2011-12-20

Нэр томьёоны орчуулга

Д. Дашдаваа
Орчуулгын зарим асуудал
Улаанбаатар хот 1977

Өргөн хэрэглээний үгс ард түмний дундаас аажимдаа бүтээгдэн гарч ирдэг бол нэр томьёог ихэвчлэн зориудаар тодорхой мэргэжлийн хүмүүс, хэлшинжлэлтэн нар зохион гаргадаг ухамсарт үйл ажиллагааны үр дүн юм.

Манай оронд хувьсгалаас өмнө хоёр болон олон хэлний толь бичгүүдэд нэлээд нэр томьёо багтан орж тэмдэглэгдсээр ирсэн. 1742 онд модон бараар хэвлэгдсэн “Мэргэд гарахын орон нэрт тогтоосон даяг оршив” гэдэг нэртэй төвд монгол нэр томьёоны толь бичигт дотоод ухаан (гүн ухаан), учир шалтгааны ухаан (логик), дуун ухаан (хэлшинжлэл), урлахуй ухаан (техникийн ухаан), тэжээх ухаан (анагаах ухаан)-ны нэр томьёонууд оржээ.

Гэвч зүйл бүрийн шинжлэх ухааны нэр томьёоны тогтолцоо бүрэлдэн тогтох жинхэнэ явц ардын хувьсгалын жилүүдэд явагдсан. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурал дээр Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамьян “Монгол хэл дээр шинэ нэр томьёо олж тогтоосон нь ховорхон, газар орон бүр, байтугай хүн тус бүр өөр өөрийн дур зоргоор нэр томьёо өгөх нь олон тул монгол хэлний цэвэр оновчтойг нь бодож, арваад ангийн комисс байгуулж, ухаан бүрийн нэр томьёо ба хэрхэн бичиглэх зэргийг оролдсоор иржээ” гэж хэлсэн байна.


1925 оноос эхлэн Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд нэр томьёоны байнгын комиссыг байгуулж, аль хэрэглэгдэх нэр томьёог тусгайлан хэлэлцэж зохих зөвлөлгөөг өгөх буюу зохион гаргасаар иржээ.

1931-32 онуудад ургамлын аймгийн нэр томьёо болон химийн ухааны нэр томьёог орос-латин-монгол хэлээр тусгай дэвтэр болгон нийтэлжээ. Мөн 1931 онд орос-монгол хэлээр 500-гаад үгтэй улс төрийн нэр томьёоны толь, 1935 онд орос-монгол хадмал тооны ухаан, газарзүй, цаг уурын нэрс, 1937 онд орос-монгол хадмал хувилах ухаан, бодисын зүй нэрсийн товч толь нийтэлжээ. 1950 оноос эхлэн “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” гэдэг нэр томьёоны тусгай дэвтрүүд 90 гаруй дугаар гарчээ.

1921 оноос 1960 он хүртэлх хугацаанд тогтоосон бүх нэр томьёог хамран оруулж “Нэр томьёоны толь” (тэргүүн ботийг 1964 онд гаргав), 1961 оноос хойш тогтоосон бүх нэр томьёогоор (тэргүүн ботид орсон зарим нэр томьёог сайжруулан засчээ) “Нэр томьёоны толь” бичгийн дэд ботийг 1970 онд хэвлэн гаргав. Тэр толь бичгүүдэд нийтдээ есөн түм гаруй нэр томьёо багтжээ.

Нэр томьёо нь хэрэглэгдэх хүрээгээрээ явцуу, тэмдэглэж буй ухагдахуунаа нарийн тодорхой илэрхийлж, юмсыг нэрлэсэн шинжтэй, гол төлөв нэг л утгатай үгс байдаг.

Нэр томьёо шинжлэх ухаан, техник, улс төр, дипломат бодлого тэргүүтэнд зайлшгүй шаардлагатай. Нэр томьёог хэлшинжлэлд нэр томьёоны судлал (терминология)-аар тусгайлан авч үздэг.

Шинжлэх ухааны мэдлэгийн тодорхой салбар бүр өөрийн гэсэн “хэл”-тэй. Жишээ нь: Орчин цагийн нисэх онгоц 2 бум гаруй жижиг хэсгээс бүтэх бөгөөд тэр хэсэг бүр нэртэй. Химийн шинжлэх ухаанд 2 сая орчим нэр томьёо байдаг гэж эрдэмтэд тооцоолжээ.

