(Үгийн эндүүрлийг хэлэлцье-1)
Улаанбаатарын төвд орших АНУ-ын Төрийн Департаментийн агуулах
Улаанбаатарт ирээд америкчуудын хамгийн их гайхдаг нэг зүйлийг мэдэх үү? Хотын яг төвд Төрийн Департаментийнх нь асар том агуулах байгааг хараад хачирхан зогтусдаг гэнэ. State Department Store гэж байхаар чинь арга ч үгүй биз ээ.
Их дэлгүүрийг маань ингэж гайхсан америк лав таваас зургааг би сайн мэднэ. Юунаас болж ийм үл ойлголцол үүссэн хэрэг вэ? Уг нь манайхны ч буруу бас биш юм аа. Социализмын үед Хүнсний, Барааны дэлгүүр гэж хоёр төрлийн дэлгүүр байсан, харин хүнс, бараа аль алиныг нь зардгийг Их Дэлгүүр гэдэг байж. Бараг л бүх төрлийн бараа зардаг гэдэг утгаараа манай Их дэлгүүртэй барууны Department Store тун дөхөж очих юм. АНУ-д бол Блүүмингдэйл, Жэй Си Пенни, Сиирс, Мэйси’з зэргийг Department Store-д тооцдог, харин Уолмарт, Таргет гэх мэт нь Discount Department Store, Самс Хаус, Костко эд нар бол бүр өөр төрөл, Warehouse Club гэдэгт ангилагддаг юм билээ.
За тэр ч яахав. Их дэлгүүр бол Department Store байж болно. Манай Их дэлгүүр зүгээр нэг хувийн өмч биш улсын юм болохоор нь (ингэхэд ер нь хувийн дэлгүүр гэж ганц ч болов байсан юм уу?) Улсын Их Дэлгүүр хэмээн онцгойлон нэрийдэж. Тийм учраас “улсын” хэмээх тодотголыг өмнө нь тавьж State Department Store гэж тодоос тодоор бичжээ.
Гагцхүү тийн бичсэнийг нь уншихдаа State гэснийхээ ард гялсхийх төдий пауза (түдэц) аваад Department Store гэсэн хоёр үгийг нэг үг болгон хамтад нь хэлэх ёстой байв. Гэтэл америкчуудын хувьд бүхэл бүтэн төр улс гэдэг дэлгүүртэй байна гэж санаанд нь багтахгүй болохоор, бас хар багаас State Department гэж уншиж, бичиж сурсан учраас энэ хоёр үгийг хамтад нь ойлгоод, араас нь Store гэж харахаараа Төрийн Департаментийн “дэлгүүр” гэхээсээ илүү “агуулах” юм байна гэж ойлгодог аж.
Нөгөө “хар хүзүүний ороолт” шиг шахуу юм болох юм даа. Уг нь бол “хар (‘пауза) хүзүүний ороолт” байх ёстойг зарим нэг нь мушгиад “хар хүзүүний (пауза) ороолт” гэж уншчихаад “хиртэй хүзүүнд зориулсан тусгай ороолт байдаг байх нь ээ” гэж боддог гэж байгаа.
Төрийн Департамент юм уу, Яам юм уу?
Одоо харин АНУ-ын яамдыг орчуулдаг монгол нэр томьёоны талаар саналаа хэлье. Муж улсын биш, Холбооны Засгийн Газрын түвшиндээ АНУ нь 15 том яамтай. Гэхдээ үүнийгээ “яам” буюу “ministry” гэж нэрлэдэггүй, department хэмээдэг. Хэдий өөрөөр нэрлэж байгаа ч ажил үүргийн хувьд “яам” л учраас “департамент” гэлгүй “яам” хэмээн орчуулж байгаа нь зөв юм.
Гэтэл хачирхалтай нь манайд мөнөөх 15-аас 14-ийг нь “яам” хэмээн буулгадаг атлаа ганцхан State Department-ийг “Төрийн Департамент” хэмээн хэлж хэвшжээ. Ер нь бол АНУ-ын State Department бол бусад Department-уудаасаа илүү онцгой үүрэгтэй нь бол үнэн юм. Хамгийн анхны яам нь болохоос гадна Төрийн Их тамгыг хадгалдаг үүрэгтэй. Яамдууд дотроо тэргүүнд тооцогдоно. Хоёрт нь Сангийн яам, гуравт нь Батлан хамгаалах яам нь орно. Тийм онцгой үүрэгтэй, тэргүүнд тооцогддог байлаа гээд адилхан л яам л бол яам шүү дээ. Бусад гадаад улсынхаар бол State Department нь Гадаад явдлын яамтай дүйнэ.
Тэгэхээр миний хэлэх санаа бол хэрвээ Department of State–ийг Төрийн Департамент гэж орчуулж байгаа бол Department of Defense –ийг Батлан Хамгаалахын Департамент, Department of Agriculture – ийг Хөдөө Аж Ахуйн Департамент хэмээх нь зөв. Хэрвээ Department of Defense –ийг Батлан хамгаалах яам, Department of Agriculture – ийг Хөдөө Аж Ахуйн Яам гэж байгаа бол Department of State –ийг Төрийн Яам гэх нь зөв. Өөрөөр хэлбэл нэр томьёо гэдэг жигд байх ёстой.
Төрийн сайд юм уу, Нарийн бичгийн дарга юм уу?
АНУ-ын 15 яам буюу департаментийг удирддаг хүнийг “сайд -minister” гэхгүй “secretary” гэдэг. Хэчнээн secretary гэсэн нэртэй ч бусад улсын хувьд яамдын сайдтай дүйцэх учраас “сайд” гэж орчуулах нь ч бас зөв юм. Манайд ч бас тийн буулгаж байгаа боловч ганцхан яамны secretary – г л “нарийн бичгийн дарга” хэмээн хэвшсэн нь өнөөх л State Department.
Уг нь бол Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга юм чинь Роберт Гэйтс ч мөн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга байлтай. Үгүй бол Арне Данкан Боловсролын сайд юм бол Хиллари Клинтон ч бас Төрийн сайд баймаар. Тэргүүлэх зэргийн яамны удирдагч учраас өөрөөр орчуулна гэсэн дүрэм баймааргүй л юм. Тэгэхээр secretary нь нэг бол “сайд”, үгүй бол “нарийн бичгийн дарга”, аль нэг нь л баймаар байна.
Буруу орчуулгаас буруу ойлголт төрнө
Орчуулга ийнхүү өөр байхаар хүмүүсийн ойлголт бас бурууддаг юм байна. State Department-ийг бусад яамнаас нь онцгойруулаад ганцааранг нь Департамент гэж, сайдыг нь “нарийн бичгийн дарга” гэж орчуулаад байхаар монголчууд маань тус яамыг бараг Засгийн газар, Конгрессийн түвшинд ойлгодог болчихсон юм билээ.
Хоцроогүй байгаа дээр нэр томьёогоо цэгцлээд эхэлбэл ямар вэ?
М.Саруул-Эрдэнэ
2010-08-09
Subscribe to:
Post Comments (Atom)
Ямар ч байсан Гадаад хэргийн яамны вэб болон АНУ-ын элчин сайдын яамны вэб дээр дандаа яам гэж орчуулсан байна лээ.
ReplyDelete