2012-02-10

Дэлхийн нэгэн сайхан хэл – монгол хэл минь

Эх сурвалж: ulzii-uyalga.blogspot.com

Энэ хүн төрөлхтний 26 овог язгуурын, 6900 хэлнээс Бурхан бидэнд ямар ч сонголтгүйгээр оноон өгсөн алтай язгуурт эх хэлнийхээ тухай, энэ эх хэлээрээ илтгэл тавих зол завшаан надад оногдлоо. XVI зууны үед дэлхий дээр 14000 орчим хэл байсан гэдээгр багцаалж үзвэл Бурхан бидэнд нэг түм дөрвөн мянганы нэгийг л үг дуугүй оноон хуваарилсан байна. Бурханы энэ сонголтоос одоо бид зайлж гажих гээд сайн сайхан юманд хүрэхгүй нь илэрхий байна. Оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Кармазовын хөвүүд” зохиолын нэгэн баатар Иван Кармазовын үгээр бол хүмүүн төрөлхтний “үүрд ялан дийлж чадах гурван хүч, ердөө гуравхан хүч хорвоо дээр бий, эдгээр гурван хүч бол: гайхамшиг, нууц, нэр хүнд гурав болно” [Достоевский 2008. 349][1]. Тэгвэл миний монгол хэлэнд энэ гурван хүч аль аль нь бий гэдгийг, тэр дундаа монгол хэлний гайхамшгийн тухай энд ярих гэсэн юм.
Тэгвэл эх хэлний маань нэг дэх гайхамшиг нь аугаа их соёлт Энэтхэг түмний Брахмаа, Вишнүү тэнгэрсийн болон хүн төрөлхтний гайхамшигт сэтгэгч Будда, Махавирагийн хэл болох “самгарди” хэмээн монголчууд нэрлэдэг, “лэгжаржи гад” (сайтар найруулсан хэл) хэмээн төвдүүд цоллодог санскрит хэл “мөхсөн хэлний” тоонд орсон байхад миний монгол хэл амьд, яриа, бичгийн хэл хэвээр хэрхэн үлдэж чадаа вэ гэдэг хэн ч сөхөж тавьдаггүй нэгэн асуултад оршино. Өөрөөр хэлбэл, сүүлийн 400 жилд 7100 хэл мөхөж алга болсон байхад эх монгол хэл маань тэдний болчхолгүй тэсэж үлдсэн байна. Эх хэлний маань хоёр дахь гайхамшиг нь XIII-XIV зууны үед дэлхий дахинаараа нэгдэн төвхнөхөд тэмүүлж байсан тэр цаг үед тухайн цагийн дэлхий ертөнцийг төлөөлсөн хоёр тив болох Ази, Европыг дамнан хэлэлцэж байсан, өнөөгийн англи хэлэрхүү цор ганц хэл нь монгол хэл байсан юм. Энэ үед монгол хэлээр хэлэлцэгч харийн хүн дэлхийг байлдан дагуулагчдын дурыг татдаг байлаа. Эх хэлний маань гурав дахь гайхамшиг нь түүний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зохирол дуурьсал, уян налархай шинж байдал, баялаг үгсийн санд оршино. Өнөөдөр бидний оюуны чадамжийн /IQ/ хэр чадлаараа дэлхийд 21-т орж байна гээд бахархаад байна. Энэ юуны ач вэ гэдгээ төдийлөн л үл анзаармуй. Энэ бол бидний эх хэлний сэтгэн бодуулах ур чадварын ач буян билээ. Монгол хэлний уян хатан байдал, дотоод гоо сайхан нь хэлээд баршгүй, сэтгээд ханашгүйг нь энд би цөөн жишээгээр хэлж болно. Үүнд бидний огт анзаардаггүй нэг л эгшиг, нэг л гийгүүлэгч, нэг л үе, нэг л үг тэргүүтэн аугаа их соёл байдаг гэдгийг дурдах ёстой. “А” гэсэн ганц эгшиг, ганц авиа, ганц үе бол бүхэл бүтэн үүр утга, үүр үгсийн уурхай, монгол хэлний маань арвин баялгийн эх ундарга юм. Энэ ганц эгшиг, авиа, үг, үйл язгуур бол “орших, байхын” утга илэрхийлдэг. Энэ язгуураас үйл үгийн бүх цаг, төлөв, байдал хувилан гарна. /“ажээ, ажугу”-өнгөрсөн цаг, “амой”-одоо цаг, “аху”-ирээдүй цаг/. “Монголын нууц товчоо”-д Бодончар мунхаг ах дүүстээ гадуурчлагдаад Балжун аралд одохдоо “асу ану асугай, үкэ’сү ану үкэсүгэй” гээд явчихсан нь “амьдарвал ч амьдарья, үхвэл ч үхье” л гэсэн үг байсан. Тэгэхлээр “а-” гэдэг үйл үг нэгдүгээр биеийн захиран тушаах төлөвт л хувилж байна. Мөн энэ язгуураас “а-хуй” /ахуй/ хэмээх гүн ухааны тулгуур ойлголт, “ами-ду-рал” /амьдрал/ хэмээх байгалийн түүхийн хувьсал хөгжил ундран гарна. “Амьдрал” хэмээх үг “а-” үйл язгуураас үүсэхий тул дөрвөн үе шат дамжиж буйг анзаар даа! “Оршихуйн” тул “ами” чухал, “ами” байсан цагт “амьд” байна, амьдын төдий бус “амьдрах” хэрэгтэй бөгөөд амьдран буй цогц ойлголтыг “амьдрал” гэнэ г.