2011-09-27

МЭДЭЭЛЛИЙН ХЭЛ булингартах учиргүй

Аливаа зүйл цаг хугацаа болон өөрийн хөгжлийн зүй тогтлын нөлөөлөлд оршин байдаг. Цаг хугацаа нь үе үеэрээ өөрийн өвөрмөц шинж төлөвийг агуулсан байдаг онцлогтой. Бидний амьдран буй энэ цаг үеийн өвөрмөц шинж төлөв нь мэдээлэл юм.

Энэ эринд амьдарч байгаа оюунлиг хүн бүр алхам тутамдаа шинэ мэдээлэл эрэн хайж, олсон мэдээллээ мэдлэг болгон оюун ухаанаа хөгжүүлж, амьдрал ахуйдаа болон ажил мэргэжилдээ хэрэглэхийг эрхэмлэж байна. Шинжлэх ухаан, техник технологийн асар их хурдтай хөгжлийн өнөө үед мэдээллийн олон хэрэгсэл өрсөлдөн бий боллоо. Монголчууд нэгэн үед цөөн тооны тогтмол сонин болон шугамын радиогоор мэдээллээ хангадаг байсан бол одоо маш олон төрлийн сонин хэвлэл, олон нийтийн хийгээд хувийн телевизүүд, гадаадын TV болон радиогийн богино долгионы сувгууд, компьютер, интернэт, цахим сүлжээ гээд мэдээллийн олон зүйлийн хэрэгсэл үүсэж хөгжлөө. Гэхдээ хүнд мэдээлэл өгдөг гол зүйл нь яах аргагүй хэл юм.

Мэдээллийн ямар ч хэрэгсэл байсан хэлээр дамжиж, мэдээллээ хүргэдэг. Мэдээллийн хэлний талаарх асуудлыг ярихад тухайн хэрэгсэл тус бүрийнх нь онцлогт уялдуулж ярих хэрэгтэй болдог. Аливаа хэлэнд тавигдах шаардлага ерөнхийдөө ижил боловч мэдээллийн хэлний хувьд сонины, сэтгүүлийн, телевизийн, радиогийн, интер нэтийн хэл найруулга нь тус тусдаа өөрийн өнгө төрх, өвөрмөц онцлогтой билээ. Энэ удаад телевизийн нэвтрүүлгийн хэл найруулгын талаар бага боловч тодруулж бичихийг зорилоо.

Телевизийн мэдээллийн хэлний зориулалт нь мэдээлэх, харилцах, нөлөөлөх гэсэн үндсэн гурван үүрэгтэй байдаг. Үүний мэдээлэх гэдэгт мэдээллийн түргэн шуурхай, үнэн бодитой, товч тодорхой байх чанар орно. Хэл нь харилцааны хэрэглүүр учир харилцах үүрэг нь тодорхой юм. Нөлөөлөх гэдэгт хэл өөрөө сэтгэхүйн илрэл болдог. Иймээс хэл нь хүний сэтгэл зүйд онцгой нөлөөлдөг. Мэдээллийн хэл нь ийм үүргүүдийг биелүүлж байж, үндсэн зорилгодоо хүрдэг. Аливаа улсын хэлийг аман ба бичгийн хэл гэж ангилдаг. Манай улс өөрийн хэл соёлоо дээдлэн үзэж, юуны түрүүнд бичгийн хэлээ эмх цэгцтэй, дүрэм журамтай байлгахаар төрийн хууль тогтоол гаргаж, түүнийгээ бүх нийтээр мөрдүүлдэг. Тиймээс манай бичгийн хэл бол албан ёсоор дагаж мөрдөх журамтай. Харин аман ярианы хэл нь бичгийн хэл шиг мөрдөх зөв бичгийн дүрэмгүй ч утга найруулгын хувьд өөрийн хэм хэмжээтэй билээ. Телевизийн мэдээллийн хэлийг аман ба бичгийн хэлний алинд нь хамааруулах вэ гэдэг нь бас л анхаарал татсан асуудлын нэг.

Телевизийн хөтлөгч, сурвалжлагч юм уу нэвтрүүлэгт оролцогсод ба үзэгчид хоорондоо ярьж ойлголцож байгаа болохоор гадна хэлбэрээс нь харахад аман ярианы төрөлд орж болохоор санагдана. Гэтэл хүмүүсийн хэл сэтгэхүй, оюун санаанд нөлөөлж, танин мэдэхүйн мэдээлэл, мэдлэг өгөх зорилготой учраас хэл найруулгын хэм хэмжээ, дүрэм журмыг баримталж ярих шаардлагатай юм. Мэдээллийн хүчтэй хэрэгсэл болох телевизээр хар ярианы үг, албаны яриа, гудамжны этгээд үг хэллэг, гадаад үгтэй эрлийзсэн үг, харь хэлний үг зэргийг хольж хутган ярих нь үзэгчээ хүндлээгүй, өргөн олноо дорд үзсэн хэрэг мөн. Иймд телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлчдэд утга зохиолын хэлний хэм хэмжээг баримталж ярих шаардлага зүй ёсоор тавигдана.

