Эх сурвалж: Зууны мэдээ
Иргэдийн эх хэлний боловсрол сүүлийн жилүүдэд тааруу болж улмаар
харилцааны болон бичгийн соёлд муугаар нөлөөлж байгаа талаар дээр доргүй
ярих болсон.
Тиймээс Засгийн газраас Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах
тогтоолыг гаргажээ. Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга
Б.Магсаржавтай эх хэлний дархлааг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.
-Иргэдийн эх хэлний боловсрол тааруу боллоо гэдэг. Тэр дундаа
сургуулийн хүүхдүүд эх хэлээрээ алдаа мадагтай бичиж, буруу зөрүү ярьдаг
болжээ. Иргэдийн хэл бичгийн боловсролыг сайжруулахын тулд ямар ажил
хийж байна вэ?
-Үнэхээр олон нийтийн санаа бодолд тулгуурлан зөв, зүйтэй сэдэв хөндөж
асуудал болгож байгаа танай сонины хамт олонд талархал илэрхийлье.
Монголчууд эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахаа болиод байгаа. Монгол хэл
бичгийн боловсролыг хамааран, хариуцдаг газар нь Боловсрол, шинжлэх
ухааны яам, түүний харьяа байгууллагууд. Засгийн газраас энэ оны
хоёрдугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах зарим
арга хэмжээний тухай 37 тоот тогтоол гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны
сайд Л.Гантөмөрт иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ,
иргэдийн харилцааны соёлын төвшинг дээшлүүлэх, эх хэлний дархлааг
сайжруулах үүргийг өгсөн. Мөн та бүхний санааг зовоож буй бага насны
хүүхдийн эх хэлний боловсролд анхаарах заалт орсон байдаг. Тухайлбал,
бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхгүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга
хэлбэрээр зааж, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэхээр тогтоолд тусгасан
байна лээ.
-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид зөв бичгийн дүрэм огт
мэддэггүй, найгүй алдаатай бичдэг болжээ. Их сургуулийн зарим оюутан
монголоор бичихийн оронд англи үсгээр галиглаад сууж байх юм. Мартаж
болохгүй эх хэлийг хойч үе маань уландаа гишгээд байгаа юм биш үү. Ийм
байдлыг олж харж, засч залруулах ямар боломж байдаг юм бэ?
-Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид
элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон
2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үүнийг мөрдүүлэхийг Засгийн газраас
гаргасан тогтоолд тусгасан байгаа. Дээр нь монгол кирилл бичгийн үсгийн
дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээрээ
даган мөрдүүлэхээр болсон. Мөн үсгийн дүрмийн алдаа засах програм
боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэхийг салбарын сайдад нь үүрэг болгосон
байгаа. Тиймээс удахгүй энэ бүх асуудлыг цэгцлэх их ажил өрнөх байх.
-Монголчууд цөөн тооны монгол үгийг олон янзаар бичих юм. Иргэд юунаас болж дурын дүрмээрээ бичээд байгаа юм бол. Танайх энэ асуудлыг цэгцэлдэг байх аа?
-Монгол хэлний боловсролыг маань үндсэндээ гурван агуу эрдэмтний дэг
сургуулиар зохицуулж ирсэн. Цэндийн Дамдинсүрэнгийн, Бямбын Ренчингийнх,
нөгөөх нь Б.Лувсанвандангийн хэл бичгийн дэг сургууль гэж бий. Тэдний
шавь нар багшаасаа өвлөсөн эрдэм ухаанаа өөрийн шавь нартаа мөн л
түгээсээр байна. Ингэснээр нэг л мэдэхэд энэ гурван их хүний шавь нар
их, дээд, дунд сургуулиудаар тарж өөр, өөрийн дүрмээрээ монгол
хэлбичгийн ухааныг хөтлөн явуулж байгаа юм. Агуу хүмүүсийн эрдэм ухаан
шавь нарт нь уламжлан ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Гурван аварга мэдээж
шавь нарынхаа толгойд суутал монгол хэлбичгийн дүрмийг тайлбарлаж
өнөөдүүл нь цааш нь уламжилсаар монголчууд зарим үгийг хэрхэн зөв
бичихээ мэдэхгүй болсон. Тиймээс манай албанаас олон хувилбар бичлэгтэй
монгол үгсийг жагсаалт гаргаж хэрхэн нэг мөр болгох талаар журамласан.
2011 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч 700 гаруй үгийг
хэрхэн зөв бичих стандартыг батлуулсан. МУИС, МУБИС, ШУА-ийн Хэл
зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, Нийслэлийн боловсролын газрын монгол
хэлний мэргэжилтнүүд, дунд сургуулийн монгол хэлний багш нар олон янзаар
бичдэг үгийг дэлгэн тал талаас нь хэлэлцэн шүүгээд хамтран шийдвэр
гаргадаг юм. Нэг үгийг янз бүрээр бичдэгийг ингэж нэг мөр болгон бичье
гэж зөвшилцөлд хүрсэн. Түүнийг Монгол хэлбичиг хэмээх XII ботьдоо
оруулсан байгаа. Тэрний зөв, түүний буруу гэж бид ярих боломжгүй юм. Тэр
аваргууд өөрийн гэсэн онол, дүрэмтэй болохоор зөв, бурууг ялгах
боломжгүй юм.
