2012-10-23

Баабарын дөрөвний нэг

Эх сурвалж: gogo.mn

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор долоон тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн массаас даруй 5,000,000,000,000, 000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл та машинаар 100км/цагийн хурдтайгаар 70 орчим хоног өдөр шөнө тасралтгүй давхиж байж туулах зайг хэлнэ. Тэгвэл хэн нэгэн хүний дөрөвний нэг гэж юу гэсэн үг вэ?

Саяхан манай алдарт нийтлэлч Баабар гуай өөрийн нэг хүнтэй хамтран орчуулж буй номны нэгээхэн хэсгийг цахим хуудсаараа дамжуулж нийтлэв. Тэрхүү номыг Бил Брайсон хэмээх хүн 2003 онд бичсэн бөгөөд янз бүрийн шинжлэх ухааны ойлголт нээлтүүдийг тэдгээрийн нээгдсэн түүхэн замналаар нь энгийн үгээр тайлбарласан байдгаараа онцлог тиймээс ч бусад амжилт олсон “popular science” төрлийн номнуудын адилаар ялангуяа Европод олон хувь зарагдсан юм. Уг орчуулах гээд байгаа номыг та http://www. huzheng.org/ book store/ A Short History of Nearly Everything. pdf үнэгүй, англи хэл дээр pdf форматаар татаж авж болно:

Харин Баабар гуайн орчуулга нийтлэлийг нь http://baabar.niitlelch.mn/content/4493.shtml   холбоосоор уншиж болно:

Би яг тулгаад үзсэн чинь энэ номны 125-133 хуудас хоорондох материалыг  авч, орчуулах гэж их л яарсан бололтой юм.

Миний хувьд одон орон, физик судлах гэж номын дуу сонсож байгаа хүн. Тиймээс одон орон судлалын талаар  хүмүүст үнэн зөв бодит мэдээлэл,  мэдлэг  хүрч байгаасай гэж хүсдэг жирийн л нэгэн. Тэр ч үүднээс буруу зөв мэдээлэл энэ тэнд гарахаар нь засаж залруулаад сэтгэгдэл үлдээчихдэг, зарим тохиолдолд нийтлэл бичсэн зохиогчид руу  шууд цахим шуудангаар зурвас илгээчихдэг юм. Ганц нэг нь баярлалаа гээд засна. Гэхдээ ихэнх нь өөрсдийнхөө бурууг хүлээхээс эрс татгалздаг. Тийм хүмүүсийн нэг нь “Зууны манлай” нийтлэлч гэгддэг Баабар гуай байсан гэдгийг нэлээд хожуу ойлгов.

За юуны өмнө Баабар гуайн зөвхөн “орчуулгад” ямар ямар алдаанууд байгааг нь та бүгдтэй тодорхой хуваалцъя. Хашилтан дотор номны эх өгүүлбэрийг нь бичээд, араас нь Баабарын орчуулгыг нь залгаж тавиад алдаатай хэсгийг тодруулан зурав.

(((1))) BB 125:

“Nobody knows even approximately how many asteroids there are tumbling through space, but the number is thought to be probably not less than a billion.”

Баабар: “Сансарт хэдэн ширхэг астэроид хөвж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ тоо арай ч тэрбум хүрэхгүй байх.”

Засвар – нэг тэрбум хүрэхгүй бус нэг тэрбумаас илүү гэсэн санааг уг нь  зохиогч хэлсэн байна.

Тайлбар – бид хичнээн бага гаригууд манай нарны аймагт байдгийг нь мэдэхгүй ч нийт бага гаригуудын масс хэр их вэ гэдгийг нь сайн мэднэ, тэр нь манай сарны массын  дөрөв  орчим хувьтай тэнцэх хэмжээний масс. Нийт тоогоор нь харьцуулвал том хэмжээтэй бага гаригууд маш цөөн, ихэнх нь маш жижиг биетүүд юм.

(((2))) BB 125:

“They are presumed to be planets that never quite made it, owing to the unsettling gravitational pull of Jupiter, which kept—and keeps—them from coalescing.”

Баабар: “Бархасвадийн сул татах хүчнээс болоод тэд гариг болж арай чадаагүй ч түүнд сулавтар байдлаар татагдсаар байгаа биет гэж үздэг.”