Мэдээллийн хэлийг ажиглаж байхад телевиз радиогийн нэвтрүүлгийн хэл нь дан аман ярианы ч биш, дан бичгийн хэл ч биш юм. Иймээс телевиз, радиогийн нэвтрүүлгийн хэлийг аман ба бичгийн хэлний аль нэг төрөлд нь дагнаж хамааруулж болохгүй бөгөөд харин аман бичгийн хэл гэж үзвэл зохилтой юм. Тиймээс аман бичгийн хэлний дүрэм журмын дагуу цэгцэлж болох учиртай юм. (энэ талаар хэл шинжлэлийн ихэнх эрдэмтэд санал нэгтэй байдаг) Мэдээллийн цаг үеийн өнөөгийн эринд хүний өдөр тутмын ахуйн хэл ярианаас гадна хүн төрөлхтний мэдлэг, соёл, төрөл бүрийн салбарын мэдээллийг тээж явдаг нийтийн харилцааны аман бичгийн хэл оршиж байдаг бөгөөд түүний нийгэмд эзлэх байр суурь ихээхэн нэмэгдэж байна.

Мэдээллийн хэрэгсэл хөгжихийн хэрээр мэдээллийн хэл нь улам боловсронгуй болж хөгжих учиртай байдаг. Өдгөө мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдсэн ч мэдээллийн хэл нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Зарим сэтгүүлчид мэргэжлийн ур чадвар дутмагаас баримт нотолгоог дутуу боловсруулж, хүний яриагаар, сураг таамгаар бичсэнээс мэдээлэл нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байдал элбэг байна. Зарим телевизийн сэтгүүлчид дуу хоолойныхоо өнгийг шахаж ирээд “тэнд тийм юм болсон бололтой, тэр тэгж бодож байгаа болов уу даа, тийм юм болсон байх аа” гэх мэтээр итгэхэд ч хэцүү, байхад ч хэцүү хов жив шиг мэдээлэл хүргэдэг боллоо.

Энэ нь мэдээллийн баримт нотолгоотой байх, шударга байх зарчмыг зөрчиж байна. Телевизийн олон нийтэд мэдээлэл хүргэх үүргийг хэлнээс салгаж үзэх аргагүй юм. Хэл шиг хүчирхэг бөгөөд хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй зүйл хүний нийгэмд байхгүй билээ. Бидний хувьд монгол үндэстнийхээ хэлээ хайрлан хамгаалж хөгжүүлэхийг эрхэмлэвэл зохилтой юм. Даяаршил гэгч ид өрнөж байгаа өнөө үед цаг үеэ дагаад харийн хэл, том үндэстний хэл сурах нь буруу биш ч, өөрийн хэлээ гажуудуулах, булингартуулах, бүр заримдаа санаатайгаар мартах, харь үг хэрэглэн дэгжирхэх байдал ч ажиглагдаж байна. Эх хэлээ эвдвэл түүнийг дагаад тухайн үндэстний соёл, өв уламжлал, зан заншил, түүх, ёс жаяг эвдрэн булингартаж, улмаар устаж үгүй болох аюултай. Зарим сэтгүүлчийн ярьж, бичиж байгаа үг нь осолдохгүй монгол боловч утга найруулга нь монгол сэтгэхүйд таарахгүй байдал олонтаа ажиглагдаж байна. TV-8 телевизийн “Шөнийн толь” мэдээллийн хөтөлбөрт “Аймшигтай осол гарчээ. Гурван машин ар араасаа мөргөлджээ. Азаар зорчигчид хүнд бэртжээ” гэж мэдээлж байна.

“Азаар хүнд бэртсэн байна” гэж хэлэх үү? Мөн эхний хоёр өгүүлбэрийг нэг өгүүлбэр болгож болохоор байна. TV-9 телевизийн Спортын нэвтрүү- лэгт хөлбөмбөгийн тайлбар хийхдээ “Бэлтгэлийн үед бэртэл авсан алдартай тамирчин” гэж байна. Бэртэл авахаар алдартай тамирчин болдог юм шиг. Дуудлага студи “Цагдаа зодож танхайрчээ” гэсэн мэдээнд тийн ялгал буруу хэрэглэснээс цагдаа зодуулсан биш зодсон болж таарч байна. МҮОНТ. Спортын мэдээллийн хөтөл бөрт “Уралдаанд нийт арав гаруй багууд оролцов”. Нэгэнт арав гаруй гэж бичсэн бол багууд гэхгүй. Хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч “Ма най Нараа хоёр эрэгтэй дүү нартай юм байна”. Урьд нь “хоёр” гэж олон тоон дээр хэлсэн бол “нартай” гэж хэлэхгүй. Сэтгүүлч сурвалжлагчдаас гадна нэвтрүүлэгт оролцогчид ялангуяа бусдадаа үлгэр болохуйц хүмүүс ихээхэн мадагтай ярих юм. UBS телевизийн “Манцуйтай тамирчин” нэвтүүлэгт оролцогч хүүгийн ээж Б “Надын хүүхэд гурван настай” гээд хээвнэг дэлгэц дүүрэн инээмсэглэж байх юм. Ээж ингэж яриад байвал хүүхэд хэлд орохоороо юу ярих бол? Хөдөө томилолтоор ажилласан УИХ-ын гишүүн “Ялангуяа жижиг мал, хонинууд, ямаанууд их үхэж байна” гэж ярьж байна.

