2013-03-04
МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙГ “ХАНИАД”-НААС ХАМГААЛЪЯ
Эх сурвалж: www.assa.mn
Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд хамраа барьж, ханиаж, найтаасан хүн цөөнгүй байна. Халуун аарц, адууны мах, элдэв төрлийн витамин, эм тан хэрэглэж бид ханиад томууг эдгээчихдэг хэрнээ эх хэлэндээ халдчихаад байгаа “ханиадны вирус”-ийг үл ойшоодог.
Нэгэн дэлгүүрийн тооцоо бичдэг бүсгүйчүүд Санта Клаусын улаан малгай өмсчээ. “Шинэ жилийн мэнд хүргье” гэсэн мэндчилгээ бичсэн байсан ч “ХҮРГЬЕ” гэдэг үг хамгаас түрүүнд анхаарал татлаа. Энэ “ь” нөгөөх хэлний ханиад гээч нь байжээ. Монгол хэлний дүрмийн сангаас уудлан харвал “ХҮРГЭЕ” гэж бичдэг. Харамсалтай нь, малгай дээр нь үг хэвлэж өгсөн компанийн ажилтан ийнхүү алдаатай биччихэж. Дэлгүүрийн менежерүүд ч мөнгийг нь төлчихсөн болохоор малгайгаа шинээр хэвлүүлье гээд ч чадсангүй бололтой. Нэгэнт малгайгаа наймаалцчихсан, дэлгүүртээ шинэ жилийн уур амьсгал оруулах, үйлчлүүлэгчдэд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн даргын тушаалтай байхад ганц үсэг буруу бичигдэх ч асуудал биш бололтой. Монголчуудын ийм л хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдал эх хэлэндээ халдварт вирус халдааж, тэр нь аажим аажмаар тархаж байгааг бид анзаарсангүй. Багш нар, хэлбэр хувиралд нь шинжилгээ хийдэг эрдэмтдээс өөр Монгол хэлний дархлааг сайжруулахын төлөө санаа тавьдаг хүн цөөхөн. Ийм учраас хэлний эрүүл мэнд, “биеийн эсэргүүцэл” суларч байгааг үл анзаарч боломгүй.
Энэ санаагаа цөөнгүй хүнд хэлэхэд ганц үсэгнээс болж гайд унадаг хэл гэж юу байх вэ гэх аж. Гэхдээ ганц үсэг солигдсон алдаа хэчнээн хүнд хүрч байгаагаараа хор хохирол нь тооцогдоно. Дунд сургуулийн бага ангид заадаг “ъ”, “ь” зөв хэрэглэх дүрмийг бүгд бүрэн ойлгосон байдаг уу гэвэл үгүй. Мэндчилгээ бичиж, захидал илгээх болохоороо “ь” бичих нь зөв үү, эсвэл “э” үсэг байх уу гээд асууж суудгийг бодоход монголчууд бүгд дүрмэнд эргэлздэг нь харагдана. Тэр дэлгүүрээр өдөр бүр үйлчлүүлдэг олон хүн дотроо эргэлзээгээ тайлж чадаагүй л яваа байх. Ялангуяа дөнгөж үсэг үзэж буй бяцхан жаалууд “ь”-ийн дүрэм багшаараа заалгачихаад ойлгож амжаагүй байтал өнөөх малгайны “хүргье” гэдэг үгийг хараад юу бодох бол.
Толгойдоо тогтоож амжаагүй сурагч “хүргье” гэж бичдэг юм байна л гэж бодчихсон “Эрдмийн түлхүүр атгуулсан ачит багшдаа шинэ жилийн мэнд хүргье!” гээд биччихэж мэднэ. Өдөржин заасан хичээл нь үр дүнгүй болсныг багш хараад дахиад л зааж, ойлгуулах гэж оролдох нь мэдээж. Бурууг нь засч, булхайг нь дарах багштай болохоор сурагчид азтай. Хэдэн жилийн хойно ердөө хүргэе гэдэг үгийг зөв, буруу бичих тухай эрдэм шинжилгээний хурал болохыг ч хэлж мэдэхгүй.
