2010-05-04

Даяарчлал ба орчуулагчийн мэргэжил

Бидний одоогийн амьдарч буй цаг үе бол даяарчлалын эрин билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн бүх тогтолцоо, жишээлбэл, улс төр, эдийн засгийн тогтолцоо, урлагийн салбар гэх мэт нь хоорондоо гүн холбоотой болж байгаад оршино.

Уг холбоос нь өдрөөс өдөрт улам өргөжиж байгаа бөгөөд хүмүүс оршин суугаа байршлаасаа хамаарахгүйгээр хоорондоо харилцах боломж гарч ирж байгаа билээ.

Одоо үед орчуулагчийн мэргэжил маш хэрэгцээтэй буюу нэр хүндтэй мэргэжлийн нэг болж байгаа нь бодууштай. Интернэт ба технологийн хурдан хөгжлийн улмаас уг мэргэжлийг ертөнцийн аль ч булангаас эзэмшин хийх боломжтой болжээ. Зарим нэг байгууллагын судалгаанаас үзвэл дэлхийн орчуулгын зах зээл жилд 15-25 хувийн өсөлттэй байгаа бөгөөд ялангуяа техникийн орчуулгын салбар жилд 30 хувиар өсч байна.

Бусад мэргэжилтэй харьцуулбал орчуулгын мэргэжлийг интернэтгүйгээр төсөөлшгүй юм. Интернэт бол орчуулагчийн хамгийн чухал хэрэгслийн нэг болсон ба одоо үед орчуулагчийг интернэтгүй төсөөлөх аргагүй болжээ.

Интернэт нь орчуулагчийг гадаад ертөнцтэй холбох гол хэрэгсэл болдог ба гадаадын зах зээлд гарах, тэнд өөрийн байр сууриа олоход туслах гол тогтолцооны нэг юм. Орчуулагчийн ажилд интернэт нэвтэрснээр түүний арга барилыг гүнзгий өөрчлөхөд нэг ёсны огцом түлхэц болж ирсэн. Жишээлбэл, интернетийн тусламжтайгаар янз бүрийн мэдээ мэдээлэл олж авахад тун хялбар болж, мөн хамтран ажиллагч, захиалагчтайгаа халз тулан ажиллах боломж гарч иржээ.

Иймээс даяарчлал орчуулагчийн мэргэжлийг бүхэлд нь өөрчилж чадсан байна. Гэхдээ үүний сөрөг тал нь юу вэ?

Нэгдүгээрт, захиалагч орчуулагч хоёр бие биеийнхээ талаар онцын мэдлэггүйд оршино. Энэ тохиолдолд мэргэжлийн бус орчуулагчийн тоо борооны дараах мөөг мэт ихэссэн ба ингэснээр чанаргүй, хямд орчуулга олшроход хүрсэн.

Хоёрт, электрон орчуулгын популяризм юм. Машинаар хийсэн орчуулга амар, хямдад тооцогддог ба түүнийг ашигладаг пүүс компанийн тоо ихэссэн.

Дараагийн асуудал бол үнэлгээ, төлбөрийн асуудал. Үүнд гол хохирогч тал нь орчуулагч юм.

Электрон орчуулга хүний оюун ухаанаар орчуулсан орчуулгатай зэрэгцэж чадах эсэх нь дэлхийн хэлний мэргэжилтнүүдийн санааг зовоож мөн маргааны асуудал болж ирсэн билээ. Гэхдээ одооогоор орчуулагчийн ажлыг уран бүтээлийн ба оюуны ажил мөн гэдэгт хэн ч эргэлзэхгүй байгаа юм. Тийм учраас уншигч та ирээдүйд машинаар хийсэн Шекспирийн орчуулгыг уншина гэж санаа зовох хэрэггүй.

Ер нь уг мэргэжил сүүлийн үед өргөжин хүрээгээ тэлж байгаа ба үүнтэй холбоотойгоор орчуулагчийн эрх ашгийг хамгаалсан олон улсын нэгэн том байгууллага байх хэрэгтэй мэт санагдана.

Чөлөөт орчуулагч Баясалмаа Галцог
2008-01-31

No comments:

Post a Comment