Ц.Дамдинсүрэн гуайн гаргасан зөв бичих үсгийн дүрмийг баримтлахаар
болсон. Алийн болгон олон түмнийг төөрөгдүүлэх билээ. Шинжлэх ухааны
төвшинд өөр өөрийнхөөрөө бичдэг л юм байгаа биз. Ард, иргэдийн бичгийн
боловсролыг нэг төвшинд маргаангүй байлгая гэж шийдсэн. Жишээлбэл,
Байцаа гэдэг үгийг байцаа, байцай гэж хоёр янзаар бичиж байна.
Ц.Дамдинсүрэн гуайн “Монгол үсгийн зөв бичгийн дүрмийн толь”-д байцай
гэж бичсэн байна.
-Олон хувилбартай монгол үг 700-гаар дуусч байна уу. Цаашаа нэмэгдээд явах уу?
-Монгол хэл баялаг учраас цаашаа судалгаа хийнэ. Энэ нэг мөр болгосон
700 гаруй үг бол ерөнхий боловсролын сургуульд шууд өргөн хэрэглэгддэг
үг биш. Энэ ажил цаашаа үргэлжилнэ. Тогтоолоор толь бичигт байгаа олон
хувилбараар бичдэг үгнүүдийг нэг мөр болго гээж заагаад өгчихсөн. Энэ
ажлыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн хийх ёстой. Манайх Соёл, спорт,
аялал жуулчлалын яамны харьяаны байгууллага. Зарим хүн бидний ажлыг
буруу ойлгоод, тэр хэрээрээ ташаа яриад байдаг тал бий.
Монгол хэл бичгийн асуудлыг хариуцах ёстой атал Боловсролын яаманд
“Үүнийг хийгээрэй” гэж үүрэг өгсөн байна гэж буруу ойлгож ярих жишээтэй.
Монгол Улсад амьдарч байгаа хэн ч гэсэн албан ёсны эх хэлээрээ утга
төгөлдөр сайхан ярьж, зөв бичих учиртай. Анх би энэ ажлыг эхлүүлэх гээд
ганцаараа таван сар цалингүй ажиллаж байлаа. Удахгүй шинэ бүтэц хийнэ
биз. Одоо манай алба гурван хүнтэй хэрнээ долоон хүний ажлыг нугалж
байгаа.
-Түгээмэл хэрэглэдэг гадаад үгийг олон янзаар л бичих юм. Нэг мөр болгохгүй юм уу?
-Монгол хэлэнд түгээмэл хэрэглэдэг 200 гаруй гадаад үгийг судлаад ингэж
бичнэ гэж нэг мөр болгосон. Тухайлбал, гараж, баар, генетик, лизинг,
нано, патент зэрэг үгийг нэг янзаар бичихээр тогтсон байгаа.
-Гадаад хэлтэй хүмүүс олширч зарим үгийг орчуулахгүйгээр хүүхэд,
залуус монгол хэлэнд шууд бичиж хэрэглэж байгаа нь эх хэлний ирээдүйг
бүдгэрүүлж байх шиг?
-Тэр үнэн. Түгээмэл хэрэглэдэг 200 гаруй гадаад үгийг бид судлаад
монголоор орчуулан хэрэглэх хувилбарыг гаргасан. Жишээлбэл, брэнд гэдэг
үгийг сор бүтээгдэхүүн, микро-г бичил, паркетыг шахмал шал, бонусыг
урамшуулал /цалин/ гэх мэтээр монгол үгээр хөрвүүлэн бичиж, хэлэх ёстой
юм. Аман хэл бол бичгийн хэлнээс түрүүлж явдаг. Бид олон нийтэд түгээдэг
хэрэгслийг ямар хэл, үгээр бичихийг бас хянаж, зөвлөж байгаа. Цаашдаа ч
гэсэн Монголд ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн эх хэлээ сайн судалж
зөв бичиж, ярьж байхгүй бол ажилд авах шалгуурт монгол хэлбичгийн
мэдлэгийн төвшинг шалгаж байхаар болсон шүү. Засгийн газрын 37 дугаар
тогтоолын хоёрдугаарт Төрийн албаны ажлын байр /албан тушаал/- ны
тодорхойлолтод монгол хэл бичгийн мэдлэгийн төвшинг харгалзаж ур
чадварын шаардлагыг нэмж тусгахыг Төсвийн шууд захирагч нарт үүрэг
болгосон байгаа.
