2010-08-19

А.С.Пушкиний “Телега жизни” хийгээд “ямщик” буюу нэгэн монгол язгуурт үгийн тухай

Хоть тяжело подчас в ней бремя,
Телега на ходу легко;
Ямщик лихой, седое время,
Везет, не слезет с облучка.
(А.С.Пушкин)


Холбон найруулахаар барьж авсан энэ өчүүхэн таталбар тэмдэглэлийнхээ сэдэв буюу гарчигт “хийгээд”, “буюу” гэсэн хоёр ч зэрэгцүүлэн холбох үгийг нэг л мэдэхэд оруулаад биччихжээ. Санамсартай ч ийм юм болов уу, аль эсвэл санаандгүй ч ийм юм болов уу? Юутай ч болов, урансайхны, ярианы, сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний, албан хэргийн, орчуулгын г.м. найруулгын төрлүүдэд монгол хэлний жинхэнэ ба үүсмэл холбох үгсийг хэрэглэх, эс хэрэглэх нь логик-хэлзүйн өвөрмөц учир холбогдолтой, хэлийг хэрэглэгчийн туршлага, хандлагын онцлог, найруулах тавилаас нь үлэмж хамаардаг, нарийн зүй тогтол, хэм хэмжээтэй зүйл байдаг. Тухайлж, сөрөг талаас нь харвал, холбон найруулж буй сэдэвт “ба” олшрохлоороо базаахгүй болдог, “эсвэл” ихдэхлээрээ ээдрээтэй болдог, “агаад, ахул” хэтрэхлээрээ утга санаа адармаатай болдог, “хийгээд” олон болохлоороо хөндийдүүхэн болдог, “буюу” давтагдахлаараа будлиантай болдог, “бол, болбол” дэндэхлээрээ болхи ядмаг болдог гэм зэм байдгийг тусгайлсан судалбар хийвэл хялбархаан мэдчихэж болдог. Өдгөө цагийн зарим зохиолчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, оюутан залуус, ер бичиж найруулагч хэн боловч “буюу”-гаар холбон найруулах нэг моодтой болсон нэг ёсны нялхсын өвчин гэмээр зүйл ажиглагдсаар байгаа. Ийм хүмүүс, орчуулагч нар монгол хэлний “ба-гаар холбох ёсон, түүний утга, үүрэг хэрэглээ”-нээс өгсүүлээд “буюу”-гаар холбох ёсонг хүртэлх өдий төдий холбоос үгийн найруулгын үүрэг, хэрэглээний талаарх судалгааны ном, өгүүлэл цөөнгүй гарсныг олж уншаагүй байдаг нь даан ч харамсалтай байгаа юм.

Бас тэгээд дор хаяж л “Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн зохиолууд дахь холбоосууд, тэдгээрийн найруулга”, “О.Дашбалбарын хэл найруулга дахь «буюу»”, “Г.Аюурзанын нийтлэл, яруу найраг дахь «буюу»”, “Л.Өлзийтөгсийн яруу найраг, богино өгүүллэг дэх «буюу»”, “Баабарын нийтлэлийн найруулга дахь «буюу»”, “Д.Нацагдоржийн зохиолууд дахь «ба», «эсвэл», «буюу»”, “А.С.Пушкиний шүлэг зохиолын орчуулга дахь ил ба далд холбох хэрэглүүрүүд” гээд л холбоос үгсийн үүрэг, зөв, оновчтой хэрэглээ, зүй тогтол, хэрэглэсэн туршлагыг нь судалж тооцоолох юм бол, наанадаж, оюутны нэг сайхан дипломын ажил, цаанадаж, магистр, докторын судалгааны сонин сэдэвт ажил бэлхнээ гараад ирмээр байдаг. Үүнийг дурдсаны учир бол А.С.Пушкиний шүлэг зохиолын монгол орчуулга дахь үгийн сан, түүний үүсвэр ба найруулга бүрэлдэхүүн, өгүүлбэрийн бүтэц, холбоосууд, хэл, соёл, найруулгын судалгааг ч зэрэгцүүлэн хиймээр санагддаг юм. “Холбоосууд”-ын талаар жаахан илүүцдүү зүйлийг эхэнд нь дурдсаны учир нь манай дуун хөрвүүлэгч нар ямар ч гадаад хэлнээс орчуулга хийж, найруулахдаа холбох хэрэглүүрүүдийн утга, үүрэг, хэрэглээ, өнгө аясыг төдий л нарийн анхаардаггүй, бүр заримдаа сайн ухаарч орчуулдаггүй тал байдаг гэдгийг анхаараасай гэснийх билээ.  Энэ тухай үл өгүүлэн, өгүүлэх минь:

