Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Өвгөн шувуу гав ганцаар суухад
Өндөр хад чив чимээгүй чагнана.
Өнгийн юмыг санан бодохын дунд
Үнэнхүү сэтгэлт нэгэн, түүнийг ширтэнэ.
(Д.Нацагдорж)
Монгол Улсын нэрт хэлшинжлэлтэн, соён гэгээрүүлэгч, ардын билигзүйч, дуун хөрвүүлэгч, академич, эрдэмтэн-зохиолч Бямбын Ринчений туурвин бүтээсэн их өв, утга соёлын үнэт зүйлсийг "том", "бага" гэлтгүй уламжлуулан анзаарч, "Ринчен судлал"-ын эргэн тойрныг анхааралтай ажваас задалж шинжиж үзмээр цөөнгүй, сонин зохиол бүтээл байдаг. Тухайлбал, "Түм наслах биш, түргэн хий!" тэргүүтэн захиас сургамж үгсээс нь өгсүүлээд, "Өглөгч Ринчен, өнчин Вовка"-гоор дэлгэрүүлэн (орчуулагч Ц.Цэрэн "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбай" Уб., 2005), "Домогт Ринчений домгууд оршвой" (2005, Т.Галсан), "Ри багшийн түншүүр", "Ри багшийн зул" (1990, 1991, Т.Галсан), "Марк Твений минь махы нь идэж дээ…! (Г.Аким, 1991) зэрэг ном зохиолоор тодосгон, акад.Б.Ринчений олон жилийг баран байж, олон баримт хэрэглэгдэхүүнийг мэрэн байж туурвисан "Монгол бичгийн хэлний зүй" дөрвөн дэвтэр зохиолыг хүртэлх өдий төдий бүтээлийн санг дурдаж болно. Энэ тухай бид ярихдаа, суут эрдэмтний өөрийнх нь туурвисан нь, судлаачид, эрдэмтэд, орчуулагчид, зохиолчид, шавь нарынх нь бичсэн задалсан нь гэж хоёр хуваан хэлэлцэж ч болох.
"Эмтрээ нь үгүй эрдэнэ" хэмээн алдаршсан их эрдэмтэн-Ринчений тэр их өвөөс хоёрхон "жижиг" зүйлийг боловч эргүүлж тойруулж үзэхүл, чамлахааргүй хэрэгтэй, сонин сайхан мэдлэг мэдээллийг тээж зөөж иржээ. Үүний нэг нь "Профессор, доктор Ринчен найруулав" гэсэн цохолбортой, 1961 онд гарсан "Эрдэнийн очир одон" гэдэг жижигхэн дэвтэр юм. Өдгөө цагийн нийгмийн салхины аясыг ажваас "Хуучин юм ул болж, шинэ юм зул болно" гэдэг хуучны үгийн утга эргэж, "Хэрэгтэй хэрэггүй шинэ юм ул болж, хуучин юм зул болох"-ын учир бас ч байх шиг санагдана. Иймд бид энэ удаагийн өчүүхэн судалбартаа Ринчен гуайн "Хээр, намар" гэдэг "хөөрхөн", сонин шүлгийг задлахыг оролдохдоо "Эрдэнийн очир"-оор нь эхлэн чимж, хэдэн зүйлийг иш татаж өгүүлье хэмээн бодлоо. Үүнд: "1911 онд манай монголын ард түмэн, манжийн түрэмгийлэгчдийн 223 жилийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон автономит засгийг байгуулсны дараа гадаадын хүмүүсийг шагнахад зориулж, 1913 онд "Эрдэнийн очир" гэдэг одонгийн дүрэм, маягийг зохион гаргаж, уг одонг Хаант Орос улсын нийслэл -Петербург хотод үйлдүүлж, гадаадын хүмүүсийг шагнаж байжээ… Энэхүү "Эрдэнийн очир" одон бол тэргүүн, дэд, гутгаар гэж гурван зэргээр тогтоосон байна… Тэргүүн зэргийн нэгдүгээр "Эрдэнийн очир" одонг Чингис хааны одон гэж нэрлээд, гадаад улсын хаадад шагнах, тэргүүн зэргийн хоёрдугаар "Эрдэнийн очир" одонг Автай сайн хааны одон гэж нэрлээд, гадаад улсын хаадын тайз (агь), вангуудыг шагнах, тэргүүн зэргийн гуравдугаар "Эрдэнийн очир" одонг Өндөр гэгээний одон гэж тус тус онцлон нэрлэжээ…" гэсэн байна. Бас цааш нь Б.