Монгол Улсын Гавьяат багш, Доктор, профессор, Шинжлэх ухааны нэгдсэн академийн академич С.Мөөмөөг “Хоймрын зочин” буланд урьж оролцууллаа.
-Таныг Монгол хэл шинжлэлийн эрдэмтэн, багш гэдгээр нь хүмүүс мэднэ. Ингэхэд та аль нутгийн хүн бэ?
-Би Увс аймгийн Хяргас сумын нэгдүгээр багийн Хонгилцогийн голд төрсөн хүн. Миний төрсөн нутаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан газар. Тэр үед малчны хүүхдүүд ямар байлаа түүний адилаар хүмүүжиж өссөн дөө. Увс аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг дүүргэж Улаанбаатарын Багшийн сургуульд суралцсан. 1948 онд сургуулиа төгсөөд аймагтаа таван жил багшилж байгаад МУИС-д суралцсан. Төгсөөд их сургуульд багшаар үлдсэн юм. Аймгийн сургуульд сурч байсан миний үеийнхнээс одоо цөөхөн хүн үлджээ. Ж.Батмөнх, Т.Рагчаа дарга хоёр надаас нэг ангийн ах байсан.
-Анх багшийн сургуульд суралцахаар хотод ирж байхад чинь Нийслэл ямар байв?
-Одоотой харьцуулах юм байхгүй. Увс аймгаас “Зис” машинд суугаад 15 хонож явж ирж билээ. Замдаа жолооч нь айл хэсч хонож өнжин архи нэрүүлж уугаад явж өгөхгүй. Хүүхэд бид үг хэлэх эрхгүй. Тэр үед хотод ирээд хаана очихоо ч мэдэхгүй ёстой л сүрдэж байсан даа. Нутгаас гарахад ах дүү нар сайн яваарай гэж тавтын мөнгө өгч байсан. Бодвол түүгээр чихэр авахад хүрдэг л байсан хэрэг. Ер нь хятадууд их байсан санагддаг юм. Хятад дэлгүүр, гуанз, үсчин, зурагчин, халуун усны газар гээд байх. Хятадууд хүртэл мах зардаг байсан. Тэр үед Маршал Чойбалсан хоёр машинтай юм гэнэ гэж ярьдагсан. Жуузтай морин тэрэг үйлчилдэг байлаа. Энэ нь одоогоор бол такси шүү дээ.
-Таныг багшилж байх үед манай хэл шинжлэлийн нэртэй багш нар байсан байж таараа. Тэднээс их юм сурсан биз ?
-Их сургуулийн Монгол хэлний ангид анх орж ирсэн үеэсээ л тэр том хүмүүсийн эрдэм оюунаас суралцсан. Ардын багш Д.Чойжилсүрэн, Х.Далхжав, С.Лувсанвандан, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн багш байлаа. Багш нарынхаа буянаар их юм сурч, их ч юм үзлээ шүү. Варшавын их сургууль, Японд Осакагийн гадаад хэлний их сургуульд багшилж явлаа. Авиан зүй, Нутгийн аялгуу.Ерөнхий хэл шинжлэл гэсэн сэдвээр голлон хичээл зааж лекц уншиж байв.
-Сүүлийн үед Монгол хэлний зөв бичих дүрмийн тухай асуудалд ихээхэн яриа гарах боллоо. Залуучууд маань зөв ярьж, зөв бичихээ байлаа. Та энэ талаарх таны бодол?
-Би энэ талаар ихээхэн ярьж бичиж явдаг хүний нэг Энэ олон сонинуудыг харахад үнэхээр дэндүү байна. “Таван цагираг” сонин гэхэд гарчигаа “цагариг” гэж, мөн Монгол телевиз “Гариг” гэдэг нэвтрүүлгээ “Гараг” гэж буруу бичиж байх жишээтэй. Тэгээд сонинуудад зөв бичсэн найруулгатай үг өгүүлбэр ховор юм даа. Тэдний алдааны бөөсийг түүж цаг заваа алдах хэн байх вэ дээ. Манай Л Түдэв “Хэлний хүчирхийлэл” гэж бичсэн дээ. Гудамжаар явахад зар, рекламыг харахад дэндүү бүдүүлэг санагддаг. Хаан бууз, Хатан бууз, Хаан хуушуур гэж бичсэн байх юм. Арай ч хаан хатан хоёроо хуушуур буузтай хутгаад баймааргүйсэн. Монгол хэлний үгсийн сан арвин даа. Би хотын дарга Г.Мөнхбаяр дээр орж энэ талаар ярьсан. Удахгүй дорвитой арга хэмжээ авна гэж байна билээ. Өмнө нь М.Энхболдыг дарга байхад орж энэ тухай ярьж байсан ч авч хэлэлцээгүй. Уг нь Монголоор бичээд бүр болдоггүй юм бол ард нь англиар бичих учиртай. Гадаад орнууд ийм л байдаг.
-Нэгэн үе Монгол бичгээрээ төрийнхөө хэргийг хөтөлнө гэж яригдсан. Манай зарим эрдэмтэд эсэргүүцэж байсан удаатай. Уйгаржин, Монгол, хуучин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Үүнийг яаж нэрлэх учиртай юм бэ?
-1994 онд гавьяат хуульч Чимид их хуралд барьж ороод “Монгол бичиг” гэж нэрлэхээр болгосон. Уг нь тэр хүн хуулийнхаа л ажлыг хийж баймаарсан. Манай олон эрдэмтэн “Хуучин монгол бичгийн сурах”, “Уйгаржин бичгийн сурах” гэсэн ном бичсэн. Харин Б.Ринчин багш “Худам монгол бичгийн сурах бичиг” зохиосон. “Худам монгол бичиг” гэх нь зүйтэй юм.1983 онд Ц.Дамдинсүрэн багш “Монгол үсгийн дүрэм”-ийн толь гаргасан. Энэ номыг бага дунд сургуульд хэвшүүлэх ёстой. 1990 онд эрдэмтэд нийлж “Эх монгол хэлээ дээдэлье” гэсэн холбоо байгуулсан юМ. Энэ санаа бол эрт цагаас бий болсон түүхтэй. 1930 оны 11 дүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын намын анхдугаар бага хурал хуралдаж Бүх цэргийн жанжин Дэмид илтгэл тавьсан байдаг. Тэрээр шинэ боловсон хүчнийг бэлтгэх, соёлын довтолгооны тухай илтгэл тавьсан.
Шууд латин үсэгт шилжих тухай авч хэлэлцжээ. Тэгээд долоон настай гурван хүүхэд сонгож аваад Зохиолч Д.Нацагдорж латин үсэг, Я.Цэвлээ багш хуучин монгол бичиг, Ц.Дамдинсүрэн багш шинэ үсэг заагаад шалгалт авсан байгаа юм. Тэгээд латин үсэг заалгасан хүүхэд нь амархан сурчээ. Үүнээс үүдээд 1930 оноос 1940 он хүртэл латин үсэг заасан түүхтэй. Дараа нь 1941 онд Ю.Цэдэнбал даргатай комисс байгуулагдаж шинэ үсэгт сургаж эхэлсэн. Энэ үед Оросын цагаан толгойг тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон олон бүгд найрамдах улсууд авч хэрэглэсэн юм. Тэр үёд бүх түрэг хэлтнүүд шинэ үсэгт орсон доо. Ц.Дамдинсүрэн багш 50 насныхаа ойн хурал дээр “Бид хуучин бичгийг хэрхэвч хаяж болохгүй, шинэ үсгээ хаяж болохгүй. Хуучин үсэг бол дэлхийн монголчуудын төв гэж бод миний илтгэл дууслаа” гээд төгсгөсөн гэдэг. 1994 онд УИХ-ын дөрвөн гишүүн Латин үсэгт шилжих тогтоол гаргуулаад мөнгийг нь идчихсэн удаатай.