Судлаач, орчуулагч нарын судалж тооцоолж тэмдэглэснээр, Оросын суут яруу найрагч А.С.Пушкиний шүлэг зохиолуудын охь дээжсээс монгол хэлээр орчуулан нийтэлж эхэлснээс хойш лавтайяа 130 орчим шүлэг нь монгол хэлээр орчуулагдан гарчээ гэсэн мэдээ (орчуулагч Д.Гүн-Үйлс, судлаач П.Алтанцэцэг, бусад) байна. А.С.Пушкиний оюун санааны үнэт өв, үгийн урлагийн гайхамшигт бүтээлүүдээс нь сонгон орчуулж, монголын уншигчдад хүргэх энэхүү ариун гэгээн, бас ч адармаатай хэцүү ажил үйлсэд Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Цэдэнжав, Ч.Чимид, Ш.Нацагдорж, Ш.Гаадамба, С.Удвал, Х.Пэрлээ, Ч.Лодойдамба, Н.Жамбалсүрэн, Ц.Зандраа, Э.Оюун, Б.Дашцэрэн, Ц.Хасбаатар, Х.Мэргэн, Д.Цэдэв, Н.Наваан-Юндэн, Г.Аким, Р.Гүрбазар, Б.Гонгоржав, С.Дондог, Ц.Магсар, Д.Урианхай, Д.Гүн-Үйлс, С.Хишигсүрэн, Я.Баатар, Р.Содном, Ц.Бат, Б.Хорлоо нарын зэрэг орчуулагч, судлаач хүч сорьж, хөдөлмөрөө зориулжээ. Бас сүүлийн жилүүдэд орчуулах эрдэм, монгол хэлэнд оросоос орчуулсан шүлэг зохиолын задлал, хэл найруулгын талаар доктор А.Шархүү, О.Адьяа, Ц.Сүхбаатар, Г.Аким, Ц.Магсар нарын зэрэг эрдэмтэн, судалгааны сонирхолтой ном, өгүүлэл хэвлүүлснийг дурдахад таатай байна.

Сонирхож үзэхэд, А.С.Пушкиний зарим нэг шүлэг, найраглал, туужийг хэд хэдэн орчуулагч өөр өөр арга барилаар орчуулсан сонин туршлага ч олон байна. Тухайлбал, “Чадаевт”-ыг (Ц.Цэдэнжав, Ч.Чимид, С.Дондог); “Хоригдол”-ыг (Д.Нацагдорж, Ч.Чимид, С.Дондог); “А.П.Кернд”-ийг (Ц.Цэдэнжав, Ч.Чимид, С.Хишигсүрэн, С.Дондог, Я.Баатар, Ц.Магсар); “Кавказ”-ыг (Х.Пэрлээ, С.Дондог); “Хөшөө дурсгалаа босгов, би”-г (Х.Пэрлээ, Ч.Чимид, С.Дондог, Д.Урианхай); “Телега жизни”-ийг (Ц.Хасбаатар, Д.Цэдэв, Н.Наваан-Юндэн, С.Дондог, Д.Гүн-Үйлс, Ч.Санчир) гээд л нэг зохиолыг олон орчуулагч өөр өөрөөр орчуулсан жишээг дурдаж болох билээ.


Ингээд бид одоогоор зургаан хүний орчуулгаар монгол уншигчид, судлаачдад хүрээд байгаа “Телега жизни” хэмээх А.С.Пушкиний, өмнөдийн цөллөгийн үедээ бичсэн, нэгэн сайхан чөлөөт шүлгийн орчуулгын хэдэн хувилбарыг харьцуулан үзэж сонирхох ташрамд, гол нь “ямщик” буюу орос хэлэнд нэн эрт орсон нэгэн монгол язгуурт үг, түүний дүрслэх чимэг тодотгол (эпитеты, красочное определение, образное определение)-той “ямщик лихой” гэсэн нийлэмжийг яльгүй сонирхож үзэв. Одоо юуны өмнө, Пушкиний “Телега жизни” шүлгийг их найрагчийн орос эхээр нь авч, харин эхний бадгийг манай монгол орчуулагч нар, хэрхэн орчуулсныг харьцуулж харъя.

