2010-12-06

Чингис хааны нэрийг зөв бичиж хэвшье

Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Тэмүжин Чингис хааны нэр цолыг гуйвуулан буруу бичих явдал сүүлийн үед хавтгайрав. Монголын их хааны нэрээр нэрлэгдсэн зарим нэгэн хувийн их, дээд сургууль “Чингэс” гэсэн буруу хэллэгийг дэлгэрүүлэх үндэс суурийг тавьж өглөө.

Энэ үйл хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд идэвхитэй оролцож буй нь тун харамсалтай. Монголын өдөр тутмын бараг бүх хэвлэлийн хуудаснаа Чингис гэж бус, харин “Чингэс” хэмээн буруу бичсээр байна. Нийгмийг гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй сонин хэвлэлээр ийнхүү бичих нь өргөн олон нийтэд угаасаа “Чингэс” гэж бичдэг байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

Бид түүхэнд Монгол төвийн байр сууринаас хандах хэрэгтэй бөгөөд их хааныхаа нэрийг уламжилж ирсэн байдлаар нь зөв бичих хэрэгтэй юм. Чингис хааны нэрийг дэлхийн улс орон бүрд өөр өөрөөр бичдэг бөгөөд тухайлбал, АНУ-д Genggis khan–Гэнгис хаан гэж бичдэгийг бид дагахгүй нь мэдээж.

Монгол бичгээр туурвисан хамгийн эртний дурсгал болох 1225 онд сийлэгдсэн “Чингисийн чулууны бичиг”-т “Чингис хаан” гэж гардаг бол түүний дараахан 1228 онд зохиогдсон “Монголын нууц товчоон”-д мөн л “Чингис” хэмээн бичдэг. Чингис хааныг амьд ахуй цагт болон дөнгөж өнгөрөөд байхад нь бичсэн эдгээр түүхэн сурвалжид их хааны нэр цолыг үнэн зөвөөр бичсэн нь ямар ч эргэлзээгүй. Мөн Хубилай хааны зохиолгосон дөрвөлжин үсэг, Ойрадын Зая бандидын зохиосон тод үсгийн дурсгалуудад бүгд “Чингис” хэмээн нэгэн мөр бичсэн байдаг. Монголын хаад язгууртнууд яахин Их өвгийнхээ нэр цолыг буруу бичүүлэх билээ.

Нилээд хожим XIX зууны дунд үест зохиогдсон зарим нэг түүхийн зохиолд “Чингэс” гэж уншихаар бичсэн байх боловч энэ нь үнэндээ Чингэс бус Чингис юм. Хуучны зарим бичээч “г”, “х” зэрэг нумтай гийгүүлэгчийн арын “и” эгшгийг “э” мэт богино биччихдэг зуршилтай байсны улмаас тийнхүү “Чингэс” мэт бичсэнийг нь зарим хүн “Чингэс” гэдэг юм байна хэмээн эндүүрэх болжээ. Их Чингис хааныхаа цолыг гуйвуулан “Чингэс” хэмээн буруугаар бичиж байгаа нь наанаа “и” эгшгийг “э” эгшигээр сольсон зөв бичгийн дүрмийн багахан алдаа мэт харагдах боловч, цаанаа түүхэн хүний нэр цолыг гуйвуулан өөрчилсөн хэсэг хүмүүсийн буруу булхайг Монголын өргөн олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн, улмаар Монголын түүхийг гуйвуулсан хэрэг болж байна. Учир иймийн тул Их хааныхаа нэр цолыг уг язгуур байдлаар нь “Чингис” хэмээн зөвөөр бичиж эхлэхийг уриалж байна.


доктор Ж.Гэрэлбадрах

h-turuu.blogspot.com

1 comment: