2011-06-01

Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийн оролцоог чухалчлах нь

Чухалчлах үндэслэл 
Улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр манай улсад зорчих, дамжин өнгөрөх болон оршин суугаа гадаадын иргэдийн тоо олширч, тэдний хууль ёсны эрхийг хангах, хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Тухайлбал гадаадын иргэн холбогдогчтой хэргийн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагч оролцох[1] хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх хандлагатай боллоо.
Гэхдээ энэ бол зөвхөн гадаадын иргэнд хэл зүйн туслалцаа үзүүлж, эрх ашгийг  хамгаалах талын асуудал дангаараа биш бөгөөд орчуулагчийн ажил үүргийг тухайлж мөн салгахгүйгээр, нийтдээ хуулийн байгууллагын ажилд зайлшгүй хамрагдах харилцаа болохыг тусган цогц байдлаар  анхаарах ёстой судлагдахуун юм.

Хүний эрхийг дээдэлж,  эрх зүйт төрийг зүй ёсоор төлөвшүүлж буй орнуудад  байцаан шийтгэх ажиллагаанд орчуулагч авах, ашиглах эрх (the right to interpretation and translation in criminal proceedings)- ийн стандарт зүй ёсоор мөрдөгддөг. Энэ эрх нь хэрэгт татагдсан этгээд тухайн орны албан ёсны хэлийг ойлгохгүй тохиолдолд хэргийн үндсэн гол баримт бичгүүд (нотлох баримт, гэрчийн мэдүүлэг гэх мэт)-ийг  орчуулах, хэргийн материалтай танилцахад нь туслах болон шүүх хурлын үед орчуулагчийн туслалцаа үзүүлэх байдлаар хэрэгждэг.
Хүний эрхийн гол зарчмууд болох өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хийгээд гэм буруу нь гүйцэд нотлогдоогүй үед гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх зарчмыг хэрэгжүүлэхэд  тавигдах зүй ёсны шаардлагыг хангахад орчуулагчийн эрх үүрэг, хариуцлагын тогтолцоо зайлшгүй нөлөө үзүүлнэ.
Орчуулагч хэл зүйн талаас туслах  үүргийг гүйцэтгэснээр байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч, ажиллагаанд оролцогч, бусад оролцогч нарын  хооронд харилцаа үүсч, ажил хэргийн холбоо тогтдог. Иймээс орчуулагчийн оролцоо нь өмгөөлөгчөөс илүү өмнө шатанд,  эн тэргүүнд хангагдвал зохих чухал хэрэгцээ юм.
Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчийн оролцоо мөн чухал. Ялангуяа,  талууд эвлэрэх буюу шүүхийн бус журмаар хэргийг шийдвэрлүүлэх ажиллагаанд харилцааны гүүр болж өгдөг.
Хууль зүйн орчуулга нь хэл шинжлэлийн болоод хууль зүйн гэсэн 2 том шинжлэх ухааны хүрээг хамарч, тэдгээрийн огтолцол, нийлэмж дээр бүрэлдэн тогтдог. Өөрөөр хэлбэл шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа нь маш нарийн төвөгтэй үйл явц тул үүнийг дагаад энэ төрлийн орчуулга бас их эгзэгтэй, хариуцлага, хөлс хүч их шаарддаг ажилд зүй ёсоор багтдаг.
Дээр өгүүлсэн олон талын хэрэгцээ шаардлагад  үндэслэн шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийн оролцоог чухалчлах зорилгоор орчуулагчийн эрх зүйн байдал, хэрэгжилт, цаашид төгөлдөршүүлэхэд ямар зохицуулалт байвал зохистой талаар асуудалд хандъя.
Эхлээд холбогдох эрх зүйн зарим зохицуулалтыг дараахь хүрээнд судалж үзлээ.
