Орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүйтэй уулзаж, орчуулгын зохиолын хэл найруулгын тухай ярилцлаа. Тэрбээр сантехникийн инженер мэргэжилтэй бөгөөд яруу найргийн “Ялалтын симфони” (1984), “Сэтгэл хазгар биш бол...” (2005), “Хөшүүрэг” (2004), “Үхэл дагуулсан сүйрлүүд” (2007) нийтлэлийн ном туурвиж, Михайл Веллерийн “Авсанд хэвтээ хүн” (1999) зэрэг арваад ном орчуулжээ.
- Та Оросод суралцаж байхдаа, ямархуу оюутан байв даа?
- Наргиангүйгээр хэлэхэд, манайхан хичээлийнхээ чөлөө заваар орос охид эргүүлж, нэхмэлийн үйлдвэрийн бүжиг рүү гүйлддэг байхад би орос ном, уйгаржин бичгийн өөрөө сурах хоёрыг л “дээшээ хараад хэмлэж хэвтдэг” байсан. Орос оросдоо, Грек, Польшид хэвлэгдсэн эротик хийгээд адал явдалт зохиолууд. Тиймэрхүү номноос залуучууд салж чаддаггүй болохоор толь бичиг эргүүлэхээсээ залхуурдаггүй юм. Үйл явдалд хөтлөгдөөд, мэдэхгүй үгсээ заавал толь бичгээс мэдэж авч, утгыг нь бүрэн ойлгох гээд... Тэгсээр байтал, нэг л мэдэхэд орос үгийн яндашгүй баян сантай болчихсон байсан.
- Та тэгвэл эротик үгсийн баян сантай байх нь ээ?
- Эротик зохиол гэдэг тухайн хэлний хамгийн нарийн нандин үгс, тансаг илэрхийлэл, тойруу хэллэг, адилтгал, зүйрлэл, далд утгыг бүгдийг нь хэрэглэж чадсан байдаг. Бас эротик зохиолд сэтгэлийн, хүмүүн бодын философи хамгийн гүнээр тусгалаа олсон байдаг. Италийн сэргэн мандалтын үеийн “Декамерон”, “Гептамерон”-ыг орос хэл рүү хичнээн сайхан орчуулсан байдаг гээч. Түүнийг нь манай Жамсраны Цэвээн бээр монгол руу хөрвүүлэхдээ мянгантаа илүү гоё болгоод “дуниартуулчихсан” байгаа юм чинь. Гэтэл сүүлд манай нэгэн нэрт орчуулагч гуай “новшруулаад” хаячихсан байна лээ. Уг эхтэй нь өрсөлдөхүйц тансаг хөрвүүлж байж л тэр бүтээлийн амтыг говьд ургадаг гогод, мангиртай болгож болно. Зөвлөлтөөс 1978 онд зугтаж гарсан ховрой Эдуард Тополийн “Россия в постели” гэдэг номыг би тэгж л орчуулахыг хичээсэн. “Ор, хөнжлийн Орос орон” гэж байгаа. Чи өөрөө харьцуулаад үзээрэй. Горбачевын авгайн тухай “Кремлевская жена” гэдгийг “Кремлийн эзэгтэй” нэрээр орчуулаад гаргачихсан чинь өөр дурдатгалтай андуураад байдаг юм. Лариса Горбачева зөвхөн эхнэр төдий биш, жинхэнэ орос эзэгтэй байжээ гэдгийг тодорхойлсон улс төрийн тийм романыг ч сексээр өнгөлж болдгийг тэр номноос үзэж болно. Бүүр гудамжны үгтэй сексээр шүү.
- “Хүмүүсийн тухай роман” номноос Саддам Хусейн, Владимир Высоцкий ч харагдах шиг. Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номын орчуулга таныг алдаршуулсан байх аа?
- Намайг биш ээ, Монголыг алдаршуулсан польш тэнүүлчний ном гэвэл зохистой. Монголд хачин их “дурлачихсан” хүн гэдэг нь аандаа харагдаад, хорхой гозгонуулаад байсан юм. Гэгээн хайр нэвт шингэчихсэн.
- Георгий Плехоновын “Улс төрийн гэрээслэл”, Моррис Славины “Гильотины илдэн доорхи Эберчүүд” гэж байна. Энэ чинь юун тухай билээ?
- 1789 оны Францын хувьсгалын бүтэц зүйн судалгаа. Хувьсгалчид бие биенээ хэрхэн хөнөөдөг талаар нууц цагдаагийнхны мэдээлэл дээр тулгуурлан бичсэн ном. “Гильотины заазуур доорхи сагс руу ээлжит толгой цус олгойдуулан унахад, цугласан олон уухай түрэн хашгирлаа.” гэж байгаа. Улаан шугам нь тэр. “Усыг нь уусан худаг руугаа нулимж, ааруул тавьсан алгыг нь хазав” гэдэг шиг. Ер нь аливаа хувьсгалын удирдагчид голдуу хувь заяаныхаа шоглоом болох одон дор хорвоог олчихсон улс юм уу даа.
Харин Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” гэдэг нь хөгжингүй капитализмын онолын суурийг тавьсан философийн бүрэн бүтээл. Түүний үрээр дэлхийн капитализм хөлөө олсон. Манай улс төрчид түүнийг олоод уншчихвал өчигдөр, өнөөдрийнх шигээ маанагтахгүй л байхгүй юу. Цөөн хэдээс бусад нь Айн Рэндийг сонсооч үгүй гэдэг дээр мөрий тавихад ч бэлэн байна. Америкийн сүүлийн хоёр гурван ерөнхийлөгч Айн Рэндийг шүтэн бишрэгч байснаараа л их улс төрд хөл тавьсан байдаг. Дашрамд дурдахад, энэ хоёр зохиолч чинь хоёулаа л Оросоос зугтааж гарсан ховройнууд шүү дээ.
- Орчуулга хийхэд үгийн сонголт, мэдрэмж чухал юм шиг надад санагддаг юм?
- Тийм шүү. Сайн орчуулахын тулд төрөлхийн авъяас, мэдрэмж нөлөөлөлгүй яахав. Горький төгссөнөөрөө сайн яруу найрагч болдоггүй биз дээ. Тэр нь эхийн сүү, өвгөдийн хүүрнэсэн домог хуучаар дайгдан ирдэг байх. Гадаад хэл мэддэг хүн бүхэн орчуулагч болдоггүй юм аа гэдгийг зоригтойхон дуугарчихмаар байна. Хамгийн гол нь монгол хэлээ төгс төгөлдөр мэддэг байх ёстой. Чиний орчуулгыг монгол хүн уншина гэдгийг санах хэрэгтэй. Түүнээс биш, аль нэг гадаад хэлийг 2-3 жил үзчихээд, 2-3 товхимол хазгай муруй монгол хэлээр гаргачихаад өөрийгөө орчуулагч хэмээн сагсуурч, “агуу ихийн өвчин”-д дөрлүүлж явдаг хүмүүс бол гэмт хэрэгтнүүд. Үндэстнийхээ өмнө гэмт хэрэг хийж буй хүмүүс. Ер нь сүүлийн үед чадахгүй юм руу хошуурдаг хүмүүс аль ч салбарт үзэгдэх болсон нь сэтгэл зовоож байна. “Илжиг цогиулаад морь болохгүй, ишиг магтуулаад хонь болохгүй” гэсэн үг байдаг. Орчуулагч болохын тулд 20-30 жилийн туршлага хэрэгтэй. Тэр тусмаа монголоос юм уу, монгол руу синхрон орчуулга хийнэ гэдэг бол бараг байж болшгүй зүйл. Бусад хэлийг бодвол, өгүүлбэрийн гишүүдийнх нь байрлал өөр юм чинь. Монгол хэл бол өөр ямар ч хэлтэй зүйрлэмгүй онцгой байгуулалттай өгүүлбэрийн ачаар илэрхийлэгддэг хэл. Тэгсэн атлаа үйлдэгдэх хэв, тийн ялгал, үйлт нэр бараг хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, “агд”-луулдаггүй, “эгд”-лүүлдэггүй, “хүний эрхэнд ордоггүй” хэл. Өнөөдрийн улс төрчид, сэтгүүлчид, албаныхны амнаас салдаггүй “Ашиглалтанд ордоггүй” гэх үгийг жинхэнэ монголоор нь бол “ашиглуулдаггүй” гээд л гүйцээ. Ер нь эх хэл маань даанч хурдан “гашилж” байна.
- Орчуулагч сайн бол төрөлх хэлээрээ зохиосон юм шиг уншихад хялбар байдаг. Гэтэл зарим номыг уншихлаар учир утга нь ойлгогдохгүй бэрх юм аа?
- “Орчуулгын хэл сайн” гэдэг чинь буруу ойлголт. Хүмүүс тэгж яриад байдаг юм. Тэр талаас нь тодорхойлох юм бол Дамдинсүрэн гуайн “Алтан загасны үлгэр”-ийн орчуулгын хэл муу болж таарна аа даа. Пушкиных биш юм шиг, монгол зохиол юм шиг байгаа биз дээ? Пушкины “Полтава” найраглалыг Расул Гамзатов эх хэлээрээ орчуулчихсан чинь мөнөөх “хэтэрхий мэргэн уншигч авгай нар” нь “Яагаад зохиолынхоо түүвэрт оруулаагүй юм бэ?” гээд загнаад байсан юм гэнэ лээ. Өөрийг нь л авар хэлээрээ зохиосон гээд бодчихгүй юу. Уг нь тэгж л орчуулах хэрэгтэй байгаа юм. Эсвэл Ж.Цэвээн, М.Цэдэндорж нар шиг. Чи тэр Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг Цэдэндорж гуай яаж орчуулсныг үзээ биз дээ. “Нэгэн биений уруул, хэл мэт найралдуулав” гэдэг чинь тэр байхгүй юу. Гэтэл өнөөдрийн манай зарим орчуулгыг унших гэхээр хэл хугарчих гээд байдаг болсон. Орчуулга гэдэг мөсөн дээгүүр гулгаж байгаа юм шиг амархан уншигдах ёстой.
Ш.Билэгсайхан
2010-05-05
www.tsagtur.mn
No comments:
Post a Comment