Салаа утгатай үг нэр томьёо болохоор нэг утгатай болчихдог. Нэг нэр томьёо хэд хэдэн шинжлэх ухаанд орохдоо өөр өөрөөр орчуулагддаг. Жишээ нь: реакция гэдэг үг химийн ухаанд “урвал”, улс төрийн бодлогод “харгислал” гэж орчуулдаг.

Операция гэдэг нэр томьёо анагаах ухаан, цэргийн болон банкны ажилд өөр өөр утгаар хэрэглэгддэг. Оросоор сделать операцию гэвэл хүнд хагалгаа хийх гэсэн үг болно. Наступательная операция давших байлдааны ажиллагаа, банковская операция банкийн ажиллавар гэх мэтчилэн орчуулдаг байна.

“Морфология” гэдэг нэр томьёо хэлшинжлэл, ургамал судлал, ангахаах ухаанд хэрэглэгддэг. Хэлний хөгжлийн явцад энгийн үг нэр томьёо болж хувирах ч явдал байдаг. Жишээ нь: колено (өвдөг), палец (хуруу) гэдэг үг техникийн ухаанд нэр томьёо болон хувирчээ.

Нэр томьёо нэг үгээр бүтэхээс гадна нийлэмж үгээр байж бас болдог. Двигатель внутренного сгорания-дотоод шаталтын хөдөлгүүр, переменный ток-хувьсах гүйдэл, настоящее время-одоо цаг г.м.

Аливаа хэлэнд харь хэлнээс нэр томьёо зээлдэн авах явдал нэлээд хэмжээтэй байдаг. Энэ нь тухайн нэр томьёо орчуулагдахгүй байна л гэсэн үг. Жишээ нь: орос хэлэнд англиас зээлдэн авсан старт, финиш, футбол, боксёр, тренер, спортсмен, стринтер, стайер гэх мэт олон үг бий. Монгол хэлэнд трактор, комбайн, олимпиад, программ (а) г.м. нэлээд үг байдаг.

Ихэнх хэлний нэр томьёонд герег-латин үг хэрэглэх нь нэн их. Энэ нь латин хэл дээр үеэс европ дахинд эрдэм ухааны хэл байсантай холбоотой.

Хэлэнд нэр томьёо хаанаас гарч ирдэг вэ? гэвэл хэд хэдэн арга замаар гэж хариулах болно. Ард нийтийн хэлний үг нэр томьёоны утгаар хэрэглэгддэг. Үүнд: “онгоц” гэж мал усалдаг хэрэгслийг хэлдэг байснаа сүүлдээ халуун усанд ороход зориулагдсан тусгай сав, усан болон нисэх хэрэгслийн нэр болж (усан онгоц, галт онгоц, нисэх онгоц) хувирчээ. Орос хэлэнд “цветок” (цэцэг) гэдэг үг анчдын дунд “туулайн сүүл”-ийг тэмдэглэсэн нэр томьёо болчихсон байна.

Нэр томьёо бас бусад хэлнээс үг зээлдэн авах журмаар бүрэлдэн тогтдогийг дээр өгүүлсэн билээ. Орос хэл адуу малын холбогдолтой үг түрэг, монгол хэлнээс (аргамак, аркан, буланый, лошадь, табун), биеийн тамирын нэр томьёо (спорт, старт, чемпион, футбол, тайм), англи хэлнээс, хоол ундны холбогдолтой болон театрын зарим нэр томьёо (меню, ресторан, бульон, рагу, партер, бэльэтаж, антракт, афиша) франц хэлнээс зээлдэн авсан байдаг.

Монгол хэлнээ самгарди хэлнээс аршаан, судар, боть, лагшин, персээс чихэр, тарвас, анар, арабаас архи, цув, алмаас, хятадаас даавуу, мужаан, манжаас амбан, жургаан, мэйрэн, түвдээс баг, бунхан, гортиг, орос хэлээр дамжин атом, материализм, аспирант, градус, роман, радио зэрэг нэлээд европын хэлний үг оржээ. Эдний ихэнх нь нэр томьёо юм.

