2010-06-02

Монгол бичгийн тухай

Монгол бичгийн талаар маш их ярьж байна. Монгол бичиг хэрэгтэй, хэрэггүй гэлцсээр, эцэстээ түүнийг хэрэглэхэд бүдүүлэг тул боловсронгуй, “Хураангуй монгол бичиг” гэгчийг зохион ашиглахаар санал дэвшүүлсэн хүн ч гараад ирж байх шиг. Тэрхүү боловсронгуй бичгийг сурахын тулд эхлээд “бүдүүлэг” монгол бичгээ сурах шаардлагатай, “бүдүүлэг” монгол бичгээ мэдэхгүй хүнд бол буухааргүй бичиг шиг надад санагдсан.

Үе үеийн алдар нэр, албан тушаал горилоочид Монгол бичгээ шоодон, манж бичгийг дулдуйдаж явсныг буурал түүх гэрчилнэ. Энэ нь явсаар бидний үед Оросод долигонон бичгээ Кирийл үсгээр сольсон нь харамсаад ч баршгүй хэрэг.

Өвөг дээдсээс минь өвлөн ирсэн, “хуучин” хэмээх тодотголтой, (шинэ нь Кирийл цагаан толгой юм болов уу) бидний босоо бичиг бол түүх соёлын асар их өв уламжлалыг агуулсан, монгол хэлний онцлогт гаргууд зохицсон, маш боловсронгуй бичиг гэж би боддог. Сүүлийн үеийн бид эх хэлээ умартах болсон нь гагцхүү гээх, мартахыг хэзээ ч зөвшөөрч боломгүй энэ бичгээ хаясных. Бичгээ хаяснаар бид Монгол мөртөө Монголоосоо холдож эхэлсэн, жил ирэх тутам улам бүр холдсоор л байна.

Монгол бичиг боловсронгуй нь олон үндэстэн ястантай том эзэнт гүрэн байсан улсын аль ч хязгаарт, нутгийнхаа аялагаар уншчихаж болдог байснаар илэрдэг. Жишээлбэл “заан, зузаан” зэрэг үгсийг зүүн монгол аймгууд “жаан, жужаан” хэмээн уншчихдаг байж. Адил утгатай үгсийг өөр өөрөөр бичдэг тул жишээлбэл, эм гэж бичсэнийг эм хүйсийг ярьж байна уу, эм танг ярьж байна уу гэдгийг ойлгоход хялбар. Монгол бичгээр “о”, “у” хоёрыг адил бичих тул “хору” гэж бичсэн бол – хор шар, “хоор” гэвэл – хор хөнөөл, “хоор-а” гэвэл – хор бодис гэх буюу, “хор” гэвэл – хур тарга, “хор-а” гэвэл хур бороо, “хора” гэвэл хуран цуглах гэсэн үг гэдгийг мэдэж байхын тулд алийг нь “о”-гоор, алийг нь “у”-гаар уншихыг нүдэлж, зайлшгүй цээжилсэн байх шаардлагатай. Үүнийг мэдэж байх нь эх хэлээ, өв уламжлалаа, түүх соёлоо хэзээ ч мартахгүйн баталгаа. Хэрэв Кирийлээр “хор” юм уу “хур” гээд биччихсэн байвал эдгээрийн алиныг хэлж буйг бид ухахгүй.

Бас бичих хөдөлгөөний техникийн хувьд Монгол бичгийн элементүүдийг бичиж гүйцэтгэхэд эрс хялбар байдгаар илэрдэг. Бичгийн хэвээр түүнийг гүйцэтгэгчийг тогтоох шинжилгээ хийхэд бичгийн чадвар гэх гол шалгуурыг тогтоодог бөгөөд түүнийг хөдөлгөөний хурд болон хөдөлгөөний эвсэл хэмээх хоёр үзүүлэлт тодорхойлдог. Кирийл бичгээр бичдэг шиг зүүн гар талаас баруун гар тал руу, арабууд шиг араас нь урагш, Монгол бичиг шиг дээрээс нь доош гараар хөдөлгөөн хийж шулуун татах буюу эсвэл бичгийн элемент оруулан бичээд үзэхэд Монгол бичгийн элементийг гүйцэтгэх хөдөлгөөний эвсэл, хурд бусдаасаа хавьгүй өндөр байдгийг криминалистикч хүний хувьд би хэлнэ. Үүнийг Монгол бичигтэн хүмүүс ч бүгд хэлэх байх.

Аав минь монгол бичигтэй хүн байлаа. Лекц дугуйлан мэтээ монгол бичгээр, тэр үед түгээмэл байсан 48 мөнгөний, дөрвөлжин шугамтай дэвтэрт их л гаргацтай, гоё бичсэнийг үзээд ингэж бичиж сурах юмсан гэж боддог байж билээ. Тэр үед аав минь монгол бичгийн талаар: “Кирийл үсгийг авахдаа нэг л өдөр шууд хэрэглэдэг болсон, монгол бичгийг тэр маягаар буцаагаад хэрэглэхэд болохгүй юм байхгүй, маш амархан асуудал” гэж ярьдаг байсан. Мөн, “Монгол бичгээр маш хурдан бичиж болдог. Зөвлөлтөд сурч байсан нэг оюутан өвчтэй байсан найзынхаа лекцийг өөрийнхтэйгээ 2 дэвтэрт зэрэг бичиж байсныг багш нь анзаарчихаад юм зурж байна гэж бодон юу хийж байгааг асуухад нь учраа хэлэхэд, тийм бичиг байдгийг мэддэггүй багш уншуулж үзэж байж сая итгэж, Орос оюутнуудаа “Гадаад хүн, гадаад хэлнээс, огт өөр бичгээр 2 хувийг зэрэг бичиж амжаад байхад та нар төрөлх хэл, бичгээрээ бичиж чаддаггүй” хэмээн зэмлэж байсан гэж ярьдаг байсансан.

“Ариранг” сувгийн нэвтрүүлгээр нэгэн Солонгос хүн “Европын бүх улсууд латин цагаан толгойтой байдаг учир бие биенийхээ хэлийг сурахад дөхөмтэй байдаг. Тэд манайхыг Хятад юм уу, Японтой адилхан үсэгтэй гэж боддог. Харин манайх тусдаа үсэгтэй гэхээр гайхаад байдаг. Тусдаа үсэгтэй тул бид гадаад хэл сурахад Европынхонтой харьцуулбал хүнд байдаг” гэж ярьж, Хангыл буюу Солонгос цагаан толгойгоо ихэд магтан байхыг нэгэнтээ үзсэн.

Гэтэл бидний өвөг дээдсээс өвлөн ирсэн Монгол бичиг маань тэрхүү хангыл үсгийн л нэгэн адил, зарим талаараа түүнээс ч боловсронгуй бичиг билээ. Төстэй нь гэвэл манай бичгийн нэгэн адил нилээд олон хос үсгийг нэг дүрсээр тэмдэглэдэг. Жишээлбэл “р-л”, “с-ш”, “ж-з” мэтийн үсгүүд адил үсгээр бичдэг. “к”, “т” үсэгтэй хэдий ч “г”, “д” үсгээ ихэнх тохиолдолд [к], [т] авиагаар дууддаг, нэг үг маш олон утгатай зэргийг үзвэл манай хэлнээс хавьгүй ядмаг байх даа гэмээр сэтгэгдэл төрдөг. Боловсронгуй нь дээр хэлсэн хөдөлгөөний чиглэл, үг бүрдүүлэгч үсгийн дүрс элементүүд өнцөг үүсгэдэггүй тул бичгийн чиглэл өөрчлөгддөггүй, бичихэд хялбар, хурдан бичлэг хийхэд илүү тохиромжтой зэргээр илэрдэг. Үүнийг уншигч эрхэм та намайг хэлний мэргэжлийн хүн биш, солонгос хэлийг хальт ойлгох төдий сурсан дээрээ хийсэн энэ дүгнэлт миний хувийн үзэл бодол гэдгийг болгоохсон биз ээ.

Өөрсдийн зохиосон цагаан толгойгоо дээдлэхийн дээдээр эрхэмлэж, даяарчлалын энэ эрин үед ч, өчнөөн жил Америкийг дагасан мөртөө төрийн бодлого барин уусгачихаагүй яваа тэр улсыг бахадхаас өөр яах билээ.

Бид гадныхныг дуурайх их дуртай улс, Солонгосчуудын бичгээ дээдэлдгийг дуурайя гэж би бусдыг уриалах байна. Манайхаас хавьгүй эрт Америкийг дагасан, сүүлийн үед бидний ихээхэн дуурайх болсон тэдний нийслэл болон бусад хотод Англи хэлээр бичсэн хаяг ёстой л өдрийн од шиг цөөхөн тааралддаг. Дэлхийд нэр алдар нь түгсэн Хьёндэ, Киа мотоорс зэрэг том компаний барилга дээр лоогоо нь л байхаас хаягаа хангылаараа бичигдсэн байдаг нь бас л бодууштай зүйл.

