлэн… (250). В лампе выгорел керосин, огонь, потрескивая, угасал (131). Лампын тос шатаж ширгээд гал нь чад чад хийн унтрахыг… (161) гэсэн өгүүлбэрт «потрескивая» гэсэн үгийг «тас няс хийж» хэмээн орчуулж болох боловч монгол хүн, дэнгийн гол дуугарахыг чад пад, чад чад гэж хэлдэг учир түүнд нь тохирсон аялга үгээр давтан орчуулжээ.
            Дээр дурдсан бүхий л жишээнээс үзвэл орос хэлнээс монгол хэлэнд орчуулахад үгийг давтан хэрэглэх боломж нэлээд өргөн хүрээтэй байгаа нь мэдэгдэж байна. Гэвч орос хэлний олон тооны хэлбэрт байгаа нэр үг буюу хүртээл нэр тэрчлэн төгс бус байдалт үйл үгэнд хамааран орж буй дайвар үгийг тохирох монгол үгээр заавал давтан орчуулна гэсэн өрөөсгөл талыг барьж бас болохгүй. Дээрх үгсийн айг юм л бол үг давтан орчуулаад байвал монгол хэлний найруулга зүйд харш зүйл болох тул өгүүлбэрийн утга санаа, өнгө аяст тохируулан аль зохистой үед нь үгийг давтан хэрэглэх нь чухал болно.

С. Товуудорж
Орчуулах эрдэм
1976 он

1 Б. Ринчен. Монгол бичгийн хэлний зүй. Дөтгөөр дэвтэр, Улаанбаатар, 1967, 1-р тал
2 Мөн номын 50-р тал
3 М. Горький «Мать» Минск, 1973
4 Хуудасны талын тоог хаалтанд хийв.

No comments:

Post a Comment