м. “Амьдрал” өөрөө байгалийн хувьсал хөгжлийн ийм олон үе шатны үр дүн юм. Энэ мэтчлэн “а-” язгуурт бүх үгс нь “амьдрахуй”, “оршихуйн” тулгуур ойлголтуудыг тэмдэглэж байдаг. Иймд монгол хэлний гүн ухаан, гоо сайхан, сэтгэлгээний аугаа чадлыг би бишрэн хүндэлдэг.Энэ “а-” хэмээх эгшиг авиа суурь нь болоод тагнайших, уруулших хоёр замаар хувирснаас хагас тагнайшсан “э”, хагас уруулшсан “о”, бүтэн тагнайшсан “и”, бүтэн уруулшсан “у”, бүтэн тагнайшаад бүтэн уруулшсан “ү”, бүтэн уруулшаад бүтэн тагнайшсан “ө” эгшиг авианууд дараалан үүсэж эгшгийн солонгонг задлаг болдог болов уу хэмээн хувьдаа боддог. Гэхдээ миний бие мэргэжлийн авиа зүйч биш гэдгийг цохон хэлье. Энэ долоон эгшгийн солонгыг нэгэн ижил бүтэц дээр бүр ч илүү тод харж болно. Жишээ нь: Бамбагар, бэмбэгэр, бумбагар, бомбогор, бөмбөгөр гэхэд уг юмны орон зай, талбайн хэмжээ, чанар байдал нь аажмаар хумигдан утга нь өөрчлөгдөж буйг та бүхэн анзаарч байгаа байх аа.Одоо үгсийн сангийн баялгийн талаас нь хөндөж ярья. Монгол газар гадаад их далай гэж үгүй байтал гадаад их далайн дүр байдал, амьтан, ургамлын нэрс олноороо байдаг. Халимаг “Жангар”-ын туульд “Өргн Шартг гидг далань, өрү сөрү хойр урсхулта” [Жанhр 1990, 10][2] гэдгийг халх аялгууд буулгахлаар “Өргөн Шартаг гэдэг далай нь өрүү сөрүү хоёр урсгалтай” [Жангар 1963, 12: Жангар 2000, 268][3] гэсэн үг болдог. Бид нэгэн үе нэг далай яахлаараа нэгэн зэрэг өөдөө сөөргөө хоёр янзын урсгалтай байж болох билээ, энэ л ёстой л туульсын уран сэтгэмж гэдэг нь байх гэж бодож байсан маань биш болоод харин далай татлага (сөрүү урсгал), түрлэг (өрүү урсгал) гэсэн утгатай үгс болж таарсан билээ. Монгол оронд “халим” гэдэг амьтан угаас үгүй атал наян тонн өөх, тос гардаг энэ аварга амьтныг “халим” хэмээн нэрлэсэн нь “бөөн өөх тос” гэсэнтэй ялгаа юун? Далайн нохойн язгуурын, сэлбүүр хөлтэй, сүүгээр бойжигч амьтныг “хав загас” гэдэг бөгөөд аль эрт цагийн дом шившлэгийн зүйлд хариад шарнууд омгийн хүн тэнгэр дуугарахад “хан цагаан ястай билээ, хариад буриад овогтой билээ, хав загасны мах идээгүй билээ, хай хэг, хай хэг” хэмээн хашгирч [ЗҮАЗ 1987, 17][4] домнодгоос үзвэл нэлээд дээр үеэс уламжилсан нэрийдэл бололтой юм. Ер нь бол монгол хэлэнд өөрт нь ийм арвин нөөц байдгийг бид мэддэг ч үгүй, мэдэхийг хүсдэггүй. Монгол хурдан морины цолны гуравдугаарт ирсэн морийг цоллохдоо “хүмүүн, тэнгэр, риймэд гурвын эзэнтэй, хүлэг, чихтэй, арван гурван ижилтй” гээд л байгаа. Гэтэл “хүлэг” гэдэг нь адууны хүндэтгэл нэр, “чихтэй” гэдэг нь хулангийн монгол нэр бөгөөд “кулан” гэдэг нь түрэг хэлний “кул, хул” буюу “чих” гэсэн үгнээс үүсэлтэй, монгол хэлний “хулхи” гэдэгтэй нэгэн язгууртай үг билээ. Чингэхлээр “кулан” гэдэг бол “чихтэй” л гэсэн үг. Яагаад гэвэл хулан бол ерийн адуунаас урт чихтэй болохоор олон хэлэнд “зэрлэг илжиг” (дикий осёл) гэдэг шүү дээ. Гэтэл “арвай” гэдэг нь юу вэ гэвэл “roney” буюу Шотланд, Баск, Австри, Ирланд зэрэг нутгаас гаралтай таван зүйл үүлдрийн гэрийн тэжээвэр, “одой морь” хэмээн орчуулдгийн монгол нэрийдэл нь юм. Өөрөөр хэлбэл бид “арвай” гээд ганц үгээр хэлчих юмыг “одой морь” гээд л байж байдаг. Үүнээс уламлаад бодох нь ээ “Арвай хээр” гэдэг маань үнэндээ бие жижиг