Хуучин номоо ухаж суутал 1989 онд хэвлэсэн “Мал аж ахуйн үндэс” гэсэн нэртэй 6 дугаар ангийн сурах бичиг олж аваад, сонирхож уншив. Маш тодорхой, ойлгомжтой, цэгцтэй, илүү дутуу үггүй, найруулга сайтай, зөв бичгийн болон цэг таслалын алдаагүй, мань мэт шиг молхи, чадвар муутай орчуулагч нарт ёстой л найруулан бичих эрдмийн сурах бичиг болохоор сурах бичиг байна. Зохиогчид нь С. Шагдартовуу, Х. Гүндсамбуу, проф. О. Шагдарсүрэн, редактор нь проф. Р. Индра, С. Дүнчээ, хянагч нь С. Бадамсэд, Ш. Уртнасан гэж хүмүүс байна.
Зарим хүн монгол хэл мөхөж байна гэж ярьдаг. Зарим талаар үнэн гэж би боддог. Болдсайхан эмч харин ч олон мянган нэр томьёогоор баяжсан гэж ярьж байсныг би сонссон. Үүнийг бас үнэн гэж би боддог.
Хэл зүй, найруулга, зөв бичих, цэг таслал зэрэг талаасаа монгол хэл маань үнэхээр харь хэлний нөлөөнд хэт автсан шинэ үеийнхний өмнө хүчин мөхөсдөж, ядууран мөхөж байх шиг байна. Тэгээд 1989 оны монгол хэлийг одоогийн монгол хэлээр орчуулах оролдлого хийж үзэв. Уншигч авгай та бүхэн өөрсдөө харьцуулан тунгаана буй за.
Малын хэлний булчин нь нарийн хөгжсөн, амтлах, өвс тэжээлийг хольж зажлах, залгих, ус сорж уух, хужир шүү долооход гол үүрэгтэй.
Малын хэлний булчин нь нарийн хөгжсөн бөгөөд өвс тэжээлийг хольж зажлах, залгих, ус сорж уух болон хужир шүү долоох зэрэг үйлдлүүдэд гол үүрэгтэй юм.
Манай оронд Зөвлөлт Холбоот Улс, ах дүү социалист орны тусламжаар саалийн механикжсан ферм, хонины ноос хяргах цахилгаан агрегат, хадлангийн механикжсан бригад үр дүнтэй ажиллаж байна.
Манай оронд Зөвлөлт Холбоот Улс болон ах дүү социалист орны тусламжтайгаар саалийн механикжсан фермүүд, хонины ноос хяргах цахилгаан агрегатууд болон хадлангийн механикжсан бригадууд үр дүнтэй ажиллаж байна.
Сам, хутгыг тухай бүрд нь хурцлагч аппаратаар хурцалвал ажлын бүтээмж сайн байна.
Хэрэв сам болон хутгыг тухай бүрт нь хурцлагч аппаратаар хурцалвал ажлын бүтээмж сайн байна.
Түүгээр ч зогсохгүй ажилсаг, хичээнгүй, бүтээлч малчин, зоотехникч, малын эмч болохын тулд мал аж ахуйн олон талын гүнзгий мэдлэг, чадварыг сайн эзэмших хэрэгтэй.
Түүгээр ч зогсохгүй ажилсаг, хичээнгүй болон бүтээлч малчид, зоотехникчид, малын эмч нар болохын тулд мал аж ахуйн олон талын гүнзгий мэдлэг ба чадваруудыг сайн эзэмших хэрэгтэй юм/байдаг.
Мал аж ахуйн ажил, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй эрхлэн явуулахад малын биеийн бүтэц, үйл ажиллагааны тухай мэдлэг чухал.
Мал аж ахуйн ажил болон хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй эрхлэн явуулахад малын биеийн бүтэц ба үйл ажиллагааны тухай мэдлэг чухал байдаг.
Урд, хойд хоёр хос мөч нь өвөрмөц бүтэцтэй олон яснаас бүтнэ.
Урд болон хойд хоёр хос мөчнүүд нь өвөрмөц бүтэцтэй олон яснуудаас бүтдэг болно.
Эдгээр нь хатуу, шингэн тэжээл идэж, хольж дэвтээх, залгих, хивэгч малд бол хивэх үүрэгтэй.
Эдгээр нь хатуу болон шингэн тэжээл идэж, хольж дэвтээх эсвэл залгих үүрэгтэй бөгөөд хивэгч малд энэ нь хивэх үүрэгтэй байдаг.
Эдгээр ажлын аль нэгийг орхигдуулбал бусдадаа нөлөөлж, тэр жилийн төдийгүй дараагийн жилийн ажлын үр дүнг бууруулна.
Эдгээр ажлуудын аль нэгийг орхигдуулсан тохиолдолд бусдадаа нөлөөлөх бөгөөд тэр жилийн ажлын үр дүнг төдийгүй дараагийн жилийн ажлын үр дүнг бууруулдаг болно.
Ганцхан жишээ дурдахад морины хөлсийг шавар хөлс, усан хөлс, тосон хөлс, сувдан хөлс, хөөсөн хөлс гэж нарийвчлан ялгаж, тэр болгондоо тохируулан уяж сойдог.
Ганцхан жишээ дурдахад морины хөлсийг ялгахдаа шавар хөлс, усан хөлс, тосон хөлс, сувдан хөлс болон хөөсөн хөлс гэх мэтээр нарийвчлан ялгагддаг бөгөөд тэр болгондоо тохируулан морийг уяж сойдог байна.
Эндээс үзэхэд дараалж дурдсан үгсийн сүүлийн үгний өмнө заавал “and” гэдэг холбох үг тавьдаг дүрэмтэй, олон тоог ягштал баримталж хэрэглэдэг онцлогтой англи хэлний нөлөөгөөр одоогийн монгол хэлэнд холбох үг, олон тоо, илүү үгийг хэмжээ замбараагүй их хэрэглэдэг болсноос өгүүлбэр нь урт болж, найруулга муудаж, болхи болсоор байна даа...
Тун бодууштай.
ReplyDeleteАмараа
Үнэн юм хэлжээ. Монгол английн колони улс болчихож!
ReplyDeleteЁстой яг хэлэх гээд байсан юм хэлчихсэн байна. Мэргэжлийн биш болохоороо мэдрээд байгаа боловч чам шиг гаргаж ирж хэлж чадахгүй юм аа
ReplyDelete