Засвар – Бархасбадь  бол манай нарны аймгийн хамгийн том гариг шүү дээ, түүний сул татах хүчнээс нь биш хүчтэй татах хүчнээс нь болоод эдгээр бага гаригууд нь одоо хүртэл гариг болж нэгдэж  нийлэх боломжгүй байдаг гэсэн  санааг  зохиогч номондоо өгүүлсэн байна.

Тайлбар – бидний одоогийн ойлголтоор бархасбадь нь аль дивангарын үеэс одоог хүртэл эдгээр бага гаригуудад хүчтэй таталцлаараа их хэмжээний энерги өгч хурдассаар ирсэн учир бага гаригууд мөргөлдөхөөрөө хоорондоо нэгдэж томрох бус задарч бутраад гариг болж чадахгүй байгаа хэрэг.

(((3))) BB126:

“Altogether it is thought—though it is really only a guess, based on extrapolating from cratering rates on the Moon—that some two thousand asteroids big enough to imperil civilized existence regularly cross our orbit.”

Баабар: “Манай дэлхийн ойр орчимд хоёр мянга орчим хангалттай том астэроид тогтмол эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Аль нь ч хүний иргэншлийг устгачихуйц аж.”

Засвар – саран дээрх солирын бөмбөгдөлтийн тогоонуудын насыг нь хэмжиж байгаад бөмбөгдөлтийн эрч түүхэнд хэр их байсныг судлаачид барагцаалжээ. Энэ барагцаалал дээрээ үндэслээд хүн төрөлхтөнг сөнөөх хэмжээний 2000 орчим том бага гаригууд дэлхийн тойрог замтай байнга огтлолцож байдаг гэж дүгнэсэн байна.

Тайлбар – Өмнөх параграфийг нь Баабар гуай орчуулалгүй алгассан тул жаахан ойлгомжгүй байгаа байх. Зарим бага гаригууд нь нарны аймгийн төв хэсгээр дайрсан тойрог замтай байх ба эдгээрийг монголоор эрчимт аюулт биетүүд гэдэг шиг санаж байна. Гэхдээ сансар маш уудам тул дэлхийн тойрог замтай огтлолцож байна гэдэг нь ойрын ирээдүй байтугай ойрын хэдэн 1000 жилийн дотор дэлхийг мөргөнө гэсэн үг биш юм шүү.

(((4))) BB 126:


“According to Timothy Ferris, writing in the New Yorker, such near misses probably happen two or three times a week and go unnoticed.”

Баабар: “Иймэрхүү ойрхон зөрөлт ер нь долоо хоног бүр нэгээс хоёр болдог”

Засвар – Хэн ингэж хэлснийг бичихгүй алгассан болохоор эрдэмтэд судлаад ингэж дүгнэсэн юм шиг сонсогдож байна. Энэ Тимоти Феррис гэж нөхөр чинь хуульч мэргэжилтэй сэтгүүлч хүн болохоос биш бага гариг судалдаг хүн биш.

Тайлбар – 5-10м-ийн диаметертэй биет дэлхийтэй угаасаа ойрхон байнга зөрж л байдаг (энэ яриад байгаа 1991 ВА ч гэсэн  таван метрийнх л байсан), жилд дунджаар нэг удаа дэлхийг мөргөдөг. Хэмжээ нь жижиг учир дээд агаар мандалд хүчтэй дэлбэрэлт бий болгоод л дуусна. Тэрнээс биш гадарга дээр ирж амжихгүй. Дэлхийн гадарга дээр аюул заналхийлэх биет долоо хоногт хэд хэдээрээ дэлхийн ойролцоо зөрдөггүй, сайндаа л хэдэн зуугаас хэдэн мянган жилд нэг удаа зөрнө.

(((5))) BB126:

“An object a hundred yards across couldn’t be picked up by any Earth-based telescope until it was within just a few days of us, and that is only if a telescope happened to be trained on it, which is unlikely because even now the number of people searching for such objects is modest.”

BB 131: “I asked them how much warning we would receive if a similar hunk of rock was coming toward us today. ”Oh, probably none,” said Anderson breezily. “It wouldn’t be visible to the naked eye until it warmed up, and that wouldn’t happen until it hit the atmosphere, which would be about one second before it hit the Earth. You’re talking about something moving many tens of times faster than the fastest bullet.”

