2011-05-11

Ж.НЭРГҮЙ: “Хүн, араатан, бурхад”-аа хулгайлуулчихлаа ...

Түүний орчуулгын бүтээлийн сонголт тун өвөрмөц байдгаараа бусдаас давуу, сонирхолтой байж чаддагийг уншигчид андахгүй. Нэг сонсоход Сергей Есениний “Сонгодог шүлгүүд”, нөгөө сонсоход Саддам Хусейны роман, эсвэл бүр доошлоод Тополийн “Ор хөнжлийн Орос орон”, эсвэл бүр дээшлээд Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”-ийг гаргачихсан дуулддаг. Заримдаа түүнийг Бароны үнэнч анд хэмээн хошигнох нь бий.

Учир нь Барон Унгерн гэдэг хүний талаар манайхан дайсан гэдгээс өөр ойлголтгүй байхад тэрбээр өөр өнцгөөс нь харж, судалсан нэгэн юм. Бас нэг зүйл гэвэл, Ж.Нэргүйг Монголдоо бүхэл бүтэн Чойбалсан хотын ундны ус цэвэршүүлэх станцыг эхлээд аж ахуйн аргаар босгож, дараа нь социализмын үеийн Оросын нэгэн том Хүрээлэнгийн зураг төслөөр бүрэн телемеханик удирдлагатай станц бариулсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэр нь өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе гэнэ. Одоо харин нийгмийн оюун санаа, сэтгэлгээг цэнгэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй түүнтэй ярилцлаа.

-Цэвэр, бохир усны мэргэжилтэй хүн яаж яваад бичгийн хүн болов?

-Минскт тэр мэргэжлээрээ сурч, төгссөн юм. Тэр үеийн нийгмийн захиалга юм уу даа. 70-аад оноос их барилгажилт хүчээ авахад түүнд чинь суух хүмүүсийнхээ усыг нь бэлдэх, хаягдлыг нь зайлуулах хэрэгтэй болдог юм байгаа биз дээ. Шинжлэх ухааны талаас нь шүү дээ. Ингээд л анхны 10 гаруйхан мэргэжилтний нэг болох хувь хүртсэн. Харин хүн бүр дурласан, сонирхсон ажлаа өөрөө сонгож болох нийгмийг авчирсан 1990 оны ачаар л хар багын мөрөөдлийнхөө зам руу орчихсон юм.

-Инженер байсан үеэ дурсаач?

-Уг нь анхны мэргэжлээрээ 13 жил ажилласан л даа. 10 жилд нь Дорнодын Ус, сувгийн ерөнхий инженерийн алба хашиж. Шинэ жилийн шөнө хагарсан шугамаа гагнаж хот руу ус өгөх гээд нусаа хамартаа нааж л яваа, тэвэрт багтамгүй бүдүүн бохирын яндан дундуур ч мөлхөж л явлаа. Цэвэрлэх диск нь дотроо гацчихгүй юу. Тиймэрхүү л ерөнхий инженершүү юм байж. Шингэн хлорт ч цохиулж л явлаа. Ногоон утаа суунаглаад л явчихсан. Амьсгаа авч чадахгүй, нүд л бүлтэлзээд байгаа юм чинь. Өлзийсайхан гэж хлорчинтойгоо хоёулаа арайхийн гүйж гарсан.

Одоо ч хоёулаа амьд шүү. Энэ их амьсгаадаад байгаа маань нийслэлийн утааных гэж бодоод байсан чинь, тэр л хлорынх байж таарлаа гэж одоо бодоод байгаа юм. Хүмүүс тамхиных л гэдэг юм. Миний тамхи бол энэ хотын утаа, майны дэргэд экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ. Өдий зэргийн хорыг бол яахав, зөвшөөрөхөөс дөө гээд лабораториор эрхбиш оруулчихсон юм чинь. За тэр ч яахав.

Манай Дорнодын төвлөрсөн хангамжийн ундны ус зэв ихтэй, шингэхэн хар цай шиг л юм байдаг байлаа. Хүрэн нүүрсний ордтой газрын ундны усны эх булагт төмрийн дутуу исэл их байдаг юм. Түүнээс салах ганц арга бол Төмөргүйжүүлэх станц. Зэвнээс нь ангижруулна гэсэн үг. Шугам угаагаад ч, гүний худгаа тэсэлгээний аргаар лайдаад ч нэмэргүй. Тийм станцыг зөвлөлтийн мэргэжилтэнтэйгээ анх ашиглалтад оруулж байсан сайхан үе байлаа.

Монголд өөр хаана ч байхгүй. Багануурын оросууд ч босгож чадаагүй зүйл. Одоогийн энэ МонИнжБарынхан барьсан юм. Хмелевский гэдэг тэр орос инженерийн л ач даа. Хөөрхий минь одоо Эльбрусынхаа хормойд, тэр жилийн Гүржийн бөмбөгдөлтөнд байшингаа сүйрүүлчихээд сууж байдаг юм гэсэн.