Нэг. Олон улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд
Монгол Улсын  нэгдэн орсон Иргэний байцаан шийтгэх ажиллагааны асуудлаархи конвенц, Иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенци зэрэг олон улсын гэрээнд, тухайлбал Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн   3 дахь хэсгийн е-д ” Шүүн таслах ажиллагаа явуулж байгаа хэлийг ойлгохгүй буюу уг хэлээр ярьдаггүй тохиолдолд орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах”,  Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 14 дүгээр зүйлийн 3-д “байцаан шийтгэх ажиллагааны хэлийг ойлгохгүй буюу уг хэлээр ярьж чадахгүй бол орчуулагчийн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх” зэрэг заалт байцаан шийтгэх ажиллагаанд хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг хэрэгжүүлж, энэ эрхийг хангахад  орчуулагчийн оролцоо  ач холбогдолтойг тодорхойлж өгсөн байдаг.
Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн болон хүний эрхийн дээр дурьдагдсан стандартаас дүгнэлт хийвэл гэмт хэрэгт холбогдож буй этгээд тухайн улсын төрийн албан ёсны хэлийг ойлгохгүй тохиолдолд ямарваа нэгэн ялгаварлан гадуурхлаас ангид байж, дараахь эрхүүдээр  зайлшгүй хангагдах ёстой. Үүнд:
  • төрөлх хэлээрээ мэдүүлэг өгөх,
  • орчуулагч авах,
  • мэддэг хэлээрээ хэргийн талаар ойлголт авах хангалттай хугацаагаар хангагдах,
  • уг туслалцааг үнэ төлбөргүй авах зэрэг болно.
Судлаачид шүүхийн орчуулагчийн талаархи дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалтын  үндсэн   2  загвар байна гэж үзсэн. Энэ нь:
1Англи Саксоны эрх зүйн бүлийн улс орнуудын  загвар: Энэ эрх зүйн бүлийн хувьд хамгийн анх Английн давж заалдах шатны шүүх R.vs.Lee Kun (1916) 1KB 337 хэргийн үед орчуулагчийн эрхийг тодорхойлсон.
1978 онд АНУ-ын  Хууль зүйн яамнаас “Шүүхийн орчуулагчийн журам” (Court Interpreters Act of 1978)баталж, орчуулагчийг оролцуулах нөхцөл байдал болон Холбооны Улсын шүүхийн  орчуулагчид зөвшөөрөл олгоход мөрдөх стандартыг тогтоосон байдаг. 1980 оноос “Холбооны Улсын шүүхийн орчуулагчийн эрх олгох сонгон шалгаруулалт “ –ын тогтолцоог хэрэгжүүлсэн. Сонгон шалгаруулалтад тэнцсэн орчуулагчдын нэрсийг албан ёсны эрхтэй нийт орчуулагчдын бүртгэлд оруулан шүүхүүдэд тарааж, сонгож хэрэглүүлдэг байна. АНУ-ын шүүхэд орчуулагч оролцуулахтай холбоотой эрх зүйн эдгээр зохицуулалт нь бусад улс орнуудад ялангуяа цагаач иргэд олонтой улс орнууд холбогдох хууль батлан мөрдүүлж,  хүн бүр шүүх ажиллагаанд тэгш эрхтэй байх эрхийг хангаж ажиллахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
2Эх газрын эрх зүйн бүлийн улс орнуудын  загвар: Энэ загварт  Итали Улсыг төлөөлөл болгон  авч үздэг. 1988 онд батлагдсан  “Италийн эрүүгийн байцаан шийтгэх хууль”-д шүүхэд орчуулагч оролцох журмыг хуульчилж өгсөн бөгөөд жишээлбэл, тус хуулийн 143-147 дугаар зүйлүүдэд шүүгдэгч нь  орчуулагчийн туслалцаа авах эрхтэй тухай,  орчуулагчаар оролцож болохгүй нөхцөл байдал, орчуулагчаар оролцохооос татгалзах ба нууц хадгалах үүргийн талаар заасан байна.
Нэгтгэж хэлэхэд, улс орнууд шүүхийн орчуулгын талаар түүх, философи зэрэг олон хүрээг хамруулан судалж ирсэн нь  эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй  болгоход нөлөөлсөн төдийгүй , бие даасан, тусгай судлагдахуун болгон хөгжүүлэхэд хүргэсэн гэж дүгнэж байна. Гадаадын зарим улс орон,  тухайлбал БНХАУ-ын хүн ам 56 үндэстнээс бүрддэг тул гадаадын иргэд гэхээсээ илүүтэй өөрийн улсын үндэстэн, ястны тухайд орчуулагчийн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага түлхүү байдгаараа онцлог бөгөөд энэ нь үндэсний цөөнхийн асуудалд нэн чухал зохицуулалтад тооцогдох ёстой[2] болдог.