морийг хэлсэн үг шиг байна. Харин “аравгар хээр” гэдэг нь зүгээр л ардын домгийн, аман ярианы таамаг тайлбарын нэрийдэл бололтой дог. Яг үүнтэй ижилхэн өнөөдөр бид “Африкийн /Арабын/ ганц бөхтэй тэмээ” гэхчлэн дөрвөн үгээр зохиож бичээд байгааг монгол хэлний тайлбар толиудад “наран тэмээ” гээд л хоёрхон үгээр хэлдэг. Яагаад гэвэл нар ихтэй тивийн тэмээ гэсэн утга нь байж байна. Эндээс эх хэлний маань танин мэдүүлэх учир холбогдлыг миний бие үнэхээр гайхан биширдэг юм. Ер нь аливаа нэр, нэрийдэл, нэр томьёо гэдэг бол уул юм үзэгдлийн бүхий л шинжийг багтааж байх албатай биш, харин нэг онцлог шинжийг нь төлөөлүүлдэг гэдгийг энд дурдах нь зүйтэй (“асаалга-унтраалга” гэдэггүй шиг). Өнөөдөр бидний дунд харь газрын зүйл бүрийн архи сархад элбэг болжээ. Гэтэл эдгээрийг нэрлэдэг монгол нэрс байсаар буй. Монгол туульсын хаан гэгддэг “Хан Харангуй”-д аливаа хурим найр өндөрлөж цэглэхийн цагт “дангийн улаан арзыг дараагий нь алдалгүй хийлгүүлээд” [ЭСХХ 1986, 50][5] байгаа тухай өгүүлдэг. “Дан” гэдэг нь угтаа “найр дангараа” гэсэн утгаас гадна архи дарсны дахин нэрлэгийн нэр билээ. Иймд “дангийн улаан арз” гэдэг нь найр хуримын төгсгөлд найрчдад хүртээдэг дахин нэрлэгээс гаргасан хатуу улаан сархад байна. Үүнийг дархадууд “дөрөөний дөрвөлжин улаан” гэж одоо ч нэрлэсээр байна. Халхчууд “архийг нэрээд арз, арзыг нэрээд хорз, хорзыг нэрээд хор” гэхчлэн хэлэлцдэг бол баруун монголчууд “архийг нэрээд арз, арзыг нэрээд дан, данг нэрээд хорз, хорзыг нэрээд хораан шүү” гэхчлэн хэлэлцдэг байна. Өнөөгийн өрнө зүгийн соёлоос гаралтай найр ёслолын төгсгөлд хуруувчин хундагаар коньяк хүртээдэг ёсыг дээрх өгүүлэмж өөрийн эрхгүй санагдуулна. “Cognac” (коньяк) хэмээх Францын Шарант мужийн нэгэн тосгоны нэрээс гаралтай “Camus” гэхчлэнгийн сайн чанарын усан үзмийн шүүсийг дахин нэрж гаргасан дэлхийн шилдэг сархдын нэрийдлийг манайхан Оросоор дамжуулан “коньяк” болгон аваад дарга мяндагтнууд хүртэх дуртай байж билээ. Хуучин дэглэмийн үеийн зарим ном зохиолд түүнийг “Морь-Сарлаг” гэхчлэн нэрлэсэн үзэгддэг нь угтаа орос хэлэнд орсон “Конь-Як” гэдэг үгийг хуулан авсан буулгавар орчуулга (калька) бөгөөд үнэндээ морь, сарлаг хоёртой ямар ч хамаагүй билээ. Харин үүний оронд дээрх туульсын уламжлалыг даган “улаарз” (улаан-арз) хэмээвэл үүрэг зориулалт, өнгө зүсний хувьд ч хавьгүй ойртож очмоор санж. Үүгээр ухан бодвоос Шотландаас гаралтай “виски” хэмээх хатуу сархдыг “шар арз” буюу “шарз”, буриадаас ирсэн “бальзам” хэмээх нэтгэрсэн бор сархдыг “бор арз” буюу “борз” гэж нэрлэхэд болохгүй гэх газаргүй. Харин монгол бөөгийн онгодын нэхэл үгэнд гардаг “архи шатам” гэгч холбоо үгийн “шатам” нь бол “спирт” гэсэн утгатай үг билээ. Уруул чимхийлгэж хоолой хага зурсан, гал дөл маналзуулсан энэ хатуу сархдыг “шатам” гэхээс өөрөөр юу гэх сэн билээ. Одоо цагийн хэл ярианд ч гэсэн “шатам уувал шатаж мэднэ”, “17 чингэлэг шатам” гэхчлэн ярьж болно. Монгол хэлэнд дүрсийн нэр үүсгэдэг “-лжин” хэмээх дагавар буй. Бидний сайн мэдэх “гурвалжин, дөрвөлжин” эхлээд таван өнцөгтийг нэрлэдэг тавалжин (pen’ntagon)[6], зургаан өнцөгтийг нэрлэдэг зургаалжин (Жүүдийн Давидын од) гэхчлэн бүх дүрсийн зүйлийг тэмдэглэж болно. Дээр үеийн зургийн сурах бичигт байдаг “амьтдын дүрсийг дуурайлгасан хээ угалз” гэсэн үгийг “амьталжин хээ” гэхэд л болно. Эсвэл “ургамлын дүрсийг дуурайлгасан хээ угалз” гэсэн үгийг “ургамалжин хээ” гэхэд л болно.

