2012-11-23

"Хэл устах хэмжээнд хүрээгүй, харин мохож, ядуурч байна"

Эх сурвалж: Монголын мэдээ

Академич Д.Цэрэнсодномыг хэлний хүн, "Монголын нууц товчоо”-г шад мөр бүрээр нь судалсан дэлхийд нэртэй эрдэмтэн гэдгийг мэднэ. Хэл зохиолын хүрээлэнд 40 гаруй жил зүтгэж буй тэрбээр эх хэл сэвтэж буйд санаа зовж, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулсан. Мөн “Эх хэл, бичиг” сэтгүүл гаргаж байгаа аж. Түүнтэй эх хэлний асуудлаар ярилцлаа.

-“Эх хэл, бичиг” сэтгүүл гаргасан байна. Мэдээж хэлний асуудлуудыг хөндсөн байж таарна. Та сэтгүүлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-Эх хэлний асуудал үнэхээр хүнд болсон. Янз бүрийн байдлаар эх хэлний дархлаа суларч байна. Тиймээс бидний хэсэг эрдэмтэд нийлж “Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэр утгаараа “Эх хэл, бичиг” нэртэй сэтгүүл гаргаж, бага ч болов асуудлаа хөндье гэж хичээсэн юм. Бид аль эртнээс “Эх хэл” сэтгүүл гаргах гэж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Мон судар” хэвлэлийн газраас ийм нэртэй сэтгүүл гаргачихсан. Энхбат уг нь намайг таних л ёстой. Гэтэл надтай уулзаагүй, яриа ч үгүй. Ар хударгаар тийм юм хийсэн байна билээ. Тэгээд аргагүйн эрхэнд “бичиг” гэдэг үг нэмээд, “Эх хэл, бичиг” гэдэг сэтгүүл гаргаад байна. Энэ бол хүмүүст эх хэлний асуудлыг хүргэх гэсэн, нөгөө талаар хүмүүст гарын авлага болгох гэж гаргаж байгаа сэтгүүл. Тэр ч утгаараа хэлний тухай ойлголт, хэл ярианы соёлын талаар хөндсөн.

Ярианы соёл үнэхээр болхи, бүдүүлэг, ядуу байна. Хүмүүсийн ярьж байгааг сонсоод мэдэрч байгаа байлгүй. Жишээлбэл, малыг “нас барав” гэж ярьж байна. Бараг талийгаач болов гэх нь холгүй болж. Нөгөө талаар найруулга гэж байхгүй болсон. Мөн хүүхдийн хэл яриа ядуурч, үг нь хомсдож байна гэдэг шүүмжлэл их гарах болж. Энэ бүхний талаар хөндөж, сэтгүүлдээ оруулж өгсөн. Мөн “Өнөөгийн хэлний өнгө төрх” гэдэг булан гаргасан. Энэ булангаар дамжуулж гадаад хэл хольж ярьж, бантагнуулдаг байдлыг шүүмжилсэн нийтлэл оруулсан. Түүнээс гадна янз бүрийн гадаад хэлээр байгууллагын хаяг бичдэг, хийрхдэг байдлыг ч хурцаар гаргаж ирж байгаа. Энэ мэтчилэн олон зүйлийг хөндөж тавьж байна.

Манай улс төрчид ард түмэн гэж их ярьдаг ч соён гэгээрүүлэх ажлыг ерөөсөө хийхгүй байна. Хөдөөд сонин, сэтгүүл очихгүй шахам байна. Тэр дундаа эх хэлний талаар бичсэн ном сонин, сэтгүүл очихгүй байгаа. Социализмын үед Я.Цэвэл гуайн толийг 40 мянган ширхэг хэвлэж байсан. Гэтэл одоо бид таван боть тайлбар толийг 600-хан хувь хэвлэсэн. Тэгсэн мөртлөө 500-г нь дарга нарт бэлгэнд тараачихсан. 100 ширхэгийг борлуулсан юм уу, үгүй юм уу. Ийм байхад яаж хөдөө суманд хүрэх юм. Яаж хөдөөг соён гэгээрүүлэх юм бэ. Тийм учраас бид өөрсдийнхөө чадлаар эх хэлээ хамгаалах талаас нь сэтгүүл гаргаж байгаа юм.