Ингээд зогсохгүй төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд
мөрдлөг болгож төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга
хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, бүх шатны
Засаг дарга нарт үүрэг болгосон тул цаашдаа дээр, дооргүй эх хэлээ
сайтар судлах хэрэгтэй болж байна.
-Төрийн хэлний зөвлөл судалгааны байгууллага юм уу. Олон хувилбарт үгийг судлан тогтоогоод л?
-Манайх судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээний байгууллага биш л дээ.
Гэсэн хэрнээ л шаардлага гараад л байнга судалгаа хийж байна. Төрийн
хэлний зөвлөл угтаа төрийн захиргааны байгууллага юм. Соёлын тухай,
Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Төрийн хэлний тухай хуультай
холбогдож гарсан тогтоолуудыг хэрэгжүүлэхэд чиглэл өгдөг, хууль тогтоомж
нь яаж хэрэгжиж байгааг судлан хянаж, зөвлөмж өгөх нь бидний ажил.
Зөвлөмж гаргахын тулд бид судалгаа хийнэ. Ямар ч байгууллага ажлаа
хийхийн тулд тухайн салбарынхаа хүрээнд судалгаа хийдэгтэй ижил. Дээрх
үгсийн шинжилгээ, судалгааг хүрээлэнгүүд хийх ёстой. Тэд, судалгаа,
шинжилгээний дүгнэлтээ Төрийн хэлний зөвлөлөөр оруулж батлуулна. Бид
батлаж тогтоол гаргуулаад нийтийн хэрэглээнд мөрдүүлэхээр гаргадаг юм.
-Улаанбаатар хотод зар, сурталчилгааны самбарт болон
үйлчилгээний байгууллагуудын хаягийг гадаадаар бичих нь түгээмэл болсон.
Энэ тал дээр ямар зохицуулалт хийдэг юм бэ?
-Засгийн газрын тогтоолоор төрийн болон хувийн байгууллагын хаяг, зар
сурталчилгааг монгол кирилл бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга
нарт үүрэг болгосон байгаа. Хэзээ нэг мөр болох нь цаг хугацааны асуудал
юм. Төрийн албан ёсны тухай хуульд цоорхой байгаа. Энэ хуулийг төрийн
болон сургууль соёлын байгууллага хэрэгжүүлнэ гээд заачихсан. Гэтэл
хувийн хэвшил хаягдчихсан. Гэхдээ Засгийн газрын 37 дугаар тогтоолд төр,
хувийн гэлтгүй монгол кирилл бичгээр нэг мөр бичихийг үүрэг болгочихсон
байгаа. 2012 онд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөнд байгаа бүх
байгууллагын хаягийг ямар хэлээр бичсэнийг гурван жил дараалан судалсан.
Жил бүр гаргасан жагсаалтаа бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
дарга Ц.Болдсайханд өгч байсан. Манай зөвлөлийн гишүүн учраас тэр. Одоо
Улаанбаатар хотын Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч манай
гишүүн болж шинэчлэгдсэн байна лээ. Хаягаа хэрхэн өөрчилж, засах талаар
хотын захиргаанаас сүүлийн үед хийж байгаа ажил нь ингэж бидний ажилтай
уялддаг юм. Төрийн албан ёсны бус хэлний хуулийн төсөл боловсруулах
ажлын хэсэг манайд байгуулагдан ажиллаж байна. Ирэх тавдугаар сард
хэрхэн ажиллах эхний хувилбар гарчих байх. Тэр үед хуулийн төслөө өргөн
барина. Хуулийн нэрээ ч өөрчлөх байх.
-Танай албаны ажил их юм аа. Гурван хүн энэ их ажлын ард гарч чадах уу. Төсөв мөнгө нь хүрэх үү?
-Шинэ Засгийн газар гарч ирээд бидний ажлыг анхаарч өргөтгөх хэрэгтэй
гэсэн. 2004 онд Төрийн хэлний зөвлөл анх байгуулагдаад Ажлын албаны
даргаар намайг томилсон юм. Сангийн яам надад хоёр жил төсөв өгөөгүй.
Төсөвт тусгагдаагүй гэдэг юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
дээр 2007 онд орж долоон сая төгрөг авч ажлаа эхэлсэн 2006 онд улсын
төсөв батлахдаа бидэнд хэдэн төгрөг хуваарилж, манай алба тогтож үлдсэн.
Хүний гарт л явж байлаа. Тэр үед ганцаараа ажилладаг байсан. 2007 оноос
эхлээд нягтлан бодогч, монгол хэлний мэргэжилтэнтэй гурвуулаа олон
хүний ажлыг үүрч явна. Хуулиар манай зөвлөлд долоон хүн ажиллах ёстой.
Л.Оюунгэрэл сайд ажлын хуваариа гарга гэсэн. Би шинэ бүтцийн хуваарь
гаргачихлаа. Асуудал нааштайгаар шийдэгдэх байх.
Д.Мягмар
No comments:
Post a Comment