Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Доржпаламын Чойжил (П.Чойжил) 1926 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, Улаанбаатарын багшийн сургууль төгсөөд багшилж байхдаа хүнд өвчний улмаас сонсгол муудсан боловч хичээнгүй шаргуу хөдөлмөрөөрөө бие даан гадаад хэл сурч, манай нэрт орчуулагчдын нэгэн болсон юм. Түүнтэй сэтгүүлч Минжаахайн Гүрсэд ярилцжээ.
-Та манай нэрт орчуулагчдын нэг. Яаж орчуулагч болсноо ярьж өгөхгүй юу?
-Яаж орчуулагч болсноо ярина гэдэг бол миний хувьд амьдралаа ярина гэсэн үг. Урт намтар даа. Уншигчдыг чилээх болов уу. За яах вэ, надаас олон хүн ингэж асуудаг. Жаахан дэлгэрэнгүй хариулъя...
-Би 1944 онд багшийн сургууль төгсч, хоёр жил багшлаад таг дүлий болчихсон юм. Тохирох ажил олдохгүй. Гэгээрлийн яаманд машины бичээч хийж байлаа. Эмэгтэй хүний ажил шүү дээ. Тэнд байхдаа орос хэл оролдож эхэлсэн. Тэгэхдээ орчуулагч болох зорилго тавьсан юм биш. -Багаасаа ном унших дуртай байлаа. Дүлий болсноос хойш ном шиг сайн нөхөр бүр байхгүй болсон. Гэтэл тэр үед монголоор хэвлэгдсэн уран зохиолын ном тун цөөхөн байж. Цөөн хэдэн. номыг тав, арав тойруулж уншсан байх. Тэгээд орос хэл сурвал олон сайхан ном уншина гэж бодсоноос энэ хэлийг оролдож эхэлсэн юм. Дүлий болохоор хүнээр заалгах, туслуулах боломж бага, бие дааж хичээллэдэг байсан. Яаж хичээллэх арга ухаанаа олохгүй их будилж байлаа. Жишээ нь ном уншаад ойлгодог болбол бусад нь надад хэрэггүй гэж бодоод дуудлага, дүрэм огт үздэггүй байсан минь сүүлд мэдэхэд маш буруу байжээ. Ядахдаа тэр үед одооныхтой адил олон сурах бичиг байгаагүй. Тав, зургаан жил оролдсоны эцэст ойр зуурын юм ойлгохтой болсон. Түүнээс цааш дандаа "худлаа уншаад" явчихсан даа.
-Хэдийнээс эхлээд хэдэн жил орчуулгын ажил хийж байна вэ?
-1955 оны эхээр, тэр үед "Үнэн" сонины нэгдүгээр орлогч байсан Г.Дэлэг дуудаж, намайг орчуулагчаар авъя гэхэд нь би их айсан. Дэлэг гуай ятгаж байгаад үгэндээ оруулсан юм. Дөнгөж бүрэн бус дунд боловсролтой, юу ч мэдэхгүй, ядахдаа эрхтэн дутуу хүнийг нам, засгийн төв хэвлэлд авсан нь маш их итгэл, хүндэтгэл шүү! Тэр үеэс хойш орчуулгаар хоолоо олж идэж явна. Энэ ажлыг 40 жил хийж байна гэсэн үг. "Үнэн" сонинд очоод өдөр бүр орчуулга хийгээд ирэхээр хэл сурах явц нилээд хурдассан. Тэр үед тэнд Б.Ринчен, Б.Банзрагч, Д.Дашдорж, С.Бадраа, Ч.Чимид гэх мэтийн мундагчууд байлаа. Алтны дэргэд гууль шарлана гэдэг, тэднээс надад эрхбиш юм наалдсан байх.
-Та хаана хаана ямар ажил хийж байв?
-Дандаа орчуулагч хийж байлаа. "Үнэн" сонины дараа МОНЦАМЭ агентлаг, "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүл, Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэс, Москвагийн "Прогресс" хэвлэлийн газар, МАХН-ын эрдэм шинжилгээний төвд орчуулагч байгаад 1991 оны аравдугаар сард тэтгэвэрт гарсан.
-Ажиллаж байсан газруудаасаа хаанахын хамт олныг илүү хүндэтгэдэг вэ?
