2011-04-08

Д.Төрмөнх: Бүгдээрээ холливудыг эзэлье

Сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, орчуулагч Д.Баяржаргал нар Дэвид Тротиерийн “Кино зохиолчдын библи” номыг орчуулж уншигчиддаа хүргэлээ.

Номын нээлт өчигдөр Тэнгис” кино театрт болж үе үеийн кино зохиолч, найруулагчид оролцов. Уг ном Монголд байгаа зохиолч Холивудтай яаж холбогдох, бүтээлч энергээ хэрхэн хөгжүүлэх, зохиолоо продюсерт уншуулахын тулд ямар захиа илгээх, дүр “босгох” арван гол түлхүүр зэрэг кино бүтээгчдийн олон асуултад хариулт өгөх юм.

Мөн Холливудын арын хаалга хаана байдаг, түүнд хэрхэн нэвтрэх, зах зээлээ олохын тулд мэдэх ёстой 10 дүрэм, үзэгчдийг уриалан дуудах гол утга санааны талаар зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Монголын кино урлагийн төлөө ихийг хийж, бүтээх эрмэлзэлтэй хүн бүхэнд зориулагдсан ном ажээ. Номын орчуулагч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнхтэй ярилцав.

-”Кино зохиолчдын библи” номоор дамжуулж хүмүүст юуг хэлэхийг зорьсон бэ?
-”Боролдой” студийн захирал Г.Мягмартай хамтран кино зохиолын тухай жижигхэн ном гаргасан. Харин энэ ном 370 хуудастай. Номыг хэвлэхэд тусалсан “Тэнгис” кино театрын хамт олонд баярласнаа хэлье. Номоо орчуулж дуусаад ивээн тэтгэгчгүйн улмаас гэртээ 2-3 жил байлгасан. Харин тус театрынхан долоон жилийнхээ ойн босгон дээр ивээн тэтгэж гаргасанд сэтгэл хангалуун байна. Монголд кино хөгжих цаг болсон. Залуус ч кино урлагт хүчээ их сорьж байна. Ийм үед энэ ном цагаа олж гарлаа.

-Кино зохиол бичихэд уран бүтээлч хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Кино хийхэд зөвхөн кино зохиолд л анхаарах хэрэгтэй. Кино зохиол бичих нь нарийн системтэй. Энэ ном кино зохиолыг Холливудын аргаар бичихийг зөвлөсөн. Дөрвөн жилийн өмнө Нью-Йоркт явж байхдаа энэ номыгхудалдаж авсан юм. Кино зохиолын тухай ном олон биш. 1994 онд “Нохой орон” киног хамтарч хийсэн Петр Бросен миний төрсөн өдрөөр “Шведийн кино зохиолчдын гарын авлага” гэдэг ном бэлэглэсэн. Тэр цагаас хойш энэ төрлийн ном, зохиолыг шимтэн уншиж, судлах болсон юм.

-Энэ номын хувьд, Таны сонирхлыг татсан гол зүйл юу байв?
-Энгийн кинонуудаар жишээ авсан нь сэтгэлд нийцсэн. Бидний байнга үздэг “Титаник”, “Бөгжний эзэн” зэрэг киногоор жишээлсэн байгаа. Мөн зохиолоо яаж худалдах тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох вэб сайтуудын хаяг бий. Манай залуус бичсэн зохиолоо англиар орчуулан Холливудад илгээх хаалга энэ номоор дамжин нээгдэж байгаад би баяртай байна.

Эхэндээ номоо идэвхтэй орчуулж байгаад сүүлдээ хүч дутсан. Тэгээд Б.Баяржаргалд санал тавьж хамтран орчууллаа. Эхнэр маань сэтгүүлч мэргэжилтэй учраас редактороор ажилласан. Монголынхоо кино сонирхогчдод чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалт хийлээ. Харин одоо бүгдээрээ Холливудыг эзэлье. Бүтээлээ Холливудын зиндаанд бичье гэж уриалж байна.

Б.Даариймаа
Монголын үнэн
2011-04-07

No comments:

Post a Comment