2010-12-07

Үгээр болгоомжтой тоглоорой, сэтгүүлч, орчуулагч нap аа!

Викилийкс-ийн мэдээлэл одоо хүн бүрийн анхааралд байна. Монголтой холбоотой ямар мэдээлэл гарах бол гэж олон хүн харж байсан, түрүүчээсээ ч гараад эхэллээ. Олон улсын дипломат харилцаа, хувь хүний нэр хүндтэй холбоотой энэ чухал асуудал дээр манайхан маш хянамгай хандах хэрэгтэй байгааг захын жишээ харуулж байна.

Монголдоо хамгийн олон уншигчтай цахим сонины нэг www.news.mn - ий тэргүүн нүүрэн дээр заларсан нэгэн мэдээллийн гарчгийн тухайд хэл судлаачийн хувьд тайлбарлах хэрэгтэй болов уу. "Монгол дипломат Хойд Солонгосын захиаг АНУ-д дамжуулжээ" гэсэн мэдээ л дээ.

Уржигдар уг эхээрээ Их Британийн "Guardian" сонинд гарсан тэрхүү мэдээг CNN-ий сэтгүүлч олж уншаад өчигдөр өөрийн тайлбартайгаар нийтлэл болгон гаргахдаа "Mongolia passed North Korea message to USA" хэмээх нэр өгсөн байна. Ньюс.мн-ий сэтгүүлч харин CNN-ий тэрхүү мэдээг орчуулан гаргахдаа "Монгол дипломат Хойд Солонгосын захиаг АНУ-д дамжуулжээ" гэж буулгасан нь маш том алдаа болжээ.

Манай дипломат ЗАХИА дамжуулсан уу?

Уг эх дээрээ Монголын дипломат MESSAGE дамжуулсан гэж байна. Message гэж юу вэ? Гар утасны текстэн мессежийг харилцааныхаа хамгийн гол хэрэглүүр болгож заншсан манай залуусын хувьд энэ үг шууд "захиа" гэж ойлгогдох нь дамжиггүй. Гэтэл "захиа"-наас гадна ямар утга бас байгааг толь бичгээс шүүрдье.

(www.dictionary.com)
message

-noun
1. a communication containing some information, news, advice, request, or the like, sent by messenger, radio, telephone, or other means.
5. the point, moral, or meaning of a gesture, utterance, novel, motion picture, etc.

-Idiom
6. get the message, Informal. to understand or comprehend, esp. to infer the correct meaning from circumstances, hints, etc.: If we don't invite him to the party, maybe he'll get the message.

Тав, зургадугаар зүйлээс "message" нь зөвхөн "захиа" биш бас "хэлэх гэсэн санаа" гэсэн утгатайг харж болно. Өөрөөр хэлбэл аливаа кино, өгүүллэг, ярилцлага, бүхий л зүйлийн хүнд хүргэх гэсэн "санаа", юу хэлэх гээд байна вэ гэдэг нь "мессеж" юм.

Нууцын зэрэглэлтэй тэр мэдээг уншихад Хойд Солонгосын тал АНУ-д хүргэх "санаа" байсан, тэрийгээ хэлсэн, тэрийг нь ч манайх АНУ-д хүргэсэн нь тун тодорхой ойлгогдож байна. Гэтэл тэрийг нь "захиа" дамжуулсан гэж орчуулахаар айхтар том тагнуул, урвагч ямар нэгэн биетэй бодитой захиаг кинон дээр гардаг шиг хулгайлаад ч юм уу аваад, хүргэж өгсөн мэт ойлгогдохоор болжээ.

Тийм ч учраас доор нь сэтгэгдэл бичсэн улс маш их бухимдан, мэдэх хараал бүгдээ урсгаж өгч. Уг нь улс орнуудын гадаад харилцаа, манай улсыг барууныхан сонирхох геополитикийн асуудал зэргийг багахан сонирхдог хүн бол АНУ бүр өмнөөс л манай улсыг Хойд Солонгостой харилцах гүүрээ болгох, тэр бүс нутагт тогтвортой байдал бий болгоход гол түншээ байлгах сонирхолтой байдгийг мэдэж байгаа байх. Энэ бол огт нууц биш, АНУ-аас байнга ил хэлдэг мэдээлэл.

Манайх ч Хойд Солонгостой харилцсан олон жилийн нөхөрлөлдөө тулгуурлан "мессеж"-ийг нь бусдад хүргэх гүүрийнхээ үүргийг сайн биелүүлж байгаа, энэ нь ч дээрх бичиг баримтаас харагдаж байна лээ. Харин нууцын зэрэглэлд орсны хувьд Хойд Солонгосын тал Хятад, Орос хоёроо буруушаасан, АНУ-ыг тийм ч их дайсагнахгүй гэсэн санааг тухайн нэр бүхий дэд сайд нь ярьсан зэрэг нь эмзэг сэдэв болов уу.

За энэ бүхэн ч миний хүрээний сэдэв биш тул орхиод, зүгээр өөрийн мэргэжлийн талаас үзэл бодлоо хэлэхэд Монголын дипломатын хүргэсэн Хойд Солонгосын мессежийг "захиа" гэж орчуулсан нь үнэхээр буруу. үүнийг нь тийм нэр хүндтэй сайт тавьж, мянга мянган хүнд буруу мэдээлэл хүрч байгаа нь бас л онлайн-сэтгүүлзүйг бид хэрхэн хөгжүүлэх ёстойг үзүүлж байгаа нэг анхааруулга боллоо.

Хэл найруулгын тал дээр бол хэлэх юм захаас аваад бий. Үг үсгийн алдаа бол тоймоо алдсан...
"Өнөөдөр" сонины тэргүүн нүүрэн дээр "Харьд хэрцгийгээр амиа алдсан монгол бүсгүй..." гэж эхэлсэн нийтлэл байсныг санаж байна. Хэрцгийгээр хүний амийг хөнөөж болох боловч хүн өөрөө амиа "хэрцгийгээр алдаж" болох уу?

Нэг хип хоп дуучинтай хийсэн ярилцлагын нэрийг хартал "Би (хэний ч билээ, өрсөлддөг нэг дуучныхаа нэрийг хэлээд) -ын зохиосон шиг дуунуудыг хөлийнхөө чигчий хуруугаар бичиж чадна" гэсэн байв. Уг нь их амархан бичнэ гэсэн санаа байх л даа. "Хөлийнхөө чигчий хуруугаар ч гоол хийчихнэ, төгөлдөр хуур тоглочихно" гэх мэтээр хүн бол онгирч болох байх, гагцхүү дуу зохиох дээр бол хөл биш толгой илүү үүрэгтэй биш бил үү? Яахав, зохиочихсон дуугаа хөлийнхөө чигчий хуруугаар сийрүүлэн бичиж чадна гэж өөрөөрөө бахархаж нэг болох юм даа.

Гэх мэтээр бичээд байвал барагдахгүй, гол хэлэх гэсэн санаа, "мессеж" маань юу вэ гэвэл найруулга, орчуулгын алдааг бид хэлээ эвдэн гутааж байна гэж зөвхөн эх хэлнийхээ зөв хэрэглээний үүднээс авч үздэг байсан бол Викилийкс мэтийн ийм эмзэг сэдэв дээр бол хувь хүний нэр хүнд, үндэстний харилцаанд ч нөлөөлж болох асуудал шүү гэдгийг л сануулах гэсэн юм.

Үгээр болгоомжтой тоглоорой, сэтгүүлчид ээ.

М.Саруул-Эрдэнэ

www.gogo.mn

3 comments:

  1. tiim shuu. ug zarimdaa bumbug shig ayul ycryylj medne. ugeer huniig ... bolno gd l bdg da.

    mongolia

    ReplyDelete
  2. hen neg ni ingeed heleed ugdug ni yamaidaa

    ReplyDelete
  3. Yag unen. Ingej heleh huntei baina gedeg uneheer sain hereg. Gol n heregtei humuus n olj unshaasai da. Thanks to M.Saruul-Erdene. So appreciated!

    ReplyDelete