2010 оны 3-р сарын 16
www.tsagtur.mn
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн багш Дүгэржавын Бадамдоржийг дугаарынхаа зочиноор урилаа. Тэрбээр 1993 онд “Өөлд аман аялгууны ойллого” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол хэлний үгийн сан-утга зүйн ай” /1995/, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” /1997/, “Монгол хэлний утга судлал” /2006/ зэрэг арав гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Мөн утга судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн профессор болсон эрдэмтэн. Түүнтэй хэл соёл, утга судлалын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.
- Та утга судлалын эрдэмтэн хүний хувьд монгол хэлний үгийн санд харь хэлний үг асар хурдацтай “Эрлийзжиж“ байгааг юу гэж тайлбарлах вэ?
- Аливаа хэлний үгийн сан эвдрэхийн хамт бүтэж, бүтэхийн хамт эвдэрч байдаг жамтай. Ямарваа хэлний үгийн санд харь хэлний үг байдаг зүй тогтолтой. Энэ нь төр, нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанаас үүдэлтэй. 21-р зуунд Монгол улс өрнө, дорнын олон улстай харилцаа их өргөжиж байна. Ийм учраас монгол хэлний үгийн санд харь хэлний үг олноороо түр зуур хэрэглэгдэж байна. Ялангуяа байгууллагын нэр хаяг, бүтээгдэхүүний нэр, электрон харилцаанд харь үг үлэмж байна. Харь үгийг оносон сайхан монгол үгээр нь нэрлэж хэвшмээр байна. Тэгэхийн тулд эх хэлнийхээ үгийг эрхэмлэх хэрэгтэй. Жишээлбэл, “консерциум” гэдэг үгийг “холбоо, нэгдэл” гэж орчуулбал зохистой. Гэтэл харь үгийг хэвээр нь хэрэглэж байгаа жишээ олныг дурьдаж болно. Спикер- УИХ-ын дарга, УИХ- парламент, градус-хэм, хобби-хувь хүний сонирхол, лобби-хуурамчаар дэмжих, этгээд дэмжлэг, сертификат- гэрчилгээ, үнэмлэх гэх мэтээр гадаад үгийг хязгаарлаж, монгол үгээ хэрэглэмээр байна.
- Дэлхийн жишигт албан байгууллагын хаяг нэг мөр байдаг. Тэгвэл Монголд ямар байна вэ? Үүнийг жигдэлмээр байна?
- Ялангуяа албан байгууллагын хаяг төрийн албан ёсны хэлэнд зааснаар байх ёстой. Монгол бичиг, шинэ бичгээр 10-15 см өндөр байвал, гадаад хэлээр /англиар хадаж болно/ хадвал, гуравны нэгийн өндөртэй хийх ёстой. Англи, солонгос, япон, хятад, араб хэлний үгээр , үсгээр нь байгааг жигдлэх хэрэгтэй. Телевизийн дэлгэцээр англи үгээр томоохон сурталчилгаа хийж байгаа нь зохисгүй. Бүх ард түмэн мэдэхгүй. Би “Сити-ньюс” гэдэг үгийг шүүмжлэж байна. Үүнийг “нийслэлийн мэдээ” гэж нэвтрүүлж болно. Сурталчилгаанд гадаад үгийг хэрэглэж байгаа нь ойлгомжгүй байна.
- Орчин цагийн монгол хэлний зөв бичих зүйн толь тийм ч хангалттай биш байна. Сонин сэтгүүл, ном хэвлэл их алдаатай гарч байна. Яах вэ?
- Хоёр л зүйл байна. 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, багш Б.Осор нарын зөв бичих зүйн толь гарсан боловч, ягштал баримталдаггүй учраас нэг үгийг олон янзаар бичих байдал үүссэн. Ийм учраас шинэ үсгийн дүрмийн дагуу томоохон хэмжээний журамласан толь ард түмэнд хэрэгтэй байна. Хэл бичгийн ухааны мэргэжилтнүүд санал онолоо нэгтгэж даруйхан гаргамаар байна. Хэвлэл мэдээллийнхэн толь баримтлахгүй, эрдэмтэд өөр өөрийн тайлбарын дагуу үгийг бичсээр байна.
- Авьяас, гавьяа гэдэг үгийг “ъ”- тэй ч бичих юм. Таны бодлоор аль нь зөв бэ?
- Ихэнх үгийг монгол бичгээр бичиж ирсэнийг тулгуурлаваас зөв болно. Тиймээс авьяас, гавьяа, томьёо гэж бичнэ. Зөөлөрсөн гийгүүлэгчид “и” байдаг учраас “ь”-ээр бичих нь зүйтэй. Журамласан толь нэн чухал хэрэгтэй байна. Энэ толийг дүрмээ барьж, уламжлалаа баримталж хийх ёстой.Жишээ нь гараг гэдэг үгийг уламжлалаа баримталж бичсэн байна. Дуудлага төдий баримталбал “гариг” болох юм.
- Эх хэлээ хэрхэн хамгаалах вэ?
- Даяаршилын үед эх хэл, соёлоо хамгаалах нь зайлшгүй шаардлагатай асуудал болоод байна. Харийн соёлын нөлөө эх хэлэнд их тусдаг. Тэгэхлээр монгол соёл түүнд автах нь дамжиггүй. Нөгөө талаас хүн ам их цөөхөн болохоор хэл соёлоо хамгаалахад хүчин мөхөсдөнө. Монгол найруулгын уламжлалыг алдаж болохгүй. Үг бүр үнэ цэнэтэй зүйл. Жишээлбэл, эснихэ- мэндлэх, төрөх гэсэн утгатай үг. Академич Б.Ринчений эснисний… гэвэл найруулга зохистой болно. Өнөө цагт олон монгол үг хэрэглээнээс шахагдаж байгаа нь харамсалтай. Хоёрдугаарт, монгол үгийг зөв дуудах, зөв хэлэх ёстой. Радио телевизээр ярьж байгаа, хуралд үг хэлж буй хүмүүс үгээ зөв дуудаж чадахгүй байна гэдэг том алдаа. Жишээ нь, “баяр хүргэяа” гэж байна. “Баяр хүргэе” гэх ёстой. Энэ нь буруу бичлэгт нөлөөлнө. Авчихсан - авцан, ирчихсэн – ирцэн гэж буруу хэлж байна. Буруу хэллэг дандаа буруу хэлбэрийг санагдуулдаг. Энэ бол том алдаа. “- Чи нөгөө зүйлийг хэлчихсэн үү? - Хэлцэн” гэж байна. Харь үгийн нөлөөгөөр үгийн сан гаднаасаа эвдэрч байдаг бол, буруу дуудлага, бичлэгийн нөлөөгөөр дотроосоо эвдэрч байдаг.
- Нэг үгийг олон янзаар бичих юм. Үүнийг яаж шийдвэл зохистой вэ?
- Олон шалтгаантай боловч, ихэвчлэн монгол бичгийн уламжлалыг баримталж, толь бичгээр зохицуулах ёстой.
- Кино, номын орчуулга тааруу байдгийн шалтгаан юу вэ?
- Орчуулагчийн монгол хэлний боловсрол муу байгаатай шууд холбоотой. Монгол хэлний найруулга, утга тэргүүтнийг нарийвчлан мэдэх хэрэгтэй. Энэ мэтээр нарийн утгалахгүй учраас орчуулга оновчгүй болж байна.
- Киноны орчуулганд хар ярианы үг хэллэг их хэрэглэх юм?
- Орчуулгын ёс суртахууны хэм хэмжээг умартаж, хэт хар ярианы үг хэрэглэж байгаа нь нийтэд тааламжтай бус байна. Сайхан эерүүлсэн, хүндэтгэлийн хэлцийн утгыг оновчтой хэрэглэх хэрэгтэй.
- Сурагчид байтугай оюутнууд хүртэл зөв бичиж чадахгүй байна?
- Хэлний аливаа нэгж утга хэлбэрийн нэгдэл байдаг. Монгол хэлний сүүлийн ная гаруй жилийн сургалт хэлний хэлбэрийг, өөрөөр хэлбэл хэл зүйг зааж ирсэн учир найруулан бичиж чадахгүй байгаа нь сурагчийн долоон зөв. Харин хэлбэрийн гүн бүтцийг буюу утгыг заагаагүй учраас найруулан бичиж чаддаггүй.
Монгол хэлний хичээл үг ямар утгатай вэ? гэдгээс эхлэх ёстой. Эхлэх цэг нь энэ. Дунд сургуульд бүтээврийн утга, үгийн утга, хэллэгийн утга, хэлцийн утга, өгүүлбэрийн утгыг түлхүү заах ёстой. Утга гэдэг бол бодит юм, хүний сэтгэн бодсон ухагдахуун, хэлний тэмдэг гурвын шүтэлцээ байдаг. Ийм учраас монгол хэлийг ийм шүтэлцээгээр заах ёстой.Зөв бичих дүрмийг дотроо бодоод намрын тухай утга уянгатай бичнэ гэж байхгүй. Яаж сайхан бичих ёстой вэ? гэхлээр намрын тухай бодитоор бодож боловсруулж, хэлний тэмдэгээ зохистой хэрэглэж бичих ёстой. Үгэнд шүтэлгүй, утганд шүтэж, ярьж бичих хэрэгтэй. Цөөн үгээр гүн утга гаргах ёстой. Ингэхийн тулд сайн зохиолч, сэтгүүлч, эрдэмтдийн чансаатай бүтээлээс өдөр тутам суралцах хэрэгтэй. Найруулгыг уламжилж эзэмшинэ гэдэг их чухал. Ерөөсөө залуучууд ахмадын найруулгыг хүндэтгэхгүй байна. Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Гашуун өвс”, Б.Явуухулангийн “Намрын мөнгөн өглөө”, зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” номыг сайн уншмаар байна. Монгол хэл сурахдаа утга найруулгыг нь голчлох хэрэгтэй. Үг юу илтгэж байна, ямар санаа гаргаж байна гэдгийг голчлох ёстой. Харь хэлний загвар, байгууламжаар найруулж, монгол хэлний байгууламжаар бичээгүй болохоор хэл эвдэрч, утга найруулга алдагдаж байна. Жишээ нь, “танд баяр хүргэе” гэхийг “ танд баяр хүргэмээр байна” гэх юм. Монгол хэлний сургалтаа сайжруулах хэрэгтэй байна. - Хүүхдэд хар багаас нь гадаад хэл заахыг чухалчилж байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
- Энэ буруу. Яагаад гэвэл унаган сэтгэхүй нь хоёрдоно. Зургаагаас дээш ангид гадаад хэл заах нь зөв. Ясан шүд ургатал гадаад хэл заамааргүй байна.
- Манай орчуулагчид монгол хэлээр ярихдаа аялгаа өөрчилж маяглах юм. Энэ тухайд...?
- Тэр тусгүй. Хэл хэлний өргөлт дуудлагаар нь ярих ёстой. Хятад хүн монголоор ярихдаа хятад аялгатай ярьдаг нь содон байдаг.
- Монгол хэлэнд сүүлийн үед хар ярианы элдэв “жаргон”- уудыг хэрэглэж ярьдаг болжээ. Энэ зөв үү?
- Ялангуяа хэвлэлд гэр зуурын, этгээд, хар ярианы үгийг өргөн хэрэглэж байгаа нь монгол хэлний найруулга доройтож байгаагийн шинж. Ичимдэг, зан суртахуунгүй үгийг нийтэд дэлгэж тавьдаггүй. Хэвлэлд эрээ цээргүй юм их бичиж байна. Монгол найруулгад дээрх зүйлийг хориглож байсан сайхан уламжлал бий.
- Монгол хэлний эрдэмтдийн хамтран хэрэгжүүлмээр чухал ажил юу байна вэ?
- Юуны өмнө монгол үгийн зөв бичих хэлбэр, дуудах дуудлага, бичигдэх утгыг нь залуу үед таниулмаар байна. Шинэ бичгээр зөв бичүүлж сургах хэрэгтэй. Хүмүүс өөрийнхөө бодлоо хүртэл их алдаатай бичиж байна. Алдааг засахын тулд 100000 үгтэй журамласан толь хурдан зохиож, төрийн албаны хүмүүст өгөх хэрэгтэй. Ирээдүйд улсын тусгаар тогтнол, монгол утга соёлоо хамгаалах үүднээс монгол бичгээ хүн бүр сурах ёстой.
- Хэл бичгийн ухаанаар цол хамгаалуулах эрдмийн зөвлөлөөс сүүлийн үед ямар шинэлэг бүтээл гарч байна вэ?
- Монгол хэл шинжлэлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалахдаа утга судлалын сэдэв сонгож хамгаалж байгаа нь сайшаалтай. Цаашид монгол хэлний өнгөн бүтэц, гүн бүтцийг шүтэлцүүлэн хийсэн судалгаа үнэ цэнэтэй байх болно.
- Монгол хэлийг мөхөл рүү ойртож байна гэж үзэж болох уу?
- Монгол хэлийг мөхөж явна гэж дүгнэж болохгүй. Ярьдаг бичдэг хүн нь, үсэг бичиг нь байна. Амьд хэл учраас мөхөж байгаа бус. Гэвч сургалт судалгааг нь оновчтой болгохгүй бол хэл мөхдөг жамаар мөхөж болно. Хүн амыг эрлийзжүүлээд, газар нутгийг нь гадаадынханд түрээслээд, үсэг бичгийг нь соливол маш түргэн устах болно.
- Бид хэл, соёлоо яагаад умартаад тоохгүй, хайрлахгүй байна вэ?
- Монголын бүх ард түмэн хэл соёлдоо дургүй биш. Цөөн хүмүүс гадаад хэл рүүгээ тэмүүлж хэл соёлын тухай ярихаа больсон байна. Монгол хэлээ мартахгүй хайрлахын тулд монгол бичгээ нийтийн хэрэглээ болгох хэрэгтэй.
- Та юунд харамсдаг вэ?
- Монголчуудын хувцас, хоол, сууц, утга соёлоос ихэнх нь баларч байгаад харамсдаг. Зурагтаар монгол хоол, хувцас хийхийг харуулахгүй байна. Монгол заншил саармагжиж байна.
- Дунд сургуулийн монгол хэлний сурах бичиг шаардлага хангахгүй байна. Зөв бичих дүрэм ч алга. Ямар ч алдаагүй зөв бичиж чаддаг хүн ховор байна?
- Хамаагүй үгүйсгэж болохгүй. Сүүлийн зургаан жилд дунд сургуулийн монгол хэлний хөтөлбөр боловсронгуй болсон. Утга, бүтэц, хувиргал, соёл гэсэн 4 айтай. Сурах бичгийг багаар зохиох дэвшил гарсан. Энэхүү сургалтанд баримтлах зөв бичиг, утга тайлбарлах, зөв дуудлагатай “Хүүхдийн толь бичиг” байх ёстой. Ийм толь хятад, орос, өвөрмонгол, японд байдаг.
би хятад хэлний орчуулагч багш мэргэжилтэй. одоо магистрт сурч байгаа. Дипломын ажлын сэдвээ сонгох хэрэгтэй болоод орчуулга заах арга зүйтэй холбогдсон сэдвээр хийх санаатай байна. орчуулгын тулгамдаад байгаа асуудлууд болон өөр тохиромжтой сэдэв байвал санал болгоно уу
ReplyDeleteИх сайхан асуулт байна. Эх хэлээрээ орчуулах ажилд тулгамдаад байгаа асуудал маш олон байна. С. Галсан гуайн "Орос, монгол хэлний зэрэгцүүлсэн хэл зүй" шиг дорвитойхон шиг бүтээлийг англи, хятад гэх мэт гол гол хэлээр хийх ажил дутагдаж байгаа. Хятадаас орчуулах тухайд мэдэхгүй ч орос, англи зэрэг хэлнээс орчуулсан ажлыг харж байхад хэл зүй, өгүүлбэр зүй, найруулга зүй, нэр томьёотой холбоотой алдаа дутагдал элбэг байгаагаас гадна ерөнхий мэдлэг нэн дутагдаж байгаа нь харагддаг. Мөн үг зүйтэй холбоотой асуудал ч нэлээд гардаг.
ReplyDeleteХамгийн харамсалтай нь орчуулагчид гадаад хэлийг гарамгай эзэмшсэн ч эх хэлээ мэдэхгүй, мөн орчуулгын онолын талаар "а" ч байхгүй болохоор эх хэлээ улам бүр эвдсээр байна. Тиймээс дипломын ажил хийхдээ юуны өмнө өмнөх үеийн хятад хэлний шилдэг орчуулагчдын ажлыг судалж, ололт амжилтыг нь тодорхойлоод, сүүлийн үеийн орчуулагчдын ажлыг тэдгээртэй харьцуулан судалж үзвэл одоо үед нэн шаардлагатай байгаа алдаа дутагдал, асуудал бэрхшээл нь тодорхой болох байх. Ийм судалгаа хийсний үндсэн дээр л ямар сэдэв өнөөдөр чухал вэ гэдэг нь тодрох буй за.