2010-07-06

Монголын Нууц Товчоог испани хэлнээ орчуулсан тухайд

Монголчуудын түүх, соёлын хосгүй бүтээл болох Монголын нууц товчоо дэлхийн олон орны хэлнээ oрчуулагдан гарсан билээ. Гэвч дэлхийн гол хэлнүүдийн нэг болох дэлхийн 26 улсын 600-700 сая хүн ярьдаг гэгдэх испани хэлнээ өнөөг хүртэл  орчуулагдаагүй  байсан юм. Испани хэл бол НҮБ-ын ажлын үндсэн 5 хэлний нэг гэдгийг бид бүгд андахгүй. Ингээд Монголын Нууц Товчоог испани хэлнээ орчуулан гаргаад буй Монгол Улсын ГХЯ-ны газрын дарга, доктор, профессор Г.Төмөрчулуун гуайтай энэ сэдвээр хүүрнэлдсэнээ товчлон хүргэж байна.



-МНТ-г орчуулах болсон түүхээс товчхон дурсахгүй юу?
-Миний бие 1978 онд Гавана хотын Их сургуулийг испани судлалын мэргэжлээр дүүргэсэн юм. Тэндээс хойш өнөөг хүртэл испани хэлний орчуулагчаас эхлээд (Улаанбаатарт суугаа Кубын ЭСЯ –нд) энэ хэлтэй ямар нэг хэлбэрээр холбоотой ажиллаж ирэв.  Мөн Гаванад суугаа өөрийн улсын ЭСЯ –нд хоёр ч удаа томилогдон ажиллав. Сүүлчийн томилолтын үеэр ЭСЯ –ны Зөвлөхийн албыг 2001-2004 онд 3 жил хашсан.

Нэг өдөр Сао-Паулод (Бразил) хотод суугаа манай өргөмжилт консул манай ЭСЯ –нд ирж өөрийн ажил байдлыг танилцуулах үеэр энэ хүнийг Монголыг Латин Америкийн орнуудад сурталчлах талаар юу хийлгэвэл зохих  талаар нэлээд эргэцүүлэн бодсоны эцэст жижиг сажиг олон зүйлийн даалгавар өгөхийн оронд нэг том ажил даалгая гэж бодсон юм. Тэгээд л өөрөө МНТ-г орчуулж  санхүүгийн тал дээр энэ хүний туслалцааг авбал ямар вэ гэсэн бодол төрөөд түүнд санаагаа хэлтэл тэрээр ихэд сонирхон хүлээн авсан. Тэр бол 2002 оны намар байлаа. Ингээд л МНТ-г орчуулах ажилд идэвхийлэн орсон хэрэг. Номыг орчуулахын тулд адаглаад монгол хэлээр уг номыг олох хэрэг гарав. Надад байгаагүй хэрэг. Энэ бол эхний алхам. Дараа нь МНТ-ны гадаад хэлэнд хийгдсэн орчуулгуудыг олох явдал байлаа. Энэ бүхнийг Монголд сурч байсан өөрийн охиндоо захиа бичиж олж  авав. Зарим гадаад орчуулгыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ц.Баатар, тэр үед Вашингтонд эрдэм шинжилгээний ажил хийж байсан түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяраас, заримыг нь интернетээс олов. Өөрөөр хэлбэл орчуулгын түүхий эдийг бэлтгэхэд хагас жилийн хугацаа орсон юм.

МНТ-г орчуулах ажлыг эхлэхийн өмнө түүний монгол эхтэй сайтар танилцах хэрэгтэй байсан. Үүнд Ц.Дамдинсүрэн гуайн орчуулга, Ш.Гаадамба гуайн ном ихээхэн тус болсон. Дараагийн шатанд Кливс, Хан, Онон Өргөнгоо нарын англи орчуулгыг сайтар шинжлэн уншив. Мөн Рене Гроссетийн номыг франц хэл дээр нь уншив. Эцэст нь Козины орос орчуулгыг  авч  үзэв. Энэ бүхний эцэст испани хэл рүү орчуулахад зарим бэрхшээл гарч болох боловч энэ бол зарчмын чанартай асуудал биш юм байна гэсэн сэтгэгдэл төрж, орчуулах ажилдаа орсон юм. Ийнхүү 2003 оны 2 дугаар сараас орчуулах ажил эхэлсэн.

