2010-05-29

Бассейнийг шумбуур, стрессийг зовниц гэвэл ямар вэ?

Хүмүүн бичиг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Хэл бичиг судлаач, магистр Б.Элбэгзаяа “Орчин цагийн Монгол хэлний Грек, Латин гаралтай үг хэллэгийн шинж байдал, тоо хэмжээ, түүнээс сургамж авах нь” илтгэл хэлэлцүүлэв.

Илтгэгч, монгол хэлнээ орсон грек, латин гаралтай үг хэллэгийг зээлдэн авсан цаг хугацааны хувьд ардын хувьсгалаас 1990-ээд он хүртэлх үе, түүнээс одоог хүртэлх үе гэсэн хоёр бүлэг болгон авч үзжээ. Учир нь 1921 оноос өмнөх үеийн монгол хэлний ормол үгсийн дотор өрнө дахины хэлний үг хэллэг бараг төлөв байдаггүй байна.

Орчин цагийн Монгол хэлэнд харь гаралтай үг ихээр нэвтэрсэн тухайд судлаач, мэргэжилтнүүдийн дунд зарчмын зөрүүтэй хоёр байр суурь ажиглагдах болжээ. Энэ нь нэгдүгээрт, харь үг хэллэг ихээр хэрэглэж буй нь манай хэлний хөгжлийн нэг үе шат, зүй тогтол бөгөөд Монгол хэлээрээ ярьдаг, сэтгэдэг эзэн үндэстэн нь байгаа цагт Монгол хэл бохирдох, устах мөхөх аюулгүй гэсэн аядуу үзэл баримтлагсад байна. Хоёрдугаарт, Монгол хэлний өнөөгийн байдал бол харь үгийн эзлэх тоо хэмжээ хэрээс хэтэрсэн цаг үе бөгөөд энэ байдлыг даруй засаж залруулан, эх хэлээ эрхэмлэх талаар эрдэмтэн мэргэд төдийгүй төр засаг ч анхаарлаа хандуулж, цэгцтэй оновчтой бодлого хэрэгжүүлэх цаг болсон хэмээн нөгөө хэсэг нь үзэж байгаа ажээ.

Энэ хоёр зөрүүтэй байр суурийн голчийг олж, Монгол хэлнийхээ зүй тогтол, хэвийн хөгжлийг хангах зохистой арга хэлбэрийг сонгохын тулд аливаа хэлний үгийн сангийн хөгжлийн зүй тогтлыг харгалзахын сацуу Монгол хэлний хөгжлийн өвөрмөц онцлог, хамрах хүрээ, монгол хэлээр хэлэлцэгчдийн тоо хэмжээ, Монгол хэлээ хөгжүүлж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалын талын аль алиныг нь тэгш харгалзах учиртай болов уу хэмээн илтгэгч өөрийн саналаа хэлэв.

Б.Ренчин 1960-аад онд, итали хэлний “торт” хэмээх үгийг “бялуу” хэмээн аялгуу сайхан Монгол хэлнээ буулган, хэрэглэн хэвшүүлсний адилаар аливаа харь хэлний ямар ч үгийг Монгол хэлээрээ орчуулах нь чухал гэдгийг онцоллоо. Тухайлбал, “нойл” хэмээх бие хөнгөжин ариусах газрыг нэрлэдэг үгийг “урсгуур”, “бассейн”-ыг “шумбуур”, “стресс”-ийг “зовниц” гэх мэтээр орчуулах саналтай байгаагаа илэрхийлээд дараах дүгнэлтийг хийв.

1.Гадаад үг Монгол хэлний нийт үгийн санд эзлэх байраараа хэвийн хэмжээнээс хэтийдсэн гэж яаран дүгнэхгүй байх.

2.Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны хэллэг болон аман ярианд харь гаралтай үгийг илүүтэй хэрэглэж байгаа нь эх хэлнийхээ шавхагдашгүй нөөц баялгаас суралцах эрмэлзэлгүй, олон гадаад хэлний орчинд уусаж, эх хэлээрээ сэтгэх ёсоо мэдрэхгүй болох, бэлэнчлэх сэтгэлгээнд автсанаас голлон хамаарч байна.

3.Цаашид, Монгол хэлний үгийн санд буй харь үгийн эзлэх тоо хэмжээг ул суурьтай судлан тогтоож, гарсан үр дүнг ерөнхий боловсролын сургалтын агуулга болон эрхзүйн гол гол баримт бичгүүдэд оновтой тусган, эх хэлээ эрхэмлэж, зүй зохистой хэрэглэх талаар цаг алдалгүй арга хэмжээ авах нь зүйтэй болохыг онцоллоо.