Хоёр. Монгол Улсын эрх зүйн зохицуулалт
Монгол Улсын  Үндсэн хуулийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна “, 53.1-д “Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна”, 53.2-д “Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно” гэсэн заалтуудын  үзэл баримтлалд нийцүүлэн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Арбитрийн тухай зэрэг хуулиудад шүүх,  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийг оролцуулах үндэслэл, орчуулагчийн эрх  үүрэг, хүлээх хариуцлагын талаар зохицуулсан юм.
Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатны орчуулгын ажил нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны хууль зүй, дотоод хэргийн чиглэлд хамаардаг, нарийн мэргэжил шаардах үйл ажиллагаанд тооцогддогоороо онцлогтой. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журамд зааснаар гадаад хэлний болон хууль зүйн нэр томъёо, хэллэгийн зохих мэдлэгтэй, орчуулгын ажлын дадлага, туршлагатай иргэн сонгон шалгаруулалтад орж болох бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь шаардлагыг  хангаж ажиллана. Үүнд :
-шүүх,  хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үүргийг биелүүлэх;
- дуудсан цагт ирж орчуулахаар даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх;
- тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг үнэн зөвөөр орчуулж өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах.
Дээрх  заалтуудаас гадна орчуулагчийг татгалзан гаргах тухай болон орчуулагч санаатайгаар худал орчуулсан, хэлмэрчилсэн бол түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай, түүнчлэн орчуулагчийн алдаатай үйлдэл, эс үйлдлээс үүдэлтэй байцаан шийтгэх ажиллагаанд үүсэх харилцааны талаар цухас дурдсан   заалтуудыг нэмж тоочиход холбогдох хуулиудын  зохицуулалтыг бүрэн хамруулж болно.
Нэгтгэж хэлэхэд орчуулагч оролцуулахад тавигдах шаардлагын тухайд манай улсын хуульд нарийвчилсан, нэг мөр мөрдөгдөх зохицуулалт байхгүй, байгаа хэдэн заалтад  орчуулагчийн хүлээх үүргийн талаар дурдсан боловч  тэдгээр нь учир дутагдалтай,  ялангуяа ажил үүргээ гүйцэтгэхэд хэрэгцээт эрхийн талаар бүр ойлголт байхгүй зэрэг байдлыг гадаад улсуудын зохицуулалттай  харьцуулсны үндсэн дээр, практикт гарч байгаа бэрхшээлийг харгалзан ямар зохицуулалт хийвэл зохистой  талаар дараахь саналуудыг дэвшүүлж байна.
  1. I. Албан ёсны орчуулагчийн оролцоог  холбогдох хуульд тусгаж өгөх тухайд
Шүүх хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд оролцох орчуулагчид тавигдах шаардлагын тухай  холбогдох хуулиудад өөр өөр заасан, тухайлбал ЭБШХ-ийн 47.1-д “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилох тухай шийдвэр гаргаж уг этгээдэд танилцуулна”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.3-д “Орчуулагч, хэлмэрч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, хэлмэрчлэх, орчуулга хийхэд зайлшгүй шаардлагатай хэлний болон тусгай мэдлэг эзэмшсэн хүн байна” гэсэн заалтууд эдгээр ажиллагаанд оролцох орчуулагч нь албан ёсны орчуулагч байх тухай тусгаж өгөөгүй  байна. Харин  ИХШХШТХ—ийн 49.5-д “ Хэргийн оролцогчийн өөрөө сонгосон орчуулагч, хэлмэрчээс бусад шүүхээс томилогдсон орчуулагч, хэлмэрч нь эрх бүхий байгууллагаас орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан байна” гэсэн заалт албан ёсны орчуулагчийн талаар нэг талаар заасан боловч дурын хэн нэг тухайн хэл гадарладаг этгээдийг орчуулагчаар  шүүхэд оролцуулж болохоор эрхийг  хэргийн оролцогчид    олгож байгаа нь албан ёсны орчуулагч оролцох нөхцлийг бас хязгаарлаж байгаа юм. Практикт, албан ёсны орчуулагчийг оролцуулаагүйгээс үүдэлтэй, холбогдогч нь албан ёсны орчуулагчаар хангагдаагүй гэх, цаашилбал энэ шалтгаар мэдүүлгээс буцах зэргээр хэрэг удаашрах, буцаагдах явдал гарах нь олширсон ба энэ нөхцлөөр шинээр илэрсэн нөхцөл байдал үүсэх тал байдаг.