-Аливаа ажил өөр өөрийн гэсэн хүндрэл бэрхшээл тулгардаг таны хувьд энэ том сонгодог бүтээлийг орчуулахад гарсан бэрхшээл юу байсан бэ?

-Хамгийн эхний бэрхшээл орчуулгыг түргэн бөгөөд чанартай хийх явдал байлаа. Түргэн хийх нь миний хариуцлага харин орчуулгыг редакторлах нь испани эх хэлтэй, жинхэнэ хэвлэлийн мэргэжилтнүүдийн хийх ажил байсан.

Хоёр дахь томоохон бэрхшээл нь Нууц товчоонд гардаг монголчуудын зан үйл, эрхэлдэг аж ахуй, ерөөс монголчуудын суурь амьдралын хэв загвараас үүдэлтэй үг хэллэг байсан. Иймд испани хэл дээр мал аж ахуйн ном, сурах бичиг олж унших зорилттой давхар тулгарав. Перу, Болив, Аргентин, Испанийн Кастилья мужийн түүх, мал аж ахуйн сэдэвтэй номнуудыг Хосе Мартийн нийтийн номын сангаас олж завсар зайгүй унших хэрэгтэй болсон доо. Энэ бүхнийг би ажлын цагаас гадуур, гол  төлөв шөнийн цагаар хийж байсан. Тэгээд ч халуун газар өдөрт оюуны ажил хийхэд монгол хүнд бэрхшээлтэй. Нөгөө талаасаа өдрийн цагаар төвтэйгөө холбоо барих, суугаа орны албаны хүмүүстэй ярих зэргээр цаг зав олдохгүй байлаа.

Гурав дахь бэрхшээл бол Ц.Дамдинсүрэн гуайн орчуулга шүлэглэл ихтэй, уран цэцэн үгийг олноор хэрэглэсэн байх тул түүнийг испани хэл рүү яг тэр хэвээр буулгах асуудал. Иймд би утгыг нь гаргаж яруу найрагч куба залуугаараа испани шүлгийн хэв загварт оруулж байв.

Ингээд 2003 оны 12 дугаар сар гэхэд орчуулгын эхний төслийг гаргаад тэр үед Кубын ШУА-ийн Ази, Номхон далйн судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан түүхийн шинжлэх ухааны доктор Сотолонгод редакторлох хүн олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бразилийн өргөмжит консулын тухайд тэр мэргэжлийн хүн бус тул энэ ажилд түүнийг оролцуулах нь хэрэггүй юм байна гэж үзсэнээс тэр .

-Орчуулж дууссаны дараа редакторлох ариутган шүүж, олны хүртээл болгон хэвлэх гэдэг бас амаргүй ажил шүү дээ.
-2004 оны 1 дүгээр сард мөнөөх доктор Сотолонго над руу утасдаж орчуулгаа Кубын Нийгмийн шинжлэх ухааны хэвлэлийн газарт аваачиж өгөхийг хүсэв. Тэнд уг хэвлэлийн газрын дарга, хэвлэлийн бодлогын хэлтсийн дарга хоёр надыг хүлээн авч уулзаад, түүнийг Кубад хэвлүүлбэл яасан бэ гэсэн асуулт тавьсан юм. Татгалзах зүйлгүй гэж би хариулав. Номыг редактороор өөрөө ажиллана гэж хэлтсийн дарга нь хэлээд мөн надад бас 3 ажилтан туслана гэв. Ингээд хянан тохиолдуулах ажил эхэлсэн бөгөөд энэ ажил бараг 5 сар үргэлжилсэн юм. Ингэж номыг орчуулах ажил дууссан бөгөөд харин номын дизайн, түүнд тавих зураг чимэглэл зэргийг кубын талд олж өгөв.