Мөн тэрбээр, гадаад нэр томьёог ойлгомжгүй үгээр илэрхийлсэн нь учир тоймоо алдлаа. Үүнийг бий болгож буй нэг хүчин зүйл бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага, сонин, сэтгүүл бүхэн Хууль зүйн яаманд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулах нэр авахдаа тун бодлогогүй байдаг явдал юм. Тус яамныхан Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж буй ямар ч компани, байгууллагад Монгол нэрээр нэрлэгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Заавал “JND” ч гэдэг юмуу, кириллээр ч ялгаагүй “Бобоо” ресторан ч гэх шиг ойлгомжгүй нэр томьёо маш их болсон. Оноосон нэрийг Хууль зүйн яам нь ийнхүү гадаад нэрээр батлаад өгчихөөр нөгөө хэвлэл мэдээллийнхэн нь тийм хачин нэртэй пүүс, компанийг тэр оноосон нэрээр нь бичиж таарна шүү дээ.

Үүнийг анхаараачээ. Монгол хэлнийхээ сайхан унаган үгээр нэрлэсэн “Эрэл”, “Хас” банк , “Нарны титэм”, “Ганга гоёл” гээд олон сайхан байгууллага байж л байна. Ойлгомжтой дотно сонсогдож байгаа биз дээ. Эдгээр компани чинь  Монгол нэрээсээ болоод зах зээлд өрсөлдөөнд ялагдсан, үйл ажиллагаа нь буурч, хүн танихаа байсан зүйл алга байна гэлээ.

Хэл дамжсан үгнээс болгоомжил

МУИС-ийн багш Н.Балжинням «Монгол хэлний харь үгийн хэрэглээний асуудалд» илтгэл хэлэлцүүлэв.

Аливаа үндэстний хэлэнд харь хэлний үгийг зээлдэн авах асуудлыг тухайн улс орны бодлогоор зохицуулж байдгийг илтгэлийнхээ эхэнд дурдаад монголчуудын орчуулгын эртний уламжлалаас суралцаж судлах зүйл их байгааг баримт гарган ярилаа. Бурханы шашны орчуулгын ном зохиолын уламжлалаар Монгол орон нь Цейлон, Хятад, Төвд зэрэг оронтой эн зэрэгцэж байжээ. Тухайлбал, алдарт “Ганжуур”, “Данжуур”-ын 334 боть зохиол юм.

Есөн эрдэнийн Ганжуур

Мөн 1741-1742 онд Жанжаа хутагтын удирдлагаар Монголын 40 гаруй мэргэдийн зохиосон “Мэргэд гарахын орон” хэмээх Төвд- Монгол нэр томьёоны толь бичигт орчин үеийн орчуулгын сэтгэлгээний үндсэн суурь санаанууд туссан байдаг байна. Үүнийг үндэслэн хувьсгалын дараах үеэс монгол эрдэмтэд европ зүгийн ном зохиолыг орчуулж иржээ. Европын хэлний үгийг Монгол хэлэнд авианы талаас нь зүгшрүүлэхэд тухайн үг дамжиж ирсэн орос хэлний дуудлага, бичлэг хоёрыг голлон үндсэн хэлний дуудлага, бичлэгийг төдийлөн анзаардаггүйгээс уг харь үг авиан зүйн талаас буруу хэвших, бичлэг өөр болох тал гардаг байна. Англи хэлний Hugo үгийг орсоор Гюго, Монголоор Хюго хэмээх атал дамжуулж авсан орос дуудлага, бичлэг адил Гюго гэж буй нь буруу. Энэ мэт олон үгийг, тухайлбал Хавана, Холланд, Стокхольм гэх зэргээр бичих нь зөв гэлээ.

Илтгэлийнхээ төгсгөлд, хэрэглээний зорилгоор гадаад хэлний үгийг бичихдээ, 1.тухайн гадаад хэлний үгийн бичлэг, дуудлагад ойр бичих, 2. гадаад үгийн хэлбэрийг аль болох хадгалах, 3.үгийн утгыг алдагдуулахгүй байх, 4.төрөлх хэлний үгтэй бичлэг адил болгохгүй байх, 5.тухайн үгийг дахин сэргээн бичих боломжтой байлгах, 6. гадаад үг гэдэг нь танигдахаар байх, 7. гадаад үг бууж байгаа хэлний зүйн дүрмээр дүрэмжин хэрэглэгдэх зэрэг наад захын шаардлагыг хангаж байх ёстойг сануулав.