Ринчен доктор, "Энэхүү "Эрдэнийн очир" одонгийн оосор ямар байхыг уг дүрэмд заасангүй, гагцхүү энэ одонг үйлдвэрлэсэн Петербург хотын Бокийн пүүснээс дайчин ван Ханддоржид өгсөн захианы дотор дурдсан нь: "Тэргүүн зэргийнх бол оосор шар, хоёрдугаар зэргийнх бол оосор улаан, гуравдугаар зэргийнх бол оосор хөх" гэж байдгийг онцлон тэмдэглэсэн нь сонин мэдээ юм. Бас тэрчлэн Б.Ринчен докторын бичсэн энэ товхимолд Богд хааны зарлигаар Орос улсын, Герман улсын, Америк улсын төрийн зүтгэлтэн, сайд, түшмэд, цэргийн зөвлөх , төрийн зөвлөх, даамал, сургагч, элчин сайдаас өгсүүлээд шадар зөвлөх, мэргэн төлөгч, буудлын эзэн, данс баригч зэрэг 40-өөд (бүгд гадаадын иргэн байжээ. Б.П.) хүнийг шагнаж байсныг Архивийн баримт материалд тулгуурлан, он цагийн эрэмбээр ойлгомжтой сайхан өгүүлсэн нь түүхэн баримт, судалгааны чухаг хэрэглэгдэхүүн болон үлджээ. Эдгээрээс зөвхөн нэгэн зүйл баримтыг сонин жишээ болговол: "Үүнээс гадна их Орос улсын төрийн зүтгэлтэн, сайд түшмэдийн зэрэг албаны хүмүүсийг мөн улсын нийслэл - Петербург хотын газар шагнасан баримтыг хэвээр сийрүүлбэл: Олноо өргөгдсөний гуравдугаар (1913) он, өвөл цаг, Петербургийн газар "Эрдэнийн очир" шагнасан хүмүүсийн нэрс:Орос улсын ерөнхий сайд бөгөөд Сангийн Яамны тэргүүн сайд Владимир Николаевич Коковцев, Гадаад хэргийн Яамны тэргүүн сайд Сергей Дмитриевич Сазанов, Цэргийн яамны тэргүүн сайд Владимир Александрович Сухомдинов, Дотоод Яамны тэргүүн сайд Александр Александрович Михалков. Энэхүү дөрвөн сайдад цөм Чин вангийн зэргийн "Эрдэнийн Очир"-ыг шижир алтаар үйлдүүлж шагнав. (7-р тал) г.м. хэн хэнийг шагнасныг овог нэрээр нь жагсаан гаргасан түүхэн баримт байна. Бид яагаад энэхүү судалбарынхаа эхний хэсэгт, Ринчен гуайн бичсэн "Эрдэнийн очир" одон гэдэг нийтлэлийн хялбаршуулсан "бичил эх"-ийн эргэн тойронд жаахан эргэлдсэний учир бол эрдэмтэн-зохиолч Б.Ринчен бол ер юмыг "бага", "их" гэдэггүй , алив зүйлийг бичиж найруулахдаа үлэмж сайн нягталдаг, үнэн учрыг магадалдаг, баримт түшиж, түүх өгүүлж хүүрнэдэг, хожмын уншигч, судлаач нарт эгээрэл гэгээрлийн сайхан санаа, сургамжийг үлдээдэг тийм нэгэн авьяас билигт хэл шинжлэлтэн, туршлагатай эрдэмтэн-зохиолч, мятрашгүй шударга шулуун хүн байсныг онцолсных болой…