Нэр томьёог буруу орчуулснаас эх бичгийн утга гажихад хүрдэг. Тийм алдаанд хүрэхгүйн тулд орчуулж буй зүйлсээ сайн мэдэх хэрэгтэй. Үнэн зөв орчуулахын тулд нэр томьёоны утгын онцлогийг мэдэх нь чухал. Орчуулагч хүнд нэр томьёоны хэрэглээний болон утгын дараах онцлогууд:

а) хам сэдэвтэйгээ өвөрмөцөөр харилцан үйлчлэлцэх;
б) үгийн дотоод хэлбэрийн онцгой үүрэг;
в) олон улсын чанартай интернационал болон хуурамч интернационал нэр томьёог харгалзан үзэх шаардлагатай байдаг.

Нэр томьёо гол төлөв нэг утгатай байдгаас олонхи нэр томьёо хам сэдвээсээ хамаарахгүй, толь бичигт тохоон орчуулагдсан үгээрээ монгол хэлнээ буудаг тал бий. Ямар ч хам сэдэвт жишээ нь: орос хэлний “водород” (водородная бомба) гэдэг нэр томьёог дандаа л “устөрөгч” л гэж орчуулна. Мөн “революция” гэдэг үгийг “хувьсгал” л гэж буулгана: аратская революция-ардын хувьсгал, пролетарская революция-пролетарийн хувьсгал, научно-техническая революция-шинжлэх ухаан техникийн хувьсгал гэх мэт.

Гэхдээ хам сэдвээс нь тухайн үг нэр томьёоны утгаар аль эсхүл энгийн үгийн утгаар орсныг мэдэж болдог. Хэд хэдэн янзаар орчуулагддаг нэр томьёо ч бий. Жишээ нь: “государство” гэдэг улс төрийн нэр томьёог монгол хэлнээ “төр", “улс” гэж хоёр янз орчуулдаг. “Государство и право” гэдэг номын нэрийг бид “Төр эрх” гэж, В.И. Лениний “Государство и революция” гэдэг зохиолын нэрийг “Төр ба хувьсгал” гэж орчуулдаг. Государственный университет, государственный банк гэсэн нийлэмж үгийг “улсын их сургууль”, “улсын банк” (төрийн банк гэхгүй) гэж орчуулдаг.

Маоистское руководство Китая все более нагнетает атмосферу недоверия и вражды между государствами.

Хятадын эрх баригчид улсуудын хооронд үл итгэх, дайсагналцах уур амьсгалыг дэвэргэж байна.

Дээрх өгүүлбэрт “государство”-г бид “улс” гэдгээр нь орчуулав.

Ихэнх нэр томьёоны “дотоод хэлбэр” гэгдэх агуулга нь мэдэгдэж байх бөгөөд дүйх монгол нэр томьёоны бүтэцтэй тохирч байдаг. Холодная война (Cold war)-хүйтэн дайн; эксплуатационный инженер-ашиглалтын инженер; зернодробилка-үр бутлагч; противотанковая артиллерия-танк эсэргүүцэх их буу. Энэ мэтийн “дотоод хэлбэр” нь илэрхий нэр томьёог орчуулахад түвэг бага. Гагцхүү бүрэлдэхүүн хэсгүүдийн утгыг мэдэж, дүйх монгол үгийг олох л чухал.

Гэхдээ нэр томьёоны “дотоод хэлбэр” мэдэгдэж байхад хуулбарлан орчуулбал монгол хэлнээ шинээр зохиогдсон нэр томьёо аль зэрэг нийцтэй байна гэдгийг бодолцох хэрэгтэй.

Олон хэлнээ байх адил хэлбэртэй, ижил утгатай, бусад хэлнээс зээлж авсан нэр томьёо байдгийг олон улсын чанартай (интернациональные термины) нэр томьёо гэж нэрийддэг. Жишээ нь: автобус, троллейбус, трактор, дипломатия (дипломати, diplomacy) г.м.

Орос, монгол хэл бие биенээсээ үг зээлдэн хэрэглэхээс гадна аль алинд гурав дахь хэлнээс үг зээлдэх журмаар ижил нэр томьёо орж ирдэг (социализм, интернационализм, радио г.м.).

Олон улсын шинж чанартай нэр томьёог бичих зохиолд хэрэглэхдээ тухайн сэдвийн найруулгад хэр зэрэг нийцэж байгаа, уг үг монгол хэлнээ аль зэрэг хэрэглэгддэг талыг анхаарч үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд олон улсын шинж чанартай нэр томьёо монгол нэр томьёотой тодорхой хугацаанд зэрэгцэн хэрэглэгдэж, эцэст нь аль нэг нь дийлдэг. Жишээ нь: социализм-нийгэм журамт ёс, коммунизм-эв хамт ёс, аптека-эмийн сан, аптек; стадион-цэнгэлдэх хүрээлэн, стадион; ясль-хүүхэд саатуулах газар, ясль гэх мэтээр зэрэгцүүлэн хэрэглэдэг. Одоо социализм, коммунизм гэж дандаа бичих болж (орчуулгын) монгол нэр томьёо нийгэм журамт ёс, эв хамт ёс гэдгийг бичихээ бараг больжээ. Харин дээрх бусад үгний хувьд хоёр янзаар хэлж, бичсээр байна.