Үүнээс  үндэслэн холбогдох хуульд энэ харилцаанд оролцох орчуулагч нь сонгон шалгаруулалтаар эрх авсан, тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй албан ёсны орчуулагч байх талаар тусгах хэрэгтэй юм.
  1. II.    Орчуулагчийн эрх олгох сонгон шалгаруулалтын журмыг боловсронгуй болгох тухайд
ХЗДХЯ-наас Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулж тусгай зөвшөөрөл олгох журам болон орчуулга хийх хөлсний доод хэмжээний жишгийг  батлан мөрдөж байна. Хэдийгээр, эдгээр зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлсэн болон орчуулагчийн эрх олгох сонгон   шалгаруулалтын хувьд маргаан зөрчил бага гардаг зэрэг дэвшилттэй тал байгаа боловч сонгон шалгаруулалтад оролцогч төдийгүй тусгай зөвшөөрлийн гэрчилгээ эзэмшигчид тавигдах шаардлагыг  нарийвчлах талаар судлах хэрэгтэй. Шалгаруулалтад олон хүн хамрагдах нь сайн талтай боловч орчуулагчийн мэдлэг чадварыг харгалзахгүйгээр аль болох олон оролцогчийг тэнцүүлэх   тухай асуудал огт байж болохгүй.
Тус журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчийн бүрдүүлэх материалд Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар багтдаг. Эндээс харахад сонгон шалгаруулалтад гадаадын иргэн, харьяалалгүй хүн оролцох эрхтэй учир шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчаар оролцох боломжийг мөн бүрдүүлж өгсөн байна. Тэгвэл, МУ-д шүүн таслах ажиллагаа монгол хэлээр   явагдах тул гадаад хүн шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага өөр байх хэрэгтэй. Жишээлэхэд, тухайн гадаадын иргэний монгол хэл эзэмшсэн болон ашигласан  дадлага   туршлагын байдлыг түлхүү анхаарч шалгаруултад оролцуулах, шалгалт авах арга хэлбэр бас энэ тал руу гүнзгийрэх ёстой.
Одоогийн тогтолцоогоор, шалгаруулалтад оролцогч манай улсын иргэн ба гадаад хүн бүгд шалгалтын хувьд монгол хэл дээрх бичгийн ажлыг гадаад хэлнээ орчуулах хэлбэрээр нэгэн ижил даалгаврыг гүйцэтгэж байгаа юм.  2009 оны сонгон шалгаруулалтын хятад болон солонгос хэлний орчуулагчийн шалгаруулалтад гадаадын иргэд,  цагаач хүмүүс оролцсон бөгөөд тэдгээр нь нэгэн адил шалгуурт хамрагдсан явдалд манай улсын иргэд шүүмжлэлтэй хандаж, эрх тэгш бус байгааг илэрхийлсэн юм. Энэ асуудалд тухайн гадаадын иргэн, цагаач нь   шалгалтын монгол хэл дээрх даалгаврыг ойлгосон учраас л эх   хэл рүүгээ  хөрвүүлэх болно гэж зарим хүн өөр байр суурьтай ханддаг. Тэгтэл энэ нь хэрэг дээрээ үгүй билээ. Тэдгээр гадаад хүмүүс эх хэлээрээ мэдээж ус цас байдаг боловч монгол хэл дээр асуулт тавихаар ойлгохгүй, асуултаа ойлгоогүй учраас хариулж мэдэхгүй байдал гарсан байна. Аливаа хүн гадаадын хэлнээс эх хэл рүүгээ буулган хөрвүүлэх чадвар илүү байдаг нь маргаангүй   үнэн.    Ийнхүү шалгаруулалтад оролцогчийн иргэний харьяаллаас гадна мэргэжил, мэргэшлийн тухай бас анзаарах шаардлагатай.