Харин хэвлэх асуудалд миний нэг ангийн дээр байсан, өдгөө Кубын соёлын сайд ихээхэн тус болсон юм. Тэр дээрээс нь хэлж өгөөгүй бол МНТ Кубад хэвлэгдээ ч билүү үгүй ч билүү гэж одоо болтол боддог юм. Мөн тэр үеэр тухайн үед манай соёлын сайд байсан А.Цанжид Кубад айлчлалаар очиход нь МНТ-г Кубад хэвлэх асуудал дээр туслаа ч гэсэн хүсэлтийг сайдаар давхар хэлүүлсэн .  Гэвч Кубын тал 3000 ам.доллар нэхсэн хэвээрээ л байлаа. Асуудал ийм болсон тул би ГХЯ-нд хандаж туслалцаа хүссэн боловч бас бүтэл муутай. Мөн Кубад суугаа АНУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Чилийн Гадаад яамны таних хүмүүс, Мексикийн ЭСЯ зэрэг газруудад хандсан боловч бас л олигтой үр дүнгүй байлаа. Тэгж байтал миний Кубад ажиллах хугацаа ч дуусав. Ингээд нэгэнт хийсэн зүйлийг орхихгүйн тулд Монголдоо ирээд би АДМОН хэвлэлийн газарт хандвал түүний захирал Р.Энхбат туйлын уриалгахан хандаж МНТ испани хэл дээр Монголд анх хэвлэгдсэн нь тэр юм. Харин нэг өдөр миний  Аргентин найз утасдаж чиний ном гарсан байна гэж надад хэлдэг юм байна. Тэгж л би миний хүчин чармайлт талаар өнгөрсөнгүй гэж бодож байсан юм. Тэрээр Кубад 10000 хувь хэвлэгдсэн бөгөөд  Аргентин, Мексик, Чили, Испанид болсон олон улсын номын яармагт гарсан байна. МНТ-г  одоо Кубын номын дэлгүүрүүдээс авах гэхлээр нэгэнт олдохоо больсон гэж манай ЭСЯ-ныхан надад бичжээ.

Дараагийн удаа холбогдох тайлбаруудыг нь хийж 3 дахь удаагаа хэвлүүлэх зорилтыг миний бие тавин ажиллаж байна. Танай хуудас цахим хэлбэрээр нь тавиад олны хүртээл болгож болно шүү. Одоогоор аль болох энэ орчуулгыг олонд хүргэх санаатай байгаа юм.

-Таныг саяхан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор цол хүртсэн гэж дуулсан, баяр хүргэе. Таны  дараа дараагийн эрдмийн ажлын төлөвлөгөөнөөс хуваалцана уу.
-Баярлалаа. Энэ бол миний эрдмийн өчүүхэн ажлыг үнэлсэн том үнэлгээ болсон гэж үзэж их баяртай байгаа. Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйл нэлээд хэд бий. Тухайлбал Монгол Улсын дипломат албаны 100 жилийн ойд зориулж “Даяар ертөнц: Монголын геополитик, дипломат ажиллагаа” нэг сэдэвт зохиол, “Гадаал харилцааны толь”, “Олон улсын харилцааны нэр томьёоны толь” зэрэг бүтээл гаргахаар ажиллаж байна.

-Таны цаашдын эрдмийн их ажилд тань амжилт хүсье.

Ярилцсан Д.Золбоо. Цахим Өртөө 
www.dayarmongol.com 
2009.01.19

1 comment:

  1. Spain хэл рүү орчуулна гэдэг ч хэцүү шүү.

    ReplyDelete