Мөн АНУ-дахь Монголын соёлын төвийн тэргүүн, МУБИС-ын багш, доктор М.Саруул-Эрдэнэ “Монгол нэр томьёог нийтэд хэвшүүлэх нэгэн тодорхой санал”, доктор Ц.Өнөрбаян “Харь үг, түүнийг журамлах хэм хэмжээ” сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн юм. Эдгээр илтгэлийг бүрэн эхээр нь дараагийн дугааруудад нийтлэх болно.

Эрдэм шинжилгээний бага хуралд урилгаар оролцож буй хэл шинжлэлийн эрдэмтэд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс олон санал санаачилга гарсан юм. Зарим саналыг та бүхэнд хүргэе.

Өргөн хэрэглэж буй 10 гадаад үгээс эхэлье
-Эхний ээлжинд амьдралд маш өргөн хэрэглэж байгаа гадаадын 10 үгийн зөв орчуулгыг хэвлэл мэдээллийн гол байгууллагууддаа өгөөд хэвшүүлчихэд л болно. Шинээр орж ирж байгаа үгийг төрийн хэлний зөвлөл нь ШУА, сонин хэвлэлийн эрхлэгч, телевизийн удирдлагуудтай хуралдаад ийм үгийг ингэж хэрэглэе гээд тогтчихвол бидний ажилд маш хэрэгтэй гэж бодож байна.

Хэл найруулгаас болоод хүүхдүүд төөрөлдөх боллоо
МКС-ийн багш, доктор Б.Будням

Эх хэл гэдэг бол үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай нягт холбоотой асуудал. Магсаржавын илтгэлд гарч байна л даа. Ер нь нарийн шинжлэх ухааны салбарын нэр томьёог орчуулах, хэт их монголчлохоос болгоомжлох нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байна. Үүнийг ч бид баримталж ирсэн. Гэхдээ сүүлийн үед мэргэжлийн олон ном гарч байна. Нэг мэргэжлийн ном сөхөөд үзэхэд номын 50 хувь нь Англи, 50 хувь нь монгол хэлээр бичжээ. Тэр хольж хутгасан номынх нь учрыг өөрөө л ойлгодог юм уу гэхээс оюутан ч  ойлгохгүй. Математик гэдэг шинжлэх ухаан өөрийн гэсэн онцлогтой ч хүүхдэд зориулсан математикийн сурах бичгийн сайхан ойлгогдохоор Монгол хэлээр  гаргаж байхыг хүсч байна. Нэгдүгээр ангийн хүүхдийн математикийн сурах бичгийг аваад үзье. Геометрийн тухай ойлголт өгөх гээд тэгш өнцөгт зураад дөрвөлжин гэж нэрлэчихээд дөрвөн тал нь адилыг нь болохоор квадрат гэсэн байгаа юм. Нөгөө хүүхэд хараад аль алиныг нь дөрвөлжин гэж л ойлгож байна шүү дээ. Сурган хүмүүжүүлэх түвшинд тодорхой шинжлэх ухааны салбарт хэл найруулгаас болоод ийм төөрөгдөл гарч байна шүү.

Танин мэдэхүйн нэр томьёоны толь хэрэгтэй байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооны мэргэжилтэн, зохиолч, яруу найрагч, СГЗ Д.Урианхай

-Ийм эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан та бүхэнд маш их талархаж байгаагаа юуны өмнө хэлье. Хоёр санал хэлье. Ийм хурлыг Соёл урлагийн хороо, өнөөдөр энэ хурлыг зохион байгуулсан хоёр байгууллага, эрдэмтэдтэй хамтраад хэлний хүрээлэн, их, дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн багш нарыг ч оролцуулаад Ерөнхий сайд, БСШУЯ-ны сайдын ивээл дор орон даяар теле хурал болгон зохион байгуулъя. Бас нэг санал бол манайд хэлний олон сайхан толь бий. Жишээ нь “Мэргэд гарахын орон” толь бичгийг  200 гаруй  монгол, түвдийн дуун хөрвүүлэгчид Ролбийдоржийн удирдлаган дор зохиосон байдаг. Тэнд буддын гүн ухааны нэр томьёо маш элбэг. Гэтэл бид тэр нэр томьёог хэрэглэх нь байтугай мэдэхгүй л явж байна. Манай дээр үеийн эрдэмтэн мэргэд маш олон толь бичгийг олон талаас нь нухацтай судалж орчуулсан байдаг. Энэ бүгдийг ерөөсөө сөхөж харахгүй байна. Дутуу дулимаг мэдлэгтэй хүмүүс өөрсдийнхөөрөө орчуулсан үг хэллэг урсаж орж ирээд байгаа нь хэл зэрэмдэглэх нэг гол хүчин зүйл болоод байгаа юм. Танин мэдэхүйн нэр томьёоны толь хэрэгтэй байна. Юуг нь оюун гэх юм юуг нь ухаан гэх юм , зөн, совин хоёр ямар ялгаатай юм бэ ч гэдэг юм уу үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй нэг мөр болгосон толь хийхийг хэл шинжлэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэд санал болгож байна. Манай Соёл урлагийн хороо хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллахад бэлэн байна шүү.