Оюутан байхдаа манайх тусдаа бичигтэй гэж Оросуудад гайхуулах гэж Чойжилсүрэн гуайн “Хуучин Монгол бичгийн сурах бичиг”-ийг нийтийн тээврийн унаанд зориудаар дэлгэн барьж явсаар Монгол бичгээ дармалыг үсэглэн унших төдий сурсан ч юм бичээд өг гэхээр ямар үгийг яаж бичдэгийг нь мэдэхгүй таг суучихдаг, тэр үедээ Өвөр Монголд Монгол бичгээ хаяагүй байдаг юм гэсэн, тэрэн шиг бид энэ бичгээ хэрэглэж болдоггүй юм байх даа гэж халаглан боддог, ярилцдаг байж билээ. Түүхэндээ хэд хэдэн цагаан толгой зохиож хэрэглэсэн бидний өвөг дээдэс эргээд хардагсан бол, үр ач бид түүнээс нэгийг нь ч авч үлдээгүйг үзээд туйлын гомдох байсан буй заа.

Монгол бичгээ гээсэн нь орчин цагийн Монгол хэлэнд буруу зөрүү дуудлага, хэллэг, утгагүй үгс орж ирэх үндэс болж, бид өдөр ирэх тутам төрөлх, эх хэлнээсээ “холдсоор” байна. Холдсоор байгаа олон жишээ дурьдаж болно: захын хуульчид “нутлах” гэж бичиж өгвөл “Та буруу бичжээ. Нутлах биш, нотлох гэдэг юм” хэмээн залруулж өгнө. Тэгвэл Монгол бичигт үүнийг “нута” гэж дуудна гэдгийг 1936 онд судар бичгийн хүрээлэнгээс тогтоож өгч байсан баримт бий.

Аль ч хэлэнд ярианы болон бичгийн хэл гэж бий. Бид – “гараг” гэж бичдэг ч “гариг” гэж ярьдаг, олон утгатай, 2 янзаар бичдэг “гүн” гэдэг үгнээс ялгах гэж “хүн” гэхийг “хүмүн” гэж бичивч [хүн] гэж уншдаг, монгол бичгээр “үгэ” гэж бичсэнийг [үг] гэж, “үг” гэж бичсэнийг [өг] гэж уншдагийг Кирийл үсэг рүү оруулахдаа 2 өөр үсгээр бичдэг болсон ч үг хэлний “үг”-нээс үүссэн байж таарах “үгүүлбэр, үгүүллэг, үгүүлэх” зэрэг үгсийг, “өгөх, авах”-ын “ө” үсгээр бичиж хэдийн заншжээ.

“Утга зохиол, урлаг” сонинд үүнийг залруулж “ү”-гээр бичдэг болоод нилээд хугацаа өнгөрч байгаа ч хүмүүс “ө”-гөөрөө л бичиж, “ү”-гээр бичсэнийг “яагаад ингэж алдаж бичсэн юм бэ?” гэж асуусан хэвээр байна. Судлаачид ө-гөөр бичдэг болсон энэ үгийг тухайлан судлууштай. “Бөс”, “бүс” хоёрыг бас ижил бичдэг байгаад залруулсан гэж аав минь ярьдаг байсан.

Сүүлийн үед “Монгол гэсэн зургаан үсэг” гэж их дуулдах болж. Монголоор “Монг-гол” гэж долоон үсгээр бичдэг энэ үгийг Кирийл цагаан толгой руу оруулахдаа бид их энхлэгийг хаян, “Монгол” хэмээн буруу бичдэг болсон. Хэлний угийн н үсэггүй Оросууд Монгол гэдгийг [манагоол] гэж уншдаг нь зөв дуудаж буй нь тэр. Өргөлтгүй “о” үсгийг [о]-гоор нь дууддаг бид харин, Кирийл үсгийн дүрмээр [моногол] гэж дуудах ёстой. Гэтэл “Монгол гэсэн зургаан үсэг...” хэмээн ярьж, дуулах хүртлээ, түүнийг ихэнхи хүмүүс анзаарахгүй байх хүртлээ бид төрөлх хэлнээсээ холджээ.

Монгол бичгээ албан бичиг болгох өдөр ирнэ гэдэгт би эргэлзэхгүй явдаг. Харин эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны байгууллагууд, ард олон бид хамтран энэ өдрийг ойртуулах хэрэгтэй. Дунд сургуулийн сургалтанд Монгол бичгээ үзэж байгаа нь сайн хэрэг. Цаашид үүнийг улам гүнзгийрүүлсээр хэдэн жилийн дараа Монгол бичгээ төрийн албан бичиг болгоход болохгүй гэх газаргүй.

