2010-07-08

Би коммунистуудыг үзэн яддаг

Төрийн түшээд, ерөнхийлөгч, сайд нарын орчуулагч нарын ажил алба тийм ч амар хялбар эд биш гэнэ. Тэд дэлхийн түүхэнд ч нөлөөлөх боломжтой хүмүүс. Юуны өмнө орчуулагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох гээд үзье. Орчуулагч нарыг хоёр бүлэгт хувааж болно. Синхрон орчуулагчид. Тэд яриаг шууд сонсоод л зэрэгцээд шахуу орчуулдаг ид шидтэй хүмүүс. Тэднийг орчуулагч гэхээсээ илүү “үгийн уран барималчид” гэж нэрлэвэл илүү тохирно. Харин алдаа гаргавал залруулахад хэцүү дээ. Бичгийн орчуулга хийгчид синхрон орчуулагчдыг бодвол тэд харьцангүй эрх чөлөөтэй хүмүүс. Орчуулгаа дахин дахин уншиж, хянаж, алдаагаа олж илрүүлээд засаад бичих эрх тэдэнд бий. Ер нь ямар ч орчуулагч эх бичвэрийн утга санааг алдагдуулахгүйгээр өөр хэл рүү хөрвүүлэхэд оршдог. Синхрон орчуулагчид мэтгэлцэж байгаа хоёр талын ярианы өнгө аясыг хүртэл өөр хэл рүү дөхүүлээд хэлэх үүрэгтэй болж таарч байна.

Олон улсын хэмжээний томоохон хурал, шүүх ажиллагаа, Европын парламентын хуралдааны үеэр би байнга орчуулагчдыг ажигладаг байлаа. Ер мэргэжлийн орчуулагчид “үгүй” гэж хэлснийг нь “тийм ” гэж орчуулаад түүхэнд хувь нэмрээ оруулж байсан удаа цөөнгүй байдаг гэнэ. ЗХУ-ын удирдагч Хрущеваас Горбачевт хүртэл хэлмэрчилж байсан мэргэжлийн орчуулагч Игорь Корчилов гэж мундаг хүн бий. Мань хүн Орос оронд өөрчлөн шинэчлэлт эхэлж байх үед Михаил Горбачев, Жорж Буш (эцэг Буш) нарын уулзалтын үеэр орчуулагчаар ажиллаж байв. Орос, Америкийн төрийн тэргүүн нар галт зэвсэгт хяналт тавих асуудлаар хэлэлцээр хийж байв. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал онгоцоор харилцан шинжээч нисгэх зөвшилцөлд хүрэхэд оршиж байв. АНУ, ЗХУ-ын байр суурь эсрэг тэсрэг байлаа. Хэлэлцээрийн явцад “шалгуулагч тал”, “шалгагч тал” гэдэг дуудлагын хувь төсөөтэй боловч огт өөр утга санаатай нэр томъёо хэрэглэгдэх болов. Горбачев “шалгагч тал” гэдэг үгийг амандаа бувтнаад тод хэлсэнгүй. Орчуулагч Игорь Корчилов “шалгуулагч тал” гэж ташаарч сонсоод ерөнхийлөгч Жорж Буш, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер нарт сонссоноороо дамжууллаа. Ж. Бейкер, Буш хоёр гайхсан байдалтай бие бие рүүгээ ширтэлцээд дараа нь зэрэг шахуу орчуулагч руу харцаа шилжүүлэв. Горбачев гэнэт байр сууриа өөрчилсөнд Буш, Бейкер нар баяртай байгаа нь илт байв. Гэвч тэд дахин лавлаж асуув. Гэтэл Горбачев-Үгүй ээ, үгүй. Би ингэж хэлээгүй. Шалгаж байгаа тал нь онгоцоо гаргах хэрэгтэй гэж би хэлсэн гэлээ. Хэлэлцээрийн дараа орос орчуулагч Буш руу дөхөж очоод алдаа гаргасандаа хүлцэл өчив. Буш толгойгоо сэжлэн:-Мэдээж энэ ч муу л хэрэг л дээ. Хамгийн гол нь чи Дэлхийн 3-р дайн эхлүүлчихээгүй нь сайн хэрэг гэж хариулсан гэнэ.

Одоо орчуулагч нартай холбоотой бас нэгэн хөгтэй явдлыг сонирхуулъя. Хүн болгон л алдаа гаргадаг. Одоо өгүүлэх түүх бол саяных шиг сүртэй юм биш ээ. Ярианы өнгө аясыг зөөлрүүлэх тохиолдол байсан гэж олон орчуулагчид хэлдэг. Английн “төмөр хатагтай” Маргарэт Тэтчерийн орчуулагчид түүний хэлсэн гүн гүнзгий утгатай үгийн цаад утгыг нь орчуулах гэж үйл тамаа цайдаг байжээ. Үүнийг ч Маргагэт Тэтчерийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Пауэл нотолж байгаа юм. Хамгийн энгийн жишээ. 1980-аад оны дундуур Тэтчер удаан бодсоны эцэст Конго улсын ерөнхийлөгч, “улаан” коммунист эрийг хүлээн авч уулзахаар шийдсэн байна. Конгын ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайдын өргөөнд хүрэлцэн ирж уулзалт эхэллээ. Тэтчер Конгын ерөнхийлөгч рүү цоо ширтээд -Би коммунистуудыг үзэн яддаг гэж шуудхан хэлэв. Уузлалт ийм байдлаар эхэлнэ гэж зүүдлээ ч үгүй хөөрхий орчуулагч хэсэг балмагдаад Конгын ерөнхийлөгчид хандан -Би Карла Марксын үзэл санааг баримтлагч биш гэж манай ерөнхий сайд хэлж байна гэж хэлсэн байна. Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх дараа нь орчуулагчийг магтаад хүнд байдлаас гарсан хамгийн оновчтой гарц гэж хэлсэн байна.

Мэндээ
mendkhuu.blogspot.com
2009.01.06

No comments:

Post a Comment