Бямбын Ринчен бол хэзээ ч хуучиршгүй сайхан уранзохиолыг туурвин бичиж, олон талтай баялаг өвийг үлдээсэн буурал эрдэмтэн. Бидний энэ судалбартаа сонирхоод байгаа нөгөө нэг "жижиг" сэдэв, "хөөрхөн" шүлэг бол зохиолч Ринчений 1947 онд бичсэн "Хээр, намар" гэдэг наймт шүлэг. Молхи миний бие сүүлийн жилүүдэд нүүдэлчин монголчуудын дөрвөн улирлын сэтгэлгээ, дөрвөн цагийн тухайт шүлэг зохиолыг (урансайхны эхийг ч гэж үзэж болно Б.П.) бүртгэн шүүрдэж, "эх задлал", "эхийн өгүүлбэрзүй", "утга соёлын судлал" гэсэн талаас яльгүй боловч тусгайлсан судалгаа хийхийг оролдож байна. Тэр дундаас Б.Ринчений 1961 онд бичсэн" Эрдэнийн Очир одон"-гийн тухай нийтлэл, 1947 оны "Хээр, намар" шүлэг бидний сонирхлыг татав. Учир нь өнөөгийн Монгол улсад Автономитын үеийн шагнал, одонгийн нэртомьёо, хуучин үг, хэллэг сэргэж, Ардын Засгийн болон өмнөх тогтолцооны үеийн одон, медалийн нэрс хуучин үгийн "хүүдий"-д шилжих тийшээ болж, төрийн түшмэдүүд "төсөл"- өөр цэцэрхэж, олон нийтийн санаа бодол ороо бусгаадуу байгаа зурвас үе билээ. Үүнийг үл өгүүлэн , өгүүлэх минь:
Бид нийт 100 гаруй монгол зохиолч, найрагчдын 200-гаад шүлэг зохиолыг цуглуулан, нэг талаас, "Дөрвөн цаг", "Эргэх дөрвөн улирал," "Дөрвөн далайн жам", "Дөрвөн улирал ба монгол хүн", нөгөө талаас, "Зун", "Намар", "Өвөл", "Хавар" г.м.-ээр сэдэв зүйлээр нь нарийсган судалбар задалбар хийхэд нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц сонин уламжлал, үнэт зүйлс ажиглагдаж байна. Саяхан бичсэн "Нүүдэлчний намар, олон өнгө аяс, утга соёлын илэрхийлэл" гэсэн судалгааныхаа залгамж болгож, энд эрдэмтэн-зохиолч Б.Ринчений "Хээр, намар" (1947) шүлгийг бүр тусгайлан задлахыг оролдлоо. Тэрхүү урансайхны эх буюу анхны өгөгдөхүүн шүлэг нь: Б.Ринчен ,"Хээр, намар":
Нүд алдам уудам хээр тал
Хачин чимээгүй шарланхан халиурч,
Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм.
Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам.
Алтан дэлхийн гандсан шар мандлаас
Аятайхан, хачин сонин үнэр ханхлан
Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас
Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам. (Москва, Метрополь , 1947)
Энэ богинохон шүлгийг, хоёр дахь өгөгдөхүүн болох "Эх задлал"-ын тайлалзүйн толинд харахад цөөнгүй сонин зүйл ажиглагдаж байна. Нэгд, Зохиогчийн сэдэл, сэдвийг олсон хийгээд гарчиг өгсөн арга, зохиомж, түлхүүр үгсийн дараалал, 1-р биеэс өгүүлэхүй, зохиогчийн байр суурь (авторская позиция)-ийг илэрхийлдэг гоо сайхны ертөнц нь шинэ санаатайгаа тун сайхан зохицсон намрын өглөөний нэгэн зураг юм. Хоёрт. "Хээр, намар"-ыг урансайхны төгс бичил эх гэдэг талаас нь харвал, эхийн цогц, нэгдмэл чанарыг илэрхийлдэг гол зүйл-орон зай, цаг хугацаа, байдал шинж, нийгэм-соёлын хандлагыгыг тун ойлгомжтой, дэс дараалал сайтай, урансайхан илэрхийлсэн. Үүнд: "Нүд алдам хээр тал
Хачин чимээгүй шарланхан халиурч…" гэдэг хоёр мөрөнд орон зайн утга санааг шингээсэн бол, "Намар нэгэнт болжээ, цагийн хошуу эргэжээ, өвсний сөл арай л тасраагүй, шувууд буцсаар л…" гэдэг цаг хугацааны санааг:
"Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм.
Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам" гэсэн хоёрхон мөрөнд шингээн, дээд хөх тэнгэр, доод бор дэлхий түүний дундахь хүмүүний "хэрэг явдал"-ыг шүтэн барилдалгатайгаар илэрхийлсэн нь зохиолч шүлгийнхээ санааг гойд нарийн хөтөлбөржүүлэн, машид нягтаар өрж, шийдсэнийх юм. Гуравт, францын нэрт философич Ж.Деррида: "Хүний бүхий л сэтгэлгээ хийгээд сэтгэхүйд тусч буй хорвоо ертөнц бол эцсийн дүндээ бичвэр (text) юм гэсэн бол, "Текст бол хоёр дахь бодит байдал юм. (Text is a world) гэсэн постмодернистуудын алдарт томьёолол байдаг аж. Ингээд бодохлоор эрдэмтэн-зохиолч Ринчений "Хээр, намар" шүлэг бол гарчгаасаа эхлээд л сонин хэлбэр, дүрслэлтэй , өвөрмөц хийсвэрлэлтэй, зохиогчийн сэтгэлийн дотоод чинадын эрчим-долгион илэрсэн, орон зай, цаг хугацаа, байдал шинжийн нөхцөлдөөн нь яв цав таарсан сайн шүлэг гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, "Хяруут намрын өглөө…", "нүд алдам хээр тал…, царцаахай нам гүм…, тэнгэрт тогорууд дуугаран цуваад л…, алтан дэлхийн гандсан мандлаас, аятайхан сонин үнэр ханхалсан…" тэрхүү байгалийн дэвсгэр зураг дээр (буюу ертөнцийн зураг дээр):
Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас
Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам" гэсэн хоёр мөрөнд эх зохиогч, бодрол хүүрнэлийн гол санаагаа боож зангидсан нь их сонин байна. Ерөөсөө "Хээр, намар" шүлгийн төгс санаа нь, "тал, царцаахай, тогоруу, шар мандал" гэсэн үйлдэгчээр дамжин, хүн байгаль хоёр хүйн холбоотой гэсэн санаа сонин байна.
Монгол уранзохиолд "Хүн чулуу"-ны тухай, "Чулуун эмс"-ийн тухай бодол эргэцүүллийн өвөрмөц үнэлэмжтэй маш олон шүлэг зохиол бий. "Хээр, намар" (Осень в степи) энэ шүлгийн хэсгүүд (фрагмент)-ийн санааны гинжин холбоо нь тун сонин зохицолтой болсон. Санааны хэсгүүдийг хоёр хоёр мөрөөр эн зэрэгцүүлэн ахиулсаар утгаар нь хэлхэн холбож, тэгш хэмийн найруулгыг яв цав тохируулан хийсэн нь харагдаж байна.
Ринчений "Хээр, намар"-ын бас нэг сонин онцлог бол бүтээвэр, үг хэллэг, өгүүлбэрийг тун нарийн бодож, өнгө аяс, эрчим долгионыг тохируулан оновчтой сонгосон туршлага юм. Тухайлбал, монгол хэлний энхрийхэн, ялдамхан, таатайхан тийм сэтгэлийн өнгө аясыг илэрхийлдэг "-хан, -хэн, -хон, -хөн" бүтээврийг тун зөв зохистой хэрэглэсэн нь:"Хээр, намар"-дахь:
…Хачин чимээгүй шарланхан халиурч …
Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам.гэдэг жишээнээс эхлээд л тодорхой. Ерөөсөө эрдэмтэн-зохиолч Ринчений зохиолуудыг эргүүлж тойруулж үзэхэд их бичгийн хүн маань, энэхүү "хөөрхөн" "-хан, -хэн, -хон, -хөн" 4-ийг найруулгад хэрэглэхдээ их л таашаалтай хандаж, олонт давтдаг байсан нь харагдаж байна. Тухайлбал, "Юуны магад" (1932)-даа:
…Тэгвэл, сэтгэлийн гайхамшиг сайхан цэцгийг зүрхнийхээ улаан цусаар ургууланхан…", "…сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу." г.м.-ээр; "Цаг ирвээс" (1938)-дээ: "…босгын өмнө бахданхан…", "…эрдэнэсийнхээ санд удирданхан…" г.м.-ээр, "Горькийн гудамжинд" (1947)-даа: "…шинэ ертөнцийг хожимдонхон үзсэндээ…" г.м.-ээр, "Бид энхийн төлөө" (1949)-дөө: "…эв найрамдлыг эрхэмлэнхэн…", "Бор зүрхий нь булгилууланхан…" г.м.-ээр; "Хортобаажийн аргал" (1956)-даа:
"Хортобаажийн хөдөө талд ховор эрдэнэ олсон мэт баярланхан…",
"Бахтай таатай агийн үнэр, аргалын тэр утаанд хамар загатнанхан…"
г.м.-ээр; "Бэр цэцэг" найраглал (1955)-даа: "Өврийн их хэнгэрэгээ дэлдэнхэн…" г.м.-ээр; "Намрын өвсний шивнээ" (1957)-дээ:
"…Элсэн довд ганданхан шарласан өвс, Ордос талд
Энэ намрын бүрхэг муухай өдөр, Божена минь
Юухан гэж надад шивнэснийг мэдэв үү, чи минь…" гэж машид олон удаа давтанхан хэрэглэсэн байгаа баримт байна. Энэ бол уламжлалт найруулгын сонин зүйл, утга соёлын амьд гэрч юм.