Монгол бичгээ буцаан хэрэглэх санааг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс төрийн эрх мэдэл барьж буй эрхэм түшмэдүүд. Хэрэв Монгол бичгээ эргүүлэн хэрэглэх бол хамгийн түрүүнд тэд ажилгүй, цалингүй болох учир арга ч үгүй биз. Хэдий болтол би Чингисийн Монгол, би Монгол хүн гэж цээжээ дэлдчихээд, Кирийлээр бичсэн нэрийн хуудас хүнд өгч, “танайх ийм үсэгтэй юм уу?” гэж амаа асуулган, дорд үзэгдэж явах юм бэ? Адилхан Монгол мөртөө “хужаа нар” хэмээн дорд үзэх өнгөөр бидний ханддаг Өвөрлөгч нарыг Монголоороо бичиж байхыг харахаараа би өөрөөсөө асар ичдэг.

Монгол бичгээ эргүүлж хэрэглэх эхний алхам болгож “хуучин” гэлгүй, “Монгол бичиг” хэмээн нэрлэе. Учир нь “шинэ Монгол” бичиг гэж байхгүй. “Шинэ” үсэг буюу бидний хэрэглэж буй Кирийл үсэг цаанаа зохиосон эзэнтэй, “манайх” хэмээн бид булаалдах эрхгүй цагаан толгой. Биднийг оюутан байхад нэг бүлэгт сурдаг байсан Болгарчууд цагаан толгойн баяр хэмээн жилд нэг өдрийг тэмдэглэдэг байсан. Тэгээд ч Монгол хэлний авиа зүйн шаардлагыг хангадаггүй, хүчээр зохиосон дүрэм нь хэлэнд маань зохицдоггүй тийм л цагаан толгой шүү дээ. Жишээлбэл: Монгол хэлний “ш” үсгээр дуудагддаг авиаг Орос цагаан толгойд “щ” гэж тэмдэглэдэг. Харин тэдний “ш” үсгийг дууддаг [ша] хэмээх авиа манай хэлэнд огт байдаггүй. Тэгэхээр энэ хоёр үсгийн аль нэг нь л байхад манай “ш” үсгээр дууддаг авиаг төлөөлж бүрэн чадна, нөгөө нь илүү болж таарч байна. Бас Орос хэлний “ж”, “ч” “ш” үсгийг дууддаг шуугиант авиа манай хэлэнд огт байдаггүй. Кирийл цагаан толгойн “гээгдэх эгшгийн дүрэм” гэхэд монгол цагаан толгойд огт байхгүй байх жишээтэй. Монгол бичгийн их энхлэгээр тэмдэглэдэг авиаг Кирийл үсэгт хэрэглээгүйгээс хэлний үзүүрийн “н”, угийн “н” хоёр ялгагдаж өгдөггүй учраас жишээлбэл, “сайн, ногоон” гэх мэтийн үгийг хэл сурч буй гадаад хүнээр уншуулвал “сайна, ногооно” гэж үзүүрийн “н”-ээр дууддаг, бид өөрсдөө хэлээ мэддэг тулдаа угийн “н”-ээр уншдаг.

Монгол бичгийг боловсронгуй биш учир гадаад хэлний нэр томъёо, шинжлэх ухааны хэллэгийг бичихэд хүндрэлтэй гэж манайхан ад үздэг. Мөнөөх хангыл үсгээр гадаад үг хэрхэн бичсэнийг бидний сайн мэдэх нэгэн шампунь дээрээс харахад дараах маягаар бичжээ. Үүнийг Кирийл бичиг рүү галиглавал “шампунь” (shampoo) гэснийг “сям-пхү” гэж, “Хээд энд шөөүлдөөс” (head & shoulders) гэснийг “Хэ-ды & шёл-дө” гэж, “клийник сийстэм” (clinic system) гэдгийг “кыр-ри-ниг ши-сы-тэм” гэж, “рифрээш” (refresh) гэснийг “ри-пхы-рэ-шүй” гэж тус тус бичжээ. Бас хивс цэвэрлэгчийг /carpet cleaner/ “ка-пэт кы-ри-нө” гэсэн байна. Монгол бичгээр ч мөн л энэ дайны, зарим нь үүнээс арай дээр бууна.

Үүнтэй төстэйгээр, Монгол бичгээр гадаад үгсийг, шинжлэх ухааны нэр томъёог буулгасныг өвөр монголчууд хэрэглэсээр л явна. Тэд Монгол бичгээр буухгүй байна гээд ханз юм уу, эсвэл Кирийл үсэг хэрэглээгүй. Үнэхээр андуурч самуурахаар, ээдрээтэй үсэг орсон ганц хоёр нэр томъёог, эсвэл салангид үсгийг тод үсгээр буюу эсвэл латин, Кирийл үсгээр тусгайлан тэмдэглээд хэрэглэхэд ч болохгүй гэх газаргүй.

Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн өв соёлоо дээдэлж, эх хэлээ ариун байлгах үндэс болсон Монгол бичгээ сэргээн хэрэглэцгээе!

Б.Жаргалсайхан
bjagaa.blog.banjig.net
2009-04-24

No comments:

Post a Comment