-Ер нь нэг хэсэг манайхан ажилдаа эзэн болж, хийсэн шиг хийдэг байсан шүү.

-Тэгэлгүй яах юм бэ! 1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэс л үндэсний мэргэжилтнүүд маань чадваржиж эхэлсэн шүү дээ. Одоо бол харин чадвартай, оюуны талх бэлтгэж чаддаг хүмүүс нь нийгмийн пирамидынхаа орой дээр сүндэрлэх биш, хормойд нь хэвтэж байдаг цаг ирж.

-Уг нь та түрүүн ардчиллын ачаар гэж ярьж байсан. Гэтэл одоо эсрэгээр нь сөрөг талаас нь яриад байх юм.

-Тэр үеийн ардчилал одоо утгаа алдаад будаа байтугай “пида”/хүүхдүүд бүтэн хэлж чадахгүй ингэж хэлдэг биз дээ/ болчихоод байна. Өнөөдөр, тэртээ дээр байгаа хүмүүсийг сэтгэлгээнийх нь ёзоороор солихгүй бол нийгэм маань уулын уруу руу өнхрүүлсэн чулуу адил доошоо л жирийсээр байх болно. Ийм байгаагийн гол шалтгаан нь сэтгэлгээний хоосрол, туслах шалтгаан нь олигтой сөрөг хүчин байхгүйд л байгаа юм.

-Өнөөдөр Монголд сөрөг хүчин байгаа биз дээ?

-Байхгүй ээ, байхгүй. Ардчиллын эхэн үед байсан, 2000-2004 онд байсан. Түүнээс хойш манайд өөрсдийгөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд бодчихсон 77 хүн л байна. Нэг нь л хууль ёсных, бусад нь завшигчид. Бүгдээрээ ч биш л дээ. Хүчтэй сөрөг хүчингүй улс орон хэзээ ч хөгжихгүй. 77 толгойтой могой үхэр тэргэнд ч дайруулна.

-Одоо тэгээд яахав?

-Хүчтэйхэн Ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан намынхан парламентад байгаа цагт Үндсэн хуулиндаа тийм өөрчлөлт хийхгүй. Тэд чинь ардчиллынхаа зарчмаар “Бүгдээрээ зөвлөвөл буруугүй” гэдэг ардын мэргэн үгийг үхтлээ баримтална. Бүгдээрээ зөвлөөд буруу юм хийчихвэл хариуцлага хүлээхгүй, хэн рүүгээ ч чихэж чадахгүй, амар шүү дээ.

-Хуучин МАХН ч гэсэн их л туйлширдаг шүү дээ.

-Тэд бол түүвэрлэж авсан түүхийнхээ хуудаснууд дунд төөрчихөөд яадгаа алдчихсан улс. Барьсан ташуураа ч олж харахгүй байгаа. Тэгсэн мөртлөө ерөнхийлөгчөө үл тоомсорлоно. Ерөнхийлөгчид нь ч гэж эрх мэдэл хомс. 1990 оны Ардын их хурлын л гай. Эх орон маань эзэнгүй болсон. “Азаргаа алдсан адуу” гэдэг шиг. Олон эзэнтэй юм банзал хүүхэнтэй л адилхан.

-Таны яриаг сонсоод бас орчуулж байгаа бүтээлүүдийг тань харахад яагаад ч юм бэ тэрс үзэлтэн гэж төсөөлөгдөөд байх юм.

-Монголд одоо жинхэнэ утгаараа улс төрийн тэрс үзэлтэн байхгүй. Өмнө нь Р.Чойном, О.Цэрэндорж, “Япон” ЦэндТөмөр-Очир гээд жинхэнэ тэрс үзэлтэй, сэтгэл, зүрхэндээ үнэнч хүмүүс байсан. Ер нь тэрс үзэлтэн гэдэг чинь олон янз. Сэтгэлгээний, сахилга батын, улс төрийн тэрс үзэлтэн гээд л. Эсэргүү сэтгэлгээтэй гэсэн үг. Хүмүүсийн хэлдгээр, ертөнц даяар “хараалгасан” Саддам Хуссейны номыг орчуулдаг “тэнэг” амьтан намайг өөр өнцгөөс нь харвал оюуны тэрс үзэлтэн байж болох л юм.

-Тэгсэн мөртлөө өнөөх айхтар хурц нийтлэлүүдээ бичихээ больчихож.

