Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас хамтран зохион байгуулсан "Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томъёоны орчуулга, хэрэглээ" эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Ph. D. Мягмарын Саруул-Эрдэнэ
Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томъёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон гарсан боловч чухам хэрэглээний түвшинд ийн шийдье гэсэн санал, уриалга тэр бүр хангалттай биш байна. Тийм учраас энэхүү илтгэлдээ бага гэлтгүйгээр нэгэн бяцхан уриалга, санаа гаргаж байгааг минь хүлээн авна уу?
1. Юмын нэр ба юм хоёрын хооронд шууд холбоос байхгүй.
Хэл бол дохионы хоёрдугаар систем юм. Өөрөөр хэлбэл хэл нь зохиомол, болзмол дохио. Юм ба юмыг нэрлэж байгаа үг хоёрын хооронд шууд холбоос байхгүй учраас үнэн хэрэгтээ нэг ухагдахууныг илэрхийлж байгаа аливаа ялгаатай үг, нэрлэлтийг мөн чанарынх нь хувьд зөв буруу хэмээн ялгах боломж хэл шинжлэлийн онолын үүднээс байхгүй юм. (Үг бүтэх ёсны талаасаа зөв буруу үгний тухайд яриагүй болохыг минь анзаарна уу)
Энэхүү санаагаа АНУ-ын нэрт хэлшинжээч С. И. Хаяакавагийн жишээгээр батлан үзүүлье.
Доорх зурагт найман амьтныг дүрслэн үзүүлсэн байна. Дөрөв нь том, дөрөв нь жижиг, өөр нэг дөрөв нь бөөрөнхий толгойтой, нөгөө дөрөв нь дөрвөлжин толгойтой, бас нэг өөр дөрвийн сүүл нь шулуун байхад нөгөө дөрөв нь мушгирсан сүүлтэй аж. Эдгээр амьтад тосгонд чинь үүрлэж, эхэндээ тосгоныхон тоосон ч үгүй, тийм болохоор нэр өгөх ч хэрэг байсангүй.
Зураг 1.
Нэг өдөр танайхан жижгүүд нь будааг чинь иддэг, томууд нь иддэггүй болохыг анзаарч гэнэ. Ялгааг тогтоосон байхад хийсвэрлэл, ай-д хамааруулах сэтгэлгээ мөн даган гарах нь тодорхой, ингээд A, B, C, D дөрвийг нийтлэг шинжээр нь гого, харин E, F, G, H дөрвийг гиги хэмээн нэрийдэхээр шийдэв. Гого-нуудыг бүгдийг хөөж явуулаад, гэмгүйгээр нь гиги-нүүдээ үлдээлээ. Гэтэл танай хөршийнхөн арай өөр ялгаа олж харжээ. Дөрвөлжин толгойтнууд нь хаздаг, бөөрөнхийнүүд нь хаздаггүй байх юм гэнэ. Ажигласан ялгаагаа хийсвэрлэн бодоод хөрш тань B, D, F, H – ийг даба, A, C, E, G дөрвийг добо хэмээн нэрийдэв. Нөгөө хашааны хөрш тань харин бүр өөр ялгааг нь анхлан мэджээ. Мушгиа сүүлтэйнүүд нь могой алж чаддаг учир A, B, E, F дөрвийг буса гээд, үлдсэн нь могой алж чаддаггүй учир бусана хэмээсэн байна.