Аливаа юм үзэгдэл, ойлголт төсөөллийг хэлээр сэтгэж сурах нэг хэрэг, харийн хэлээр сэтгэж сурах гэдэг өөр хэрэг. Харийн хэлээр сэтгэхэд цээжлэх, дуурайх бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байхад эх хэлээрээ сэтгэнэ гэдэг бүтээлчээр ухааран ойлгоно гэсэн үг. Аль нь чухал байна даа! Би ганцхан жишээгээр тайлбарлая. Дэлхийн анхны метро 1900-аад оны эхээр Парис хотод буй болж. Энэхүү шинэ тээврийн хэрэгслийг олон ч улс өөрийн хэлээр нэрлэх болжээ. Англичууд “underground” гэдэг нь “газар доогуурх” л гэсэн үг, германчууд “U-Bahn” гэдэг нь “Undererdisch Bahn” буюу “газар доогуурх төмөр зам” гэсэн үгийн товчлол болно. Монгол хэлээр энэ бүтээлч аргыг буулгавал “гадоо төмөр зам” буюу товчоор “гадоо” гэж байгаа юм шиг!

Эх хэлний маань дөрөв дэх гайхамшиг бол хамгийн орчин үеийн шинжлэх ухаан, ур технологийн ойлголт ухагдахуунтай үлэмж ойролцоо зөн билгийн мэдлэг мэдээлэл агуулан хадгалж, уламжлуулж байдагт оршино. Би энд жишээ болгож зарим зүйлийг иш татсагуй. Халимаг “Жангар” туулийн “Догшин Шар Гүргүүгийн бөлөг”-т:

Улаhaд иргсн

Зааhин улан төмрəс бичкə əй

Урсад иргсн

Зааhин Хар далаhас бичкə əй [Жанhр 1990, 189]

гэсэн Жангарын бодон баатруудын тангаргын шүлгийн дөрвөн шад шүлгийн крилл үсэгт хөрвүүлэхдээ:

Улайдаад ирсэн

Заагийн улаан төмрөөс бүү айя

Урсаад ирсэн

Заагийн хар далайгаас бүү айя [Жангар 1963, 177]

Улаасаад ирсэн

Загийн улаан түймрээс бүү айя

Урсаад ирсэн

Зангын хар далайгаас бүү айя [Жангар 2000, 107]

гэснээс үзвэл уг бүтээлийг хөрвүүлэгч Т.Дүгэрсүрэн абугай эхлээд (1963) “заагийн улаан төмөр” хэмээн ойлгож байсан бол сүүлд (2000) “загийн улаан түймэр” гэж хөрвүүлсэн бол “заагийн хар далай” гэдгийг “зангын хар далай” гэхчлэн хөрвүүлжээ. Үүнд: “Загийн улаан түймэр” гэдэг нь “заг модны шатсанаас болсон түймэр” гэсэн шиг утгатай ойлгогдох бөгөөд “Халимаг-Орос хэлний толь”-д заг гэдгийг 1. Промежуток, интервал; заг болhнас салькн үлəжəнə ветер дует из всех щелей, хойр үгин загт между словами; 2. Межа, граница; хойр орн-нутгин хоорндк заг haзр пограничная полоса; заг татх а) межевать; б) проводить границу; в) перен. Устанавливать предел [Хальмг-Орс толь 1977, 235][7] гэхчлэн тайлснаас үзвэл “заг мод” биш, “зааг завсар” болох нь тодорхой байна. Харин уг тольд зааглх [заагьлхъ] 1) Разделывать; отделять; толhahaс дорак өргинь зааглх отделять нижнюю челюсть от головы 2) Раздвигать; модна ац зааглх раздвигать ветки; өргəн зааглх раздвигать челюсти [дээрх тольд, 234] гэхчлэн оноосон нь үйл үг болоод ирэхээрээ урт эгшигтэй бичдэг юм байна. Энэ бадгийг монгол бичигт хөрвүүлэхдээ:

Ulayiγad iregsen

Jaγaγ-un ulaγan tuyimer-eče bičegei ayiy-a

Urusuγad iregsen

Jang-un qar-a dalai-ača bičegei ayiy-a [Qalimaγ “Jangγar” 2002, 99][8]

гэснээс үзвэл тууль судлагч Б.Дамиранжав монгол бичигт хөрвүүлэхдээ “заагийн улаан төмөр” гэдгийг “заагийн улаан түймэр” гэж, “заагийн хар далай” гэдгийг мөн л “зангын хар далай” гэхчлэн ойлгожээ. Гэтэл энэ туулийн орос орчуулгыг хийсэн туульсын нэрт орчуулагч Семён Липкин:

Да никогда никому бы страшна не была

Сила железа, каленого добела;

И да не будет страшна никому никогда

Рассвирепевшего океана вода; [Джангар 1989, 254][9]

гэснийг махчлан хэлбэл “[гялтайсан] улайссан төмрийн хүчнээс айх хүн хэзээ ч гараагүй, догширсон далайн уснаас айх хүн хэзээ ч гарахгүй” гэж орчуулсан байна. Бидний санахад “Жангар”-т анхлан дүрсэлсэн “Улаhaд иргсн Зааhин улан төмр”, “Урсад иргсн Зааhин Хар дала” гэсэн хоршоо хэллэг бол атомын дэлбэрэлтийн тухай монгол угсаатны зөн билгийн мэдлэг, цохих долгионы тухай дүр дүрслэл юм. Учир нь Жангарын бусад хувилбарт үүнийг “заагийн улаан хүч”, “заагийн хар хүч” гэхчлэн нэрлэдэг нь орчлон ертөнц, аж амьдралын оршихуй, эс оршихуйн заагийг мэдрүүлдэг ер бишийн их эрчим хүч гэсэн утгатай [Дулам II, 2007, 48][10] болохыг бид урьд өмнө бичиж байсан билээ. Энэ бол аливаа хэл соёл зөвхөн өнгөрсөн, одоог биш, бас ирээдүйг өгүүлж, ирээдүйд хандаж байдгийн нэгэн илэрхийлэл юм. 1948 онд анх хэвлэгдсэн Францын хүн судлаач Марсел Гриолын “Усны тэнгэр буюу Оготеммелитэй ярьсан яриа” гэдэг номд Африкийн Мали улсын догончуудын эртний домог зүйд орчин цагийн дуран авиагаар л ажиглаж болох одон эрхсийн нууцыг тайлсан тухай өгүүлээд бөөн шуугиан дэгдээж байсан билээ. Энэ бол түүнтэй төстэй зүйл юм.