Гэтэл өнөөдөр манай залуучууд төсөл хөтөлбөр хэрэглэхгүйгээр латин үсэг сурчихсан гар утас, компьютерээр харьцдаг болчихоод байгаа биз дээ. Эх хэл гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа болж байдаг учиртай. Өнөөдөр НҮБ-ын албан ёсны хэлэнд Англи, Франц, Испани, Орос, Хятад таван улс ороод байна. Одоо Япон Арабууд орох гэж хөөцөлдөж байгаа. Герман гэхэд орж чадахгүй байгаа шүү дээ. Өнөөдөр монгол эх хэл эвдэрч, мөхөж байгаа нь тун харамсалтай. Манайхан хэл, бичиг хоёрын ялгааг мэдэхгүй хутгаад байна. Үг үсгийг буруу ташаа хэрэглээд байна. Зарим телевизийн хөтлөгч “Нэвтрүүлгээ жаргааж байна” гэж ярьж байх жишээтэй. УИХ-ын гишүүд орчуулгын хэлээр их ярьж байна. “Ач холбогдол өгч байна” гэж их ярих юм. Нэг үг алдвал тэр юмны утга санаа бүхэлдээ алдагдана гэсэн үг. Манайханд тэр тусмаа энэ албан тушаалтнуудад гадаад үгхэрэглэх өвчин тусчихжээ.
Монголоор хэвшчихсэн үгийг өөрчлөх хэрэггүй юм. Манайхан УИХ-ын дарга гэхийг хэвлэлээр “спикер” гэж бичих дуртай.Энэ нь англид болохоор доод танхимын дарга гэсэн үг юм. Үгийг сайн мэдэж байж бичих хэрэгтэй. Одоогоор манай монгол хэлэнд 5000-6000 үг хэрэглэгдэж байна. Б.Ринчин багш маань монгол хэл буман үгтэй гэж ярьдагсан. Тэр их арвин үгийг хэвлэл мэдээллийнхэн хэрэглэж мэдэхгүй байгаад нь харамсаж байна. Унааны морь шиг хэдэн үгээ хэрэглэсээр байх юм. Даяаршил гэж ярих боллоо. Өвөр монголчууд “Дэлхийчлэх” гэж хэлж байгаа. Даяар дурсагдах, даяар монгол гэж хэлдэг биз дээ. Үгийнхээ утгыг сайн бодож олж баймаарсан. Энэ үгийг намын төв хороонд байсан Балхаажав авч хэрэглэсэн юм. Л.Түдэв, Л.Дашням, Д.Бираа бид дөрөв. “Дэлхийчлэх” гэдгээр нь хэрэглэж байгаа. Дэлхийн монголчууд дөрвөн хэлний дундын үгээ хэрэглэмээр байна.
-Таныг манай улсын нэртэй шатрын мастер гэдэг. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Шатар гэдэг хүний оюун тархийг хөгжүүлсэн сайхан спорт юм шүү. Би 1958 онд шатрын улсын аварга болж байлаа. Шатрын буянаар их ч юм үзлээ. Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Халимаг улсын улсын ерөнхийлөгч асан Илюмжиновтой олон удаа уулзаж явлаа. Тэр саяхан манайд ирээд шатрын ордны суурь тавьж өгөөд буцсан. Илюмжинов наргиан болгож нэг үг хэлсэн. Хэдэн жилийн өмнө манай ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Халимагт айлчилжээ. Тэр үеэр Илюмжинов Энхбаярт Халимаг Монгол хоёрын хооронд нэг л ялгаа бий гэхэд нь манай ерөнхийлөгч юу байдаг билээ гэж гэнэ. Тэгэхэд нь мань хүн “Манай Халимагууд монголоодоо 400 жил саравчилж харсаар байгаад онигор нүдтэй болчихсон юм” гэж хошигносноо ярьж байсан. Шатрын спортыг Монголд хөгжүүлэх гэж их зүтгэж яваа хүн дээ Манайхан хэр хүлээж авч байгаа юм бол доо.
-Та манай сонины сэтгүүлчдэд хандаж юу хэлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид та бүхэн мэдээлийн хэрэгслээр монгол хэлнийхээ арвин сангаас уудлан хойч үедээ таниулж сургаж байх үүрэгтэй. Энэ үүргээ чанд биелүүлж байгаарай гэж хүсэх байна Маргааш Монгол Улс тусгаар тогтносны 99 жилийн ой болж байгааг тохиолдуулан үзгэн зэвсгээрээ эх хэлнийхээ үгийн урныг уншигч түмэндээ толилуулж байгаарай гэж хүсэх байна.
Нийслэл Таймс
Сайхан ярилцлага байна.
ReplyDelete