Мэргэжилтэй боловч хэлгүй,  Хэлтэй боловч мэргэжлийн бус” байдлын дутууг гүйцээж, нөхөж чадах тийм хүн л орчуулга хийдэг гэвэл шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны орчуулагч нь хууль, эрх зүйн мэдлэг, хэллэг,  нэр томъёог 2 хэлнээ хөрвүүлэн ашиглах чадвар энэхүү  хариуцлага өндөртэй ажилд  заавал шаардагдана. Энд нэгэн жишээг дурдахад, гэрээг орчуулахдаа “үүссэн маргааныг  арбитраар шийдвэрлүүлнэ ”гэснийг  “үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ ” болгож 2 үгний ялгааг мэдэхгүй орчуулснаар хэргийн харьяалал буруу тогтоогдож  шүүхээр шийдвэрлүүлэх шатанд асуудал үүсгэсэн явдал гарсан.  Иймээс  хуульч мэргэжилтэн энэ төрлийн орчуулагчийн сонгон шалгаруулалтад оролцох, тэнцэх нь элбэг , илүү үр дүнтэй ажиллах талтай гэгддэг. Гэхдээ хэлний мэдлэг сайтай этгээд хууль зүйн ерөнхий мэдлэг, нэр томъёоны талаар тусгайлсан сургалтанд хамрагдсан байх шаардлагыг бий болгож хэрэгжүүлэх, нэгдсэн сургалт зохион байгуулах гарц бас байгаа гэдгийг тэмдэглэн хэлье.
  1. III.    Орчуулагчийн эрх, үүргийг тодорхойлох тухайд
1.Орчуулагчийн  эрхийн тухайд: Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд оролцогч нар тус тусын эрхэй байдаг. Тухайлбал, нарийн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг, хэрэгцээ, үүрэг роль ялгаагүй чухалд тооцогдох шинжээч нь хуульд зааснаар, хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй танилцах, дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх зэрэг эрхтэй. Гэтэл орчуулагч хүн ийм ийм үүрэгтэй хэмээн хуульд заасан боловч тэдгээр үүргээ гүйцэтгэхэд шаардагдах эрхийн талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.3-д “Орчуулагч, хэлмэрч нь орчуулгыг тодруулахаар асуулт тавьж болно” хэмээн заасныг эс тооцвол бусад хуульд тухайлсан нэг ч заалт байхгүй байна. Ийм учраас орчуулагчид дараахь эрхийг тодорхойлж өгвөл зохистой гэж үзэж байна.Үүнд:
- Хэргийн талаар мэдэх эрх - энэ нь орчуулгад  холбоотой хэргийн талаар мэдэх, ойлгох эрхийг хэлнэ.
- орчуулахад холбоотой бичиг баримтыг хүсэх эрх – энэ нь    шүүх,  цагдаагийн болон бусад байгууллагаас орчуулгад ашиглагдах бичиг баримтыг гаргуулж авах эрх юм.
- Тэмдэглэлийг уншиж баталгаажуулах эрх – тэмдэглэлд орчуулгын утга хэрхэн тусгагдсаныг уншиж танилцах, хянах, тохирохгүй байгаа тохиолдолд засах, нэмж оруулах талаар шаардах эрхийг хэлж байгаа юм. Энэ нь манайд шүүх шатанд ерөөсөө хэрэгждэггүй. Орчуулга бүрэн,  үнэн зөв  байх ёстой, эс бөгөөс хариуцлага хүлээхийг сануулаад гарын үсэг аваад байдаг , гэтэл орчуулга бүрэн, зөв тэмдэглэгдсэн эсэх талаар мэдэх боломж байхгүй. Харин хэргийн мөрдөн байцаах шатанд энэ эрхийг хангасан буюу ЭБШХ-ийн 202 дугаар зүйлд зааснаар,  яллагдагчийг байцаасан тэмдэглэлд “Орчуулагч, хэлмэрч тэмдэглэлийн хуудасны нүүр бүрт нь ба тэмдэглэлд бүхэлд нь гарын үсэг зурна.”, “Байцаалтын тэмдэглэлийг өөр хэл дээр бичгээр орчуулсан бол түүний хуудасны нүүр бүрт ба бүхэлд нь орчуулагч болон яллагдагч гарын үсэг зурсан байвал зохино.” гэж  заасан нь шүүх хурлын тэмдэглэлд мөн ийнхүү анхааралтай хандахад жишиг болно гэж үзэж байна.