Хуралдаж л байдаг, хэрэгжиж байгаа зүйл байдаггүй
Шинжлэх ухааны доктор, орчуулагч Б.Бирваа

-Харсаар байтал аялгуут сайхан Монгол хэл маань хэл биш сүг болж байгааг хараад зүгээр сууж болохгүй юм. Сүүлийн үед “байгаа ч”  гэж ярьж бичдэг боллоо. Зүй нь монгол хэлэнд байгаа боловч, байвч гэж ярьдаг. “Байгаа ч” гэдэг үг чинь монгол хэлэнд болиоч гэсэн утга агуулдаг юм шүү. Архи уухаа байгаачээ гэж ярьдаг. “Саруул тал байвч шаврыг нь мэд, Сайхан янаг байвч санааг нь мэд” гэдэг ч юм уу. “Тийм байгаа ч”  гээд л ярьж бичээд байх юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа үг хэллэг, зар сурталчилгаа авах юм алга. “Администрация США” гэдэг үгийг засгийн газар гэж орчуулах ёстой. Гэтэл засаг захиргаа гэж буруу орчуулаад яриад байдаг. Манайхаас өөр АНУ-ын засаг захиргаа гэж яриад сууж байгаа газар байхгүй шүү. Бусад улс орон үг зохиохдоо ямар тийн ялгал шаардлагатайг толь бичигтээ тусгадаг. Тэгэхэд манайх бас л  “Үүднээс” гэдэг үг бүр салахаа болив. “Явах үүднээс, биелүүлэх үүднээс” гээд байх юм. Очихын үүднээс, явахын үүднээс гэж бичих ёстой юм. Телевизүүдээр “Асуудлыг нээлттэй үлдээлээ”  гэж их ярих юм. Асуудлыг шийдвэрлэсэнгүй гэвэл илүү хүнд ойлгомжтой. “Зах зээлийн нийгэм” гэж баахан яриад хэвшчихлээ. Хүн төрөлхтний нийгэмд зах зээлийн нийгэм гэж хэзээ ч байгаагүй. Бас “военный приступник” гэдэг үгийг цэргийн гэмт хэрэг гэж яриад байх юм. Зүй нь дайны гэмт хэрэг гэж ярих  нь зөв. Манай хэл дээр гарсан саяны буудалцсан асуудлыг цэргийн гэмт хэрэг гэж ярьж болно. Ирак, Афганистан, Югославт болсон үйл явдлыг дайны гэмт хэрэг гэж хэлдэг юм.  Манайд онолын асуудал бүр хаягдаж гүйцсэн. Төрийн зөвлөл нь байдаг юм уу,  ШУА нь байдаг юм уу олон дахин хэрэглэдэг нэр томьёог тогтоогоод дагаж мөрдүүлдэг болмоор байх юм. Хуралдаж л байдаг хэрэгжиж байгаа зүйл байдаггүй.

3 comments:

  1. Хийгээд байгаарай. Сайхан блог байх төлөвтэй.

    ReplyDelete
  2. Гялайлаа. Сайхан блог байна. Үндэстний дархлаа нь эх хэлэндээ байдаг гэдэг. Тэгэхээр бид эх хэлнийхээ эрүүл сэргэг байдлын тухай өнөөдөр л ярихгүй бол оройтох төлөвтэй. Үүнд танай блог чухал үүрэгтэй байж, олон түмний чөлөөт мэргэлцээн, зөв шийдлийн индэр болох байх аа хэмээн найдаж, амжилт ололт хүсэн ерөөе.

    ReplyDelete
  3. Anonymous нарт:
    -Баярлалаа. Тус блогийн нэг зорилго нь эх хэлээ хамгаалахад өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахад оршиж байгаа юм. Бас "Зөв шийдлийн индэр" гэж тун оновчтой хэлж ерөөсөнд баярлалаа. Орчуулгын блогчин.

    ReplyDelete