-Нийгэмлэг байгуулагдсан талаар ярилаа. Ямар эрдэмтэд багтсан байгаа вэ. Юу хийхээр төлөвлөж байна?
-Бид янз бүрийн ажил төлөвлөж, хийж эхлээд байна. Юуны өмнө монгол хэлний гажуудлыг засахын тулд хууль хэрэгтэй. Манай нийгэмлэгийнхэн хууль санаачлах эрх бүхий нөхдүүдтэй яриад, тохирсон. Монгол хэлний хуультай болно. Хуультай болох юм бол алдаатай гаргах нь бидний эрх гэж ханддаг хүмүүсийг хазаарлана. Тэр эрх нь хумигдана. Мөн монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэх талаар ажил төлөвлөж хийж байна. Түүнээс гадна нэр томьёог цэгцлэх талаар улсын нэр томьёоны байнгын ажиллагаатай зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулъя гэж санал тавьсан. Энэ мэт 10 орчим санал гаргаж, ажил хэрэг болгох гээд зүтгэж байна. Манай нийгэмлэгт өмнөө барих гайгүй эрдэмтэд хүчин зүтгэж оролцож байгаа. Тухайлбал МУИС, боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Улаанбаатар их сургуулийн хэлний мэргэжилтэй төлөөлөгч нар бүгд хамрагдсан. Манай нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч гишүүд дээрх сургуулиудаас хамрагдан ажиллаж байна. Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургах зорилготой. Эх хэл маань зайлшгүй манаачтай байх шаардлагатай байна шүү дээ.

-Эх хэлээ хамгаалахын тулд ямар ажил хийх ёстой юм бол?
-Саяхан УИХ-ын тамгын газраас эх хэлний асуудлаар хурал зохион байгуулсан. Тэр хуралд намайг урьж оролцуулсан л даа. Тэгэхэд нөгөө Майковскийн хэлснээр байдаг дуу хоолойгоороо л хашгирсан. Эх хэлээ бүрэн бүтэн авч явахын тулд юуны өмнө хуультай болох хэрэгтэй. Би түрүүнд хууль санаачлах, төсөл боловсруулах ажил хийж байгааг хэлсэн. Манай үндсэн хуулинд төрийн хэл гэж буруу томьёолсон. Бид 10 гаруй орны хэлний хуулийг судалж байна. Орос, Испани, Унгар, Франц гэх мэт. Тэр улсууд үндсэн хуульдаа улсын хэл гэж томьёолсон байна билээ. Уг нь тэр зөв. Төрийн хэл гэж ертөнцөд байхгүй. Бид дандаа гажуу, буруу юм хийгээд байна. Үүнийг засах цаг болсон. Энэ тал дээр ажиллаж эхэлж байгаа. Ер нь монгол хэлтэйгээ байя гэж бодож байгаа хүн бүр тэмцэх хэрэгтэй. Монгол хэлтэйгээ байх уу, үгүй гэдэг чинь зөвхөн хэлний мэргэжлийн хэдэн хүний хувийн өмч биш шүү дээ. Монгол хүн бүрийн өмч байхгүй, монгол хэл гэдэг чинь. Тиймээс биднийг дэмжих хэрэгтэй. Дэмжинэ гэхээр хандив туслалцаа өгнө, авна гэсэн үг биш. Эх хэлээ авч үлдэе л гэж байгаа юм. Албан бичгийн хэл гэж авах юмгүй, хүн ойлгохгүй, модон хэл байна. Б.Ренчин гуайн хэлдгээр “Монцамэ”-гийн модон хэл” гэдэг шиг. Тиймээс бид яваандаа түр сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Мөн төрийн албан хаагчдын шалгалтад монгол хэл, бичгийг оруулах ёстой. УИХ-ын гишүүн гадаадад очоод, музей үзэхдээ монгол бичгийн толгойг буруу харуулаад бариад зогсч байвал шившиг болно биз дээ. Ийм учраас цэгцтэй, зохион байгуулалттай бодлого боловсруулах цаг болжээ. Үүнийг төр засаг алба хашиж байгаа хүмүүс ойлгохгүй байна. Би энэ талаар төр засгийн олон хүнд захиа бичсэн. Боловсролын сайд, Ерөнхий сайдад захидал илгээсэн. Гэтэл “Ийм явдал болсон нь харамсалтай. Дараа учрыг нь олъё. Тайван бай” гэсэн хариу өгч байна.