- Хамгаалуулах эрх- энэ нь тодорхой нөхцөл, шаардлагатай тохиолдолд хамгаалалтанд байж нөлөөнд автахгүй байхыг хангах зорилгыг агуулна.
2. Орчуулагчийн үүргийн тухайд: Хуульд тусгагдсанаар орчуулагч нь шүүгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар ирж орчуулах, хэргийн оролцогчид холбогдох материалыг бүрэн зөв орчуулж өгөх, хэргийн материалтай танилцахад туслах үүрэгтэй. Эдгээрээс   гадна дараахь үүргийг нэмж тохоовол зохилтой. Үүнд:
-        Хараат бус, бие даасан, шударга байх үүрэг - орчуулагч нь гадаадын иргэний эсвэл хуулийн байгууллагын ажилтны туслах гэдэг утгаар бус, бие даасан, хараат бус байдлаар биеэ авч явах үүрэг юм. Ингэснээр шударга байх зарчмыг мөн хангах төдийгүй бусад үүргийн тухайд ч чухал нөлөөтэй үүргийн төрөлд орно.
-        Орчуулагчаар оролцохоос татгалзах  үүрэг - энэ бас их онцгой үүрэг бөгөөд  хэргийг үнэн зөв орчуулахад нөлөөлөх харилцаа, ашиг сонирхол үүсэх нөхцөлд өөрөө татгалзах үүрэг юм.
-        Мэргэшлийн ёс зүйг баримтлах үүрэг - энэ нь үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцах, цаг барих, зохих төлбөр хөлсөө шэдарга зөв тооцохоос гадна шан харамж нэхэхгүй зэргээр үйлчлүүлэгчийг хүндэтгэж харилцах байдлыг хэлнэ.
-        Нууц хадгалах үүрэг-  орчуулгын явцад хэргийн талаар олж мэдсэнээ болон хувь хүний нууцыг хадгалах үүрэг юм.
-        Үг хэллэг, тайлбарыг бодитоор  дамжуулах үүрэг - “нэг үг газар гээлгүй”-гээр эх материал болон эх утга санаатай тохирч, дүйцэхээр орчуулах явдал бол энэ төрлийн орчуулгын төрөлд зарчмын том зүйл юм. Мөрдөн байцаалт, шүүх хурлын үед тун нухацтай асуусан, хэлсэн үгийг зөөлрүүлж, хүчийг сулруулахад тохиромжгүйн зэрэгцээ уран зохиолын орчуулгын адил уянгын халил, хэтрүүлэг хэрэглэж болохгүй.
  1. IV.    Орчуулгыг  баталгаажуулах арга хэлбэрийг  бий болгох, хэвшүүлэх  тухайд
Одоогийн байдлаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээнээс өөр орчуулагч ажил үүргээ албан ёсоор баталгаажуулах арга хэлбэр байхгүй. Тухайлбал, үнэмлэх байхгүй тул том хэмжээтэй гэрчилгээг байнга авч явах шаардлага гардаг. Зарим үед үнэмлэх нэхэгдэх тохиолдол ч байна. Зарим орчуулагч өөрийн нэр бүхий тамга дардас хувиараа хийлгэж хэрэглэдэг.
Ер нь орчуулгын материалд орчуулагчийн үнэмлэхний хуулбарыг хавсаргаж, тамга тэмдэг даран гарын үсэг зурах үйлдлүүд хамт хийгдсэнээр хүчин төгөлдөр баталгаа болж чадах тул ийм байдлаар тогтож, хэвшүүлэн хэрэглэх хэрэгтэй гэж үзэж байна.