-Бүгдийг нь хүндэтгэдэг. Таны энэ асуултыг хариулахын ялдамд орчуулгыг ид шидийн гайхамшигт ажил гэж итгэдэг болсон учраа хэлье. "Үнэн" сонин бол намайг орчуулгын моринд мордуулж, амьдралд минь эргэлт гаргаж өгсөн газар. Тэр үеийн "Үнэн" сонины хамт олны зургийг үзээд гайхаж бардаггүй юм. МОНЦАМЭ бол миний суудлыг засаж өгсөн. "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд хамгийн удаан, хорь гаруй жил болсон. Олон улсын коммунист, ажилчны намын онол, мэдээллийн төв хэвлэл гэдэг тийм ч наанын юм биш байлаа. Энэ бол намайг боловсролоор шат ахиулж өгсөн газар гэж боддог. Орчуулагч нар нь бүгдээрээ дээд боловсролтой хүн байсан. Анх очиход миний мэдлэг боловсрол дутах нь илт мэдэгдэж байлаа. Сүүлдээ нөхдөөсөө нэг их дутахгүй болсон юм. 1967-1971 онд Москвагийн радиогийн монгол нэвтрүүлгийн хэлтэст орчуулагч байлаа. Тэндхийн хамт олон намайг яаж өргөж дэмждэг байсныг санахад сэтгэл уярна. Тэнд ажилласан дөрвөн жил хагас бол миний амьдралын хамгийн жаргалтай сайхан үе байжээ. 1985-1988 онд Москвагийн "Прогресс" хэвлэлийн газар В.И.Лениний 12 боть түүвэр зохиол хэвлүүлэх ажилд оролцож, гурван жил суусан. Хамт байсан хүмүүсийн маань олонх нь дэд эрдэмтэн. Дараа нь МАХН-ын эрдэм шинжилгээний төвд доктор Б.Бирваа К.Марксын "Капиталыг" орчуулахад редакторлах ажилд оролцсон.
-Хэдэн онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол авсан билээ?
-1973 онд "Намын амьдрал" сэтгүүлийн 50 жилийн ойгоор Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн. Үүнийг анх дуулаад баярлахаасаа илүү балмагдсан гэвэл үнэн болно. "Гавъяат" гэдэг бол над шиг өчүүхэн хүний хүршгүй өндөрлөг гэж бодож байсан. Харин 1981 оны намар Гадаад хэлний дээд сургууль дээр түргэн орчуулгын уралдаанд оролцож түрүүлээд гавъяат болсноосоо илүү баярлаж билээ. Хэдхэн мөр юм орчуулаад тэр шүү. Би жаахан тэнэг хүн юм даг уу даа.
-Та уран бүтээлээсээ яриач.
-Үндсэн ажил их байсан болохоор базаалтай юм хийгээгүй дээ. И.А.Гончаровын "Жирийн нэг явдал", В.Кетлинскаягийн "Эр зориг", Ю.Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцдахгүй", Ю.Семеновын "Хаврын арван долоон учрал", С.Михалковын "Хүн болох багаасаа", В.Пекелисийн "Хүний чадвар цаглашгүй!", И.Коны "Үерхэл" гэх мэт уран зохиол, нийтлэлийн дөчөөд ном орчуулсан. Зарим нь ч их зузаан ном байсан.
-Тэтгэвэрт гарснаасаа хойш юу хийж байна даа?
-Гурван жил гаруй хугацаанд хорь шахам ном орчууллаа. Ю.Семеновын "Амьд үлдэх тушаалтай", Марко Незегийн "Наймалж" (2 дэвтэр), барон Олшеврийн "Ороолон", Д.Зальцерийн "Муу ёр", де Сад бэйлийн "Жюстина", Ж.Чейзийн "Түүнийг олдог л юм бол", "Эм хүн яахаас ч буцахгүй", "Бас нэг мангар", "Гэртээ хоноогүй шөнө" гэх мэт 10 роман орчуулж, олонхи нь хэвлэгдэж гарсан. Сая Ю.Дольд-Михайликийн "Ганц дайчин ганцдахгүй" номын орчуулгыг засаж шинэчлэн нилээд хэсгийг шинээр орчуулаад хэвлэлд өгөв. Удахгүй гарна. Энэ бол оросын тагнуулчийн тухай жараад оны сүүлчээр олныг шуугиулсан маш сонин сайхан ном.