-Хүний амьд явах арга нь юу вэ гэхээр бодит хандлага, зөв сонголт. Харин амьд явах хэрэгсэл нь бол оюун ухаан. Яг өнөөдөр манайд сэтгэлгээний хоосрол, оюуны өлсгөлөн болчихоод байна. Толгойд нь юм хийхгүйгээр хэчнээн сайхан хувьсгал хийгээд нэмэргүй гэдэг нь манайд батлагдлаа шүү дээ. Илжигний чихэнд алт хийгээд хэрэггүй гэдэг биз дээ. Тэгэхээр би элдэв юм бичиж хүний хараал идээд яах юм? Номоо л мэрээд сууж байвал барав. Ер нь урам хугарна гэж байдаг. Манайхан одоо тийм дээрээ тулчихаж. Оюунлаг, шударга хүмүүс урамгүй болж, хурц, хурц нийтлэлүүд бичихээ больж. Бичдэг байсан хэд нь дээр үеийн номч лам нар шиг “даяан хийх” гээд алга болцгоочихож, сураг нь тасарчихаж. Аливаа үндэстэн этносын хувьд мөхөл рүүгээ ойртохоор ингэдэг юм. Нийгэмдээ урам хугарна гэдэг чинь шударга хүмүүсийн нулимсны суваг бөглөрчихөөд байна гэсэн үг.

-Та ер нь хэзээнээс эхлэн юм бичиж, орчуулах болов? Өөрийн уран бүтээлээ яриач?

-Уг нь миний шүлгийг анх наймдугаар анги төгссөн бандирхуу юм байхад маань агуу их Гайтав гуай “Үнэн” сонинд тавьсан байдаг юм шүү. Төгсөж ирээд ус, сувгийн шугам хоолой, эхнэрийн пансан хормой, ээжийн ширүүн харц гурваас “эмээгээд” олигтой юм бичиж амжих ч үгүй, чадах ч үгүй байлаа. Ухаанаа олохгүй л байхгүй юу. Яахав, 1984 онд Дорнодод байхдаа анхны шүлгийн түүврээ гаргасан. Тэгээд жаахан шуурхайлж эхэлсэн. 2005 онд гаргасан “Сэтгэл хазгар биш бол…” түүврээ харин овоо болчихсон гэж сэтгэлээ зогоож явдаг шүү. Хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”-даа бол хамгийн их хайртай. 1990 оноос өмнө зөвлөлтийн мэргэжилтнүүдэд синхрон орчуулга хийж явснаас биш бичгийн орчуулга хийж явсангүй. 90-ээд оны сүүлээс л бичгийн орчуулгаа эхлэх шив дээ. Орчуулгын номуудыг маань мэдэх юм чинь тоочоод яахав.

-Та яагаад заавал Есенин, Барон Унгерн, Высоцкий гээд зарим хүний хэлдгээр түвэгтэй зүйл сонгож орчуулдаг юм бол?

-Миний хувьд гэвэл, амь зуух арга маань л энэ шүү дээ. Хэр сайн ном гаргана, төдийчинээ хэдэн төгрөг илүү орж ирнэ. Хэдэн ном маань л зарагдаж байвал болох нь тэр. Нэгдүгээр зарчим маань энэ. Хоёрт гэвэл нэгэнт л үгийн эрэлд хатаж үйлээ үзэж, үсээ үгтээх тавилантай юм бол хэн бүхний сонссоныг л дамжуулах гэж, хаана ч гэсэн байж л байдаг эрээн цаасыг л орчуулах гэж бөв бөөрөнхий толгойгоо цахим бичүүртэйгээ адилхан дөв дөрвөлжин болтол суугаад яах юм бэ! Орчуулга гэдэг бол миний хувьд “хообий” гээч нь байхаа болиод амь, насны маань салшгүй нэгэн хэсэг болчихлоо. Тийм болохоор сонин содонгоос нь түүж орчуулахыг л хичээдэг боллоо.

Сонин содон юм л ухаан тэлдэг. Тэрнийг нь харин монгол руугаа чинээнд нь тултал буулгах хэрэгтэй. “Алтан загасны үлгэр” шиг. Дэлхийд нэгэнт шалгарчихсан, соригдчихсон асар олон ном цаана чинь биднийг хүлээгээд хэвтэж байна. Нацагдоржийн “Хуучин хүү” шиг хөмөрсөн тогоон дотроо л суугаад байж болохгүй шүү дээ, энэ чинь. Уран бүтээл гэдэг чинь олон янз, түүнийгээ дагаад амь зуух арга нь бас олон янз.

Ухаандаа, би яруу шүлэг бичлээ гээд уншигчиддаа түр зуурхны сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээс биш, ухааныг нь нэмэхгүй. Данзангийн Нямсүрэнгийнх шиг авъяас надад байхгүй. Сэтгэлийн цэнгэлээр хорвоогийн хатууг давахгүй, ухааны бяраар туулна. Ухаантай юм уншиж байж л ухааны хэлтэрхий олж авна. Өөрийн олж уншсан өчүүхэн ч болов зүйлийг бусдад хүргэхийг л хүсдэг хүн. Өвгөчүүл үхэхээ дөхөхөөр ач нарынхаа толгойд юм хийхийг боддог биз дээ? Тэгэхээр ах чинь бол нэг сумаар хоёр туулай буудаж яваа хүн. Яагаад заавал тиймэрхүү Высоцкий мэтийг шүүрч аваад байна вэ гэхээр тэднүүсийг чинь над шиг танхай, солиотой нь л барьж авна шүү дээ. Высоцкий чинь жинхэнэ оюун санааны тэрс үзэлтэн байсан хүн.

