“The Brain Bread” сэтгүүлийн “Хүндэт зочин”-оор Э.Чинбат багшийг урьсан юм. Монгол Улсын Гаалийн eрөнхий газарт ажилладаг энэ эмэгтэйн өрөөнд ороход улс орон бүрийн нэртэй хавтсаар дүүрсэн урт тавиур хамгийн түрүүнд нүдэнд туссан билээ. Энэ бол манай улс дэлхийн хэдэн оронтой гаалийн талаар хамтын ажиллагаатай вэ гэдгийг төвөггүй илтгэнэ. Гэхдээ бидний ярианы сэдэв бол гаалийн тухай биш, бүх нийтийн англи хэлний боловсролын тухай байлаа. Э.Чинбат багш гаалийн олон бичиг баримт, хууль тогтоомж, конвенцийг орчуулжээ. Барааг тодорхойлох кодлох, уялдуулсан системийн таван боть тайлбар бичгийг ажлын хэсгийн хамтаар орчуулах, редакторлах ажил хамгийн нүсэр нь байсан гэнэ.
– Таныг толь бичгүүдээр тань эчнээ таньдаг хүмүүс цөөнгүй. Ялангуяа англи хэлний орчуулгын талаар. Сүүлийн үед сураг тасарсан юм шиг.
– Ажлын шаардлагаар өөр албанд шилжсэн. Гэхдээ толь бичгээ оролдож л байгаа шүү. Одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль маань ерээд оны эхээр Гадаад Хэлний Дээд Сургууль гэсэн нэртэй байлаа. Би тэнд англи хэлний тэнхмийн эрхлэгчээр 1996 он хүртэл ажилласан юм. Тэр үед англи хэлний орчуулагчийн анги шинээр нээгдэж, бид сургалтын хөтөлбөрийг нь боловсруулан, хичээл зааж эхэлсэн юм даа. Би орчуулгын онол, дадлагын хичээл заадаг байлаа. Анхны төгсөгчдөөс маань Э.Содонтогос, Т.Ундаръяа, О.Адъяа, Д.Наран, Б.Индра гээд л нэртэй сайн орчуулагчид төрсөнд бахархаж явдаг даа. Ерээд оны дунд үеийн оюутнуудад одоогийнх шиг хэл сурах өргөн боломж хомс, сурах бичиг, гарын авлага байхгүй. Гар хоосон оюутнууддаа зориулаад мянган үгийн толь гэдэг юм бэлтгэдэг, сэдэв сэдвээр нь үг өгч түүнийгээ эргэж шалгадаг, орчуулахад нь хэрэглүүлдэг байлаа. Хүүхдүүд бие биеэсээ хуулж авдаг байсан юм. ВВС радиогийн нэвтрүүлгийг хуурцагт бичиж сонсгоод орчуулга хийлгэдэг байж билээ. Техник хэрэгсэл ч одоогийнх шиг биш. Жижиг магнитофон бариад л ангиас ангид хэсч өгнө дөө. Орчуулгын гарын авлага ч байхгүй, тэр үеийн “Ардын эрх” сонины дөрвөн нүүрийг эхнээс нь аваад дуустал орчуулдаг байж билээ. Эдийн засаг, хууль эрх зүй, улс төр, бизнесийн нэр томьёо гэх мэтээр үгийн санг төрөлжүүлсэн нь хожмоо толь бичиг бүтээхэд хүргэсэн юм. Тэгэхэд бидний хэдхэн багшид үнэн сэтгэлийн зүтгэлээс өөр юм байсангүй. 1998 онд анхны монгол, англи толь бичгээ бэлтгэн хэвлүүлсэн юм байна. Толь бичиг их чимхлүүр, цаг авдаг ажил даа. Дараа нь 2001 онд англи, монгол хэлний 100 мянган үгтэй толио гаргаж, 2003 онд дахин баяжуулсан. Бас TOEFL шалгалтад бэлтгэхэд туслах зорилгоор өвөрмөц хэллэгийн толь бичиг зохиосон. Саяхан нэг ном орчуулж дууссан. Мөд хэвлэгдэх байх.
– Англи хэлний орчуулгын нууцад зах зухаас нь нэвтрэх хүсэл буйгаа нуугаад яахав.