Баабар: “Хэдэн зуун метр өргөнтэй обьектийг бидэн дээр ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө л дэлхий дээр байгаа телескопууд илрүүлж чадна. Гэхдээ хэрвээ тухайн телескоп дээр дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа бол шүү дээ. Дахин үүнтэй төстэй чулуу биднийг чиглээд ирвэл бид хэр эрт мэдэж чадах вэ? Бараг мэдэх боломжгүй. Халах хүртлээ астэроид энгийн нүдэнд харагдахгүй. Харин астэроид агаар мандалд орсныхоо дараа л халж, шатах болно. Түүнээс хойш бараг ганц секундын дараа л дэлхийтэй мөргөлдөх болно. Бид хамгийн хурдан сумнаас ч олон арав дахин илүү хурдтай зүйлийн тухай ярьж байна шүү дээ.”

Засвар – Таван хуудсын зайтай хоёр  өөр юмны талаар ярьж байгаа хэсгүүдийг нийлүүлж бичсэн байгааг анзаараарай! Эхний хэсэг дээр нь хэдэн 100 метрийн диаметертэй биш ойролцоогоор 100 метрийн  хэмжээтэй  биетийн тухай ярьж байна. Бас тухайн дуран тэр биет дээр хэмжилт хийхэд тааруулагдсан бол гэж ярьж байгаа болохоос биш дуранг ажиллуулж байгаа хүний дадлага туршлага энд ямар ч падлийгүй. 1991 ВА гэж таван метрийн хэмжээтэй бага гаригийн тухай бичсэн параграфийн дараа нь шууд 2 км-ийн өөр биетийн тухай ярьж байгаа зүйлийг бичингүүтээ үүнтэй төстэй гэж холбосон нь шал буруу ойлголт хүнд төрүүлнэ.

Тайлбар – Тухайн бага гариг мөргөхөөсөө өмнө нээгдэх магадлал нь түүний харьцангуй хэмжээнээс шууд квадрат хамааралтай. Тиймээс 100м эсвэл хэдэн 100м гэх нь маш өөр хоёр магадлалыг илэрхийлнэ. Дуранг шууд тэнгэр рүү харуулаад зураг аваад бага гаригийг нээчихгүй, аль зэрэг бүдэг, аль зэрэг хурдан хөдөлж байгаа биетийг ажиглахаасаа хамаараад төхөөрөмжүүдэд тохиргоо хийх хэрэгтэй. Таван хуудсын дараа ярьж байгаа 2км-ийн диаметертэй асар хурдтай дэлхийг мөргөсөн биет нь одоогийн АНУ-ын Айова муж улсын нутагт 70 гаруй сая жилийн өмнө унаж, 40км-ийн диаметертэй тогоо үүсгэсэн байдаг юм, энэ биет 1991 ВА-аас зарчмын хувьд шал ондоо биет. Дашрамд хэлэхэд одоо цагт ийм биет дэлхийг мөргөх гэж байгааг хэн ч мэдэхгүй өнгөрнө гэдэг бараг боломжгүй зүйл.

(((6))) BB 132:

“Shoemaker-Levy 9 had been orbiting Jupiter in a fairly conspicuous manner since 1929, but it took over half a century before anyone noticed.”

Баабар: “Шүмэйкэр-Ливай-9 астэроид Бархасвадийг 1929 оноос хойш сэжигтэйгээр тойрч байсан ч ноцтой байдлыг нь хэн нэгэн ажиглах хүртэл хагас зуун жил өнгөрсөн байсан юм.”

Засвар – Шүмейкер-Леви-9 биет нь задарч олон хэсэг болсон сүүлт од байсан болохоос биш бага гариг байгаагүй (астероид биш). Хагас зуун жилийн дараа хэн нэгэн ноцтой байдлыг нь ажигласандаа биш, уг биет чинь өөрөө 1993 оны 3-р сард нээгдсэн юм. Өмнө нь энэ биетийн талаар хэн ч юу ч мэддэггүй байсан.

Тайлбар – ШЛ9 биет нь нээгдсэнийхээ дараа жил буюу 1994 онд Бархасбадь гаригийг мөргөж агаар мандалд нь том том ул мөр үлдээж байсан. Энэ талаар миний бичсэн нийтлэл бий.  Бага гариг болон сүүлт од хоёр  нь зарчмын хувьд ондоо биетүүд юм. Бага гариг нь чулуулаг болон янз бүрийн металлаас бүрддэг. Нарны аймгийн төв хавьцаа, ихэнхдээ Ангараг Бархасбадь хоёрын дунд оршино. Харин сүүлт од нь чулуулгаас гадна янз бүрийн мөс болон тоосонцороос тогтдог ба манай нарны аймгийн захад оршино. Энэ нийтлэлийн хүрээнд гарч ирэх хамгийн том ялгаа нь сүүлт од болон бага гаригийн тойрог замын шинж чанарууд нь хоорондоо өөр байдаг явдал юм. Сүүлт оддын нягт нь бага гаригаас бага боловч хамаагүй өндөр хурдтай нарыг тойрдог учир жижиг сүүлт од дэлхийг өндөр хурдтай мөргөх нь том бага гариг мөргөсөнтэй адилхан гэж барагцаагаар ойлгож болно.

Би энд энэ номын хуучирсан агуулгын алдааг бараг дурдсангүй шүү. Тэрийг нь дэлгэрүүлж бичнэ гэвэл энэ нийтлэлийг өнөөдөр бичиж дуусгахгүй нь. Дандаа л цэвэр орчуулагчийн алдаануудыг нь би түүж бичлээ. Энэ нийтлэлийг бичихдээ уг номын энд тэндээс нь хам хум авч, буруу зөрүү орчуулсан юмаа жонхуу шиг нийлүүлчихсэн байгаа юм. Тиймээс үүнийг уншсан хүн  зөв  ойлголттой болно гэдэгт би лав эргэлзэж байна. Санаатай ингэж гурилдаад байна уу эсвэл мэдэхгүйгээр ингэж хариуцлагагүй орчуулаад байна уу гэдгийг ёстой би таашгүй. Тиймээс л уншигчдад үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс орчуулга алдаатай, бас нийтлэлийн агуулга өөр байна гэдгийг нь анхааруулсан зурвасыг Баабар гуай руу цахим шуудангаар нь явуулсан юм. Өмнө нь ч би Баабар гуайн өөр нийтлэл дээр нь алдаа мадаг байна гэдгийг нь хэлж, алдаануудыг нь дэлгэрэнгүй тайлбарлаад бичиж өгч байв.  Харамсалтай нь түүнээс ирсэн хариу нь үндэслэлгүйгээр өөрийгөө хаацайлсан маягтай, дээрээс нь бас болоогүй мухар сүсгийн хачин, хачин юм биччихсэн  байдаг байлаа. (та бүгд хүсвэл би тэр үед солилцсон цахим шуудангуудаа хуваалцаж болно).

Орчуулгын алдаа өөрөө утгын алдаанд хүргэдэг. Тэр дундаа хүн бүрийн мэдэхгүй одон орон судлал, гариг ертөнц, сүйрэл мөхлийн тухай хүн бүр элдэв зүйл ярьж, бас нэг хэсэг нь айж сандарч, нэг хэсэг нь элдэв цуурхал тарааж байгаа үед энэ нийтлэл үнэн бодитой байгаасай гэж хүссэн хэрэг. Үнэндээ Баабарын нийтлэлийг уншсан уншигчдын сэтгэгдэл ч гэсэн үүнийг батлаад өгнө. Орчуулга алдаатай байна гэдгийг хэлсээр байхад эргэж хянаж үзэхийг ч хүссэнгүй. Тиймээс би нийтлэлийнх нь дор сэтгэгдэл үлдээчихсэн юм.

Орой гэртээ ирээд шуудангаа шалгатал Баабар гуай зурвас ирүүлжээ.

Өөрийнх нь хэлсний дагуу тухайн номтой нь тулгаж, орчуулга буруу байна гэдгийг анхааруулж хэлсэн гэдгийг Баабар гуай сайн ойлгоогүй бололтой. Уг номын хэсэг, хэсгээс нь хам хум авч, байгаа юмыг нь буруу орчуулаад хамаагүй нийтлүүлж хутгаж алдаатай юм хийснээ бас номруугаа чихэх санаатай. Баабар гуай энэ номыг “Дэлхийг байлдан дагуулсан ном”хэмээн рекламдаж байгаа.  Гэхдээ Англид 2006 оны байдлаар нийт 300.000 орчим борлогдсон ном.  Энэ ном муу ном биш. Гэхдээ дэлхийг байлдан дагуулсан ном биш гэдгийг олон хүн мэдэж байгаа.  Яг дэлхийг байлдан дагуулсан гэж ярих гэж байгаа бол Карл Саган, Стивен Хоукинг, Ричард Докинс, Стивен Вайнберг, Рожер Пенроуз гэх мэт олон сая хувь борлогдож, олон арван хэлээр орчуулагдсан бүтээлүүд цөөнгүй бий.