Тэсэхээ байгаад тэсэрчихсэн юм. Тиймэрхүү хүмүүсийг орчуулна гэдэг бол ойлгоно гэсэн үг. Гэдэс дотрыг нь ёнзог тамжидаар нь онгично гэсэн үг. Яруу найраг гэхэд л уянгыг нь олно гэсэн үг. Тэрнээс биш “подстрочный перевод” (Үгчилсэн орчуулга. Сур.) гаргачихвал өнөөх Есенинийг чинь “Өө үхсэн баас, Есенин, Есенин л гээд сүйдээд байсан, иймхэн амьтан байсан юм уу?” гээд цааш нь чулуудчихна.

Орчуулагчийн хариуцлага гэж энийг л хэлдэг юм. Хэрвээ би өөрөө шүлэг бичих болбол хамгийн түрүүнд толгой дотор маань онгодоороо давхиад ороод ирсэн үгийг л цаасан дээр буулгах эрхтэй байдаг. Есенинийхийг тэгэх эрх надад байхгүй. Одоо чинь агуучуул алхам тутамд тааралдах болсон шүү дээ. Онгодтой болгон нь өөрийгөө Лхагвасүрэн гээд, орчуулдаг болгон нь өөрийгөө Аким гээд, дуулдаг болгон нь өөрийгөө Чимидцэеэ гээд бодчихдог байх. Би ч мөн саяхныг хүртэл тэгж л бодож явсан.

-Гэхдээ л таны орчуулгуудыг гайгүй сайн гэдэг шүү дээ.

-Яахав дээ, “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л тэр. Өгүүлэхүйн сайхан арслангууд нь тэнгэртээ морилчихсон болохоор жаахан гайгүй санагдаж байгаа хэрэг. Нэг л мэдэхэд Л.Хүрэлбаатар гуай шиг “Огторгуйн цагаан гардиуд” маань нисээд л явчихсан байх юм байна шүү дээ. Би ч өөрөө их гайгүйхэн шиг монголчлохыг хичээдэг. Тухайлбал, чи тэр Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” дотроос нэг юмыг анзаарсан уу?

-Юуг?

-Тэр 1000 гаруй хуудсан дотор чинь “ба” гэсэн үг ганц ч байхгүй.

-“Ямар “ба”?

-Яахав дээ, холбоос “ба” л байхгүй юу? “Чоно ба долоон ишиг”, “Ленин ба Октябрь” гэдэг шиг.

- Яагаад?

-Чадлаа үзүүлж байгаа юм. Даанч манайхан тэрнийг анзаарахгүй л дээ. “Ба” гэдэг чинь үг их муухай үг шүү дээ. Муухай сонсогдохгүй байна гэж үү?

-Гэхдээ л наадхи чинь жинхэнэ монгол үг шүү дээ?

-Тэглээ ч гэсэн, муухай (Ярвайв) үг... Өөр чи бас нэг юм анзаарсан уу? Энэ “Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”-ыг уншихдаа. Наад дотор чинь 86 үгтэй өгүүлбэр байгаа.

-86 үгтэй? Алинд нь байгаа юм бэ?

-“Ариун хайрын тухай шасдир” дотор нь байгаа. Бас л чадлаа үзүүлж байгаа юм. Гэхдээ Ринчин гуай, Навааннамжил гуай, А.Дашням гуай, Урианхай гуай энэ тэрийнхийг бодвол зүгээр л сорилт. Жинхэнэ монгол хэлнээсээ өдөр хоногоор холдож байгаа энэ үед залуучуудад хэрэгтэй шүү дээ. Наадхид чинь би хуучны сонгодог хэлний бичлэг оруулахыг хичээсэн юм. Эх зохиол нь ч тийм юм шүү дээ. Шекспирээс яг 75 жилийн өмнө бичигдсэн юм чинь. -

Нээрээ тийм байна шүү дээ. Би зүгээр л уншаад өнгөрчихсөн байна.

-Чамд анзаарагдалгүй өнгөрсөн л бол орчуулга нь болоод явчихсан хэрэг. Эмгэнэл болохоор их хүнд л дээ.

-С.Есенинийг ч гэсэн орчуулахад үг хэллэг нь хүнд, сэтгэлд буухад хэцүү гэх юм билээ.