Энэ бол монгол үг боловч монгол сэтгэлгээгүй хүний ярианы тод жишээ юм. Монгол хүн хонинууд хариулж явна гэдэггүй. Хонь хариулж явна гэхэд ганц хонь хариулж явна гэж ойлгодог монгол хүн байхгүй. УИХ-ын гишүүд “ажил хийгдэх, сонгууль явагдах, төсөвт суулгах, нөгөө өнц гөөс нь харвал, нэг но байна, тун дажгүй, өвөлжилт сайхан болов уу?, хаваржилт сайхан явагдаж байна уу” гэх буюу хүндэтгэх, дэмжих, туслах гэхийн оронд хүндэтгэл үзүүлэх, дэмжлэг үзүүлэх, тусламж үзүүлэх гэх юм. Энэ нь хэлний зүйн журмыг илт зөрчиж, дүрэмгүй ярьж байгаа хэрэг билээ. Солонгосын олон ангит кинонд “Надад цай уугдаж байна” гэсэн үг сонсогдож байв. Энэ бол монгол хэлээ мэддэггүй орчуулагчид олширсны шинж. Сэтгүүлчид үгийн өнгө аяс, утгыг онож хэрэглэхгүй байгаа жишээ олныг хэлж болохоор байна. “TM” телевиз нэвтрүүлгийнхээ нэ рийг “Гоё өглөө”, “Гоё үдэш” гэж нэрлэжээ.

Гоё гэдэг үг гаднаас өнгөц харагдах хэлбэрийг тодотгосон утгатай үг билээ. Гэтэл нэвтрүүлэгт ихийг хийсэн, нэр алдартай, бүтээлч хүмүүс оролцож байна. Тэгэхээр нэвтрүүлгийн агуулга, нэр хоёрын зохицолдоо огт тохирохгүй байна. Тэр ч бүү хэл “Хөөрхөн ээж” тоглолтод урьж байна гээд зарим хүмүүсээс “Танай ээж хөөрхөн үү?” гэж асуухад “Миний ээж хөөрхөн. Одоо өндөр настай болоод бүр хөөрхөн болж байна” гэж хариулж байх жишээтэй. Хөөрхөн гэдэг үгийг ихэвчлэн нялх балчир хүүхдэд өхөөрдлийн өнгө аясаар хэрэглэдэг болохоос ээж гэдэг хүндтэй хүнд дэндүү балчирдах тодотгол юм. Сэтгүүлчид үгийн амт, жинг мэд дэг байх учиртай билээ. Хэвлэл мэдээллийнхэн албаны хахир хатуу модон үг биш, соёлт ард түмнийхээ утга төгс, уран яруу үг хэлийг бүрэн эзэмших ёстой. Хэлний боловсрол гэдэг нь их нандин зүйл. Яагаад гэвэл үг хүний зүрх сэтгэлээс гарч хүний зүрх сэтгэлд хүрч байх учиртай билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайлбал олон нийтийн телевиз, ра диод нэвтрүүлгийн хэлний хянан тохиолдуулах алба ажиллуулах шаардлагатай байна.

Энэ нь 2-3 хүний бүрэлдэх үүнтэй байхад болно. Хэлний хянан тохиолдуулах алба нь эх хэл, бичгийнхээ цэвэр ариун, тансаг, яруу, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, хэл бичгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэгчид байх ёстой. Өнөөдөр ийм мэргэжлийн хүмүүс албан ёсоор ажиллахгүй болсноор эх хэлний дутуу мэдлэг, дулимаг боловсролтой сэтгүүлч, сурвалжлагч, хөтлөгч, орчуулагчид өөр өөрийнхөөрөө хуумгай зүйл хийсээр байх төлөвтэй. Аливаа улсын хэвлэл мэдээллийн хэл, ялангуяа телевизийн нэвтрүүлгийн хэл нь олон нийтэд үлгэр дуурайл болохуйц зөв найруулгатай, хэлзүйн зөв бичлэгтэй байх ёстой билээ.

Телевиз нь төрөөс хэлний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлдэг мэдээллийн хамгийн хүчтэй хэрэгсэл бөгөөд ард олныг соён гэгээрүүлэх ариун үүрэгтэй юм. Монголчууд бидний үндэстнээ илэрхийлэх гол шинж болсон монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх талаар оновчтой, цэгцтэй, зөв бодлого боловсруулан хөгжүүлэх нь улс үндэстний эрх ашигт нийцэж буй тулгамдсан зорилт юм. Ард түмний хэл, соёл хэзээ ч булингартахгүй, үеийн үед ариун байх учиртай.

Б.НАЦАГДОРЖ (МҮОНРТ-ийн сэтгүүлч, доктор, дэд профессор)
Эх сурвалж: www.mongolnews.mn

No comments:

Post a Comment