-Хууль гаргахаар ярилцаж байгаа гэсэн. Яг ямар зүйл заалт оруулахаар ярилцаж байна?
-Бид чанартай сайн хууль гаргана. 10 гаруй орны хууль судалж байгаа. Тэр дундаас авахыг нь авна. Мажар бол Европт байдаг арал улс. Гэтэл тэр улс олон мянган жилийн турш Европын тэр олон хэлэн дунд өөрийнхөө хэлийг аваад үлдчихсэн байгаа юм. Мажар хэл бол Монголтой ойр хэл. Эргэн тойрон байгаа Грек, Герман, Испани хэлнээс огт өөр. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр би одоо тийм зүйлийг хуульчилна гэж хэлж чадахгүй. Бид хууль санаачлах, боловсруулахад оролцох эрхтэй болохоос биш өргөн барих эрхгүй. Өргөн барих эрхтэй хүмүүсээр бид хуулиа бариулна. Нэлээд хэдэн бүлэг, зүйлтэй байна байх. Юутай ч монгол хэл улсын албан ёсны хэл гэдгийг зарлана. Монгол хэлээр бүх албан ёсны үйл ажиллагаа явагдана. Энэ мэт зүйл заалтыг оруулж ирнэ. Гайгүй хууль болох байх гэж бид найдаж байгаа.

-Манайхан эх хэлээ аваръя гэж ярих боллоо. Манай хэл тэгж авруулах хэмжээнд хүрчихсэн юм уу. Та энэ тал дээр жишээ татаж яриач?
-Монгол хэл арай ч устах хэмжээнд хүрчихсэн гэж би хэлэхгүй. Харин хэл мохож, ядуурч байгаа гэвэл үнэн. Жишээлбэл, хүнээс бусад зүйлийг “нар” гэж олон тоогоор бичихгүй шүү дээ. Гэтэл сарлаг, үхэр нар гэж бичиж байна. Үүнийг нь өхөөрдөөд байх юм бол улам ядуурна. Ер нь хэл ядуурч байгаа тодорхой болсон болохоор асуудлыг ярьж хэлэх, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон. Аливаа зүйлийг унаагүй байхад нь түших хэрэгтэй биз дээ. Нэгэнт уначихсан хойно нь босгоход хэцүү. Тиймээс бүх ард түмнээрээ хэлээ төлөв төвшин байгуулахын төлөө хичээх хэрэгтэй. Хэлийг сайжруулахын тулд олон зүйлийг эргэж харж, сайжруулах хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Эх хэлээрээ зөв ярьж, бичихийн тулд бид яах ёстой юм бэ?
-Юуны өмнө хэвлэл мэдээлэл сонин, ном, сурах бичиг, хувиараа хэвлүүлж байгаа роман, шүлэг найраглал, орчуулгын зохиол уншигчдын хэрэгцээ шаардлага хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл тэр бүтээл гарахад ажиллах горим алдагдсан гэж бодож байна. Ном зохиол гарахад зөв ойлгомжтой нийтлэхийн тулд олон шат дамжлагатай байсан. Олон хүний гар дамжуулан шүүн уншиж алдаа оноогүй гаргадаг байсан. Үсэг хулгайч гэдэг. Нүднээс бултаад л үлдчихдэг. Үүнээс гадна монгол шинэ үсгийн дүрэм жигдрээгүй нэг үгийг хоёр янзаар бичихэд хоёулаа зөв болдог ийм дутагдал бий л дээ. Энэ нь цөөхөн. Дамдинсүрэн багшийн зохиосон шинэ үсгийн дүрэм өөрчлөгдөөгүй байгаа. Үүнийг баримтлах хэрэгтэй. Зарим хүн баримтлахгүй байна. Энэ чинь хууль зөрчиж байгаа хэрэг. Ногоон гэрлээр гарах ёстой байтал улаан гэрлээр гарч байгаатай яг адилхан. Хууль гэхээр нэг том юм бодоод байдаг. Хууль дүрэм чинь хамгийн багаас эхлээд л сахих хэрэгтэй.

-Орчуулгын ном ойлгомж муутай байдаг. Үүний гол шалтгаан нь юу бол?