-Сергей Есенин хүнд биш ээ, зүгээр л асар баялаг, тансаг хэлтэй найрагч. Гоё ш дээ, орчуулахад урамтай. Тосон дээгүүр гулгаж яваа юм шиг аваад давхичихдаг юм. Дурласан сэтгэлд бол гайхалтай бууна. Шүлгүүд нь ямархан тансаг билээ? Өглөөний нар шиг ариун тунгалаг, эсвэл хайрын бачуурал шиг хав харанхуй. Бачуураад байгаа мөртлөө дуулаад байдаг юм. Би саяхан Б.Лхагвасүрэн гуайн тулгаснаар оросын хараал, салхин сарны явдлын яруу найргийн нэг ном орчууллаа. “Ёстой элэг авнаа”. Сайн хараал, салхин сарны явдал хоёрыг бичээгүй зохиолчийг сайн зохиолч гэдэггүй юм. Тэрэн дотор гүн А.Толстой, тариачин Есенин хоёрын амаар тэмдэглэгдсэн, Петр хааны нэг амиар хэлдэг байсан 165 үгтэй хараал, “Запорожийн хасгуудаас Түрэгийн султаанд бичсэн захидал” ч байлаа. Тийм нэг уран зураг байдаг шүү дээ. Үнэн түүх байхгүй юу. Харин Петрийн хараалуудыг орхихоос аргагүйд хүрсэн. Уг нь би чинь усан цэрэг байсан орос, белорусь оюутнуудтай андалдаж л явсан хүн шүү дээ. Тэднүүс чинь нэг амиар 32 давхар хараалыг тоохгүй пулеметолчихдог улс.

-Таны Есенинийг нутагшаад эхэллээ гэх юм билээ.

-Уянгыг нь олсон юм байлгүй дээ. Ер нь Есениний уянга л хамгийн нууцлаг гэж оросууд ярьдаг. Түүнийг өөрийн болгохын тулд сонсголынх нь, хөгжмийнх нь мэдрэмжийг олсон байх ёстой юм гэсэн. Хэлнийхээ үзүүрт цөцгий шиг тамшаалах хэрэгтэй. Зөвхөн “Правда” сонины орос хэлтэй байх нь хангалтгүй. Яруу найрагчийн өчүүхэн ч болов авьяас хэрэгтэй, орос ахуйг нь мэддэг байх ёстой. Тэр ч бүү хэл, уран уншигч байх хэрэгтэй. Өмнө нь Есенинийг манай томчуул бөмбөчүүлж л байсан. Гэхдээ тэд уянгыг нь олох байтугай улиангарыг тоорой мод гээд буулгачихсан байдаг юм байна. Саяхнаас л олж үзлээ. Тэгэхээр чинь яаж нутагших юм бэ? Рязаньд юуных нь тоорой мод байхав гэдгийг логик талаас нь ч гэсэн эргэцүүлэх л ёстой байсан биш үү?

Тэр ч бүү хэл “Анна Снегина” найраглалд нь байдаг Слыхали дворцовые своды Солдатскую крепкую “мать” гэсэн хоёр мөрийн “свод, мать” гэдэг үгсийн салаа утгыг мэдэхгүй, “Ордны олон хуулиудыг мэдлээ. Орос цэргүүдийн хараалыг сонслоо” гээд туучихсан байгаа юм даа. “Свод” буюу “хүнхэр адар” гэдгийг “Свод законов” буюу “Хуулийн эмхэтгэл” гээд андуурчихаж. Энэ мөрөнд, бүр хашилтанд байгаа “мать” гэдэг чинь ээж гэсэн ч үг биш, хараалын ерөнхий нэр -“маты” ч биш шүү дээ. Уг нь бол “Шилтгээн харшийн хүнхэр адрууд Шивэртэй цэргүүдийн “эхийгээ охмор”-ыг ч сонсжээ” гэсэн хоёр мөр босох байж.

1917 оны намар Өвлийн ордон руу дайран орсон зэрлэгүүдийн дүр зургийг Есенин тэгж л буулгасан байдаг. Миний нэмсэн “Шивэртэй” гэдэг нь бол яахав, толгой холбохын тулд л оруулсан тодотгол үг. Шивэртэй байх нь ойлгомжтой л юм чинь. Одоо бол Есенинээс нэмж орчуулах юм надад л лав байхгүй. Ноднингийнхийгоо өөрөө дахин редакторлоод, дээр нь баяжуулаад гаргачихлаа. Энийгээ би “Классический перевод” (Сонгодог орчуулга. Сур) боллоо гэж бодож байгаа шүү. Манайхан ийм үг сонсвол боогоод үхчихнэ биз. Үнэн л юм чинь. Даанч манайд орчуулгын байтугай уран зохиолын судлаач гэж ганц ширхэг ч олигтойхон амьтан байхгүй.

-Даанч дээ?