“Хатагтай, ноёдын амрыг эрье” гэсэн европ зүгийн боловсон ёсны мэндчилгээг манай монгол угсаатны туульст “хаан амрыг амарчилж, хатан мэндийг мэндчилье” гэж хэлдэг нь өнөөгийн бидний мэдэх “амар” гэгч үг эрэгтэй хүнд хамаатай, “мэнд” гэгч үг эмэгтэй хүн хамаатай байсныг илтгэж байх бөгөөд монголчуудын хувьд эр хүнийг эхлэн хүндэтгэдэг ёстой учир “хатан мэндийг мэндчилж, хаан амрыг амарчилья” гэж хэлдэггүй. Үүгээр ухан бодвоос манай буриадуудын “Мэнд амоор” гэсэн товч мэндчилгээ нь угтаа хатдын мэнд, ноёдын амрыг асуусан утгатай хураангуй хэлбэр, орчин цагийн “Хадагтай, ноёдын амрыг эрье” гэсэнтэй дүйцэх үг хэллэг бололтой. Буриадууд бусад монгол угсаатнаас түрүүлж Орос болон европ зүгийн соёлтой танилцсанаас үүдэлтэй ч байж болох юм. Үүнээс үзвэл монгол хэл соёлыг баяжуулах, чухал эх сурвалж нь олон монгол угсаатны аман болон бичгийн утга соёл юм.

Монгол хэлний, монгол үгийн энэ дотоод гоо сайхан, гүн ухаан нь бурхны шашны номт гурван улсын /Энэтхэг, Төвд, Монгол/ нэгнийх нь нмоын хэл болоход саад тотгор болоогүйтэйгээ адил одоогийн шинжлэх ухаан, ур ухаан /технологи/, мэдээллийн хэл болоход ч саад тотгор болох юмгүй хэмээн бодном. Монгол хэлний маань олон арван нөөц боломжийг хэрэглэх элэг сэтгэл, эх оронч зүтгэл л дутагдаад байна. Аливаа юмыг олон ширхэг болгохыг хэлдэг “хувилах” гэдэг байсаар байхад бид “канондох” хэмээн ярьж бичдэг. Тэр хувилдаг багаж төхөөрөмжийг нь “хувилуур” гэхэд л болмоор байхад бид л болсон хойно “канон, канон” гэлцэнэ. Би монгол хэл, соёлоо магтахын төлөө л ингэж яриад байгаа юм биш. Зүгээр л юмыг нь, өөрт нь буй нөөмөл авьяас хөрөнгийг нь л уудлаад хэлж байна. Энэ нөөмөл авьяасаар бол орчин цагийн шинжлэх ухаан, ур ухааны олон нэр томьёог нэрлээд явж болно. Жишээ нь: Тарь-тариур, бич-бичүүр /бичгийн машин биш, эсвэл цахим бичүүр, дуу дүрс бичүүр/, зурагла-зураглуур /камера/, гялба-гялбуур /спичка/ г.м. Нэгэн үе “глобалчлал” хэмээх харийн цээжтэй, монгол бөгстэй үг үүсэх гээд байхад нь бид түүхийн нэгэн хугацалд энэ үзэгдлийг эхлүүлснээ дурсаж “Монголын нууц товчоо”-ны “наран ургахуйгаас шингэхүй хүртэлх даяар иргэн” гэдэг үгийн утгыг бодолцоод “даяарчлал”, “даяаршил” хэмээн нэрлэсэн нь сүүлийн үед овоо хэвшигнэх төлвийг олж буй боловч “-члал” дагавар авбал хүчээр хэрэгжүүлж буй юмыг, “-шил” дагавартай бол өөрөө аяндаа болж буй юмыг тэмдэглэдэг ялгаа салгаа бас буй. Америк тэргүүтэй хүчирхэг гүрнүүд дэлхийд хүчээр хэрэгжүүлж буй үйл явц юм бол /хаанчлахаас хоньчлох хүртэл/ даяарчлал, мөн жам ёсоороо өөрөө аандаа бүтэж бүрэлдэж буй юм бол даяаршил болно /борооших, намарших гэх мэт байгалийн үзэгдлийг санана уу/. Чухам нь энэ хоёрын аль нь болохыг мэргэшсэн нэг нь хэлнэ биз дээ.

