2013-05-16

Д.Ганболд: “Холбооны техникийн орчуулга, технологийн судалгааг Герман хэлнээс хийхэд утга нь цэцэн сум шиг оновчтой, манай Монгол хэлэнд маш ойлгомжтой санаагаар буудаг”

Эх сурвалж: gogo.mn
-Дэлхийн цахилгаан холбооны өдөрт-

Өнөөдрийн зочноор  цахилгаан холбоо, электроник, радио телевизийн тоон системийн талаар анхны Англи-Герман-Монгол, Герман-Англи-Монгол түүвэр толь бичгийг зохиосон Мэдээлэл холбооны сүлжээ компаний  мэргэжилтэн Дамдингийн Ганболд оролцож байна.

Асуулт : Миний харж байгаа  холбоо мэдээллийн энэхүү толь бичгийг зохиох санаа анх яаж төрсөн бэ ?
Хариулт : Анх радио холбооны давтамжийн онолыг нээсэн их эрдэмтэн Хайнрих Херц амьдарч байсан Нордрайн Вэстфаллен мужийн өмнөд хязгаарт орших Хаймбах тосгоны гэр музейг үзэж байхад нэрт эрдэмтний өөрийн тэмдэглэл хийж байсан хэд хэдэн жижиг дэвтрүүд байсан нь над жижиг толь хийх санааг эхэлж бодогдуулсан. 

Херц өөрөө цаас хайчилж маш нягт зузаан үдсэн дэвтэр дээр яг өөрийн  нээсэн  өндөр үелзлэлийн  дохиог алсад дамжуулж болох тухай хэлхээний зураг, дамжуулагч утас, антенныг янз бүрээр харандаа, үзгээр тэмдэглэж, таамаглал зургийг тооцоолсон нь их сонирхолтой  харагдсан. Энгэрийн халаасанд нь байнга явдаг байсан гэсэн. Гэр музейд физикийн хичээлийн дадлага хийхээр сургуулийн сурагчид, радио спорт сонирхогчид олноор ирж байлаа. 

Асуулт : Яагаад заавал герман хэлээр дамжуулж хийх болов ?   
Хариулт:  Сурагч байхаас эхэлсэн хобби  энэ орны  соёл урлаг , техникийн шинжлэх ухаантай салшгүй холбоотой.  Би хэлний мэргэжилтэй биш л дээ,  миний хувьд электроник, цахилгаан холбооны техникийн  орчуулга, судалгааг герман хэлнээс хийхэд утга нь цэцэн сум шиг оновчтой санагддаг. Манай монгол хэлэнд маш ойлгомжтой тод санаагаар буудаг. Анх Богд хааны үед “Опель” дугуй, машин монголд ирж түүний дараагаар орж ирсэн зөвлөлт, оросын   технологи нь үндсэндээ герман технологитой ижил, учир нь оросууд машин техник, цахилгаан хэрэгслийн гээд гол гол техник технологийг герман технологоос шууд хуулбарлан авсан байдаг, тэгээд ч түүнийг дагалдан олон тооны үг орос хэлээр дамжин орж ирсэн. 

Жишээ нь:   үйлдвэрийн “фабрик”, машин техникийн “aвтo”,   хөдөлгүүрийн “ мотор”,  дамжуулагч утасны “кабель”,   сантехникийн “слесарь”  ,  өсгөгчний “штикер” залгуур  гээд маш олон герман үг  манайхны  үг хэллэгт бий. 

Асуулт:  Дараагийн энэ лавлах толь нь өмнөхөөс юугаараа ялгаатай вэ ?
Хариулт:  Энэ шар хавтастай нь бол үндсэн стандартын лавлах, холбоо мэдээллийн гол стандартуудыг нэгтгэсэн, хэн ч ашиглахад ойлгомжтой,  хөдөө орон нутгийн холбоочиддоо зориулж гаргасан, хөх хавтастай нь англи хэл дээр гаргасан бас л хөгжиж байгаа орнуудын  хөдөөгийн холбооны салбарт ажиллагсдад зориулсан  бүх стандарт, технологийн шаардлагыг маш ойлгомжтойгоор бичсэн, тийм болохоор “Easy book”  гэж нэрлэсэн, цөөхөн хэвлэгдсэн ч  чанартай номнууд, ази африкийн хэд хэдэн орны мэргэжил нэгт хүмүүс, мөн салбарын чиглэлээр суралцаж байгаа дотоод, гадаадын оюутан сурагчид , радио электроник  сонирхогчид их сонирхдог, тэдэнд юмыг батжуулж мэдэхэд нь тус болж байгаа болохоор болж байгаа нь гэдгийг авсан хүмүүс эргэж хэлдэг болохоор над их урамтай байдаг, энэ бол над том шагнал.

Энэ завшааныг ашиглаад   мэдээлэл холбооны өдрийн баярын мэндийг тохиолдуулан  хамт сурч, ажиллаж  байсан бүх танил, ах дүү хамаатан, найз нөхөд болон салбарынхандаа танай сайтын булангаар уламжлан амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг дэвшүүлье.
Я.Хүрэлхүү

No comments:

Post a Comment