-Үнэн, үнэн. Олигтойхон судлаачид байхгүй болохоор уран зохиол нь хөгждөггүй юм. Их, дээд сургуулиудынх нь гадаадын уран зохиолын программ ч гэсэн дээ, ядуухан шүү дээ. Судлал талдаа бол Билигсайхан гуай “Утга зохиол, урлаг” сонин дээр саяхан “Монголд ер нь олигтой роман байхгүй” гээд овоо юм дуугарчих шиг болсон. Дээхэн цагт гадаадын уран зохиолыг агуу мэддэг хүмүүс олон байсан юм аа. Талийгаач Готовын Нямаа гуай энэ тэр гээд л. Тэд бол Сонгодог орчуулга гэж юу байдгийг сайн мэддэг байлаа. Есенинээс хойш навс уначихаад, дайн тулаан, эх оронч үзэл, пролетарийн хувьсгалын тухай нийтлэлийн шүлгүүдээр онгодоо хазаарлуулчихаад байсан Оросын яруу найраг Пастернакийн Шекспирээр дахин өндийсөн байдаг юм. Шекспирийн эмгэнэлт жүжгүүд, хэд хэдэн сонетын Пастернакийн орчуулга л жинхэнэ Сонгодог орчуулга гэдгийг хавчиж хавчиж, дүрст лагшингаа номын агаарт хураасан хойно нь л, өөрсдөд нь гай болохоо болихоор нь л нэг юм хүлээн зөвшөөрсөн шүү дээ.

-Одоо сэдвээ жаахан өөрчилье. Та Барон Унгерны тухай нэлээд эртнээс бичиж, ярьдаг байсан. Түүний тухай түүхэн жүжиг, кино хүртэл бичсэн гэл үү? Энэ хүнийг яагаад ингэж онцолдог юм бэ?

-“1921 он” нэртэй жүжгийн зохиол бичээд драмын театраас зарласан уралдаанд өгөх нь өгсөн. Богд, Барон хоёрын эрхэмсэг харилцааны тухай, монголчуудын нүүсэн шатрын тухай өгүүлсэн юм. Бас өмнө нь нэг кино зохиол аятай юм бичээд ном болгоод хэвлүүлчихсэн. Одоо бол тэрнийгээ хаячихсан. Тусгаар тогтнолын үнэ цэнийн сурталчилгаанд зориулдаг мөнгө гэж Монголд байдаггүй юм байлгүй. Уг нь би энэ талаар Ерөнхийлөгчид хандаж захидал бичсэн. Энэ муу ёрын “Улаан баатар” гэсэн нэрийг сольё гэж ч бичсэн, тоохгүй юм аа.

Эсвэл наадуул нь Ээбээ даргад дамжуулдаггүй юм уу, эсвэл солихынхоо оронд нүүлгэх нь зөв гэж үзээд байгаа юм уу, бүү мэд. Өргөө гэвэл хичнээн сайхан сонсогдохов. Жинхэнэ шүншигтэй нэр гэдэг чинь тэр. Унгерны тухай киног уг нь Монгол Улс л түрүүлээд хийчих ёстой юм. Колчакийн тухай ямар сайхан эрхэмсэг кино байдгийг бид үзсэн. Колчакийн 5 метр өндөр хөшөөг Эрхүүд босгоод хэдэн жил болчихлоо шүү дээ. Хэн нь юунаас айгаад байгаа юм, мэдэхгүй. Сэтгэлгээний чин зориг л дутаад байгаа нь энэ.

Унгерн Монголд орж ирээгүй бол бид өнөөдөр Хятадын Өвөрмонголын л нэг провинци байх байсан. Би саяхан маш чухал хоёр баримт үзлээ. Юу гээч? 1920 оны арван нэгдүгээр сарын 4-нд Ажилчин, тариачны улаан армийн ерөнхий командлагч Л.Б.Каменев Барон Унгерны эсрэг тэмцэхэд нь Хятадын бүгд найрамдах улсад туслах тухай 6528 тоот тушаал гаргасан байна. Тэр тушаалд “Гадаад явдлын яамтай зөвлөлдсөн тул Хятадын талын хүсэлтийг хүлээн авч, цагаантан Барон Унгерны цэргийг Монголын нутаг дээр бүрмөсөн бутцохих үйл ажиллагаа явуулахыг тушааж байна” гэсэн байна.

1920 оны намар шүү дээ. Тэгээд л Щетинкиний дээрэмчин партизанууд наашаа цуваад эхлэхгүй юу. Үүнээс гадна Сүхбаатарын партизанууд улаан цэргийн тусламжтайгаар Хиагтыг чөлөөлсөн гэдэг. Тэр бол 1921 оны гуравдугаар сарын 18-нд болсон үйл явдал. Тэгвэл Монголын хувьсгалчдад туслах цэргийн ангиудыг оруулах албан ёсны шийдвэрээ 1921 оны зургадугаар сарын 23-нд л Бүх Оросын Төвийн гүйцэтгэх зөвлөл гаргаж, Ленин, Свердлов хоёр гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр зургадугаар сараас өмнө орж ирсэн цэргүүд бол…

-Ямар учиртай юм?

-Бароноор далимдуулж Монгол орныг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулсан. Хятадтай хийсэн хэлэлцээрийнхээ дагуу буюу ах, дүү гамингийнхаа дайсан Бароны цэргийг бут цохихоор ирсэн хэрэг шүү дээ. Нөгөө муу хэлээд байгаа Бароноосоо ялгагдах юмгүй, хэн ч дуудаагүй байхад саахалтынхаа айлд дайраад орсон хэрэг. Гэхдээ энд нэг их ухаарал байх ёстой. Улаан нь ч бай, цагаан нь ч бай Оросын хүчээр л манайх чинь Европ руу ойртсон юм. Муусайн гамингуудаас нь монголчуудыг салгаж өгсөн учраас Бароныг би хүндэлдэг. Ганц энүүгээр нь ч биш. Тэр хүн Богд гэгээнийг хаан ширээнд нь эгүүлэн залсан. Ирэх жилийн цагаан сарын шинийн 15-нд дахин заларсных нь 90 жилийн ой тохионо. Манайхан энэ тухай огт ярьдаггүй юм. Элэрч баларсан Хүннүгийн үеийг л яриад байдаг. Тэгвэл 1691 онд Манжид эзлэгдээд, тэрнээс хойш 220 жилийн дараа Монгол нутаг дээр анх удаа тусгаар улс байгуулсан хүн нь Богд хаан шүү дээ. Бароны цэргүүд ч гэсэн Монголд ялагдаагүй, зүгээр л байлдаж залхаад зугтаагаад явчихсан юм. 2500 хүн. Унгерны дараа Азийн морин дивизийг толгойлон үлдсэн тэр гурван хурандаад Монголоос дайны хөлийг зайлуулсных нь төлөө хөшөө босгох хэрэгтэй юм. Байлдвал байдсугай гэсэн бол ямар гээчийн цусан далайд Монгол орон маань живэх байсныг хэлж мэдэхгүй.

-Хэн, хэн гэдэг хурандаанууд?

-Торновский, Хоботов, Парыгин гэдэг юм. “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. Барон Унгерн” гэдэг номон дээр тодорхой байгаа шүү дээ. Манайхан дуугүй л суугаад байх юм.

-Түүхээ мэдэхгүй болоод ярихгүй байна уу, мэдсэн ч сөхөхийг хүсэхгүй байна уу?

-Одоо бол мэддэг болж эхэлж байгаа. Гэхдээ түүхээ заах, сургах номлол нь социализмынхаараа үлдчихсэн. Түүхчид маань л өөрийн гэсэн толгойгүй хэвээрээ байна. Толгойгүй хүн амгүй. Амгүй хүн дуугарахгүй.

-Ирэх жил тусгаар тогтнолын 100 жилийн ой болно гээд л түүхийн хуурай хичээл заагаад байх юм.

- Тэр ”XX зуун” нэвтрүүлгийг нь хар даа. Дандаа л социализмын номлолоор яриад байгаа биз дээ? Социализмын үеийн л заах арга шүү дээ. Шинэ, сонирхолтой юм юу ч алга. Залуучууд тэрнийг нь хялайж ч харахгүй. Тэрнийхээ оронд хялбаршуулсан, театрчилсан тоглолт нь дээр. “Бага тайз” гэдэг шиг, богинохоон, богинохон юмнууд. “Монголын түүхийн сонирхолтой өгүүллүүд” ч гэдэг юм уу? “Онцгой үеүд” ч гэдэг юм уу? Гэхдээ сонголтоо сайн хийх хэрэгтэй. Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн хэсэг байсан нь хамаагүй дээр. Энийг чинь ганц би яриагүй, хүн бүхэн гадуур ярьж байна. Таксины жолооч нарын ярьдаг юм нь гэвэл Их хурлыг муулах, хотын утааг хараах, монгол телевизийг голох гурав л болсон шүү дээ.

-Одоо л таны ам халаад ирлээ.

-Ам халж байгаа юм биш ээ, бухимдсандаа ингэж байгаа юм. Бас нэг жинхэнэ эмгэнэл байна. Ноднинхон доо, нэг хувийн телевиз өглөөнийхөө нэвтрүүлгээр “Энэ өдөр тохиолдсон дэлхийн түүхэн үйл явдлуудыг танилцуулъя” гээд ярьж байна аа. Хөх инээд биш, бүр уур хүргэчихэж байгаа юм чинь. Яаж байна гээч? “Владимир Ильич Ленин.. гээд бүр овог нэртэй нь тунхаглан зарлаж байгаа юм шүү, -Энэ өдөр албан өрөөндөө Правда сонин уншиж байгаагаар анх удаа зургаа авахуулжээ” гэж. Ёстой ичмээр! Тэр муу алуурчны хэзээ зургаа авахуулсан нь хэнд хэрэгтэй юмб? Өнөөх коммунизмын чинь үзэл суртал! Өнөөдрийн залуучууд тийм юм сонсох ч үгүй. Ялангуяа дунд ангийнханд үзүүлэх, уншуулах юм Монголд байхгүй болсон шүү дээ. Хамгийн эмгэнэлтэй насныхан бол тэднүүс. Тийм болохоор писи тоглохгүй яах юм?

-Нээрээ тийм шүү. Дунд ангийнханд уншуулах юм байхгүй.