Иргэний байцаан шийтгэх ажиллагааны асуудлаархи конвенци, Гадаадын арбитрийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай зэрэг олон улсын гэрээнд, тухайлбал Иргэнийн хэрэг хянан шийдвэрлэх тухай конвенцид “Шүүхийн даалгаврыг … хүсэлт хүлээн авагч засаг захиргааны байгууллагын хэлээр буюу сонирхогч хоёр улсын тохиролцсон хэл дээр үйлдсэн, эсхүл дээр дурдсан хоёр хэлний аль нэг дээр үйлдсэн бөгөөд хүсэлт гаргагч улсын дипломат буюу консулын төлөөлөгч, эсхүл хүсэлт хүлээн авагч улсын баталгаат орчуулагчийн гэрчилсэн орчуулгыг түүнд хавсаргасан байна.” гэх зэргээр албан ёсны орчуулагчийн орчуулгыг шууд хүлээн зөвшөөрч, тухайн орчуулга хүчинтэй байх үндсийг гаргаж өгсөн байдаг.
Харин манай улсын ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулж нотариатчаар гэрчлүүлсэн байна” гэсэн  заалт  практикт маш зөрчилтэй байдаг. Албан ёсны эрх бүхий орчуулагч орчуулж баталгаажуулсан бичиг баримтыг дахин баталгаажуулах шаардлага байгаа эсэх, баталгаажуулалтыг   тухайн хэлийг мэдэхгүй нотариатч хийж буй нь ойлгомжгүй бөгөөд нэр төдий, мөнгө болоод цаг үрсэн асуудал болдог.   Цаашилбал маргаан гарах нөхцөл болж байгаа юм. Нотариатын тамга тэмдэгтэй баримтыг үнэлэхгүй байх хэцүү байдал үүсдэг. Сүүлийн үед хуурамч эсвэл хуудуутай орчуулгыг гэрчилснээс үүдэлтэй байцаан шийтгэх ажиллагааг хууль бус болгосон, ажилд саад болж удаашруулсан зэрэг асуудал гарсаар байна. Энэ нь хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах нөхцөл болж байгаа нь өмнө үүсч гарах харилцаанд  зохицуулалт хийлгүйгээр зөвхөн дараагийн үүссэн харилцааг  яаж шийдвэрлэх талаар зааж байгаа буруу тогтолцоо гэж үзэж байна.
Иймээс ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 4-ийн “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулж нотариатчаар гэрчлүүлсэн байна” гэсэн  заалтыг “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан  байна” гэж өөрчлөх саналтай байна. Ингэснээр бичгийн орчуулгад орчуулагч нь дээр өгүүлсэн үйлдлүүдийг бүрэн гүйцэтгэснээр орчуулга баталгаажиж байхад  хангалттай юм.
  1. V. Орчуулагчид хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх тухайд
Дээр дэвшүүлсэн бусад саналуудаар  орчуулагчийн  эрх үүргийг тодорхойлох  болон бусад зохицуулалтыг бий болгосны дүнд орчуулагчийн алдаатай үйлдэл, эс үйлдэл болон ёс зүйн зөрчилд хариуцлага тооцох хууль зүйн үндэс  аяндаа бий болно гэж үзэж байна. Шаардлагатай тохиолдолд сануулах, эрхийг түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх гэх мэт арга хэмжээ авах хэлбэрээр  орчуулагчид хариуцлага тооцож болох механизмыг бүрдүүлэх нь тохиромжтой юм. Үүний дүнд,  орчуулагч өөрийн эрх үүргээ мэдэж, ёс зүйгээ ухамсарлан, хариуцлагатай сайн ажиллах  тал дээр том дэвшлийг дагуулна.

Дүгнэлт
Дүгнэж хэлбэл шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийн оролцоог чухалчлах хэрэгцээ, шаардлагын үүднээс:
  • Албан ёсны орчуулагч оролцуулах шаардлагыг хуульд тусгах
  • Орчуулагчийн эрх олгох сонгон шалгаруулалтын журмыг боловсронгуй болгох
  • Орчуулагчид хууль зүйн мэдлэг олгох тусгай, үргэлжилсэн сургалтыг  зохион байгуулах, албан ёсоор хамрагдах  эрх зүйн орчин бүрдүүлэх
  • Орчуулагчийн эрх, үүргийг тодорхойлох
  • Орчуулагчийн ажил үүргээ  баталгаажуулах арга хэлбэрийг бий болгох
  • Орчуулагчид хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх
зэрэг асуудлыг эрх зүйн хүрээнд  зохицуулах шаардлагатай гэсэн саналтай байна.
