Эх сурвалж: mn.wikipedia.org/wiki/Редактор
Редактор (Редактор. Еditor). Латины redigo- “хянах, засах, залруулах” гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Утга зохиол, сэтгүүл зүйн практикт энэ нэр томъёог үндсэн гурван утгаар хэрэглэдэг. 1. ОНМХ-д нийтлэх, нэвтрүүлэх бүх төрлийн бүтээл болон зохиогчийн номыг хянан найруулж, засах, зөвлөх эрх бүхий итгэмжлэгдсэн хүнийг редактор гэж нэрлэдэг. Сүүлийн үед хянан тохиолдуулагч, ариутган шүүгч, хянан найруулагч гэж орчуулж хэрэглэж байна. Гол үүрэг нь тухайн бүтээлийн алдаа, мадгийг илрүүлэн арилгах, хэлний хэм хэмжээ, бүтэц зохиомжийн талаар зохиогчид зөвлөх, найруулгын хэм хэмжээг хангуулах, хэвлэлийн технологи болон редакцийн газраас тавигдах шаардлагыг мөрдүүлэхэд оршино. Редактор бүтээлийн хувь заяа, хариуцлагыг зохиогчийн нэгэн адил хуваалцдаг учир ихээхэн хариуцлагатай, хүнд хэцүү ажилд тооцогддог. 2. Тогтмол хэвлэлийн чиглэл, агуулга, өнгө үзэмжийг хариуцаж, захиргааны болон зохион байгуулалтын асуудлуудыг шийддэг удирдах ажилтныг бас редактор гэж нэрлэдэг. 3. Радио, телевизийн байгууллагуудад нэвтрүүлгийн зохиолыг бичиж, хянан найруулж бэлтгэдэг уран бүтээлийн ажилтныг хариуцаж буй ажлын онцлог, албан тушаалыг харгалзан ерөнхий, ахлах, туслах редактор болон нэвтрүүлэг хариуцсан редактор гэдэг. Ер нь радио, телевиз, мэдээллийн агентлагуудад редактор гэсэн нэр томъёог сурвалжлагч, сэтгүүлч гэсэн утгаар хэрэглэдэг явдал түгээмэл юм.
Редакторлах арга, үе шат (Методы и этапы редактирования. Methods and steps of Editing). Ном хэвлэл, ОНМХ-ийн редакцид эх бичвэрийг хянан боловсруулах ажилд уншиж засах, хураангуйлан засах, боловсруулан засах, өөрчлөн засах гэсэн үндсэн дөрвөн аргыг хэрэглэдэг. Албан ёсны баримт бичиг зэрэг үл засагдах материалд үг үсгийн элдэв техникийн алдаа гарсан тохиолдолд уншиж засах аргыг хэрэглэнэ. Эх бичвэрийг тогтмол хэвлэл, ном хэвлэлийн газрын тогтоосон мөр, хуудас, хэвлэлийн хуудсанд багтаахын тулд хураангуйлан засах шаардлага гардаг. Энэ бол эх бичвэрийн үндсэн агуулга, гол утга санааг өөрчлөхгүйгээр товчилж засах арга юм. Эх бичвэрийг бүхэлдээ зохиогчийн бичсэн хүрээнд үлдээж, найруулга зүйн үүднээс хянан засаж, зохисгүй нэр томъёо, ач холбогдолгүй үг хэллэг, илүү мэдээллийг арилгах зорилгоор хянах аргыг боловсруулан засах гэж нэрлэнэ. Утга зохиолын хэлийг эзэмшээгүй буюу муу эзэмшсэн зохиогчийн бичсэн зүйлийг хэвлэлд бэлтгэхэд өөрчлөн засах аргыг түгээмэл хэрэглэдэг. Үүнийг бичлэгийн өнгө аясыг өөрчлөн найруулах үйл явц гэж ойлгож болно. Найруулан засах ажил нь эх бичвэрийн талбайд хийх тэмдэглэл, гарчигт хийх засвар, зохиомжийг сайжруулах, баримтыг магадлах гэсэн үндсэн үе шаттай гэж үздэг. Редактор анхны уншилтаар эх бичвэрийг шууд засахгүй бөгөөд унших явцад юуг, яаж засах талаар зохих газарт нь тэмдэглэл хийгээд, дараа нь тэр тэмдэглэлийн дагуу зохиогч, эсвэл редактор засвар хийнэ. Энэ бол хянан найруулах ажлын эхний үе шат юм. Гарчиг бүтээлийн агуулга, үзэл санаанд нийцсэн, энгийн, тодорхой, оносон байх шаардлагатай бөгөөд хянан найруулах явцад энэ шаардлагын үүднээс засвар хийдэг. Аливаа бүтээлийн агуулгыг оновчтой, логик дараалалтай, зөв гаргах явдал түүний зохиомжоос шууд шалтгаалдаг бөгөөд хэрэв зохиогч дээрх шаардлагыг хангаж чадаагүй нөхцөлд редактор туслах болно. Үүнийг редакторын зөвлөмжийн дагуу зохиогч ч хийж болно. Сэтгүүл зүйд мэдээг зохиомжлох “уруугаа харсан пирамид”, эрчимт хөдөлгөөний нэгдэл, цаг хугацааны дараалал зэрэг тогтсон аргууд байдаг. Зохиогчийн материалыг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дээрх аргын дагуу өөрчлөн зохиомжлох тохиолдол цөөнгүй гардаг. Редактор зохиогчийн ашигласан баримт, материалын үнэн бодитой эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд хянах явцад илэрсэн алдаа мадгийг засахыг зөвлөх, шаардах эрхтэй байдаг. Үндэслэл муутай баримт сэлтийг олноор ашигласан, эх сурвалж нь баталгаагүй, уншигчдыг төөрөгдөлд оруулах зүйл ашигласан бол редактор тухайн материалыг нийтлэхээс татгалзах болно. Энэ бүхэн нь редакторын ажил маш хариуцлагатай, нарийн төвөгтэй, өндөр боловсрол, мэдлэг чадвар, дадлага туршлага шаарддаг хүнд ажил гэдгийг харуулж байна.
No comments:
Post a Comment