– Орчуулагч хүн үгийн баялаг нөөцтэй байх ёстой. Ялангуяа бичгийн хэл, бичих чадвар бол орчуулагчийн гол шалгуур. Үгийн салаа утгуудыг жишээтэй нь тогтоож, хэлзүйн болон утгазүйн онцлогийг нарийн мэдсэн байх нь чухал. Орчуулгын олон арга бий. Ном их унших хэрэгтэй. Бидний үед номоор л дамжуулж гадаад хэл сурдаг байлаа. Англиар юмуу, монголоор хэр сайн ойлгосон байна, төдийчинээ хөрвүүлнэ. Би оюутнуудынхаа орчуулгын чадварыг самбарын өмнө нэг нэгээр нь гаргаж бичүүлээд дүгнэдэг байлаа. Зөв, буруу гэж ялгадаггүй. Хамгийн гол нь санааг зөв ойлгож, бүрэн дүүрэн хөрвүүлэх нь чухал. Чухамдаа орчуулгад тогтсон жор байхгүй. Ялангуяа аль нэг мэргэжлийн салбарт сайн орчуулга хийе гэвэл тухайн салбарын мэргэжлийн мэдлэгтэй байхаас өөр аргагүй. Нэг л өдөр мундаг орчуулагч болдогггүй юм. Ная, ерээд онд англи хэл сурах эх сурвалж бага байлаа шүү дээ. Телевизийн ийм олон суваг, сонин, сэтгүүл, интернет, гар утас байсангүй. Би оюутан байхдаа Орост англи хэл дээр гардаг “Daily World”, “Morning Star” сониныг мухлагаас авч үг үсэггүй уншдаг байж билээ. Хожим нь ийм сониныг америк, англичууд огт мэдэхгүй байхыг нь сонсоод их гайхсан шүү. Үзэл суртлын зорилгоор тараадаг байсан юм билээ.
– Нэгэн үе манайхан орос хэл сурахаас өөр аргагүй шахалтад орж байсан. Одоо англи хэл эзэмшихээр хошуурцгааж байна. Харин өнөөгийн мэдээллийн тэсрэлтээр бөмбөгдүүлсэн эринд англи хэлийг сурахад ямар бэрхшээл байна вэ?
– Бидний амьдарч байгаа үе бол мэдээллийн эрин. Бүх мэдээллийг хүлээж аваад бүрэн эзэмшинэ гэж байхгүй. Дээхэн үед (социализмын үед) хэрэгтэй, хэрэггүй мэдээллээр хүний тархийг дүүргэдэг байжээ. Африкийн аль нэгэн жижиг улсын нийслэл, ерөнхийлөгчийн нэрийг тогтоох нь хэнд хэрэгтэй байсан юм бол. Түүний оронд өөртөө хэрэгтэй зүйлийг сурч, түүгээрээ жинхэнэ утгаар мэргэжсэн байх нь хамаагүй дээр. Боловсрол эзэмших нь чухал боловч түүнийгээ ашиглаж чадахгүй бол нэмэргүй. Би залуучуудад Монголдоо сурч эзэмшиж болох юмны төлөө гадагшаа баахан мөнгөө үрээд битгий яваачээ гэж хэлмээр байна. Интернетээр ямар ч боловсролтой болох, мэдлэг эзэмших боломж байна. Үүнд англи хэл гарцаагүй зэвсэг болно. Гол нь хичээнгүй, залхуурахгүй, өдөр бүр цөөн ч гэсэн цагийг англи хэл сурахад зарцуулаад хэвшчих хэрэгтэй л дээ. Жишээ нь өдөрт 10 шинэ үг тогтоогоод байхад жилд хэд болох билээ. 3000 үг мэдэж байхад чөлөөтэй ярьж, ном сонин уншиж, санаагаа бүрэн илэрхийлэх чадвартай болно. Өмнөө тодорхой зорилго тавиад ажиллахад шинэ өдөр бүр чиний зорилгыг аажим аажмаар ойртуулдаг юм шүү. Монголд өндөр боловсрол, мэдлэг чадвартай залуус олон байна. Гэтэл тэд ихэвчлэн олон улсын болоод гадаадын байгууллагын төсөл дээр бусдын гарын дор ажиллаж байгаа нь харамсалтай. Энэ бол үнэхээр харамсалтай шүү. Наад захын жишээ гэхэд Англи, Америк, Австрали, Канад, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн болон төрийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан, зарим нь бүр хоёр удаа магистр хамгаалсан шавь нар маань ийм маягийн алба хашиж байгаа нь төр, засаг Монголд байгаа потенциалаа ашиглаж чадахгүй байгаагийн илрэл. Монголын хөгжлийг дэмжихийн тулд тэдгээр орон тусламжийн шугамаар тийм их үнэтэй боловсон хүчин бэлтгэж өгч байхад манай улс тийм хүмүүсийг ашиглах ёстой. Нэг үеэ бодвол маш өндөр боловсролтой, бахархмаар залуус олон байна. Чадалтай залуучуудыг зохих албан тушаалд нь зоригтой дэвшүүлэх хэрэгтэй байна. Монголыг одоогийн залуус л авч явна. Өмнө нь социализмын үед улс төрийн бодлогын үүднээс орос хэлийг бүх нийтээр сурах шаардлага тавьдаг байлаа. Одоо англи хэлийг илүү чухалчилж байна. Зөв л дөө. Гэхдээ хоёр хөршөө мартаж болохгүй. Монгол Улс маань Орос, Хятад хоёрын дундаас нүүгээд алга болчих биш. Иймээс англи, орос, хятад хэлийг эн тэнцүү эзэмших учиртай.
- Синхрон орчуулгын тухайд...
– Орчуулга бол оюуны тийм амар ажил биш. Оюуны өндөр ачаалалтай ажил. Тархи амархан ядардаг, хүний хэлснийг бүрэн тогтоохын тулд ой сайтай байх ёстой. Хурдан тэмдэглэж авах нь тустай байдаг. Ялангуяа хүний яриаг синхрон байдлаар орчуулахад илүү бэрхшээлтэй байдаг. Ажиглахад нийт ярианы 20-30 хувийг залгичих шиг болдог. Иймээс төр, засгийн тэргүүний яриаг орчуулдаг хүмүүсийг тусгай шалгуураар шалгах хэрэгтэй. Яг мэргэшсэн нягтлан бодогч гэдэг шиг. Орчуулгын алдааны тухайд олон жишээ байдаг. Санаанд орж байгаа нь Хрущевын алдартай үгний орчуулга байх шив дээ. Хрущев Орост коммунизм байгуулаад тэр нь Америкийн капитализмаас хамаагүй удаан оршин тогтнох болно гэсэн санаа хэлж л дээ. Түүнийг нь орчуулахдаа “We will bury you” гэжээ. Оросоор бол “Мы вас похороним “ гэж хэлсэн шиг байгаа юм. Гэтэл энэ нь шууд утгаараа бууж эвгүй сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Уг нь “We will survive you” эсвэл “We will outlive you” гэх байжээ.
– Орчуулгын товчоод ломбард шиг олширчээ. Чанар чансааг нь мэргэжлийн хүний нүдээр харвал ямар байдаг вэ?
– Янз янз л байх, үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж, түвшинг нь тогтоох ёстой болов уу. Мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа болохоор чанарын талаар шаардлага тавих эрхээ эдлэх ёстой. Орчуулгын шүүмж гэдэг асуудал одоо цагт ор тас орхигджээ. Энэ жил Их Монгол Улсын 800 жилийн ойн жил. “Монголын нууц товчоо”-г дөрвөн янзаар орчуулсан хувилбарыг олж үзлээ. Халимагийн Өргөнгөө Онон гуайнхыг гүйцэх орчуулга алга. Танай “The Brain Bread” сэтгүүл мэдээллийн эринд шаардлагатай зүйлээ олж авах гол түлхүүр болсон англи хэлийг бүх нийтээр сурахад нийтлэлийн бодлогоо чиглүүлж байгаад баяртай байна. Ялангуяа өсвөр үеийнхнийг энэ тал дээр дэмжиж урамшуулах аливаа ажлыг дэмжихэд би бэлэн байна. Манай монголчууд ер нь хэл сурах их авъяастай шүү дээ. Гэр бүлээрээ англи хэл сурах боломж олгож байгаа танай сэтгүүлд амжилт хүсье.
Г.Болор
Тархины талх сэтгүүл, дугаар №1
Subscribe to:
Post Comments (Atom)
like it but i want to know about this magazine
ReplyDelete