А.С.Пушкин: “Телега жизни” (1823) 
Хоть тяжело подчас в ней бремя,
Телега на ходу легка;
Ямщик лихой, седое время,
Везет, не слезет с облучка.
С утра садимся мы в телегу;
Мы рады голову сломать
И, презирая лень и негу,
Кричим: пошел…!
Но в полдень нет уж той отваги
Порастрясло нас; нам страшней
И косогоры и овраги;
Кричим: полегче, дуралей!
Катит по-прежнему телега;
Под вечер мы привыкли к ней
И, дремля, едем до ночлега -
А время гонит лощадей.

Жич тэмдэглэх нь: бид, орос шүлгийн монгол орчуулгуудыг ийм тийм, сайн муу болж гэсэн шүүмжит санаа хэлэх, санал тайлбар шургуулах зорилго тавиагүй, ер молхи миний бие орчуулах эрдэм, орчуулгын хэл, найруулгын талаар оролдож хийсэн юмгүй нэгэн. Харин А.С.Пушкиний “Телега жизни”-г урансайхны эх, эхийн өгүүлбэрзүй, туурвилзүйн талаас нь сонирхож,  шохоорхогчийн байр сууринаас л харахад, 4 бадаг энэ сайхан “орос шүлэг”-ийн сэдэв, үүдэл санаа, гол санаа, уран дүрслэл, зохиогчийн хандлага, эерэг ба сөрөг үнэлэмж, сэтгэлийн хөдлөл, урансайхны шийдэл, өвөрмөц онцлог, түлхүүр үг хэллэгийн сонголт, шүлгийн холбоц зэргээс нь харвал, хүний амьдрал - насан хөсгийг өглөө - үд дунд - орой буюу өсөх - идэр -  өтлөх - ирээгүй - одоо - өнгөрөх гурван цагаар хэгээслэн тэнхлэгдэж, урансайхны орон зай, цаг хугацаа, учрах үйлийн үр дагавар, арга, билгийн нэгдэлд нь зохиогч өөрийн бодрол, бясалгалаа урансайхны метафороор дүрслэн илэрхийлсэн, гол нь нэрнээсээ эхлээд л утга далдлах арга, хэлбэрээр бүтсэн шүлэг шиг санагддаг. Ерөнхийдөө уран дүрслэлийн эсрэг хэлхэц (антитеза)-ээр бүтсэн шүлэг гэж ч үзэж болмоор байдаг. Бас үе, өргөлтийн хэмжээ хэмнэл нь тун өвөрмөц энэ орос шүлэгт ойролцоо, эсрэг, төсөө, зүйлчилсэн утгат үгсийг нэн оновчтой сонгож, салаавчлан сэлгэж хэрэглэсэн онцлог байдгийг дурдахад илүүдэхгүй билээ.

Манай нэртэй, туршлагатай “Орос шүлэг, зохиолын орчуулгаар мэргэшсэн” орчуулагч - дуун хөрвүүлэгч нар маань өөр өөрийн ухаан шийдэл, арга барилаар орчуулсан нь лавтай. Цөм л өвөрмөц нэгэн туршлага болж үлдэж байна. Бид энд, нөгөө “ямщик лихой”-г сонирхож буй учир монгол орчуулгуудаас зөвхөн эхний бадгийг л авлаа.

1. Ц.Хасбаатарын орчуулга: “Насан хөсөг” (1969)
Ачаа дарамт хүндрэх үе хааяа байвч
Амьдрал- насан хөсөг явдал дундаа хөнгөхөн
Улирах цаг, хөөрүү улаач биднийг авч,
Урагш зүтгэн довтолгож, суудлаас буулгүй тэмүүлэнхэн…

2. Д.Цэдэвийн орчуулга: “Насны тэрэг” (1969)
Тээсэнхэн ачаа хааяа хүндхэн ч
Тэрэг нь явдал дундаа хөнгөн л
Буурал цаг, эрэмгийхэн улаач
Буугаад амсхийхгүй довтолно л…

3.Н.Наваан-Юндэнгийн орчуулга: “Амьдралын тэрэг” (1976)
Тэрэгний ачаа заримдаа хүнд ч
Тэнхлэг эргэлдэхээр тэмүүлнэ.
Хуучин маягаар хөгжүүн улаач
Судлаас босолгүй тэлгүүлнэ…

4. С.Дондогийн орчуулга: “Насны сүйх” (1993)
Заримдаа ачаа хүндхэн байлаа ч
Замд гараад тэрэг түүртэхгүй;
Залрах буурал үеийг тээж явсаар
Залуу улаач суудлаас буухгүй…

5. Д.Гүн-Үйлсийн орчуулга: “Амьдралын тэрэг” (2007)
Тээсэн ачаа нь хааяа хүндхэн ч
Тэрэг нь явдал дундаа хөнгөхөн л;
Улирах буурал цаг, эрэмгий улаач
Урагш амсхийлгүй довтолгонхон…

6. Ч.Санчирын орчуулга: Насан хөсөг (2007)
Ачаа буулганы дарамт заримдаа түүнд тээртэй ч
Амьдрал хэмээх насан хөсгийн явдал хөнгөн.
Цагийн буурал урсгал - эрдүү нь аргагүй хөтөч
Та биднийг аваад, буух завгүй довтолгоно...

Энэ зургаан орчуулга бол ном зохиол, сонин хэвлэлд орсон албан ёсны орчуулга юм. Бас “Телега жизни” шүлгийн орчуулгын уралдаанд оролцогчдын болон сонирхон оролдож орчуулсан оюутан, сурагчдын цөөнгүй орчуулга ч байдаг. “Хаан суурины Лицейгээс” төрж, тодорсон аугаа их найрагч А.С.Пушкиний энэхүү орос шүлгийг Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн Академийн Улаанбаатар дахь салбарын дэргэдэх “Улаанбаатар лицей” орос дунд сургуулийн монгол хэлний багш, магистр Л.Уранчимэг XI ангийн сурагчдаараа орчуулуулж, сорьж үзэхэд хэдэн сурагч өвөрмөц сониноор орчуулжээ. Тухайлбал, эхний бадгийг XI-б ангийн сурагч Г.Доржхандын орчуулсан нь:

Ачсан ачаа нь хүндхэн ч
Аян замдаа тэрэг хөнгөхөн…
Буурал цаг - буурай хөтөч
Буцах ёсгүйгээ ухааран зүтгэнэ.
Бидний ажиглалт, тэмдэглэлийн нэг гол зорилт бол дээрх орчуулгын таван өөр хувилбараас “хөөрүү”, “эрэмгийхэн”, “хөгжүүн”, “залуу”, “эрэмгий”, ”эрдүү” г.м. зургаан өөр янз утгатай тодотголоор чимж орчуулсан “ямщик” буюу “улаач”, “хөтөч” хэмээх монгол язгуурт үгтэй холбогдуулан зарим нэг санаа тайлбар хэлэхэд оршиж буй билээ.

Пушкин “Телега жизни” шүлэгтээ (1823) нийт Алтайн хэлнээс тэр тусмаа түрэг – монгол хэлнээс орос хэлэнд зээлдэгдэн орж нутагшсан “ямщик” буюу улаач, өртөөч гэдэг үгийг сонгож хэрэглэсэн байдаг нь сонин тохиолдол юм. “Ямщик”-гэдэг үгийг монгол хэлнээс орос хэлэнд орсон үг гэдгийг зарим эрдэмтэн, тухайлбал, монгол хэлэнд орсон гадаад үгс болон монгол хэлнээс бусад харь хэлэнд орсон монгол үг хэллэгийг уг гарвал, утга, дуудлага, бичлэг, хэлбэр, хувьсал өөрчлөлтийнх нь талаар хэд хэдэн бүтээлдээ нэлээд ултай судалсан доктор Н.Балжинням (МУИС) “Орос хэлний толь бичгүүдэд орсон монгол үгс” судалгааны өгүүлэлдээ: анх хэвлэл нь 1863-1866 онд гарсан Вл.Далийн “Орос хэлний жинхэнэ их тайлбар толь”-оос авхуулаад бусад олон толь бичиг, тайлбар бичиг, сурвалж хэрэглэгдэхүүнийг шүүрдэн үзээд, “Вл.Далийн тольд яман гэсэн үг байх ба ямаа гэсэн үг болно. Монгол хэлний замч гэдэг үгийг “ямщик” гэж бичээд, мориороо өртөөний алба хийж, хүн бүрээс авах албан татвараас чөлөөлөгддөг тариачин хэмээн тайлбарлажээ. XIII-XVIII зууны үеийн Оросын явуул хүмүүсийн унаагаа юүлж өнгөрдөг морин өртөөний газар юм. Энэ үг, Срезневскийн тольд “ям”, 1704 онд гарсан Поликарповын тольд мөн “ям” хэмээн, харин “ямщик” гэдэг үг нь Оросын Целлариус тольд 1701 онд тэмдэглэгдсэн бөгөөд уул нь түрэг хэлний “jam” хэмээх үг юм.” (МУИС, Эрдэм шинжилгээний бичиг, 2006 (267), 139-р тал) гэжээ. Ингээд харахлаар, 1863 оны Вл.Далийн “Их оросын амьд хэлний тайлбар толь”-д орсон “ямщик” буюу jam ~ зам ~ жам ~ жим хувилбаруудтай, замч, өртөөч, газарч, улаач, улаа нэхэгч, хөтөч г.м. утгатай нүүдэлчдийн соёл иргэншлийн улбааг хадгалдаг түрэг-монгол үг нь А.С.Пушкиний 1823 оны “Телега жизни” хэмээх шүлэгт байдаг нь Пушкин, Даль хоёрыг холбож байгаа, улмаар тэднийг дорно руу холбож буй өвөрмөц нэгэн жим, улбаа, өртөө, “гүүр” гэж үзэж болмоор санагдав.

Оросын их яруу найрагч А.С.Пушкин, түүний намтар, уран бүтээлийн товчоон, нэрт хэлшинжээч, амьд тольч, аялагч Вл.Даль, түүний амьдралын тойрог хийгээд 200000 гаруй үг, хэллэг бүхий 4 боть “Их оросын амьд хэлний тайлбар толь”-ийн талаарх зарим судалгаа, тайлбар мэдээ сэлтийг сонирхож үзвээс, Пушкин, Вл.Даль хоёр нь цөөнгүй удаа их оросын ард түмний зан заншил, хэл, утга соёлын сонирхолтой сэдвүүдээр санал бодлоо солилцож, хамтран аялж явсан дотно нөхөд, сонин хувь зохиолоор учирсан, ном эрдмийн гэгээн өндөрлөг өөд хамтдаа өгсөгч нар байжээ.

Эрдэм шинжилгээний ажилтан, орчуулагч Н.Пүрэвжавын Вл.Далийн “Их оросын амьд хэлний тайлбар толь”-ийн тухай бичсэн сонирхолтой тайлбар өгүүллээс үзэхэд:
[…] Даль, үгийг бичиж цуглуулж аваад л болчихлоо гэж боддоггүй. Тэр үгийг хэн, хаана, яаж хэлдэг, дууддагийг, хаана, яаж сонсогддогийг сайтар анхаардаг хүн байсан…, Амьд орос хэл нь Орос орны нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү чухам яаж дамжин явж байгааг үзэж сонсохын тулд тэрбээр улс орныхоо нэг булангаас нөгөө буланг хүртэл өөрийн биеэр аялан явж, амьдрал ахуйг нь нүдээрээ үзэж, амьд хэл яриаг нь чихээрээ сонсож мэдэрдэг хүн, хал үзэж, халуун чулуу долоосон амьдралын асар их туршлагатай хүн байсан…, Даль бүхий л амьдралдаа эхийнхээ сургаалыг мөрдлөг болгосон хүн байв…, Тэрээр усан цэрэг, эмч, зохиолч, түшмэл, залуу байгальч, тэнгис далайгаар аялагч, амьтан, ургамал судлаач байв…,

Ардын бослогын удирдагч асан Пугачевийн амьдралаас сэдэвлэсэн ном бичье гэж шийдсэн А.С.Пушкин, Оренбургт ирээд, Дальтай уулзжээ. Даль, Пушкиний замчнаар (улаачаар) явах болж, тэд Пугачевийн бослого гарч байсан газруудаар хамтдаа аялжээ…, мэдэж байсан бүхий л зүйлээ Даль, Пушкинд ярьж өгчээ…, 1837 оны өвлийг Вл.Даль, Петербургт өнгөрөөсөн байна. Даль энд Пушкинтэй уулзжээ. Пушкин, Далийн бүтээлийг ихэд үнэлж, халуунаар дэмждэг байжээ. 1837 оны нэгдүгээр сарын нэгний өдөр яруу найрагч маань Далийнд ирээд, түүний тэмдэглэлүүдийг ихэд сонирхжээ. Пушкин, урьд өмнө нь дуулж сонсож байгаагүй үг нэг бүрт баярлаж, сонирхолтой ном уншиж байгаа мэт амтархан байснаа: “выползина” гэдэг үгийг харангаа, -За, энэ чинь юу гэсэн үг вэ гэж асуухад, Даль: Могой арьсаа гуужуулчихаад үлдээчихдэг хальсыг ингэж нэрлэдэг юм гэж хариулж л дээ…, Тэр өдөр Пушкин урт хормойтой, хоёр энгэртэй шинэ хар пальто өмсөж явжээ. Тэрээр өмсөж яваа энэ хувцас руугаа харангаа:

-За, энэ ямаршуухан байна. Би энэ хальснаас мөд мултрахгүй. Энэ хальсан дотроо бичих юмаа бичнэ, хийх юмаа хийнэ гэж Дальд хэлж байсан гэдэг…, Хэдхэн хоногийн дараа үхлийн шарх олж, хэвтэрт орсон Пушкиний дэргэд Даль байж, түүнийг асран сууж, түүнд эм өгч, бигнүүрийн боолты нь сольж өгч байжээ…, Пушкин амьсгал хураахынхаа өмнөхөн Далийн гарыг чанга атгаж байгаад: -Та намайг босгоодхооч! Хоёулаа хамт тэр өндөр лүү гаръя гэж ярьснаа, нүдээ нээж, “Тантай хамт энэ номууд, түүний тавиураар өгсөж яваа юм шиг санагдлаа…” гэж хэлснээ, дахин толгой нь эргэж […] г.м. сонин мэдээлэл нийтлүүлжээ. (Эрхэлсэн проф. О.Адъяа, Нэртомьёо судлал, Уб., 2006, 106-131-р тал)

Энэ бүхнийг үг, утгы нь төдий л гээлгүй дурдсаны учир гэвэл, Оросын ард их найрагч А.С.Пушкинээс, Владимир Даль, оросын ард нийтийн хичнээн ч тансаг сайхан, домог, өвөрмөц үг хэллэг, утгыг сонсон мэдэрч, толийнхоо бүслүүр (ремешки)-т оруулав гэдгийг, гэтэл бас, даруухан мөртлөө үл мэдэгдэм алдар гавьяаг байгуулсан хүн-орос олон үндэстэн ястны амьд хэлний жинхэнэ тайлбар тольч, Вл.Далиас, А.С.Пушкин мөн төдий чинээ сонин содон үг хэллэг, хэлц үгс, утгыг сурч, сонирхож мэдэж, алдарт шүлэг зохиолуудынхаа хэл найруулгад сонгож хэрэглэсэн байж болохыг тааж хэлэхэд хэцүү. Ямар ч болов, алдарт Далийн 4 боть тайлбар толийн тэргүүн дэвтрийн эхний үг “АБА” (абиное сукно…)-гаас “буран” хүртэл, улмаар бидний сонирхон, өртөөчлөн хөөж яваа “ямщик” хүртэл хэдэн мянгаар тоологдох газар бүрийн үг хэллэг байдаг нь сонирхмоор зүйл юм.

Ингээд бодохлоор А.С.Пушкин, Вл.Даль хоёр бол их оросын олон үндэстэн ястны насан хөсөг-амьдралыг тээгч үг хэллэг, хэлц үгс, эдгээрийн түмэн салаа утгасын нууцыг өнгөрсөн, өдгөө, ирээгүй гурван цагийн хэлхээнд нь тайлагч, хэрэглэгч “ямщик”-үүд байж л дээ.
“А.С.Пушкиний “Телега жизни” хийгээд “ямщик” буюу нэгэн монгол язгуурт үг”-ээс үүдүүлэн хийсэн энэ бяцхан тэмдэглэлийнхээ төгсгөлд эргэцүүлэн бодвоос, Оросын ард түмний суут хүү, сод найрагч А.С.Пушкин, их орос амьд хэлний жинхэнэ тайлбар тольч Владимир Даль хоёр бол үнэхээр сонин содон хувь зохиолтой хүмүүс байж. Пушкин, хэдийвээр онцгой хоёр зууны зааг дээр 30 гаруйхан насалсан ч хэдэн арван найрагчийн хийх бүтээл туурвил, үнэт зүйлсийг нэгэн биеэр бичиж, хэдэн арван улаачийн туулах өгсүүр, уруудуур замыг нэгэн биеэр өртөөлөн туулж, өршөөлгүй хатуу цагт эрх чөлөөг гүнээ эрмэлзэж, ариун гараар бүтэмгүй хөшөө дурсгалаа босгосон хүн юм.

