2010-09-13

Түүх бичлэгт тохиолддог зарим нэр томьёоны учир

Монголын түүх бичлэгт янз бүрийн нэр тохиолддог. Түүнийгээ үгийнх нь хувьд биш утгынх нь талаар ойлгох ёстой.

♦ Тобчиян (товчоо) - Түүх хэмээсэн язгуур монгол үг. Сүүлд өөрчлөгдсөн. Энэ үг XIII зууны Монголын түүх бичлэгг их тохиолддог. Одоо хүртэл тохиолдож байгаа. Утга нь өерчлөгдсөн.

♦ Товч Түүх гэсэн үг. (Эрдэнийн товч, Алтан товч гэх мэт)

♦ Цадиг зүйлийн товч XVII зууны үеийн түүх бичлэгт нилээд гардаг. Товчоон гэдэг үгийн хувирал гэж үзэж болно.

♦ Дэвтэр - Төвд гарлын үг гэж үздэг. (Алтан дэвтэр, улаан дэвтэр, хөх дэвтэр, цагаан дэвтэр гэх мэт) Түүхийн ямар нэг зохиолын хураангуй нэр. Ном гэдэг үгтэй утга дүйцэнэ. XIII зууны монголын түүхийн зохиолд хаяа тэмдэглэгдсэн байдаг.

♦ Тэүхэ (Цагаан түүх, шар түүх, хуучин түүх гэх мэт) - Намтар гэсэн үгтэй хоршдог. Тэхэ, Түхэ гэсэн нэр байдаг. XIII зууны сүүл XIV зууны эхний зохиолуудад байдаг. Тэгэхдээ дурсгалт зүйл, ямар нэгэн хэрэг явдлыг мэдэх, хойч үед үлдээсэн буюу үлдээх зорилготой өгүүлсэн зүйлд ийм нэр өгдөг байлаа. Мөн XIII зууны зарим нэг зохиолд тэмдэглэгдсэн байдаг. 1257 онд Мөнх хаанд зориулан босгосон хөшөөнд барс түүхэ гэсэн үг бий.

♦ Уг түүх (Угийн бичиг, Уг үндэс, у шаг мэт) Уг - овог гэдэг үгийн анхны хувилбар байж магадгүй. XVII зуунаас нилээд түгээмэл үзэгдэх болсон нэр.

♦ Эрхи (Болор эрхи, Сувдан эрхи, Эрдэнийн эрхи гэх мэт) - XVIII зууны үед төвд хэлнээс орчуулсан түүх шашны зохиолд их гардаг. XX зууны эх хүртэл (1910-аад он) Монголын түүхчид энэ нэрийг ашигласан байдаг. (Чандмань эрхи, Сангийн эрхи гэх мэт)

♦ Толь - ХVШ-ХIХ зууны үед Монголын түүх бичлэгт гарч ирсэн үг. Төвдөөс орчуулсан үг гэж үздэг. (Болор толь , Тодорхой толь гэх мэт) XVIII, XIX зуунаас одоо хүртэл манай түүхч, орчуулагч, хэл шинжлэлийнхэн ийм нэрээр зохиол бичих болсон.

♦ Судур (судар) - Хинди буюу энэтхэг хэлнээс төвдөөр дамжин монголд нэвтэрсэн. XVIII зууны үед Монголд хүчтэй нэвтэрсэн. Толь бичигт тайлбарлахдаа: "Эртнээс нааш үе үеийн эзэн сайдын явдал хийгээд улс төрийн мөхөж мандсан хэргийг тэмдэглэн бичсэнийг хэлнэ. Манжид бас судар гэсэн үгийг хэрэглэсэн байдаг. Мөн "Шагжамуни бурхан нирваан дүр үзүүлсэн хойно Ананд тэргүүтэй ихэс, шавь нар бурхны зорилгыг хураангуйлж нотлон буулгасныг 3 аймаг сав ном бүгд нэгэн аймгийг судар гэнэ" хэмээн тайлбарласан байдаг.

♦ Тууж (Шар тууж гэх мэт) - XIII зууны үеэс Монголын түүхийн бүтээлд тэмдэглэгдсэн. Бие даасан зохиолыг хэлдэг. Хожмоо үргэлжилсэн үгийн төрөл зүйл болон утга нь өөрчлөгдсөн. Толь бичигт тайлбарлахдаа: "Эрт эдүгээгийн улс төрийн хэрэг явдлыг эрхэм дээдсийн зохиол үйлдвэрийг (бүтээлийг) тодорхойлон гаргаж бичсэн үүрдийн тэмдэглэлийг тууж гэнэ" хэмээсэн байдаг. Тууж гэдэг үг бол чухам утгаараа түүхийн бэсрэг зохиолын нэр юм.

♦ Домог - XIII зууны үеийн түүхийн утга зохиолд элбэг тохиолддог. Гол санаа нь үеэс үед дамжсан үлгэртэй жишвэл бодит байдалд дөхүү гэхдээ домогтой нэг талыг хэтэрхий дөвийлгөсөн буюу сөрөг талд их тохиолддог.

♦ Бичиг (Төрөл үеийн бичиг, Шар бичиг, Угийн бичиг, Их урсгалын бичиг, Илтгэл бичиг, Түүх бичиг, Эх бичиг, Ургийн бичиг гэх мэт) - Язгуурын монгол үг гэж тайлбарладаг. Санжжавын Жамъян эрдэмтэн "Урт өдрийн улиг үгний бичиг" гэдэг бэсрэг зохиол бичсэн байдаг. XVIII зууны үеийн ном зохиолд элбэг гардаг, түүнээс өмнөхөд ховор. XX зууны эхэн үеэс нилээд түгээмэл хэрэглэгдэж байгаа.

♦ Цадиг - Төвдөөс орчуулсан гэж үздэг. Цадиг, цэдиг бол нэг үг. XVIII зууны үеийн түүх бичлэг ялангуяа төвдеөс орчуулсан зохиолд их байдаг. Мөн өвөрлөгчдийн зохиол бүтээлд их хэрэглэгдэж байгаа. Толь бичигт тайлбарлахдаа: "Эртний богд эрдэмтэн нарын ЭЛДЭВ гайхамшигт зохиолуудыг бичиж илэрхийлэн гаргасныг түүх цадиг хэмээмой" гэж бичсэн байдаг.

♦ Шаштир - Санскрит хэлний түүх гэсэн үг. Мөн ном гэсэн үгтэй утга дүйцэнэ. Цоморлиг, илтгэл шаштир зэрэг хоршиж хэрэглэсэн нэр бухий зохиолд цөөнгүй бий. Эртний ихэс хүмүүсийн явж өнгөрсөн хэрэг явдлыг тэмдэглэн бичсэнийг шаштир гэнэ. Шаштирч хүнийг түүхч гэдэг. XVIII зууны үеэс нилээд түгээмэл хэрэглэгдэх болж илтгэл хэмээн дангаараа буюу илтгэл шаштир, хувь хүн, ихэс ноёд, лам нарын намтар түүхийг харуулсан зохиолыг хэлдэг. Мөн түүхийн нэр зохиолыг хэлэх болсон байна.

♦ Илтгэл -  Олон зүйлийн хэрийг цаас буюу модон самбар дээр хөндлөн гулд хүснэгт шугам татаж жагсаан бичсэн зүйлийг хэлдэг байсан . Хожмоо шаштиртай хоршсон.

♦ Тэмдэглэл (Уг тэмдэглэл, өчүүхэн тэмдэглэл, хураангуй тэмдэглэл, бэсрэг тэмдэглэл, өргүүлсэн тэмдэглэл гэх мэт) - XIX зууны үед тухайлбал: 1840-өөд оны үед түүхийн хураангуй зохиолыг нэрлэх түгээмэл үг болсон. 1840-1842, 1856-1860 онд хар тамхины I, II дайн дууссаны дараа морин цэргийн дарга Синринчен гэдэг хүний бичсэн "Далайн дэргэд дайлсан тэмдэглэл" зэрэг сүүлийн үеийн дурдатгал маягийн бүтээл бий. Орчуулгын зохиолд элбэг байдаг.

♦ Чойнжун - Номын гарлага гэсэн утгатай төвд үг. Тэр чигээр нь авч хэрэглэдэг. (Монголд шашин дэлгэрсэн түүх) Бурханы шашны ном зохиолд элбэг тохиолддог. Шашны зохиолуудад эрхи урсгал, билэг зэрэг олон нэр түгээмэл хэрэглэгддэг. XVII зууны үеэс буюу манжийн нөлөө хүчтэй болж шарын шашны гурав дахь нөлөөнд шашны түүхийн зохиолд шүлэглэсэн, сонсоход яруу нэр байдаг. Түүнийг Монголын түүхийн уламжлал, хэрэглэж байсан нэр томъёог ашиглан орчуулсан байдаг. Агуулгаа тодорхойлоход бол анхаарсан байдаг. Жишээ нь: "9 зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх, алтан ястны сэтгэлийн цэнгэл буюу алтан хүрдэн мянган хэгээст хэмээх бичиг" 15 үгээс бүрдсэн. Зохиолын агуулгад их анхаарсан байна. Энэ зохиолын нэрнээс үзэхэд Монголчууд түүх бичлэгийн уламжлалаа орчуулгын зохиолд чадалтай ашиглаж, уншихад хялбар, ойлгоход дөхөм болгохыг хичээж байжээ.