Би уг нь Баабарын нийтлэлүүдийг байнга уншдаг уншигчдын нэг нь. Нөгөө талаас Баабар бол Монголын нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж дотроо хүндэлж явдаг. “Дори идэр дүүдээ”, “Нүүдэл суудал” гээд түүх,  нийгмийн асуудлуудыг хөндсөн бүтээлүүд нь олон хүнд, тэр тусмаа залууст хүрч амьдралд зүг чигээ олоход нь сайнаар нөлөөлсөн байхыг би үгүйсгэж чадахгүй. Гэтэл хүндэлж явдаг нийтлэлч маань надад тун хачирхалтай доорх зурвасыг илгээсэн байх юм.

Энэ нөгөө бидний мэддэг алдарт соён гэгээрүүлэгч Монголын ганц сэхээтэн Баабар гуай мөн үү. Хүний сэтгэгдэл ухаж ийм жижиг, сажиг хэрүүл хийж явахын оронд тэр хүн орчуулгаа алдаатай байна уу, үгүй юу гэдгийг хянаж үзэж чадахгүй байгаад үнэхээр харамсах сэтгэгдэл төрснийг нуугаад яахав.  Би Баабар гуайг зарим сэтгэгдэл бичигч шиг доромжлоогүй, бас элдвээр харааж зүхээгүй. Хамгийн гол нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргээсэй л гэж маш тодорхой юм бичсэн. Гэтэл тэр хүн  IP хаягаар надад интернет үйлчилгээ үзүүлдэг газрын хаягийг нь барагцаалснаа гайхуулж байгааг  хараад бүр их гайхав. Би хэнээс ч нуугдах гэж оролдоогүй, ямар сайндаа нэрээ “Т” гэж байхав дээ. Миний амьдралдаа Баабарын нийтлэлд бичиж байсан цөөн хэдэн сэтгэгдэл бүгд ийм хаягаас ийм нэртэй хийгдсэн.

Залуу хүний хувьд энэ бүгдээс гурван зүйлийг сайтар ойлгож авлаа.

Нэгдүгээрт,  яаж ч хөгширч, зөнөсөн бай хүний үгийг тэр дундаа шүүмжлэлийг хүлээж авч эргэцүүлдэг байх.

Хоёрдугаарт, хэзээ ч  хэдэн хүний магтаалд хөөрч, өөрийн хэлсэн ярьсан болгоныг туйлын зөв мэтээр эсвэл өөрийгөө нээх их өндөр уул мэт болсонд бодохгүй байх

Гуравдугаарт,  юм хийвэл дараа нь хэний ч өмнө нүүр улайхааргүйгээр сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ухаарч авлаа.

Шинжлэх ухаан, танин мэдэхүйтэй холбоотой ном орчуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ алдаатай орчуулж, бусдад буруу мэдээлэл өгснөөс бүр орчуулахгүй хаясан нь дээр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх байлгүй.

Ер нь тэгээд алдаагаа эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд засчих “хоншооргүй” хүний дөрөвний нэгд нь хүрэхийн төлөө залуу хүмүүс зүтгэх хэрэгтэй юу.  Баабарын дөрөвний нэг гэж  ямар хэмжээс байдгийг олох гэж өөрөө өөрийгөө зовоох шаардлагагүй гэж бодож байна. Та бүгд өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз дээ.

2 comments:

  1. Baabar chin uuruu orchuulgaa hiihee boliod heden huuhduuded tasdaad ugcdug bolsiin bishu, tegeed daraa n tsugluulj avaad edit hiisen bolood boloo...tiim uchraas l deerhi metiin hachin harvaas oilgomjtoi aldaanuud hiigeed baigaa...

    ReplyDelete
  2. nepkogiin nomiig hamaagui avaltgui yum bn daa

    ReplyDelete