-Орчуулагч нь ядуухан байгаагаас болж байгаа хэрэг. Хуучин сайн орчуулга хийдэг байсан. Тэр нь хэд хэдэн хүний гар дамжин хянагддаг. Тэр үед хэвлэлийн нэгдсэн редакцид Цэрэнрагчаа, Амар, Шүгэр нар алдааг засдаг. Тэд алдааны ангуучид байлаа. Гэтэл одоо ангууч байхгүй болсон болохоор алдаа дураараа чөлөөтэй сэлж явах болсон. Зохиогчийн мөрөн дээр бүх ачаа ирсэн байна. Хүн бичсэн материалаа өөрөө уншихаар тааж уншаад байдаг юм. Тааруулж уншаад байдаг байхгүй. Өөр хүн уншихад соргог нүдээр хардаг л даа. Тийм учир мэргэжлийн редактор, хянагч буй болгох хэрэгтэй байна. Энэ их дутагдалтай байгаа юм.

-Харь хэлний үгийн “дайралт” сүүлийн жилүүдэд идэвхжиж эхэллээ. Эх хэл эвдэрч байгаагийн нэг шалтгаан энэ биш үү?
-Аль ч улсын хэлнээс үг авдаг үзэгдэл байдаг. Энэ бол хэл зүйн хэвийн үзэгдэл. Харин хэр хэмжээнээсээ хэтэрч болохгүй. Манайхан монголоор хэлж болох үгийг маяглаж, чамирхаад гадаадаар ярьж, бичих гэдэг. Чангахан хэлбэл, нэг талаараа дэмийрэл гэмээр юм. Гэхдээ бид гадны үг хэрэглэж болохгүй гэж туйлширч болохгүй. Мөн гадны үгээр эх хэлээ дүүргэж болохгүй. Жишээ нь телевизүүдийн хэл дээр би яримаар байна. Улаанбаатар телевиз гэж хэлж болно доо. Гэтэл UBS телевиз гэдэг. Ингэж хэлэх ямар шаардлага байна. Хотын такси гэж хэлж болно биз дээ. City taxi гэдэг. Хот гэдэг үг монгол хэлний үгийн санд байж байгаа. Энэ чинь харийн соёлыг мухар сохроор шүтэж байгаа асуудал. Жинхэнэ дэмийрэл гэж хэлэх байна. Яагаад энэ тухай яриад байна вэ гэвэл Монгол Улс гэж байгаа л юм бол монгол хэл, бичгээр албан ёсны бичиг баримтууд хөтлөгдөх ёстой. Нөгөө талаар Улаанбаатар хотын хаяг хэцүү болсон.

Хөдөөнөөс ирсэн хүмүүс битгий хэл нийслэлд амьдарч байгаа бид очих газраа олоход төвөгтэй, алиалагчийн хувцас шиг алаг эрээн болчихсон. Үүнийг бид цэгцлэх цаг болчихоод байна. Хотын хогтой тэмцэнэ, хогноос нь салгана гээд л байдаг. Гэтэл тэр буруу хаяг чинь нэг ёсондоо хог шүү дээ. Жишээ нь, “Парадокс” гэдэг үг байна. Хэлэхэд ичмээр, хүүхэд багачуудын дэргэд хэлмээргүй, санаа зовмоор үг. Гэтэл манайхан утгыг нь мэдэхгүй байж гадны үг хэрэглээд, хаягаа хийгээд байдаг. Бид өөрсдийгөө доромжилж болохгүй. Гэхдээ доромжлоод л байна шүү дээ.

-Нэг үгийг олон янзаар бичдэг, хаягжил энэ тэр гээд олон асуудлыг стандарт баталж шийдэж болох юм биш үү?
-Хэлний хуультай болох асуудал чинь үүнтэй салшгүй холбоотой. Яах вэ, стандарт тогтоож болно. Гэхдээ хуульчилж өгөхгүй бол тэр стандартыг чинь дагаж мөрдөхгүй шүү дээ. Тэр зар, реклам гээд элдэв эрээн мярааныг чинь буулга гэвэл өөдөөс “хуцав аа” гэх байлгүй. Хуульгүй бол тэр компаниуд ер тоохгүй. Тэгэхээр зайлшгүй хуультай болох хэрэгтэй байна. Өөр гарц байхгүй. Нэгэнт хууль зүйт төрийн дор амьдарч байгаа хойно түүгээрээ л зохицуулах хэрэгтэй. Өнөөг хүртэл олон эрдэмтэд янз бүрийн дүрэм гаргаж, өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Энэ чинь хууль журам байхгүйтэй л холбоотой. Ц.Дамдинсүрэн гэдэг хүний гаргасан үсгийн дүрэм өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Энэ дүрэм хүчинтэй байсан нөхцөлд зөв ч бай, буруу ч бай дагах хэрэгтэй байхгүй юу. Хууль гэдэг чинь түүнийг хэлж байгаа юм. Гэтэл одоо дур дураараа бичиж байна гэдэг чинь улаан гэрлээр зам гарч байгаатай ялгаагүй. Ийм зүйл байлгахгүйн төлөө бид хуультай болох хэрэгтэй. Хэрвээ тэд хуулиа дагаж мөрдөхгүй бол торгож, хурааж, хумьж, төлбөр тавих учиртай. Ингэж л зохицуулах шаардлагатай байна.