Ханиалгаад яваад л байвал хүндэрч үгдэрдэг шиг үг, үсгийн алдаа олон удаа давтагдвал байх ёстой үзэгдэл мэт болдог аж. Тэр алдаатай үгийг харчихаад гадагшаа гарвал гудамжаар дүүрэн буруу бичсэн реклам, сурталчилгаа угтана. “25-аас дээш насны залуусийг ажилд авна”, “Хажуу өрөө түрээслүүлэн”, “Хоёр давхарт байсан Сондор үсчиний газар замын эсрэг талд нүүсэн тул өрөгнөөр үйлчилүүлнэ үү”, “Манай дэлгүүрт Хонконгийн бараа шинээр ирсэн тул шинэ жилийн гоёолоо сонгоорой, яраарай. Шинэ жилийн мэнд хүргье”. Үг сонголт, өгүүлбэрийн найруулгыг байя гэхэд үсэг нэмэх, хасах, солих нь арай л хэтэрхий байна гэж хэл судлаачид хэлдэг.
Хэвлэх үйлчилгээ эрхэлдэг ажлыг гүйцэтгэгчид хэт их захиалгатай үед яарч, сандарснаас энэ алдаа үүддэг бол нөгөө талаар тэд Монгол хэлний дүрмийн мэдлэг ерөнхийдөө тааруу байгааг илтгэнэ. Хулдаасан хэвлэл, лед гэрлэн хаяг, хэвлэх хувилах үйлчилгээ, канон принтер сканнераар үйлчилдэг газруудад энэ хамаатай. Жишээ авсан үг болох “хүргье” гэж бичихийг зөв гээд ойлгосон 100 хүний дунд дүрмээр нь зөв бичдэг ганцхан хүн суугаад саналаа хэлвэл яах бол? Мэдээж ардчиллын зарчмаар 100 хүний буруу мэдлэг нь зөв болж, хэлний “ханиад сүрьеэ” болох харамсалтай байдалд хүргэнэ.
Тэгвэл ийм төрлийн “ханиад”-ыг бид яаж эдгээх вэ. Хэвлэлийн ажил эрхэлдэг хүн бүрээс монгол хэлний дүрмийн шалгалт авах ёстой юу гэсэн асуулт гарах. Гэхдээ тийм боломж ч байхгүй. Алдаатай хэвлэсэн бол хариуцлага тооцдог болох уу, бас л бүтэхгүй. Хэн ч хэвлэх үйлчилгээ эрхэлсэн зөвшөөрөл олгож, эхэндээ шалгадаг байх уу, бүр ч бүтэшгүй. Хүн бүрийн харилцааг хангадаг хэлний аюулгүй, “эрүүл” байдлыг хангахад хүн бүрийн оролцоо чухал. Дүрмийг гажуудуулж бичсэн, алдаатай хэвлэсэн бол түүнийг монгол хэлний эрүүл мэндэд санаатайгаар халдсан гэж үзээд хуулж орхидог болвол тун догь. Хамгийн чухал гарц нь хэн ч, хаана ч хариуцлагыг эрхэмлэх. Хэрэв танай бүтээгдэхүүнийг алдаатай хэвлэсэн бол дахин зөв гаргахыг шаардаж, хэрэгжүүлж сурах хэрэгтэй байна. Алдаатай бичсэн бүтээгдэхүүн нь хэвлэлийн газрын асуудал биш харин танай бизнесийн байгууллагын буруу болж харагдахыг тооцож үзээрэй. Тиймээс бизнесийн нүүр царайг “түлчихээргүй” чанар шаардаж сурах нь монголчуудын нийтээрээ суралцах ёстой зан төлөв юм.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэдгийн адил анхнаасаа алдаатай бичээгүй бол зарим хүний толгойд “хүргье” гэх буруу хувилбар орж ирэхгүй. Гагцхүү дүрмээрээ бичигдсэн “хүргэе” гэх үг л санаанд нь буух болно. Эх хэлийг хамтдаа “ханиад”-наас хамгаалъя.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment