2013-08-14

Го. Аким: Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм

Эх сурвалж: 24tsag.mn

Монгол бичгээр уншихыг хүсвэл зураг дээр даран томруулж уншина уу. Монгол бичгээр уншихдаа PDF файлаар уншихыг хүсвэл энд дарна уу. Кирил (БСШУЯ-наас "кирил" гэж бичихээр баталсан)-ээр унших бол доороос үзнэ үү.









Монголын оюун санааны гол төлөөлөгчдийн нэг нэрт зохиолч, орчуулагч Го.Акимтай ярилцлаа.

- Та ч мундаг твиттерчин болжээ?
- За яахав дээ. Энэ твиттер ч хүүхдүүдийн л ажил юм шиг байна. Над шиг өвгөн ороод ч нэмэр байдаг юм уу бүү мэд.

- Сүүлийн үед кино үзэхийн аргагүй болжээ. Манайд орчуулгын түвшин яагаад ингэж доогуур болчихов. Та юу гэж бодож байна вэ? 
- Нэгдүгээрт орчуулга хийж буй залуус эх хэлээ мэдэхгүй байна. Мөн дунд сургуульд монгол хэлийг маш бага үздэгтэй холбоотой. Саяхан хэл бичгийн тухай сэтгүүл гарсан. Тэр сэтгүүлд “Хүүхдүүд эх хэлдээ дургүй болсон” талаар өгүүлэл гарч. Үүнд хүүхдүүдийн буруу байхгүй. Эх хэлний 200 гаран дүрмийг цээжлэхэд хүүхдүүдэд хэцүү байж магадгүй. Хоёрт багш нарын заах арга барил хүүхдийг эх хэлдээ сэтгэлтэй, хайртай болгоход чиглэгдэхгүй байна. Тийм учраас эх хэлний мэдлэг болоод найруулах ухаан, найруулах ёсыг мэдэхгүй хүмүүс боловсорч гарч байна. Одоо зөвхөн кино гэлтгүй ном ч муу орчуулгатай гарч байна.  Одоо физик, тоо, биологийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс ч ном орчуулж байна. Дунд сургуулийг монгол хэлний муу мэдлэгтэй төгсөж байгаа юм чинь яаж ном өөдтэй орчуулж чадах юм бэ?  Тэгээд монгол хэлний ярианы хэл, бичгийн хэл бүгд алдагдчихсан. Аль ч улсын хэлэнд бичгийн болон ярианы хэл гэж байдаг. Гэтэл манайхан ярианы хэлийг бичгийн хэлэнд ойртуулж байгаа гээд л замбараагүй болгодог. Нэг дүрмийг бичихэд хүүхэдтэйгээ таарахаа байчихдаг зүйл гарна. Тэгэхээр гажилт хийдэг. Тэгээд цааш бичиж явтал дахиад таарахаа байчихдаг зүйл гарна.  Дахиад л гажилт хийдэг. Ийм аймар дүрэмтэй юм чинь хүүхэд зөв бичнэ гэж байхгүй. Бид хоёрыг суулгаад цээж бичиг хийлгэхэд бид хоёр хоёулаа бараг 70 хувьд нь алдана. Үгийн үндсийг эвдэнэ гэж байхгүй. Тэгэхэд манайхан үндсээ эвдээд байгаа. Тэгэхээр гээгдэх болон шилжих эгшгийн дүрэм өөрчлөгдөөд байгаа юм. Хоёрдугаарт үгүүд нийлж өгүүлбэр болдог. Энэ бол тодорхой ёстой. Тэр ёсыг мэдэхээ байсан. Тэгэхээр яаж хүнд ойлгогдохоор өгүүлбэр бичих юм. Яаж хүнд ойлгогдохоор кино орчуулах юм бэ. Ийм л болчихоод байна.

- Хамгийн сүүлд ямар ном орчуулав?

- Би орчуулга хийхгүй байгаа. Гэхдээ энэ жил нилээн том ном орчуулна. Бичих ажил дээр суугаад байна. Монголын тахилгат хайрхануудын талаар ном бичээд дууссан юм. Яг ч дуусаагүй юм байна. Зөвхөн нэгдүгээр дэвтэрийг нь хийсэн. Түүн дээр ажиллаж байна. Мөн таван жилийн өмнө "Хөрст ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал" гэсэн Чингис хааны ертөнцийг үзэх үзлийн талаар ном бичсэн. Саяхан энэ номоо хэвлэн гаргасан юм. Бас англи хэл дээр хэвлэн гаргах гээд түүнтэйгээ ноцолдоод л сууж байна.

- Одоо хамгийн сайн орчуулга хийж байгаа ямар хүн байна вэ?

- Мэдэхгүй. Ойрд би орчуулга уншихаа байсан. Онц гайхалтай хийж байгаа хүн байхгүй байна. Манай Б.Ренчин гуай бичсэн байдаг юм. Бүдүүн өвс багтахгүй найруулна гэж. Манай эртний мэргэд тэгэж найруулдаг байсан. Бүдүүн өвс багтахгүй найруулна гэж үнэхээр гоё үг шүү. Тэгэж найруулдаг хүн байхгүй. Маш онцгой гоё найруулдаг хүнийг  өгүүлэхүйн арслан гэж нэрлэдэг.  Гэтэл одоо тэгж найруулах гэж оролдож байгаа хүн түүний хэмжээнд хүрэх гэж зүтгэж байгаа хүн байхгүй. Тэр талаар ярьдаг, хэлдэг, бичдэг хү ч бараг байхгүй. За яахав манай Чоймоо түүхийн 30 боть гаргасан. Одоо хэл өөрчлөгдөх ёстой гэж манайхан яриад байна. Үгүй ээ. Ер нь 13-р зуунаас хойш 800 аад жил өнгөрсөн байна. Тэгэхэд монгол хэлний найруулга өөрчлөгдөөгүй шүү. Би Монголынхоо нууц товчоог Чоймоогийн бичсэнээр уншихад ойлгоод л байгаа юм. Залуус эртнийх нь үгийг ойлгохгүй байж болно. Хуучирсан үг байж болно л доо. Гэхдээ үндэс нь нэг их өөрчлөгдөөгүй. Одоо нэг их хэл найруулгыг өөрчилнө гэж яриад хаачих юм бэ?  Ойлгодоггүй юм. Ер нь тэр Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багшийн бичиж байсан  сайхан найруулгуудаас суралцах ёстой. Ер нь энэ Монгол хэл их яруу эгшиглэнтэй бараг шүлэг шиг хэл юм. Ярихад бараг дуу шиг болдог хэл юм. Дансны бичээс хүртэл яг шүлэг шиг. Толгой холбодог сүүл холбодог. Сондгойруулахгүй. Үгийн тоо тэнцүүлдэг. Тэгэхээр шүлэг шиг болоод эгшиглэнтэй зүйр цэцэн үг, хэлц үг хэрэглэдэг хэл. Одоогийн залуусын зохиолыг уншихад түүн дотор хэлц үг ерөөсөө байхгүй. Зүйр цэцэн үг бараг байхгүй. Хэлц үг, зүйр үг нь уг нь цөөхөн үгээр санаагаа гаргахад дөхөм болдог.  Хагас үг хэмнэж чадвал хүүхэд төрсөнтэй адилхан баярла гэж эртний үгэнд бичсэн байдаг юм. Тийм нарийн найруулж байсан ард түмэн. Тэгтэл зүйр цэцэн үг, хэлц үг хэрэглэхгүй болохоор  тайлбарлаад явчихаж байгаа жишээтэй. Эх хэлээ их гүнзгийрүүлж сурмаар байна. Өөр мэргэжлийн хүмүүс ч гэсэн ном бичих гэж байгаа бол улс төрчид ч мөн адил улс төрийн ном бичиж орчуулъя гэж байгаа бол миний хэлсэн ёснуудыг л сурах судлах хэрэгтэй.

- Та яагаад сайн орчуулагч бэлдэж болохгүй гэж.

- Миний бэлдсэн хэдэн хүн бий л дээ. Тэд одоо өвгөрчихөж. Залуудаа бэлдэж байсан шавь нар маань юм. Сүхбаатар, Даваажав гэсэн гайгүй сайн шавь нар төрсөн л дөө. Яах аргагүй миний гарын шавь. Миний гарын шавь нараас гайгүй сайн болчихоор сэтгүүлчид байна.

- Таныг төв номын сангийн захирлаар ажиллаж байхдаа нэг судрыг гадагш нь гаргасан гэх яриа байдаг. Тэр хэрэг яаж шийдэгдсэн бэ? Гүтгэлэг байсан уу?
- Намайг их л гүтгэх юм .Тэр байтугай Шунхан ганжуур данжуурыг хойш нь гаргаад зарчихсан. 225 нөгөө нь 108 ботийг хойш нь гаргаад зарчихсан гэж байсан. Бас Алтан данжуурын нэг боть нь миний үед ч алга болсон юм уу бүр урьд нь ч алга болсон юм уу? ерөөсөө мэдэгдэхгүй байгаа юм. Тэр үзэсгэлэнг байгуулагдсанаас хойш найм, есөн хүн солигдсон байдаг. Тэгээд хэдийд нь алга болсон нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг над дээр тохох гэж оролдсон. Тэр байтугай намайг Канад руу аваад явсан гэж бичсэн. Би тэр том судрыг тэврээд Хятадыг дамжаад Солонгосоор дайраад гурван дөрвөн улсын хил дамнаад Канад руу гарч байх юм гэнэ. Дараа нь намайг цаазаар авна. Гэр бүлээр нь хүйс тэмтэрвэл зохино энэ тэр гээд л интернэтээр бичиж байсан. Гэх мэтчилэн над руу дайрах хүмүүс их байна. Би ч  гэмгүй байж байгаад л цаазлуулчих гээд гэмгүй байж байгаад  гэр орноороо хүйс тэмтрүүлчих гээд л байдаг.

- Таны "Тэнгэрийн нохой" ном хятад хэл дээр хэвлэгдсэн. Мөн Хятадад алдаршаад байгаа "Чонон сүлд" романыг таны номоос хуулж бичсэн гээд байгаа. Та зохиогчийн эрхээ зарчихсан юм уу?

- Манайхан юмны улыг олж, учрыг мэдээгүй байж их хачин юм бичих юм. Миний номоос хуулсан зүйл огт байхгүй. Миний ном анх 1999 онд гарсан. Зян Руны номны нэр бол угтаа "Чоно шүтээн" юм шүү дээ. Манайхан "Чонон сүлд" гээд буруу орчуулчихсан юм. Сүлд гэдэг чинь бэлгэдэл. Тотем гэдэг чинь шүтээн, шүтэж явдаг зүйлийг нь хэлж байгаа юм. Болдбаатар буруу орчуулчихсан. Би "Чоно шүтээн" гэж хэлээд ядцан л даа. Тэр нэрээрээ гарсан байна лээ. "Чоно сүлд" бол 2004 оны үед гарсан. Гэхдээ монгол хэл мэдэхгүй Зян Рун миний номыг яаж хуулсан байх юм. Миний номонд Хятад сурвалжаас авсан зүйлүүд байгаа. Чонотой холбоотой түүхийн баримтууд ч байгаа. Тэгэхээр зэрэг хятад хүн учраас нөгөө тоо баримтаа ашиглана биз дээ. Тоо баримт нь л адилхан болсон байх. Зян Рун 2009 онд Монголд ирсэн юм. Тэгээд ганцхан надтай уулзаад явсан. Анно гээд Холливүүдийн алдарт найруулагч байдаг юм. "Чоно шүтээн"-ээр Холливүүд кино хийх гэсэн юм байна. Тэгсэн Зян Рун руу хятадууд болон зарим өвөрлөгч залуус нь их дайрчээ. Монголд "Чоно шүтээн" гэж  байхгүй. Зян Рун худлаа юм бичсэн гэж мэтээр мань хүн рүү баахан дайрсан юм байна. Тэгээд Анно кино хийх гэж байснаа тэр яриаг нь сонсоод болих гэж байсан юм байна. Тэгээд юу ч гэсэн ар Монгол орж үзье гээд Анно, Зян Рун хоёр Монголд ирсэн. Тэр хоёр Монголд Чонын тухай бичсэн хүн байгаа гэж дуулсан юм байна. Тэгээд Монголд ирэхэд нь миний нэг шавь тэр хоёрыг хүлээж авч. Тэгээд надтай уулзуулсан. Мань хүн зочид буудал руугаа ч оролгүй шууд надтай ирж уулзсан. Миний "Тэнгэрийн нохой" англи хэл дээр хэвлэгдэн гарчихсан байсан юм.  АНУ-ын Азийн сангийн ИнФанТе гэж хүн англи хэл дээр хэвлүүлж өгье гэсэн юм. Азийн сан бүх зардлыг даагаад надад хэвлэж өгсөн.

- Хэдэн хувь хэвлэгдсэн бэ?
- Хоёр мянга орчим хэвлэгдсэн. Монголдоо л хамгийн их хэвлэгдсэн. Манайд бол 500 ширхэг хэвлээд ч ер зарагддаггүй шүү дээ. Би "Тэнгэрийн нохой" номныхоо англи хэл дээр гарсан хувилбарыг Аннод өгсөн. Анно миний номыг уншаад Зян Рун зөв бичсэн юм байна гэж байсан. Тэгээд Улаанбаатараас Бээжинд очиж хэвлэлийн бага хурал хийгээд одоо Зян Руни зохиолоор би кино хийнэ. Учир нь Зян Рунигийн бичсэн номон дахь баримт ар монгол хүний бичсэн санаа хоёр яг нийлж байна. Тэгээд өөрийнх нь зохиолоор кино хийнэ гэж амалчихаад яваад өгсөн гэдэг. Тэгэхээр Зян Рун надад баярлана биз дээ. Таны номыг Хятадад орчуулж гаргая болох уу гэсэн. Би дуртай хүлээн зөвшөөрсөн. Тэрбум шахуу хүн амтай их айлд номоо гаргана гэдэг нь том асуудал. Бээжингийн их сургуулийн доктор Ян КүЧен гэдэг хүн монгол хэл мэддэг юм байна лээ. Тэр хүн орчуулж Хятад хэл дээр гаргасан. Намайг Хятадад урьсан. Би очиж хэвлэлийн газартай нь гэрээ хийсэн юм. Урд талд нь Зян Рун хорин хэдэн хуудас өмнөтгөл бичсэн байна лээ. Над шиг хятад үсэг мэдэхгүй хүнд эрээн цоохор юм даа. Зүгээр нэг эргүүлж харахаас өөр зүйл байхгүй. Хятад хэлээс орчуулуулах гэхээр хүн олдохгүй байна шүү дээ. Манайхан гадаад хэл мэддэг л гээд байдаг. Яг нарийн зүйл дээр очихоор паг суучихдаг юм. Гадаад хэлээр сайхан ярьж бол чаддаг. Тэгсэн мөртлөө бичгийн орчуулгын боловсрол муутай байна. Ийм л түүхтэй. Түүнээс биш бид хоёр биенийхээ номоос хуулсан зүйл байхгүй.