Ингээд та гурав сууж байтал урдуур чинь E гүйлээ хэмээн бодъё. Та бол “Хүүе гиги явж байна” гэнэ. Хөрш тань харин “Добо л байна шүү дээ” гэхэд нөгөө хөрш тань “Энэ чинь буса байхгүй юу?” гэж таарна. Маргаан өрнөж дээрх гурван нэрийн аль нь үнэхээр зөв болох тухай бүр хэрүүл уруулдаа тулна. Жинхэнэ нэр нь юу юм бэ? Хамгийн тохирсон үг нь аль вэ? Тэгж байтал огт өөр тосгоноос ирсэн нэг нөхөр ирээд “Өө энэ чинь махлок байна шүү дээ, махыг нь идэж болдог юм. Бусдынх нь махыг иддэггүй” хэмээн цэцэрхэх нь маргааныг чинь шийдэх байтугай улам ч тос нэмэх болно. (S. I. Hayakawa, Language in Thought and Action, Third edition, Harcourt Brace Jovanovich, 179-180 pp)
Энэ тохиолдолд тэр амьтны Чухам жинхэнэ нэр нь юу вэ? Зөв нэр нь юу вэ? гэдэг асуулт үнэхээр утгагүй болох нь тодорхой. Утгагүй асуултад утгатай хариулт өгөх боломжгүй. Юм ба юмыг нэрлэж буй үг хоёрын хооронд шууд холбоо байх тохиолдолд л “жинхэнэ зөв нэрлэлт” гээчийн тухай ярьж болно. Үгүй бол хийсвэрлэн өгсөн нэрийг зөв, буруу гэж шийдэх боломжгүй, будаагаа хамгаалах сэтгэлгээгээрээ та гиги хэмээсэн бол, хазуулах айдастай хөрш тань добо, могой алахыг сайн үйлд тооцдог нөгөө хөрш тань буса хэмээсэн байна. Тухайн нэг үгийг уншаад, сонсоод ард нь чухам тэр зүйлийг хэлж байна хэмээн ойлгох ухагдахуун нийт хүмүүсийн дунд бүрэлдэж чадвал л тэр чухам “жинхэнэ зөв нэр” гээч нь болох юм.
2. Нэр томъёо ухагдахууныхаа бүхий л талыг харуулж чадахгүй.
Аливаа нэр томъёо нь товч, тодорхой байх ёстой. Товч байх шаардлагынх нь үүднээс авч үзвэл тухайн нэрлэлт нэрлүүлж байгаа юмынхаа бүх шинж чанар, онцлогийг тусгаж байх ямар ч боломжгүй юм. Нэвтэрхий тольд л тийм боломж буй. Үүнийг тодруулах хамгийн энгийн жишээ бол Ринчен гуайн нэг алдарт анекдот.
Химийн хүрээлэнгийнхэнтэй хамтарч нэр томъёо боловсруулах хуралд Ри багш сууж байжээ. Катализаторын тухай саналаа уралдуулж байна гэнэ. Ринчен гуай “хурдасгуур” хэмээх санал гаргаж. Гэтэл нэг химич залуу эрдэмтэн “Ринчен гуай та бас ойлгох болоогүй л байна даа. Катализатор чинь урвалын хурдыг зөвхөн хурдасгадаг биш, бас удаашруулдаг юм шүү дээ” гэж гэнэ. Ри багш унтраалгыг заагаад “Наадхыг чинь юу гэдэг билээ, хүү минь?” “Унтраалга” “Наадах чинь бас асаадаг юм шүү дээ, хүү минь.”
Унтраадаг асаадаг хоёр үүргийг нь хоёуланг нь багтаан нэр томъёо онооно гэвэл мөнөөх товч байх ёстой гэсэн шаардлага зөрчигдөхөд хүрнэ. Нэгэнт “унтраалга” хэмээн нэг талаар нь нэрлэсэн ч бүх хүн түүний цаана унтраахаас гадна бас асаах үүрэг бүхий энэхүү товчийг нэрлэдэг гэдгийг нийтээрээ хийсвэрлэн ойлгож байгаа учраас энэ нь зөв нэр томъёо мөн болно.
3. Бодомжоос оюун дүгнэлт гаргах нь
Өмнө ярьснаасаа бид доорх бодомжуудыг дүгнэн гаргаж авлаа.
А. Юм ба нэрлэлт хоёрын хооронд шууд холбоо байхгүй
Б. Нэгэнт шууд холбоо байхгүй учраас юмны угаасаа, мөн чанараараа зөв нэрлэлт гэж байх боломжгүй
В. Нэрлэлт нь нэрлүүлж байгаа зүйлийнхээ бүхий л талыг тоочин үзүүлж чадахгүй.
Г. Нэрлэлт, нэрлүүлж байгаа зүйл хоёрын хооронд хийсвэрлэх сэтгэлгээний холбоо тогтож чадсан тэр л үед тэрхүү нэрлэлт “зөв” болно.