Вл.Даль ч ялгаагүй, хэдэн зуун хүний хийх хэлшинжлэлийн амьд тайлбар толийн хар бор адармаатай хүнд хүчир ажлыг зөвхөн ганцаараа хийж, 200000 гаруй үг хэллэгийг багтаасан “Их оросын амьд хэлний тайлбар толь”-оо, 30000 гаруй зүйр цэцэн үгтэй “Оросын ард түмний зүйр цэцэн үг” номоо  хэвлүүлж, “Хүмүүсийн сайн сайхны төлөө” юу хийж чадсанаа амьд сэрүүндээ харсан хүн юм.

А.С.Пушкин, Михайловск тосгон-Хаан суурины Лицей-Оренбург-Кавказ-Сибир-Өмнөдийн цөллөг-Петербург-Крым… гээд л ээдрээтэй ч, сонирхолтой ч, утга уянгатай ч амьдрал тэмцэл, бүтээл туурвилын замыг өөдөө сөөргөө туулж явахдаа олон ч сайхан хүнтэй учирч явж, Оросын олон ч гацаа тосгоноор аялж, олон янзын түшмэл хийгээд “ямщик” нартай нүүр учирч, зам нийлэхтэй нь нийлж, жим салахтай нь салж ч явжээ.

Пушкин, Лермонтов зэрэг орос найрагчдын зохиол бүтээлийг уншиж, үг, өгүүлбэрийг нь ажиглаж байхад, янз бүрийн улаач, хөтөч гардаг. Олны дундаас онцгой учиртай улаач-”ямщик” гэж бас байна. Тийм улаачийг Пушкин, “Телега жизни”-дээ “ямщик лихой, седое время…” гэж дүрсэлжээ. Тийм эрэмгий, дадамгай шаламгай, бодот улаачдын нэгэн бол Вл.Даль байжээ. Өмнө, бид, Даль, А.С.Пушкиний “ямщик” буюу улаачаар явж байсан тухай өгүүлсэн. Пушкин, Даль хоёрын нөхөрлөл үлэмж утга төгөлдөр байж. Даль бол А.С.Пушкинийг амьсгал хураахынх нь өмнөх агшинд “номын тавиурууд өөд тэвэрч, өгсүүлж аялуулсан улаач” нь байжээ.

Ингээд бодохлоор “Телега жизни” шүлгийн сэдэл санааг А.С.Пушкин, аль нэг цагт “ямщик” буюу “улаачид”-аас олсон байж ч болох. Чухамхүү тийм улаач бол Вл.Даль шиг цаг хугацааны эрэмгий, шантарч буцашгүй улаач болой. Их найрагч урансайхны энэ санаагаа “ямщик” буюу “улаач”, “замч” гэсэн монгол язгуурт үгээр илэрхийлсэн нь үлэмж сонин юм.

Эцэст тэмдэглэхэд, А.С.Пушкин бол Өрнө, Дорны ард түмнүүдийн хэл соёл, зан заншил, утга зохиол, шашин шүтлэгийг гүнээ хүндэтгэж эрхэмлэдэг романтик сэтгэлгээтэй, ардчилсан үзэлтэй хүн байж. Тиймээс бид энэ таталбар төдий зүйлийнхээ төгсгөлийг суут найрагчийн “Хөшөө дурсгалаа босгов, би” шүлгийнх нь (Ч.Чимидийн орчуулгаар):

…Нэр минь Оросын их гүнээр дуурсан тархаж,
Нэлэнхүй орших хэлтэн бүхэн намайг санана, хэзээд.
Омогт Славяны ач нар, Финүүд, бүдүүлэг байгаа Хамниган,
Талын найз Халимаг ч тэр. гэсэн бадгаар өндөрлөе. Өнөөдөр талын монголчуудад ч А.С.Пушкинийг санан дурсахын учир байсаар… Чингэхэд нэг сайхан орос шүлгийг орчуулах, судлах Пушкиний зохиолын орчуулгын нэг сонин үг, утгыг нь ч тайлахын өглөг, санаа багадахын учиргүй билээ!

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
www.dayarmongol.com 

No comments:

Post a Comment