- Ер нь та хэдэн ном орчуулчихсан байна вэ?
- Би 24 ном орчуулсан байх. Бас 24 ном эрээчсэн байна. Ер нь яагаад ч юм миний бичсэн болон орчуулсан номын тоо тэнцээд байдаг юм.

- Манайд ном борлуулах менежмент ямар түвшинд явж байна вэ?

- Би номоо хоёр л газар борлуулахаар тавьдаг юм. Интерном, Их дэлгүүр хоёроор ном сонирхдог хүмүүс ордог юм байна лээ. Саяхан болсон номын үзэсгэлэн яармагт "Тэнгэрийн нохой", "Монгол өвөрмөц хэлцийн тайлбар толь", "Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх монголчуудын өлзий учрал" номоо тавьсан. Гадуур номын дэлгүүрүүдэд тавихаар их дэлгүүр 31 хувь нэмчихэж байгаа юм. Интерном 29 хувь нэмж байгаа юм. Тэгэхээр номны үнэ асар их өсчихөөд байна. Сая номын үзэсгэлэн худалдаанд би номуудаа өөрийнхөө бодож байсан үнээр зарсан. Надад бол миний номыг л хүн унших нь чухал. Номоор ашиг олоод баяжина гэж байхгүй шдээ.

- Манай уншигчдын боловсрол хэр байна вэ?

- Залуусын хувьд боловсрол маш бага байна даа хөөрхий. Миний хэлдэгээр манайхан сайн орчуулгыг тулгаж сайн харах хэрэгтэй. Орос монголоор нь ч юм уу. Монгол Англиар нь ч юм уу сайн тулгаж байх хэрэгтэй. Миний хувьд айхтар мундагдаа монгол хэлийг  хэлийг энэ хэрээний найруулдаг болчихсон юм биш. Би уйгагүй оролдсоны хүчинд л ийм болсон. Гоц сайхан авъяастай хүмүүс байлгүй л яахав. Гэхдээ хичнээн сайн гоц авъяастай байгаад оролдохгүйгээр юманд хүрнэ гэж байхгүй. Уйгагүй хүн уул нүхэлнэ. Уул нөхнө ч гэж ярьдаг. Оролдлого сайт оройд нь гарна ч гэж үг байна. Хүн оролдож байж л юмны захад хүрнэ. Орос хэлийг ч мэддэг Англи хэлийг ч мэддэг, эх хэлээ ч мэддэг байвал сайн. Эх хэлээ мэддэг хүний өрөөсөн нүд нээлттэй. Гадаад хэл мэдвэл хоёр нүд чинь нээгдэнэ. Гурав дахийг нь мэдвэл бэлгийн мэлмий нээгдэнэ гэдэг шүү дээ. Гэхдээ эх хэлээ мэдэхгүйгээр гадны хэлийг хичнээн сайн сураад орчуулга хийж, дуун хөрвүүлнэ гэж байхгүй.

- Одоо хүмүүс хөнгөн чанартай зөвлөгөөний ном их уншдаг болсон байна?

- Тийм байна. "Хэрхэн сайн эхнэр байх вэ" гэх мэт ном уншдаг болсон байна. Хүмүүсийн оюуны түвшин тийм хэмжээнд хүрсэн гэсэн үг. Уг нь жаахан ч гэсэн оюунаа гүнзгийрүүлэх хэрэгтэй юм. Сонгодог уу даа унших хэрэгтэй. 

Ярилцсанд баярлалаа
Т.Хулан

4 comments:

  1. Янзтай сайхан хөрвүүлжээ. Хөрвүүлээд байгаарай. Амжилт хүсье.

    ReplyDelete
  2. Зургаа оруулахдаа original size дээр нь тохируулсан ч багтахаар юм шиг байна. Оролдоод үзээрэй.

    ReplyDelete
  3. Оролдож үзсэн. Даанч хажуу тийшээ илүү гараад байна лээ.

    ReplyDelete
  4. Aa, tiim uu? Unshij bolj baina aa.

    ReplyDelete