Энэхүү дөрвөн бодомжоос оюун дүгнэлт хийж үзвэл: жишээ нь компьютер, тооцоолуур хэмээх хоёр үгний аль аль нь зөв ч биш, буруу ч биш, гагцхүү бид аль нэгийг нь сонгож олны хэрэгцээнд оруулан, ухагдахуун суутал нь давтан хэрэглэх учиртай, нэгэнт л алиныг нь ч сонгож болох бололцоотой юм бол монголыг нь сонгох нь хавьгүй дээр хэмээн үзэж байна.
4. Бага зүйлээс эхэлье, хамтдаа тэмцье.
Монгол хэлээр аль хэдийн орчуулагдсан боловч хэрэгцээнд гадаад үг нь илүүтэй байгаа үгсийг түүж гаргаад, Монгол улс даяар тардаг нийт хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой хугацаанд байнга монголоор нь цацах аваас ард нийтэд мөнөөх ухагдахуун, хэрэглээ гэдэг нь суух бололцоотой юм. Миний бие оюутнуудаараа өдөр тутмын хэд хэдэн сонины гадаад үгсийг түүлгэн тооцооллоо. (МУБИС-ийн Орос Монгол хэлний 2-р ангийн оюутнууд: 1. Өдрийн сонины 2008 оны 6 сарын 10-14, № 139-143 хүртэлх таван дугаар, Үнэн сонины 2009 оны 10 сарын 9, 16, 23, 24, 31-ний таван дугаарт ажиглалт хийсэн болно)
Ингээд сонин бүрт давтагдаж буй хамгийн нийтлэг, олон давтамжтай 10 үгийг жагсаавал:
Компьютер
Энерги
Тендер
Элемент
Анкет
Менежер
Програм
Телевиз
Лаборатори
Техник эдгээр болно.
Уриалга, санаа маань гэвэл: Ердөө энэ 10 үгээс л эхэлье. Нэр томъёо судлаачидтай тохиролцоод эдгээрт тохирох монгол үгсийг сонгоё. Энерги – эрчим, элемент – махбод, програм – хөтөлбөр гээд аль хэдийн тогтчихсон үгс ч байна. Ингээд бүх сонин хэвлэл, зурагт радио бүгд чухам энэ 10 үгийг бүтэн нэг сарын хугацаанд яг адил монгол үгээр нэвтрүүлье. Үүний тул сонины эрхлэгч нар, зурагтын дарга нар хамтдаа сууж гэрээ байгуулъя. Үр дүн нь тэр дороо харагдах байх хэмээн найдаж байна. Бүхий л мэдээллийн хэрэгслээр олон дахин тийн гараад байхаар хүмүүсийн дунд ойлголт гээч бий болно. 10 үгээ хэрэгцээнд амжилттай оруулж чадвал цаашаа ахиж болно. Бид нэр томъёог хэрхэн орчуулах вэ хэмээн маргаж, хэлшинжлэлийн онол хэт их ярьж, цаг их алдаж байхаар нэгэнт орчуулчихсан байгаа үгсээ хэрхэн нийтэд хүргэх вэ гэдэгт илүү цаг зарах хэрэгтэй байна.
Ердөө энэ аравхан үгийг зөвхөн монголоор бичээд, яриад хэвшээд эхэлбэл тун удахүй алим, яавлаг (яблоко) хоёрын үлгэр шиг болохыг хэн байг гэх вэ? Хэдхэн жилийн өмнө бараг бүх хүн “яавлаг” хэмээдэг байсан шүү дээ. Өдгөө тийн ярих улс улам бүр “цөөрсөөр” байна. Хамгийн сүүлчийн “яавлаг” гэдэг хүн “байхгүй болоход” (хүлцэл өчье) “алим” бүрэн ялах юм. Яг үүнчлэн нэгэнт харь үг хэлээд дасчихсан улстай ажиллахаасаа илүү хэвлэл мэдээллээр нэвтрүүлэн сонсгосоор байж залуу үедээ хэвшил болгох нь оновчтой болно.
М.Саруул-Эрдэнэ
www.dayarmongol.com
2010-01-05
No comments:
Post a Comment