2011-12-28

Пап бол католик шашны санваартан. Лам гэдэг бол Буддын шарын шашны багш

Эх сурвалж: www.baabar.mn

Үндэсний тойм сэтгүүлийн эрхлэгч, “НЕПКО” ХХК-ийн редактор, Британника толийн шашны хэсгийн редакторуудын нэг Д.Батбаяртай хийсэн ярилцлагаас орчуулагч нөхдөд хэрэгтэй байж болох хэсгийг оруулав.


-Та Монгол Британникагийн шашны хэсгийг хянан тохиолдуулагчийн нэгээр ажилласан. Шашны хэсгийн онцлог юу байсан бол?

-Тэр хэсэг дээр ажиллахад нэг зүйл ажиглагдсан. Бид ЗХУ-аар дамжуулж өрнийн соёлтой танилцсан. Британникаг толгойлох үед нэг зүйл анзаарагдсан л даа. Дэлхий дахинаараа Хитлер гэдэг байхад бид оросыг дагаад Гитлер гэдэг шиг зүйлс гарч ирсэн. Энэ мэт орчуулгын тольд оноосон нэршлээр нь шууд буулгах боломжгүй юмс захаас аван таарсан. Манайхан Пап лам гэж хэлж бичдэг дээ.

-За тийм.

-Гэтэл ингэх нь буруу юм байна. Пап бол католик шашны санваартан. Лам гэдэг бол Буддын шарын шашны багш гэсэн утгатай үг гэдгийг Британника дотор “Лама” гэж бичиж байгаад тусдаа толгой болгоод тайлбарлачихсан байна шүү дээ. Тэгэхээр Пап лам гэж болохгүй Пап л гэх юм байна. Монгол бичгээр “блама” гэж бичдэг лам гэсэн төвд үг “Төвдийн буддын шашны тантрын ёсны оюун санааны залуурч багш” гэдэг утгатай. Яг ийм тайлбартайгаар орсон нэр томъёог католик шашинтай хольчихвол утга учир нь олдохгүй бантан болж хувирна. Манай уран зохиолын орчуулагч нар монгол ойлголттойгоо дүйцүүлэн уран яруу буулгасан олон ойлголт бидний төсөөлж байснаас шал өөр утгатай гэдэг нь энэ нэвтэрхий толийг орчуулах явцад тодорсон. Ер нь “буруу ярьж зөв ойлгоно” гэдэг гүжирмэг монгол ойлголтод Британника эхний хүчтэй цохилт өгч байна. Энэ мэт буруугаар явж ирсэн ойлголт нэлээд гарч ирсэн.

Бидний хэрэглэж буй англи хэлний орчуулгын тольд apostle-ийг “архад”, энэ үгийн орос хувилбар апостолыг Орос-Монгол тольд мөн л “архад” гэж буулгадаг. Гэвч үнэндээ “апостолы” бол Христийн шашныг үндэслэгч Есүсийн анхны 12 дагалдагчийг хэлсэн үг юм. Монгол хэлэнд самгардаас орж ирсэн “архад” гэдэг үг бол хамаг нисванисаас салж, дахин төрөл авах орчлоос ангижирсан бодгалийг нэрлэсэн буддын шашны ойлголт. Тэгэхээр орчуулгын толиуд дээр Есүсийн дагалдагчдыг буддын шашны “архад” хэмээн оноосон нь хэтэрхий гүжир хэрэг болжээ. Аббат гэхийг хамба гээд орчуулчихсан ч байх шиг. Гэтэл аббатын үүрэг манай хамбынхаас огт өөр. Католик шашны ширээт лам гээд орчуулсан ойлголт шарын шашны ширээт ламынхаас тэс өөр. Шарын шашны хамба гэдэг бол шавь нартаа сахил өгөх эрхтэй хүн. Гэтэл бидний хамба гэж буулгадаг аббат болохоор зүгээр л шашны эрх мэдлийг атгадаг үүрэгтэй ч байдаг юм уу. Эдгээрийг хольж хутгаж болохгүй. Бидний мэддэггүй ширэнгийн соёл ч юм уу, тэдний нэр томъёог хүчиндэж, гүжирдэж орчуулж болохгүй гэдгийг эндээс ойлгосон. Жанрайсиг бурхныг Аръяабал гэдэг. Монголчууд аль аль нэрээр нь хэлдэг учир Британникад оруулахдаа “Жанрайсиг” гээд “Аръяабал гэдгийг үзнэ үү” гэж оруулах жишээтэй.

Монголд байсан, 1930-аад онд нураагаад хаячихсан гэдэг 700 гаруй сүм хийдээс хамгийн голлох хийдүүдийг нь оруулж өгсөн. Ямар уншлагатай, юу хийдэг байв. Зурхайн дацан байв уу, Чойрынх байсан юм уу гэдгээр нь ялгаад зурагтай оруулсан. Монголчуудын хамгийн их шүтдэг, мэддэг Очирваань, Ямандаг гэх зэрэг бурхныг тайлбарлаж, домог түүхтэй нь, монгол, төвд, санскрит нэртэй нь орууллаа. Тамгатай 13 хутагтын намтар түүхийг багтаалаа. Ганжуур, данжуурын түүхийг ч оруулсан. Бөө мөргөл, Грек, Ромын олон бурхад, хутагт гэгээд бүгдээрээ орсон.

1 comment:

  1. Маш зөв. Монгол соёлоо гэсэн хүн бүхний шаналж харуусч явдаг зүйл. Өдгөө цагийн эрдэмтдийн хольж хутгасан бантанг залруулж байгаад чинь баярлалаа. Үйлс чинь дэлгэрэг

    ReplyDelete