-Чи байз л даа. Сургуулийн өмнөх насныхныг бол саатуулах ном цаана чинь хахчихаад байна. Зурагтай зураггүй, ярьдаг хэлдэг, исгэрдэг шүгэлддэг номнуудаа лангуунууд нь дааж ядаж байна. Гэтэл өнөөх 10-15-тай охид, хөвгүүдэд чинь унших юм ч олдохгүй, бэлэглэх ном ч харагдахгүй. Анагаахын оюутан хүүд “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг бэлэглэчихэж болно, харин арван тавтай бандид хичнээн удаа Монголын нууц товчоог бэлэглэх юм бэ? Энийг чинь бидэн шиг өвөө нар л хамгийн түрүүнд олж хардаг юм байна. Өнөөдөр би Оюуны өмчийн газраар орлоо л доо. Чинбат дарга нь үсээ үгтээгээд сууж байх юм.

-Яагаад? Тийм номнуудыг хулгайлаад байна гэж үү?

-Үгүй дээ, харин тийм номнууд байдаггүй гэж зохиолч, орчуулагчдыг буруутгаад сууж байна. Бид чинь дэндүү томдсон ухаантай болчихсон юм байна шүү дээ. Өсвөр насныхнаасаа тасраад явчихаж. Гэгээн хайрын тухай ч юм уу, нинжин сэтгэл, эр зоригийн тухай сайхан хүүрнэлүүд, өнөөх Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”, Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд” шиг юм алга. Тэгэхээр тэр банди нар чинь яах юм бэ? Түлээ хөрөөдөж, нүүрсээ үүрсээр байгаад л 18 настайгаа золгох юм уу? Охид нь болохоор хумсаа будаж, эгчийнхээ даашинзыг тайрсаар цагийг элээх үү?

-Уг нь ч зохиолч, орчуулагч та нарын л буруу байна шүү дээ.

-Тэгээд харин яагаав дээ.

-Одоо л та тийм юм руу орох болж дээ. Рерихийн “Азийн зүрх” ч гэх шиг энэ Шамбалын орны эрлийг чинь тэднүүс унших юм уу? Өсвөр насныхан л шүүрээд авдаг ном орчуулаач.

-За мэдэхгүй, мэдэхгүй, шүүрээд авдаг номыг нь хулгайлаад авчих юм байна шүү дээ.

-Яасан? Бас л оюуны өмчийн хулгай юу?

-Тийм болохоор нь л би тэр Чинбатад нь бараалхаад явж байна. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”-ыг маань аль ноднингоос эхлээд энэ сайтууд чинь хулгайлаад тавьцгаачихсан юм байна шүү дээ. Даанч энэ зунаас эхлээд борлох нь багасчихсан юм аа. “Үнэгүй юманд нугасгүй” гэгчээр. Гэтэл би бас нэмээд хэвлүүлчихсэн байдаг. Их санасан газар есөн шөнө ч хоосон хонолоо л доо.

-Харин тэгдэг гээд байгаа юм аа.

-Тэгүүлэх ч үгүй дээ. Хэн нэгний хэд гурван шүлэг, ганц хоёр өгүүллэгийг хулгайлаад тавьчихсан байна гэж сонссоноос биш, ийм том номыг улаан цайм хулгайлчихаж гэж сонсоогүй юмсан гэж байна лээ.

-Одоо юу хийж байна?

-Хашрахгүй л бас Оссендовскийн “Ленин” гэдэг нэг айхтар номны арьсыг хуулаад сууж байна.

-Та чинь дээр Ленинг алуурчин гээд хэлчихэв үү, эсвэл би буруу сонссон уу?

-Нарийн ширийнийг нь олоод уншчихсан болохоор тэгж хэлж байгаа юм аа. Хэд хоногоос харин хүүхдүүдэд зориулсан гайхалтай үлгэрийн ном маань гарна даа. Английн Редьяр Киплингийн үлгэрүүд гэж байгаа. Манайхан урьд нь Маугли, Мангуст хоёроор нь л мэддэг байсан юм. Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” гэдэг нь ч гарна. Бууж өгөхгүй шүү.

-За баярлалаа.

Ярилцсан Ж.Эрдэнэцэцэг
http://www.mongolnews.mn/w/13986

1 comment:

  1. Энэ ярилцлагыг уншсан юм байна. Амьтдын тухай өгүүллэгүүд гээд жижигхэн ном бага байхдаа уншиж байлаа. Нүүрэн дээрээ жижигхэн илбэнхийн зурагтай. Түүнд сор болсон орчуулагч нар нэг нэг өгүүллэг орчуулсан байсан юм. Бямбын Ренчин гуайн орчуулсан нэг зальтай шар нохойн тухай өгүүллэг ёстой жинхэнэ сонгодог орчуулгын жишээ байсан байх гэж би боддог юм. Ёстой жинхэнэ сонгодог монгол хэл байсан даа. Дахиж би хэзээ ч тийм хэллэгтэй зүйл уншаагүй.

    ReplyDelete