Эх нутаг, хэл соёлоо санагалзаж, "Хортобаажийн аргал"-ын утааг үнэртэж шүлэг зохиолоо туурвиж явсан Б.Ринчений "Хээр, намар" буюу "Тал дахь намар"~ Осень в степи" хэмээх наймхан мөрт жижигхэн шүлгийн гойд нэгэн онцлог нь "Хиргис нүүр дээрх хүн чулууны духнаас, хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам." гэсэн хоёр мөрөнд "Хиргис хүүр ... ", "хүн чулууны духнаас ... ", "хөлс гоожсон шиг хяруу ...", "хайланхан барзайнам ..." г.м. нийлэмж үгс, эдгээрийн утга ба хэлбэрийн харьцаан дахь "үг сонголт" юм. Монгол сурвалж бичгүүдэд, судалгаа шинжилгээний зүйлд "хиргисүүр", "хиргисүүл" г.м. хувилбар олонт байдаг бол, Ринчен доктор энэ шүлэгтээ "хиргис хүүр дээрх…" гэж сонгосон нь уг үгийн түүхэн гарвал хийгээд утга, хэрэглээ, соёл, танин мэдэхийн талаасаа их зөв оновчтой хувилбарыг олсон шиг санагдана. Бас энд "Хүн чулуу"-г зохиогч "Чулуун эмс" гэсэн уламжлалт сонгодог утгаар нь ойлгож хэрэглэсэн байна. Түүний баталгаа бол
Б.Ринчений "Бэр цэцэг" (1959) түүвэрт байгаа "Хээр, намар"-ын орос орчуулга- "Осень в степи"-д:
"…А на кургане у каменной бабы на лбу
И ней вдруг побежал струйками пота." гэж байгаа бөгөөд "чулуун эмс" буюу "чулуун хүн"-ийг "каменная баба" гэдэг нийлмэл үгээр хэлсэн нь үлэмж зохистой сайхан оноолт юм. Бас "Хээр, намар" шүлэгт үг сонголтын талаас онцолмоор нэгэн сонин зүйл бол монгол хэлний "бурзайх", "барзайх" гэдэг авианы сэлгэцээр үүссэн дүрслэх үгсийн ялгааг маш нарийн мэдэж, зөв сонгож хэрэглэжээ гэж үзэж болно. Бодвоос, "Амьд хүний духнаас хөлс гоожих" дээр нь "бурзайх" гэж; Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас хөлс гоожсон шиг намрын өглөөний хяруу хайланхан байх…" дээр нь "барзайх" гэж хэрэглэсэн нь яах аргагүй оносон байна. Их бичгийн хүн Ринчен өөрөө эх хэлнийхээ аугаа их утгачийн хувьд ингэж зөв зүйтэй, соёлтой хэрэглэсэн байна л даа. Энэ бол чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнийхээ үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, уламжлал, соёл хэрэглээг чухам л арван хуруу шигээ мэддэг, мэдэрдэг байсан өтгөс, их эрдэмтний тулхтай их боловсрол, яндашгүй их эрдэм мэдлэгийн илрэл болой. Ингээд эрдэмтэн-зохиолчийн "Хээр, намар" шүлгийг "Эрдэнийн очир"-оор нь чимж, эргэн тойронд нь эргэцүүлсэн хэдэн үгээ үүгээр өндөрлөв. Төмөр Барс жилийн намрын адаг сарын шинийн гуравны билигт сайн өдөр өө.
Эх сурвалж: http://dayarmongol.net
Goy zadlasan bna, tand bolon oortoo amjilt husey!
ReplyDelete