Орчуулгын ажил эрхлэгчдийн практикт мөрдөн байцаалт, шүүх хурал аль аль нь зарлагдсан хугацаандаа эхэлдэггүй, олон удаа хойшлох, эсвэл орчуулагчид хугацааг тулгаж хэлэх явдал давтагддаг. Мөн орчуулгын хөлс төлбөрийг хувь хүн төлөх үед боломжийн , харин улсын байгууллага, шүүх, цагдаагаас гаргана гэж тохирсон бол чирэгдэл үүсэх, төлбөрөө олж авч чадаагүй тохиолдол ч байдаг. Хувь хүн төлбөрийг шууд гаргасан тохиолдолд шуурхай, хялбар байгаа сайн тал байдаг боловч орчуулагчид хөдөлмөрийн хөлс өгсөн талын зүгээс ажил олгогчийн байр суурьтай хандах тал ажиглагддаг. Гэм буруутай этгээдээс орчуулгын зардлыг гаргах тал дээр  мэдээжийн харилцаа үүсч болох бол хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлэг дээр орчуулгын зардлыг тухайн гэрчээс гаргуулах тухай ярихад зохимжгүй бөгөөд зөрчил үүсдэг. Дээр дурдагдсан бэрхшээлүүдээс болоод орчуулгын эрх авсан иргэдийн итгэл алдарч,  ажил  эрхлэлт буурсан байдал анзаарагддаг.
Иймээс эрх зүйн хүрээний зохицуулалтыг бий болгохын зэрэгцээ дараахь байдлаар:
  орчуулагчийн нэр, нас, мэргэжил, төгссөн сургууль, ёс зүйн болон  сахилгын байдал зэрэг товч танилцуулга, орчуулгын ажлын туршлага, түүн дотор хууль зүйн  чиглэлийн орчуулгын ажлын туршлагыг эрх авсан оноор нь тооцох зэргээр орчуулагчдын нэгдсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж, хувь хүн, албан байгууллагад нээлттэй, хүртээмжтэй байлгах
ü  орчуулагчдыг судалж, харгалзсаны үндсэн дээр  тухайн хэрэгт орчуулагчийг сонгож, томилдог заншлыг бий болгох
ü  тухайн хэрэг дээр  ажиллагааны эхний үет шатнаас  эхлэн  заавал албан ёсны орчуулагчийг оролцуулах
ü  нэг хэргийн бүх шатны ажиллагаанд нэг орчуулагч дагнаж тууштай ажиллавал үр дүнтэй байдлыг хангаж өгөх
ü   орчуулагч оролцуулах ажлын цагийн хуваарийг гаргахдаа орчуулагчтай урьдаас тохирох, мэдэгдэх
ü  олон оролцогчтой,  эсвэл онц хүнд, дуулиант хэргийн шүүх хуралд 2 орчуулагчийг зэрэг оролцуулах байдлаар орчуулгыг хамтрах, харилцан хянах нөхцлийг бүрдүүлэх
ü  орчуулагчийн ажлын хөлсийг хөндлөнгийн байгууллагаар дамжуулан шуурхай, чирэгдэлгүй гаргах замаар орчуулагчийн  хараат бус байдлыг хангах
зэрэг практик асуудлуудыг оновчтой зохицуулж, хэвшүүлбэл шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулагчийн оролцоог чухалчлах асуудалд мөн ач холбогдолтой юм.
Орчуулагч нь хэргийг сайтар ойлгохын зэрэгцээ тухайн хэрэг дээр явагдаж байгаа ажиллагааг мэдэрч чадаж байж л сая орчуулга үр дүнтэй болдог билээ. Орчуулагчийн ур чадвар  нь мөрдөн байцаалтын арга тактик, шүүхийн мэтгэлцээнд хэрхэн нөлөөтэй, ямар үр дагавартай зэрэг сонирхолтой  сэдэв асуудлыг улам чухал болгон илтгэх болно.

No comments:

Post a Comment