Англи хэлний “Compositor” гэдэг үг латин хэлний “componere” гэдэг үгнээс үүссэн бөгөөд “үсэг өрөгч” гэсэн утгатай аж. Гэтэл эл үг рүүгээ адил дуудагддаг композитор гэдэг үгээр орос хэлэнд хөгжмийн зохиолчийг хэлдэг. Энэ мэт гаднаас нь харахад нэг ижил үг юм шиг, утгаараа эрс өөр үгийг олон улсын чанартай хуурмаг үг (псевдоинтернациональные слова) гэдэг. Тийм үгийг орчуулахад нэлээд бэрхшээлтэй. Тийм ч учраас иймэрхүү үгсийг орчуулгын онолд “орчуулагчийн хуурамч анд нөхөд” (ложные друзья переводчика) гэж нэрлэдэг. Орос, англи зэрэг европын хэлнүүдэд тийм үзэгдэл элбэг.

Орчуулгын “хуурамч нөхдийн” заримаас орос, англи хэлний хэрэглэгдэхүүн дээр цөөн жишээ татъя. Доорхи үгсийг харахад хэлбэрээр ойр боловч агуулгаараа шал өөр юм. Үүнд:

актуальный (цаг үеийн, чухал)-actual-(действительный) (үнэхээр бодит);
аспирант-aspirant- (претендент- өрсөлдөгч)
декад (10 хоног) -decade (10 жил)
проспект (өргөн гудамж, төлөвлөгөө) -prospect (ирээдүй) г.м.

Нэр томьёог доорхи үндсэн аргуудаар гол төлөв орчуулдаг.

а) монгол хэлний баялгаас үгсийн сангийн үүднээс таарч тохирох үгийг сонгон авч орчуулах;

б) хэлбэр, бүтцийн талаар орос нэр томьёотой дүйхгүй монгол нэр томьёогоор орчуулна. Жишээ нь: Министр без портфеля-яамгүй сайд (төрийн сайд); телесное наказание-ташуурдах ял г.м.

в) галигчлан буулгах;
аппарат, автобус, рубль, конгресс, Кремль г.м.

г) хуулбарлан (үгчлэн) орчуулах;
встречный план-угтвар төлөвлөгөө;
наука и жизнь-шинжлэх ухаан, амьдрал;
Совет Министров-Сайд нарын Зөвлөл;
Комплексный подход-иж бүрнээр хандах;

д) дүйх нэр томьёоны бүтцийн нэг хэсгийг үгчлэн орчуулж, нөгөө хэсгийг галиглаж буулгах;
Коммунистическая партия-Коммунист нам;
авторемонтный завод-автозасварын завод
телевизионная передача-телевизийн нэвтрүүлэг г.м.

е) үгсийн сангийн бололцоотой хоёр хувилбарын аль нэгийг сонгож авах;
аптека-аптек, эмийн сан;
философия-философи, гүн ухаан;

ё) галигчлах, тоймлон орчуулах арга хоёрын аль нэгийг сонгож олох;
Пентагон гэсэн үгийг Пентагон ч гэдэг, заримдаа АНУ-ын цэргийн яам ч гэдэг.

Нэр томьёог үнэн зөв орчуулахын тулд дараах гурван зүйлийг ямагт анхаарч байх хэрэгтэй. Үүнд:

а) нэр томьёо хам сэдэвтэйгээ харилцан шүтэлцээтэй байдгийг онцлогийг мэдэх;

б) нэр томьёо орчуулагддаг үндсэн аргыг сайтар судлан, шинжлэх ухааны тухайн салбарын монгол нэр томьёоны мэдлэгтэй байх;

в) монгол хэлнээ байгаа ойролцоо утгатай үг, хэллэг, нэр томьёоноос чадварлаг сонгон авах; Нэр томьёо шинээр зохиож өгөхдөө хамгийн үр дүнтэй аргыг хэрэглэх эдгээр болно.

1 comment: