Энэ дугаарын зочноор орчуулагч Т.Төмөрхүлэг гуайг урилаа. Монголын уншигчдыг Францын утга зохиолтой ойртон танилцахад түүний оруулсан хувь нэмэр их. Социализмын үеэс Францын сонгодог зохиолуудыг орчуулсаар ирсэн тэрээр энэ удаа Францын алдарт сэтгэгч Шарль Монтескьегийн “Хуулийн амин сүнс” номыг орчуулж, тун удахгүй уншигчдын гар дээр хүргэх гэж байна.
- Та дэлхийн соёл иргэншлийн манлай болсон Франц үндэстний хэлийг хэзээнээс сонирхон судлах болов?
- Оюутан цагаасаа. МУИС-д нэг жил Франц хэлний ангид суралцсан. Гадаад явдлын яам намайг сурлага гайгүй гэж үзсэн юм байлгүй, нэгдүгээр курс төгсөхөд минь Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд явуулсан юм. Тэгээд франц хэлийг үргэлжлүүлэн үзсэн дээ.
- Франц хэлнээс ном орчуулах ажлыг хэзээ эхлэв?
- Францаас ном орчуулж эхлээд бараг гуч гаруй жилийн нүүрийг үзэж байна. Эхэндээ арай амархан, нэг үгээр хэлэхэд уншсан ном дотроосоо үүнийг л орчуулж чадна гэснээ барьж авдаг байлаа. Би хамгийн эхлээд Мопассаны “Гай газар доороос” гэдэг өгүүллэгийг орчуулсан. Ингээд бага багаар ахиж, Дидро, Вольтер, Монтэний ном зохиолд зориглон гар хүрэх болсон. Бас их бадрангуй байж. Одоо орчуулсан ном зохиолоо хааяа эргүүлж суухад зарим нэг санааг арай өөрөөр хэлдэг байж гэж бодох цаг байдаг л юм. Гэхдээ утга санааг нь урвуулж хөрвүүлсэн юм үгүй. “Үгийн өвгөн утгын таяг тулдаг” гэсэн зарчмыг барьж ирсэн гэх үү дээ.
- Та социализмын үед Францын сонгодог зохиол орчуулж байсан. Тухайн үед Монголын нийгэмтэйгээ холбон юу бодож байв даа?
- Тэр үед өргөн олон хэвшмэл байдлаар сэтгээд заншчихсан нь чухамдаа хөшүүн царцанги байдлыг бий болгож байгааг мэдэрдэг байсан. Бид хэтэрхий жаахан юман дотор эргэлддэгийг ойлгож, хүнд ухаан оруулах ганц өгүүлбэр ч ганцдахгүй гэж бодох үе байсан. Гэхдээ өөрийгөө дөвийлгөх бодол надад байхгүй ээ. “Ядуу зүдүү байгаа маань ганц мөнгө цаас дутсаных биш ээ, авьяас чадвар дутсаных” гэсэн Вольтерийн үг намайг их зоригжуулж байсан санагддаг юм.
- Таны саяхан орчуулж дууссан “Хуулийн амин сүнс” зохиол өнөөг хүртэл АНУ-ын төдийгүй дэлхийн соёлт хүн төрөлхтний үндсэн хуулийн үзэл санаа болсоор ирлээ. Энэ зохиол одоогийн манай нийгмийн амьдралтай яаж холбогдож байна вэ?
- XVIII зууны Францын алдарт сэтгэгч Монтескьегийн “Хуулийн амин сүнс” гэдэг лут бүтээлээс уншигч авгай “Ардчиллын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагдсанаас бус хэтийдсэнээс завхардаг”, “Аль ч засаглалын ялзрал нь ямагт зарчим нь эвдрэхээс эхэлдэг” гэх юм уу, эсвэл “Эрх чөлөө гэж хуулиар зөвшөөрөгдсөн юмыг л хийхийг хэлж байгаа юм” гэсэн мөрүүдийг олж унших болно. Тэгэхээр энэ зохиол одоогийн Монголын нийгэмтэй холбогдож байгаа биз дээ.
- Ингэхэд та сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг талархан дэмжиж яваа мэт харагдах юм?
- Би МАХН-аас хуулийн дагуу түтгэлзээд олон жил болж байна. Гишүүн хэвээр байсан гэхэд иргэний хөдөлгөөнд, тухайлбал Ногоонтнуудад талтай байх хүн юм шүү би. Учир юунд гэвэл энэ хөдөлгөөн сэтгэлд минь их ойр байдаг. Монголын нийгмийг эрүүлжүүлж чадна гэж ногоонтнуудад итгэдэг. Орчуулж байгаа номуудаараа ч уг хөдөлгөөнд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг.
- Та голдуу XVIII зууны Францын утга зохиолоос орчуулдаг хүн юм аа даа?
- Би 1984-1985 онд Францын “Альяанс Франсэз”-д чухамхүү XVIII зууны утга зохиол судалсан хүн юм шүү дээ. Тэгээд ч Вольтер, Дидро, Монтескье нартай “ноцолдсон” хэрэг. Вольтерийн гүн ухааны уран зохиолуудад гардаг үйл явдал өнөөдрийн Монголд болж байгаа үйл явдалтай адилавтар гэхэд хачин санагдахгүй байх. Ганцхан жишээ хэлье л дээ. Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” нэртэй бэсрэг туужид Бабук гэдэг хүнийг Персополис хотод шинэчлэл хийхээр ирж гэнэ гэж тус хотынхон дуулаад их л хөл хөөр болж байна гэж гардаг. Нэг инээдэмт жүжгийн зохиолч Бабукт хандан өөрийнх нь жүжгийг үзээд инээгээгүй нэг иргэнийг цааш харуулахыг гуйдаг. Бас нэг эрдэмтэн академийг татан буулгах нь зүйтэй гээд өөрөө тэнд гишүүнээр элсэх гээд чадаагүй учраа хэлж байх жишээтэй. Энэ бүхэн өнөөгийн Монголд болж байгаа инээд хүргэм хэрэг явдлуудтай ямар нэгэн хэмжээгээр төстэй байгаа биз? Үүнтэй холбогдон саяхан манайд болсон нэг явдал санаанд орж байна. УИХ-ын нэг гишүүн өөрийгөө тавь илүү насалсныг мартчихаад тавин нэгтэй төрийн зүтгэлтнийг зөвхөн насаар нь баримжаалж “Харьж яваа улс төрч” гэж цоллож байхыг зурагтаар харав шүү дээ. Монгол хүн жар хүрч байж ухаан ордог гэсэн үг лав ортой байх шүү. /Инээв/
За мөн, Дидрогийн “Гэлэнмаа” романыг би орчуулсан юм. Мухар сүсгийг үзэн ядсан тэр зохиолыг орчуулж байхад чухамдаа мухар сүсэг Монголын нийгмийн хөгжилд тээр саад болж байгааг ойлгосон. Манай зарим нэг бизнесмэн “Хэлэлцээ хийж болдоггүй гараг”-тай, тэр өдрүүдэд хэлэлцээ хийхээс ухаан алдталаа айдаг юм гэв үү. Ингээд байвал хүний ажил үйлс яаж бүтэх вэ. Цаг хугацааг оновчтой ашиглах гэдэг ойлголт мухар сүсгээс өмнө гарсан байж магадгүй гэж би боддог юм. Үлгэрлэвэл, элэр балар цагийн хүн дайсантайгаа тулгарах цагт өөрөө алагдахгүйн тулд өрсөх ёстой гэсэн бодол тээж явсан байж таарна вий.
- Та Монгол - Францын соёлын гүүр болсон хүний хувьд Францын уран зохиол монголчуудад ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
- Уг нь судалж байж л ярих сэдэв юм даа. 1921 оноос хойш Францын их бага 300 гаруй зохиол монголоор орчуулагдсан гэсэн нэг судалгаа байна лээ. Дэлхий дахины зангаргаар яривал хүн төрөлхтөнд Франц шиг олон суу билэгт зохиолч, сэтгэгчдийг төрүүлж өгсөн улс үндэстэн үгүй гэж ярьдаг шүү дээ. Монголд гучаад онд Жюль Верний “Арван таван наст ахмад” гэдэг зохиолыг орчуулж хэвлэсэн. Тэгвэл Японд Мэйжэйн хувьсгалын дараа Өрнөдөөс хамгийн анх удаа хөрвүүлсэн бүтээл нь мөн “Арван таван наст ахмад” байсан нь сонин. Францын утга зохиолд хүнлэг, шударгуу үзэл санаа нэвт шингэсэн нь гайхамшигтай. Үүгээр авч үзэх юм бол франц утга зохиол монголчуудын оюуны соёлд даацтай нөлөө үзүүлсэн гээд хэлчихэд нэг их алдас болохгүй болов уу. Цаашид францаас орчуулах ёстой зохиол бүтээл ч их олон бий. Даанч орчуулга хийх шинэ үеийнхэн хараахан гарч ирээгүй юм шиг. Залуучуудын байдлыг харвал хонх нь дуугарвал дамар нь таг, дамар нь дуугарвал хонх нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг гэгчээр франц хэлээр овоо гайгүй зүгширсэн нь монголдоо муу, монголдоо дажгүй хэсэг нь францдаа барагтай байдаг нь гачлантай. Эх хэлээ улам бадруулан баяжуулахын үзэл санааг аваад үзэхэд Францын утга зохиолыг түлхүү оруулахад анхаарах цаг болсон. Одоо гэхэд XX зууны Камю, Сэнт-Экзюпери нарын зохиолд бараг гар хүрээгүй байна шүү дээ.
Бичсэн Ё.Мөнхтуяа
www.tsagtur.mn
2009 оны 11-р сарын 17
No comments:
Post a Comment