-Бидний үгийн баялаг буурч байгаа гэх. Цөөн хэдхэн үгэнд эргэлдэж байгаа талаар ярих боллоо. Бид яг хэдэн үгээр харилцаж байна вэ?
-Яг тооцож, нарийн тоо гаргана гэдэг хэцүү. Гэхдээ манай залуусын хэрэглэж байгаа үг тун цөөнө. 10 мянган хүрч байвал их гэсэн үг. Ер нь монгол хэлний үгсийн сан сая гаруй үгтэй гэж бичсэн байдаг юм билээ. Манай дунд гарын толь 70-80 мянган үгтэй байдаг. Тэр бүх үгийг хэрэглэж, ярьж, бичнэ гэвэл агуу амьтан болж таарна даа. Тийм юм гэж байхгүй. Миний л мэдэж байгаагаар хотын хүүхдүүдийн хэл яриа маш цөөхөн үгэнд эргэлдэж байгаа. Би яг ч хэлний хүн биш. Гэхдээ л манай залуучуудын үгийн баялаг үнэхээр цөөн байгаа нь үнэн.

-Манай эрдэмтэд бие биетэйгээ арцалдахдаа сайн. Таныг нийгэмлэг байгуулахаар хэлний эрдэмтэд барьцаж, өөр нэг сэтгүүл гаргаж ирвэл яана аа. Ийм асуудал эрдэмтдийн дунд их байна шүү дээ?
-Улсын нэр томьёоны зөвлөл гэж байгуулъя. Улс гэж утаа баагиулж байгаа юм бол нэг стандартад зангидаад авах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл аяндаа учир нь олдоно. Үнэхээр эрдэмтэн мэргэдээс эхлээд энгийн ард нь монгол хэлнийхээ төлөө үнэхээр санаа зовж байгаа бол бидний уулзах цэг нэг л байх учиртай. Юу хийж, хаагуур явах нь гол биш. Нэг цэгт уулзалдах ёстой шүү дээ. Хэрвээ орлогоо нэмэгдүүлж, олбогоо зузаалах гэж байгаа бол бүтэхгүй шүү гэдгийг хэлмээр байна.

Н.Пунцагболд

4 comments:

  1. Tseso guai ta academych boltloo yavahdaa eh helee hamgaalj yavaagui yuga ahiij yavsan hyn be. Saya l medej bga ayum uu. Za iim arsaln nertei ynegnyyd l oorsdoo eh helee ynegyidyylsen shyy dee.

    ReplyDelete
  2. Vnen2.Uneheer heregtei zuil hiij baina gej bodoj baina.Zaa ter uher iig uher nar gej yarih yah we? tsaana chine zaluuchuud unsie gehiig unjii! Chi gehiig ji hairtai shvv bish hailtai um jvv! Hoorxon gedeg ugiig Oolhon eswel oolkon gej yaridag bol naad zahiin uzegdel bolj ehleed baina shvv dee! Hoorondoo yalanguai internet msjeer bainga tegj bicheestei suuldee hun bolgon tegj yariad baiwal yanaa. Mongol hel mine neeree l yaduurch bna.Ulsiin erh barigchid huleej awahgui baina gedegt ni uneheer haramsaj baina.Eh hel mine suirch ehelwel uls mine ustaj bui ni bas neg shinj shvv dee!

    ReplyDelete
  3. demjij bn, tegeed ter setguulig haanaas yaj zahialah ve? yadaj neg hevleliig n harah yumsan, chanartai bol company, alban baiguullaga buriig ganciig zahialaad bhad l nemertei met sanagdana

    ReplyDelete
    Replies
    1. mun “Эх хэлээ эрхэмлэх” niigemlegiin talaar medeelel bval zuger bn

      Delete