-Олон ном орчуулсан болохоор орлого ашиг гайгүй юу, орчуулгын шагнал ямархуу байна вэ?
-Тавь жараад оны үед энэ хэрийн орчуулга хийсэн бол бараг машинтай болсон байх. Одоо оюуны хөдөлмөрийн, тэр дундаа уран зохиол, орчуулгын үнэлгээ эрс буурчээ. Гэвч яах вэ, хоол залгах боломжтой л байна. "Илд бамбай" хэвлэлийн газар намайг их харж үздэг. АУИС-ийн хэвлэх үйлдвэр гурван номыг минь хэвлэж өглөө. Эд нарт баярлаж явдаг.
-Дандаа адал явдлын зохиол юм уу даа? Та сонгодог зохиол орчуулж чадмаарсан.
-Тийм ээ, цагийн байдалд нийцүүлээд гэх үү, уншигчдын эрэлт хүсэлтийг харгалзаад гэх үү, энүүхэндээ гэвэл идэх хоолоо бодоод голдуу адал явдлын зохиол орчуулж байна. Сонгодог зохиол орчуулах хүсэл байвч хэвлэх газар, авах хүн ховор бололтой. Хар даа, энэ "Францын сонгодог туурь" гэсэн жижиг номыг. Өнөөгийн уншигчид "сонгодог" гэхлээр айдаг болсон юм уу, ийм номыг гүйхгүй байна гэж номын худалдааныхан гомдол тавьж буй. Ганц мянган хувь хэвлэгдсэн юм шүү дээ. Би өөрөө бол энэ жижиг дэвтрийг орчуулахад Ж.Чейзийн 2-3 роман орчуулснаас илүү хүч хөдөлмөр гаргасан болохоор үүндээ хайртай. Ийм л байх юм. Гэвч манай залуучууд адал явдал, садар самууны элдэв дээдийн юмнаас удахгүй уйдаж залхана, сонгодог зохиолыг сонирхох сайн цаг эргэж ирнэ гэж найдаж байна.
-Таныг Цэдэнбал даргын шадар туслах, баруун гарын орчуулагч байсан гэлцэх юм. Тэр хүнтэй олон уулзаж байсан уу?
-Намайг арай хэт дөвийлгөжээ. Ер нь бол Цэдэнбал дарга бүх юмаа оросоор бичдэг байсныг хэн хүнгүй мэднэ. Түүнээс нилээдийг нь надаар орчуулгадаг байлаа. Надтай голдуу туслахуудаараа дамжуулан харилцдаг байсан. Өчүүхэн надад цөөдөхөөргүйгээр өөртэй нь уулзан ярилцаж байлаа. Тэр их хүний тухай нэг бяцхан дурсамж бичих бодолтой байдаг.
-Орчуулгыг зарим хүн "үдийн будаа" гэдэг. Орчуулагчид өөрснөө "хэн хүн бардаггүй хоол" гэдэг байх. Таны бодол?
-Сүүлийн үед орчуулагчид өөрснөө төдийгүй, ер нь юм мэддэг хүмүүс орчуулгыг нэгэн зүйл мэргэжил гэж зөвшөөрөх болжээ. Тийм болоод гадаад хэлний олон дээд сургууль, орчуулагчийн дээд сургууль байгуулж, орчуулгын онол, практикийн хичээл зааж байгаа болов уу.
-Та уран зохиол, улс төр, онолын ном зохиол аль алиныг тэгш орчуулж байсан хүн. Аль нь хэцүү вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Харьцангуй зүйл. Аль алины нь дотор амар юм ч байна, хэцүү юм ч байна. Би бол ерөнхиидөө уран зохиол орчуулахад арай хэцүү гэж боддог.
-Сүүлийн үеийн орчуулгын хэл найруулгын талаар хэлэх юм байна уу?
Өөрчлөлт шинэчлэлт эхэлснээс хойш юм бүхэн уруудаж, доройтоод байна уу. Эсвэл өөдөлж байгаа хэрэг үү? Ийм юм орчуулгыг бас тойрч гарсангүй шиг. Сонин хэвлэл ч олон, орчуулга ч олон болжээ. Тэр бүхнийг уншиж барах юм биш. Гарын дор дайралдсан ганц нэг юмыг үзэхэд чамламаар, бүр харамсмаар юм байж л байдаг даа. Орчуулгыг мэргэжлийн хэмжээнд үнэлж мэдэхгүй хүн ялангуяа томоохон ном барьж аваад орчуулж байгаа нь энэ гэж тамтаглаж орхиод түүхийгээр нь хэвлүүлчихнэ гэдэг чинь, уучлаарай, эмчийн мэргэжилгүй хүн өвчтөнийг эмчлэх гээд цааш харуулчихсанаас нэг их ялгаагүй санагдаад байдаг.
-Таныг гадаадад нилээд явдаг байсан гэж сонссон юм. Гадаадын ямар ямар улс оронд очиж байв?
-Орос (ЗХУ), Болгар, Герман, Польш, Унгарт очиж байсан. 1979 онд Болгарын Варнад, 1983 онд Италийн Сицили арлын Палермод Дэлхийн дүлий иргэдийн ҮIII, IX их хуралд оролцож байлаа.
-Аа тийм, та монголын хараагүй, дүлий иргэдийн нийгэмлэгийн орлогч даргын сонгуультай байсан. Нийгэмлэгийнхээ талаар юу хэлэх вэ?
-1994 онд манай нийгэмлэгийн IV их хурал болж, Монголын дүлий иргэдийн нийгэмлэг байгуулсан. Өөрчлөлт шинэчлэлтийн шуурганд хараагүй, дүлий, тахир дутуу иргэд хамгийн их өртсөн шүү. Урьд манай нийгэмлэгийг улсаас санхүүжүүлдэг байлаа. Одоо больсон. Тэгээд угийн материаллаг бааз муутай манай нийгэмлэг бүр хүнд байдалд ороод байгаа. Хандиваар л дөнгөзнөж байдаг. Олон нийтийн байгууллага үйлдвэрлэл эрхэлж болохгүй гэж хуульд заасан нь ялангуяа хараагүй, дүлий, тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн хувьд шал утгагүй зүйл шиг байна. Ажилгүй дүлий залуучууд зөндөө. Тэд биднээс ажил нэхдэг. Бид юугаа өгөх билээ дээ? Дүлий гэдэг чинь нэгэн бүхэл ертөнц, дүлийн асуудал гэдэг чинь нэгэн бүхэл цогц асуудал юм. Энэ тухай жичид нь ярих шаардлагатай.
-Заримдаа таныг зохиол бичдэг байсан гэх юм?
-М.Чойжилтой андуурсан хэрэг. Аль эртний ганц хоёр өгүүллэг бичиж нийтлүүлсэн нүгэл бий. Тэр бол залуу насны саваагүй зан байжээ. Уран зохиолын авъяасгүйгээ эрт ойлгосон минь зол. Одоо харин өвгөрөөд муу оёг орж байгаа юм байх аа. Өнгөрсөн өвөл дүлий хүмүүсийн амьдралаас сэдэвлэн "Аниргүй хорвоо" гэдэг кино зохиолорхуу юм бичсэн. Ази, Номхон далайн бүс нутгийн тахир дутуу иргэдийн 10 жилийн ажилд зориулсан ухаантай. Зохиолч, найруулагч Ч.Гомбо үзээд үүнийг чинь юм болгож өгье, та ивээн тэтгэгч ол гэсэн. Нэг кино бүтээхэд наад зах нь 8-10 сая төгрөг ордог гэнэ ээ бурхан минь! Би ийм их мөнгө хаанаас олох билээ.
-Уншигчдад юу хэлэх вэ?
-Би оюун ухааны чадал боломжоор хүнээс гойд юмгүй, түүн дээр таг дүлий хүн. Гэвч биеэ жаахан баалсны хүчинд эрхбиш овоо үр дүнд хүрлээ. Уг нь хамаг чадлаа шавхан дайчилсан бол үүнээс ч илүү амжилт олж чадах байсныг өнгөрсөн амьдралаа эргэж хараад харамсах юм. Тэгээд залуучуудад хандаж над шиг ийм эрхтэн дутуу амьтан юм хийж болоод байхад эрүүл энх та нар үүнээс хэдэн арав, зуу дахин ихийг бүтээж чадна шүү, насны бага, нарны эртэд эрдэм номд шамд, эрдэм номын ханш буураад байгаа мэт харагдахад бүү хуурт, эрдэм мэдлэг хэзээд үнэд орно гэж захимаар байна.
No comments:
Post a Comment