Сайхан монгол хэлтэйгээ үлдэх гол оньс гэвэл ирээдүйн иргэд болох хүүхэд багачууддаа эх хэлээ гагц хичээлээр биш, олон зүйл аргаар уламжлуулан үлдээхэд чиглэх ёстой гэж бодож байна. Үүнд: Хэл бичгийн хичээлээр үздэг хэл зүйн элдэв дүрэм, нэр томьёог аль болох цөөлж, бичи, ярианы хэлэнд илүү ойртуулах хэрэгтэй юм. Үүнд: Бяцхан багачуудын дунд уламжлалт монгол ардын тоглоом заан дэлгэрүүлэх, аман зохиол, уран зохиол уншуулах зэрэг болно. Чингэхдээ энэ ажлыг хийхэд америкчууд “пиццаны тасалбар” тараадаг шиг янз бүрийн хөшүүрэг хэрэгтэй.

Даяарчлал-даяаршлын эрин үед хэн нь юугаа авч үлдэхээ цэгнэн хэлэлцэж, хамгаалан өмгөөлж буй өнөө үед нэг л үнэн тов тодорхой. Монгол хэл, соёлоо монголчууд бид л эс хэрэгсэн авч үлдвэл, бид л эс хайрлан хамгаалбал өөр хэн бугай ч бидний өмнөөс энэ өв хөрөнгийг хайрлан хямгадахгүй, авч хэрэглэхгүй. Зүйрлээд хэлбэл биднийг тээж төрүүлсэн ээжийг бид л өөд нь татаж, ачилж асардаггүй юм бол өөр ээжийн охид, хөвгүүд өөт татаж, бөөцийлнө гэж тун ховор. Төрсөн үрс нь үнсэнд хаясан шалз шиг хаясан ээжийг тэлсэн үрс нь гараас нь дэмнээд босгоно гэж юу л бол доо. Монголын төр, монгол хүн бидний л хувь заяанд оноож заяасан хэн ч булаалдахгүй өв хөрөнгө гэж юм бий. Түүнийгээ хэн нэгэнд даатгачих юм шиг эндүүрэлт бодлоор мунхралгүй үрс нь болсон бид л өөрсдөө өөд татацгаавал ямар вэ? Гадаад орноос түмэн төрлийн төсөл орж ирээд хэрэгжүүлдэг боловч “Монгол хэлийг хадгалж хамгаалах төсөл” гэж та нар юм дуулсан уу? Тэгвэл тийм төсөл хэзээ ч байхгүй бөгөөд байдаггүй юм. Яагаад гэвэл тэр чинь тэдний биш, бидний үйл хэрэг. Тэдний биш, бидний өв хөрөнгө. Өөрт заяасан үнэт зүйлээ өөд нь татах, уруу урсгах эсэх нь үр хүүхэд болсон бидний л сэтгэл ухаан, хүн ёсны жудаг мэдэх хэрэг. Ингээд цөмөөрөө ухаант хүмүүсийн ёсоор жаахан эргэцүүлээд үзвэл ямар вэ?

С.Дулам [Шинжлэх ухааны доктор, профессор]

[1] Достоевский Ф.Кармазовын хөвүүд. Орчуулагч Ц.Гомбосүрэн, редактор Ж.Баасанхүү, Nepko publishing, Улаанбаатар, 2008 [Достоевский 2008]

[2] Жанhр. Хальмг баатрлг эпос. Ясврнь Баснга Б.Б.Нурвдгч hарцнь, Элст, Хальмг дегтр, hарhaч, 1990, 287 с. [Жанhр 1990]

[3] Жангар. Халимаг хэлнээс монгол хэлэнд буулгасан Т.Дүгэрсүрэн, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо, Улаанбаатар, 1963, 280 т.х [Жангар 1963]

