2011-04-29

Нэр томьёоны орчуулгын тухай

Зохиогчийн булан: Урианхан Б. Галаарид
www.sonin.mn

IT-гийн нэр томъёог орчуулах асуудлаар сүүлийн үед нэлээд яригдаж байх шиг. Би мэргэжлийн хүн биш, тэгээд ч мэдээллийн технологийн хөгжлөөс зуун жил хоцорсон нэгэн боловч орчуулах процесс нь өөрөө сонирхол татаад байгаа учраас жаахан илүү хошуулчихъя.

Мэргэжлийн нарийн нэр томъёог аль болох орчуулалгүй хэрэглэсэн нь дээр гэж яагаад өмнө нь яриад байснаа тайлбарлах гэж оролдъё.

Нэгэнт олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэж хэвшсэн нэр томъёог тэр чигээр нь хэвшүүлбэл хүмүүсийн гадаад хэлний мэдлэгт нэмэртэй, нөгөөтэйгүүр бусад орны ижил төстэй мэргэжлийнхэнтэй харьцахад ч дөхөм байх болов уу. Монголоороо орчуулаад нэрлэчихвэл сайн л байна. Гэхдээ яг оновчтой орчуулаад, тэр нь хэрэглээ болоод хэвшинэ гэдэг хэцүү дээ. Зарим тохиолдолд нөгөө монголчилсон үгээ эргэж орчуулах ажил гарахыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь зураач нар будгаа найруулдаг зүйлийг оросоор палитра гэдгийг та мэднэ. Гэтэл үүнийг их олон жилийн өмнө хүчиндээд шахам “будаг нийлүүр” гэж нэрлэхээр тогтсон боловч өнөөдөр тэгж хэлж байгаа зураач алга л байна.

Харин гадаад үгийг гадаад хэвээр нь тэгэхдээ монгол дуудлагаар хэрэглэж хэвших бас нэг практик бий. Саяын палитра-г яг ингэж хувирган палийтр гэж хэлээд бүр хэвшчихсэн байх жишээтэй. Стартер-ыг астаачир гээд асаах гэсэн монгол үгрүү дөхүүлээд авчихсан, гараж-ийг гарааш, буфер-ийг гүүпэр, кесерово сечение-ийг хийсвэр хийх\хийлгэх\ гэхчлэн хэвшүүлснээс муудсан юм алга л байна.

Монголд л тохиолддог байгалын өвөрмөц хүндрэл болох зудыг олон улсын түвшинд үнэн зөвөөр ойлгуулах оновчтой үг ололгүй зуд гэдгээр нь нэрлэхээр тогтсон тухай хэдэн жилийн өмнө яригдаж байсан даа. Энэ бол олон хэлэнд орчуулахад тухайн үндэстэн, тэдний сэтгэлгээ,газар нутгийн онцлогоос болоод зудын язгуур чанар танигдахаа болихоос сэргийлсэн хэрэг гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл цас хэзээ ч ордоггүй халуун орныхон бол нөгөө далайн хар салхи, үер усны аюулаараа л төсөөлөхөөс зуд гэж яг юу байдгийг огт мэдэхгүй. Энэ мэтийн огт хамаагүй мэт боловч асар олон хүчин зүйлүүд хэлний баяжилт, шинэчлэлд нөлөөлдөг.

Бас нэг зүйл гэвэл муу орчуулснаас огт орчуулаагүй нь дээр байдаг. Тухайлбал “агаарын цулс хувирахуй \трансформация воздушных масс\, хүчтэй болчимт амьд хэв шинж\сильный уравновешенный живой тип\ зэрэг нэр томъёонууд хэр монгол сонсогдож байна. Хэр идэвхтэй хэрэглэгдэж байна гэдэг бодох л асуудал.

Б.Галаарид

2010-11-6


Сэтгэгдлээс:


YM-YZ:

Сайн байна уу, Галаарид аа?

Би “орчуулга" гэдгийг ажил гэж боддог нэгэн, учир нь дуртай болгон дурын зүйлээ өөрийн гадарладаг хэлнийхээ хамгийн энгийн анхан шатны үгээр нь шууд тавиад туучихдаг, тэгээд л баахан орчуулагчид-“оршуулагчид”.

Харин тухайн хэлнээс монгол хэл рүүгээ, аль эсвэл монгол хэлнээсээ тухайн хэл рүү “хөрвүүлэг” хийх гэдэг, тэр тусмаа нарийн мэргэжлийн нэр томьёо, хэллэгийг хөрвүүлэх гэвээс тухайн эдийн өгүүлж хэлж дуулгасны хам шинж, учир зүйг алдагдуулалгүй  гаргахын тулд эрдэм, ном, хөдөлмөр, эх хэлээ болоод тухайн хэлийг гадарлаж бус доторлож мэдэх, тухайн хэлээр чөлөөтэй, дуржигнатал ярьдаг байх, энэхүү хэлийг мэддэг, мэдэж байна гэсэн үг хараахан бус, хөдөлмөр, тэгчихээд орчуулах чадвар, орчуулсныгаа ахин дахин хянаж хөлс хөдөлмөр зарж хөрвүүлэг гарч ирдэг санагддаг.

Орос хэлнээс орчуулсан зүйлс олонх маань яг тэр чигээрээ орос хэлний хэл зүйн дүрмээр монгол хэл рүүгээ “оршуулчихсан” байдаг.

Хэрэв орос хэлнээс гадна өөр нэг хэл гадарладаг хүмүүн бол үүнийг мэдрээд байдаг, олон хүмүүнээс ийн сонсож байсан, мөн би өөрөө ч тийн бодож явдаг нэгэн.

Ганцхүү нэр томьёонууд төдийгүй тодорхой шинжлэх ухаануудын ихэнх үг хэлллэгүүд монгол хэл рүү минь хөрвүүлэгдэж болохуйц санагддаг, гол нь бид чинь бас төрөлх эх хэлээ сайтар мэдэх хэрэг гараад байдаг.

Нэлээд хэдэн зүйлийг монгол хэлэндээ “хөрвүүлэхийг” зорьж хөдөлмөрлөсөн болохоор санал бодлоо ийн хэллээ дээ.

АНУ-ын нэлээд хэдэн муж улсын замын хөдөлгөөний тухай хууль, замын дүрмийн гарын авлага, бүгд л энгийн хэллэгээр бичигдсэн хэдий ч хөрвүүлэхийн цагт нарийн мэргэжлийн үг хэллэг орсон, хууль зүйн үг хэллэгүүд.

Хамгийн төвөгтэй хөрвүүлэг минь хэдэн жилийн өмнө “орчуулсан” АНУ-ын Иллинойс муж улсын “Арилжааны тээврийн хэрэгслийн гарын авлагын ном”. Энэхүү номын Монголчуудынхаа хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэгддэг хэсэг юм даа, мэргэжлийн үг хэллэг олонтой, автын инженер техникийн мэргэжлийн хүнээс асууж тодруулах зүйл олон гарсан. Тийм болохоор түүнийгээ “оршуулгын ном” гээд өөртөө нэрлэчихээд л...

Үнэндээ бидэнд их л зүйл хийх хэрэгцээ байна даа...

ТЭНГЭР ӨРШӨӨ.
Хүндэтгэсэн, YM-YZ



Зочин:

Их бичгийн хүн, зохиолч В. Инжинашийн ах Гүнначүг орчуулах онолын тухайд хэлэхдээ, үгэнд үл итгэнэ, утганд итгэхийн үүднээс сайтар мэдэн оролдоно гэсэн гэдэг. Тухайн үг монгол хэлний ямар утганд дүйхийг сайтар хайвал оновчтой шиг. Гэвч дүйлгэх утга үгүй юм уу эсвэл хэвшсэн хэллэг тогтоогүй бол уг үгний гарсан эх хэлний дуудлагад дөхүүлж оруулвал зохих биш үү. Астаачер, хирлаа мэт нь эрдэмтэд олигтой үг олоогүй болохоор жолооч нар орос сургагчийнхаа дуудлагыг хазгай дуудсан болохоос орчуулга биш л дээ. Астаачерыг нь оч үсэргэх зориулалттай юм чинь хэт гээд, крыло гэдгийг нь шанаа гэдэг ч юм уу орчуулсан бол өдийд хэвшчихсэн байх байсан байлгүй. Хараад байхад манай монголчууд товч орчуулганд их дуртай харагддаг. Колбаса гэж байснаас хиам гэх нь товч, яблоко гэхээс алим нь товч, подъезд гэхээс орц гэх нь товч болохоороо одоо хэрэглэгдэж байгаа. Хэрвээ гадаад үгнээсээ орчуулга нь урт болвол төдийлөн хэрэглэгдэхгүй байх шиг харагддаг. Ухаандаа дараалал гэхээс очер гэх нь товч болохоор хэрэглэгдээд л яваад байна. Үүнийг эрдэмтэд судална байх.

3 comments:

  1. Зочины сэтгэгдэлтэй санал нэг байна. Товчхон, хэлэхэд хялбарыг нь сайн хэрэглээд байх шиг байгаа юм. Бас нэгэнт хэлээд хэвшчихсэн үгээ буруу гэсэн ч муйхарлаж хэрэглэдэг хүн олон. Жишээ нь би зургийн аппаратыг камер биш аппарат л гэдэг. Хэ хэ.

    amaraa_ubc

    ReplyDelete
  2. humuus yagaad printer ig canon ged bdin bolo arial buru ym shig

    ReplyDelete
  3. Canon эхэлж нэвтэрсэн учраас нэрлээд хэвшчихсэн хэрэг.

    ReplyDelete