2010-07-23

Мэдээллийн технологийн орчуулгын талаар

Ойрд орчуулгын ажилтай зууралдаад тэр үү энэ асуудлаар дотроо бодож явлаа. Дөлөө энэ талаар блог бичнэ гэж байсан, тэрийгээ бичжээ. Ерөнхий санааг нь гаргасан байна, дээр нь бага сага зүйл нэмье.

MUG-н зүгээс "FreeBSD Гарын Авлага"-г орчуулж эхлээд байгаа билээ. Би хувьдаа энэ орчуулгын ажилд оролцож, нэг бүлгийг нь орчуулж эхлээд байна. Зөвхөн номыг орчуулахаас гадна, мэдээллийн технологийн нэр томьёог орчуулах ажил давхар явагдаж байгаа болохоор энэ ажил жаахан удаан явж байгаа талтай. Ер нь орчуулга хийнэ гэдэг санасан шиг амархан ажил биш юм байна гэдгийг нилээд ойлгож авсан. Хүмүүст ойлгомжтой байхын дээр, чанартай сайн орчуулга хийхийн тулд их хөдөлмөр шаардана.

Тухайн нэг өгүүлбэрийг орчуулахын тулд эхлээд англи хэлний эх өгүүлбэрийг өмнөх өгүүлбэр, бүлгийн утга санаатай авцалдуулан сайтар ойлгож авна. Өгүүлбэрийг ойлгохын тулд мэдээж мэргэжлийн дадлага туршлага их хэрэгтэй санагдсан. Хичнээн хэл мэддэг байгаад сайн орчуулга хийж чадахгүй... Нэгэнт ойлгож авсан тул монгол өгүүлбэр болгоод буулгачихна. Дараа нь нэр томьёо, үгийн сонголт гэж нилээд том асуудал тулгарна аа... Нэр томьёог орчуулахын тулд англи хэлний тайлбар толь болон тухайн нэр томъёоны мэргэжлийн тайлбарыг уншина. Жишээ нь: "stateful firewall" гэдгийг орчуулах гэж нилээд бодсон. Гаднаас үүссэн холболтууд "state" буюу ямар нэг "төлөв"-т байдаг талаар ойлголттой байсан тул "төлөвт галтхана" гэж орчуулахаар шийдсэн. Мөн "firewall" гэдгийг хоёр үг нийлж нэг шинэ үг үүсгэж байгаа тул "галт хана" биш, "галтхана" гэж бичих нь зүйтэй санагдсан тул нийлүүлж бичиж байгаа... Мөн "source IP address" гэдгийг "эхлэл IP хаяг" гээд эвтэйхэн хэлчихэж болж байхад "destination IP address" гэдгийн destination-д оноочих нэр үг олж чадалгүй "очих IP хаяг" гээд орчуулчихсан байдаг...


Зарим үг яг сайхан таарсан үг олдож байхад, заримыг үнэхээр чадахгүй тул хамгийн дөхөм үгийг сонгож тавих байдлаар одоогийн байдлаар орчуулгаа хийж байна даа. Яваандаа бүх бүлгүүдийг орчуулж дууссаны дараа нэр томьёогоо эргэж нэг харъя гэж g0mb0 ахтай ярилцсан байгаа.

Гэх мэтчилэн орчуулгын талаар нилээд олон асуулт тулгарсан тул Галаарид гуайн блогоос "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1, 2"-г уншсаны дараа иэдээллийн технологийн орчуулгын талаар зөвлөгөө өгөөч гэж гуйсан билээ. Бодвол түүний хариу байх Галаарид гуай шинэ нийлэлдээ IT-н орчуулгын талаар нилээд дурдсан байна лээ. Ер нь мэргэжлийн бус хүмүүс "үг болгоныг орчуулаад яах юм бэ? жишээ нь компьютер гэдгийг орчуулж яахийн, хүн болгон ойлгож байхад" гэсэн байр сууринаас ханддаг. Галаарид ах энэ талаар:

"Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томьёо, тухайлбал IT-гийн нэр томьёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томьёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг..." гэжээ. Би хувьдаа эхний өгүүлбэртэй 100% санал нийлэхгүй байна. Би хувьдаа: "...огт шинээр, зохиомлоор үүсгэсэн үгнээс бусдыг орчуулах боломжтой гэж боддог. Энэ салбарт ажилладаг болоод ч тэрүү, ер нь IT-н нэр томьёог орчуулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Яахав орчуулга муу, эсвэл тухайн үг дэндүү тогтвортой байвал хүмүүс хэрэглэхгүй үлдэнэ л биз. Мөн орчуулга шаардаад байгаа үгсийг хүмүүс сайн дураараа янз янзаар орчуулж байгаагаас энэ талын хэлшил зүгширч өгөхгүй байх шиг санагддаг. Стандарт гаргаад хэвшчихвэл бүгд хэрэглээд эхлэнэ гэж боддог. Өөрөө орчуулга хийж байгаа болохоор тэр юм уу монгол үгээ хэрэглээд ирэхээр сэтгэлд ойрхон буугаад байх болсон."

Үнэхээр сүүлийн үед мэргэжлийнхээ нэр томьёог монголоороо хэрэглэх үнэхээр таалагдаад байгаа. Орчуулганд оролцож байгаа Нацаг, дээр чатлахдаа "install" гэдгийн оронд "суулгац" гэж хэрэглэсэн нь надад сайхан санагдсан... Мөн энд жишээ дурдахад "build" гэдгийг би "үүсгэх" гэж орчуулаад байсан бол g0mb0 ах "бүтээх" гэж орчуулсан байсан нь илүү оновчтой санагдаад зассан байгаа.

Юутай ч энэ орчуулгын ажил дуусвал нилээд гайгүй үгсийн сан үүсэх байх гэж найдаж байгаа. IT-гийнхан хэдий завгүй ч орчуулгын ажилд идэвхтэй оролцоно гэж найдаж байгаа шүү.

Baynaa
2006.12.11
baynaa.blogspot.com

1 comment:

  1. "Мөн орчуулга шаардаад байгаа үгсийг хүмүүс сайн дураараа янз янзаар орчуулж байгаагаас энэ талын хэлшил зүгширч өгөхгүй байх шиг санагддаг. "

    Тийм шүү
    Компьютерийн нэр томъёотой холбогдуулж Clock гэсэн үгийг орчуулах болоод мэргэжлийн хүмүүсээс асуухад "Давтамж", "Синхрон дохио, Айзамын дохио" гэх мэтээр хэлж өгч байсан. Тухайн үед өөрөө шалгаж үзэхэд "Давтамж" нь "Frequency", харин "Синхрон дохио" нь болохоор "Clock" гэсэн үгний тайлбар байвал илүү дөхүү санагдсан тул аль алийг нь авч хэрэглээгүй өнгөрсөн юм. Орос, хятад хэлэнд "clock"-ийг "такт", "频" гэсэн үгээр орчуулж байгаагаас санаа авч өөрөө "Хэм" гэж орчуулаад явсан нь арай эвтэйхэн болсон санагдаж байлаа.

    Clock Frequency - Хэмийн давтамж
    Clock Speed" - Хэмийн хурд

    ReplyDelete