[4] Монгол ардын зан үйлийн аман зохиол (ЗҮАЗ). “Монгол аман зохиолын чуулган” VI боть. Эмхтгэж, удиртгал, тайлбар бичсэн Х.Сампилдэндэв. Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо, Улаанбаатар, 1987, 383 т.х. [ЗҮАЗ 1987]

[5] Эрийн сайн Хан Харангуй (ЭСХХ). Нэгтгэсэн эх. Гар бичмэл эхүүдийг харьцуулан боловсруулж оршил бичиж тайлбар үйлдсэн Р.Нарантуяа, Ардын Боловсрын Яамны хэвлэл, Улаанбаатар, 1986, 85 т. х [ЭСХХ 1986]

[6] АНУ-ын Батлан хамгаалах яамны байшин ийм дүрс хэлбэртэй учир дэлхий дахинд Пентагон хэмээн нэрийддэг бөгөөд бас л Тавалжин гэж хэлж болно.

[7] Хальмг-Орос толь (Калмыцко-русский словарь). 26000 үгмүд, Под редакцией Б.Д.Муниева, Москва, Изд-до “Русский Язык” (“Орс Келн”), 1977, 764 [Хальмг-Орос толь 1977]

[8] Qalimaγ “Jangγar”. A.L.Kičikov, N.C.Biteyev, E.B.Damrinab sin-e-ber emkidken, qalimaγ kelen-eče kőrbegűlűn tailburilaju, tekst qarγuγulul kiged űges-űn tayilburi kibe. Űndűsűten-ű keblel-űn qoriyo-a, 2002, 13337 [Qalimaγ “Jangγar” 2002, 99] “Жангар-3”-т “urusuγad iregsen jaγaγ-un qar-a dalai-ača bičegei ayiy-a” гэж буй [147]

[9] Джангар. Калмыцкий народный эпос. Перевод Семена Липкина, Элиста, Калмыцое Книжное Издательство, 1989, 363 с [Джангар 1989]

[10] Дулам С. Монгол бэлгэдэл зүй. II боть: Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй. “Монгол соёлын чуулган” IX боть, Улаанбаатар, 2007, 316 т.х. [Дулам II 2007]

6 comments:

  1. С.ЧулуунMarch 13, 2012 3:16 PM

    Бичих ёстой юмны тухай бичиж чадна гэдэг энэ дээ...

    ReplyDelete
  2. sain baitsgaana uu ta buhend ene odriin mendiig hurgey
    ta buhnees huselt baina,bid mongol helnii horshoo ug angli helnee herhen orchuulagddag talaar angiin ajil hiij bgaa yum ene talaar zovlogoo yaj hiivel er ni en talaar medeh zyilee huvaaltsaach. Hundetgesen B. U

    ReplyDelete
  3. http://mongoliantranslation.blogspot.com/ блогийнхоон. та нартай яаж холбоо тогтоох вэ

    ReplyDelete
  4. batu1225@yahoo.com гэсэн хаягаар холбоо барьж болно.

    ReplyDelete
  5. Өдрийн мэнд,
    Та бүхний ажил их таалагдлаа. Энэ сайтыг орчуулгын тухай мэдээлэл хайж байгаад санамсаргүй олж мэдлээ. Тэгээд нэг санал гэх үү зүйл хэлэх гэсэн юм. Танай сайтын мэдээлэл сонирхолтой хэрэгтэй, зөвхөн орчуулга гэлтгүй, хүн бүрийг уншиж мэдээсэй гэмээр байх юм, гэвч үүнийг хүмүүст илүү хүргэх тал дээр ажиллах боломж хэр байдаг вэ. Илүү хүртээмжтэй, хүмүүс мэддэг болоосой гэж хүсэж байна.
    Буруу зөрүү бичиж, хүнд хэрэг болох зүйлгүй сайтуудаар л хүмүүс их орж байх шиг санагддаг. Зарим хүмүүс ийм зүйлийг сонирхохгүй байж болох ч, мэдээлэлгүй байгаа мэдэхийг хүсэх хүмүүст бас хүргээсэй. Амжилт хүсье.

    ReplyDelete
  6. Урмын сайхан үг хэлсэнд баярлалаа. Цаашид энэ талаар бодох болно оо. Фэйсбүүк дээр орчуулагчдын цуглардаг "Орчуулгын тухай ярилцъя" гэсэн нэртэй бүлэг байгаа шүү.

    ReplyDelete