Мөн хятад, манж, энэтхэг, төвд олон зохиолыг орчуулахдаа тусгай толь бэлтгэж үгийг аль болохоор онож орчуулахыг хичээж байлаа. Монголын түүхийн янз бүрийн нэр томьёог түүхийн бүтээлээс төдийгүй түүний удиртгал, оршил, төгсгөлд байдаг. Тухайлбал : Хуулиулан бичих, эвлүүлэн бичих, товчлон өгүүлэх гэх мэт томъёо бий. Түүхэнд гардаг олон нэр томьёог бүрэн ойлгохын тулд үе үеийн толь ашиглах ёстой. Зохиолын төгсгөлд зохиолын өчил буюу уншигчдад, сонирхогчдод, түүхчдэд зориулсан үг байдаг.

Монгол угсаатны оюуны чадавхи бусад үндэстнээсээ огт дутахааргүй харин ч зарим талаараа илүү гарч байсан гэж үздэг. Ном түүхийн янз бүрийн бүтээл туурвих уламжлалтай, тогтсон дүрэм журамтай түүнийгээ ямагт мөрддөг ард түмэн байлаа.

Чойжи-Одсэр

Монголчуудын үлдээсэн ном XIII-ХIV зууны эх хүртлэх хугацаанд монголын түүхчдийн бичсэн бүтээл харьцангүй цөөхөн болсон. Энэ нь нүүдлийн аж ахуйтай холбоотой. Монголчуудын түүх бичлэгийн гол зорилго нь өвөг дээдсийнхээ баатарлаг үйл явдлыг хойч үедээ үлдээх, төр, хил хязгаараа бат бэх байлгах, хэзээ ч харийн эрхшээлд орохгүй байхыг өргөн олонд сурталчилах зэрэг байсан.

Тийм ч учраас билиг авъяастай хүмүүсээ өсвөр үеэс нь дэмжиж, эх түүхээ боловсруулахад нутаг усныхаа цадиг түүхийг бичиж үлдээхийг нийтээрээ анхаардаг байлаа. Тийм ч учраас оюун билгээр онож мэдэх авъяастныг үүрд дэмжиж, эрдэм бичиг хийгээд эр чадлыг суралцаж түмнээ манлайл гэсэн байнгын уриатай байлаа.

Монголын түүх бичлэгт XX зууны 20-иод оноос эхлэн орно. Зүгийн нэр томьёо орчуулагдан хэрэглэгдэх болсон. Энэ нь өгүүлэл, тэмдэглэл, шүүмж, түүвэр эмхэтгэл, товчлол зэрэг юм. Тухайлбал: Статья - өгүүлэл гэж орчуулсан. Хэмжээний хувьд нэг буюу хэд хэдэн сэдвийг хөндсөн бага хэмжээний зохиол.

Мөн нэгэн сэдэвт зохиол буюу монография гэдгийг орчуулсан. Энэ бол тодорхой сэдвийг үүсэл, хөгжил, явц, төгсгөл буюу үр дүнтэй нь авч үздэг гол хэрзглэгдэхүүн нь тулгуур сурвалж байдаг.

Тэмдэглэл гэдэг нь аль нэгэн асуудлыг тодорхой сэдвээр буюу тодорхой үеэр хэсэглэн авч урьдчилсан дүгнэлт гаргаж бичихийг хэлнэ. Энэ бол Монголын түүхийн уламжлалт орчуулгын зохиолтой адилгүй, нилээд европ маягийн шинжтэй.

Шүүмж бол аль нэг зохиолыг үнэлж дүгнэсэн түүнээс суралцах юу байна, ташаа тэмдэглэсэн зүйл юу байна гэдгийг тодруулж гаргасан. Гол ач холбогдол нь тухайн зохиогч буюу уул асуудлыг сонирхогч хүмүүс сургамж авах юм. Удиртгал, оршил, төгсгөл бол уламжлалтай өрнөөс шинэ байдлаар хэрэглэгдсэн.

arichoi
mongraphy.blog.banjig.net

1 comment: