Энэ удаагийн GoGo.Cafe булангийн зочноор бид АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуайг урин оролцуулж, Монгол хэл бичгийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна.
-Сүүлийн үед Монгол хэлэнд огт байгаагүй “нэлээдгүй” гэх ямар ч утгагүй үг, мөн хэр зэргийн “хэр” гэдгийг хир буртгийн “хир”-тэй андуурч бичих гэх мэт түгээмэл алдаа хэт их боллоо. Кирилл үсгийн дүрэмд ер нь өөрчлөлт орсон уу?
-Б.Осор, Ц.Дамдинсүрэн гуай нарын зохиосон дүрэм хэвээрээ л байгаа. Мөн “Зөв бичих дүрмийн толь” гэж байгаа. Манайхан л тэр бүхнийг ерөөсөө үзэхгүй байна. Хүн, хүн дураараа бичдэг болж. Үнэхээр зөв бичиж суръя гэвэл сэтгүүл зүйн сургуулиудад зөв бичих дүрмийг нь заах хэрэгтэй шүү дээ. Ер нь орос үсгийн дүрэм бол сурахад маш хэцүү. Энд байгаа таван хүнээр арав, арван өгүүлбэр бичүүлэхэд бүгд өөр өөр бичнэ. Яагаад гэхээр энэ нь үгийн үндсийг эвддэг дүрэм юм. Англи, франц, герман аль ч хэлэнд үгийн үндсийг эвддэг дүрэм гэж байдаггүй. Үгийнхээ үндсэн дээр дагавраа залгаж бичдэг учиртай. Гэтэл манайх үгийн үндсээ эвдээд, гээгдэх эгшиг, шилжих эгшиг гээд олон хэцүү дүрэмтэй.
Жишээ нь Ж, Ч, Ш-ийн дараах И шилжинэ гээд хасчихдаг. Эсвэл хойно бас эгшиг, урагшаа шилждэг, урд байсан эгшиг хойшоо орчихдог гэх мэтээр ийм зүйл байж болдоггүй юм. Зөв бичихийн тулд дүрмийг маш ойлгомжтой зохиодог. Гэтэл Монгол хэлний дүрэм бол маш хэцүү. Үүнийгээ “хар ярианы хэлэнд ойртуулж байгаа юм” гэж тайлбарласан байдаг. Аль ч хэлэнд бичгийн хэл, ярианы хэл гэж тусдаа. Тэгэхээр хоёр тусдаа юмыг нийлүүлэх гэж оролдсоноор хэл эвдрэхэд хүрч байгаа юм. Сүүлийн үед анзаарч байгаа бол сонин хэвлэл дээр “тэгнэ ш дээ, ингэнэ ш дээ” гэж бичдэг болсон. Уг нь “шүү дээ” гэж бичих учиртай. Манай сэтгүүлчид бас хэлээ хазаж, эгшгээ гээж ярьдаг. Тиймээс хэл маш их бохирдож, эвдэрч байна.
-Тэгэхээр та кирилл үсгийг л бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй гэж хэлэх гээд байнаа даа?
-Тэгэлгүй яахав. Жишээ нь “хонь” гэж бичээд “хонины” гэхээр Ь нь И болчихдог. Тэгэхээр хүүхдүүд үүнийг чинь сурахгүй шүү дээ. Би бол муу сурлагатай байсан учраас сураагүй юм аа /инээв/.
-Гэхдээ нэг хэсэг монгол бичгийг сонголоо гээд баахан хүүхдүүд хэдэн жил монгол бичиг үзсэний дараа “өө болилоо, буцаад кирилл үсгээ үзлээ” гээд л сольсон. Завсарт нь тэр хэдэн хүүхдүүд л хэлмэгдээд үлдэх шиг болсон доо.
-Үгүй, хэлмэгдээгүй. Тэр хүүхдүүд хожсон. Нэгдүгээр ангиасаа монгол бичиг заалгасан хүүхдүүд гуравдугаар ангидаа л зурагт харж байгаад кирилл үсэг сурчихдаг. Ер нь хүүхдээсээ л болдог. Яагаад гэвэл монгол бичиг хүнийг бодож, сэтгэж сургадаг юм. “Имага” гэж биччихээд “ямаа” гэж уншдаг. Давхар сэтгэхүйг нь хөгжүүлдэг учраас Монгол бичиг сурсан хүүхэд шинэ үсгийг бол тоглоом шиг л сурдаг.
Зарим хүн Монгол бичиг сурахад хэцүү, бичсэнээсээ өөрөөр дууддаг гээд байдаг. Бичсэнээсээ өөрөөр дууддаггүй хэл гэж хаа байдаг юм. Бэлхэн жишээ нь Англи хэл байна. Тэгж бичсэнээсээ өөрөөр дууддаг хэл чинь бичгийн хэл хөгжсөн улсынх байдаг юм. Тэгэхээр Монгол хэл бичгийн хэлний хувьд маш өндөр хөгжсөн. Бид өнөөдөр тэр хэлээ хаячихаад хэлээ хазаад, ганц ч үг зөв бичихгүй, орос үсгээр бичээд явж байна. Ингэж болохгүй л дээ. “Юнеско”-оос гаргасан судалгаагаар Mонгол хэл мөхөж байгаа хэлний тоонд орчихсон. Намайг худлаа гэвэл Дулам багшаас асуугаарай.
Яагаад мөхөх тоонд ороод байна. Нэгт, ярилцах хүний тоо цөөрч байна. Өвөрмонголчууд маань Монголоороо ярих нь ховордож байна. Буриад, Халимагууд маань ч адил. Гэтэл голомт болсон энэ Монголд маань бас ховордож эхэлж байна. Улаанбаатар хотын хаягуудыг хар. Дандаа хазгай мурий англиар бичсэн хаягууд бий. Энэ чинь монгол хэлийг мөхөл рүү түлхэж байна. Бид монгол бичгээрээ бичиж чадахгүй, оросоор бичиж чадахгүй, латинаар чадахгүй. Аль ч үгүй, алцагачин балцагачин гэж үг л болоод байна даа. Тэгэхээр мөхөж байгаа хэлний тоонд оролгүй яахав. Энэ л үед бид Монгол бичгээ авч хэрэглэвэл энэ аюулаас гарна.
-Тэр үед яагаад хэрэглэгдэхээ больчихсон юм бэ?
-Зарим сэхээтнүүд сурахаасаа төвөгшөөсөн дөө. Тэгээд л больсон. Тэр үед мөн сургуулийн багш нар маш хариуцлагагүй байсан. Би “Могжоохон” гээд хүүхдэд зориулсан монгол бичгийн сонинг 20-иод мянган хувь хэвлээд сургууль бүрт 50, 50-ийг үнэгүй тараатал сургуулиуд дээр очихоороо багш нарын шургуулганд ороод хүүхдүүдэд хүрээгүй байдаг. Би Түнхэлийн бага сургуульд очиход “Би “Могжоохон” сонинг захиалсан чинь ер ирэхгүй юм” гэлээ. Судлаад үзсэн чинь багш нь захиалсан мөнгийг нь цохичихсон байсан. Гэх мэтчилэн багш нар хариуцлагагүй хандсан. Мөн арван жилийн сургуулийн захирлууд ихэнх нь тооны багш нар байснаас тэд монгол бичгийг хүлээж аваагүй, бүр үзэн яддаг байсан.
-Үнэхээр мөхлийн ирмэгт ирчихээд байгаа юм бол энэ салбарын эрдэмтэн мэргэд юу хийгээд сууна аа. Яагаад тэд үгээ хэлэхгүй байна?
-Дугарч байгаа шүү дээ. Дашцэдэн багшаас эхлээд Тангадын Галсангаар дараалуулаад энэ Их сургуулийн багш нар цөм дугарч байгаа. Харамсалтай нь бичиг солиход заавал дээд газрын шийдвэр гардаг. Тэд маань бидний үгэнд орохгүй байна. Тэд Монгол бичгийг хуучирсан гээд байгаа юм. Бичиг хуучирдаггүй нэг жишээг би хэлье. Израйль улс 1946 онд тусгаар тогтносон. Улс болонгуутаа хэн ч хэрэглэхгүй мянган жилийн өмнө хаясан бичгээ улсын бичиг болгосон. Бид тэгвэл 50-иадхан жилийн өмнө орхисон бичгээ яагаад сэргээж болохгүй гэж. Улс үндсээ гэсэн, соёл уламжлалаа гэсэн сэтгэл манай дээдсүүдэд дутаж байна. Би толгой нь уруугаа харчихсан улс юм болов уу гэж заримдаа боддог шүү.
-Хэл судлалын салбарт ажиллаж байгаа эрдэмтэд маань нэгдсэн дорвитой арга хэмжээ хийдэггүй юм болов уу даа гэж бодогдоод байх юм?
-Дорвитой, дорвигүй аль нь болохыг хэлж мэдэхгүй. Хэдэн сэхээтнүүдийн хэр хэмжээ гэж нэг зүйл байна. Тэр хэмжээгээрээ л ажиллаж байна. Засгийн газрын тогтоол гарснаар жил бүр Монгол бичгийн баярыг хийж байгаа. Тэр бол тодорхой хэмжээний ажил болж байгаа юм. Бид улсын хэмжээний зөвлөгөөн хийж, дорвитой хөдөлье гэхэд тоолдог нь алга. Төр засаг л дэмжиж, санхүүжүүлдэг юм уу, эсвэл томоохон бизнесмен дэмждэг юм уу. Энэ бол мөнгөтэй л хамаатай асуудал.
-Ер нь бичгийг шилжүүлье гэвэл хэдий хугацаа зарцуулагдах бол?
-Сэтгэл байвал ядах юмгүй л дээ. 1945 оны үед байна уу, ганц шийд гараад л бүх багш хөдөөгүүр явж заагаад сурчихсан шүү дээ. Сурч ядах юм байхгүй. Жилийн л асуудал. Одоо бол бүх программ нь гарчихсан байна, компьютерт орж байна. Ямар ч асуудал байхгүй. Шинжлэх ухааны түвшинд байна гэдэг нь компьютерт орж байгаагаар батлагдаж байгаа юм.
-Өвөрмонголчуудыг бүх зүйлийг Монголчлох гэж оролдлоо гээд шоолдог. Тэгээд Монгол бичигт шилжинэ гэхээр тэдэнтэй адилхан болох гэлээ гээд л.
-Тийм зүйл байдаггүй юм. Монгол бичиг гэдэг чинь Монголын бүх овогтонд зориулсан бичиг. Ухаан нь “багатур” гэж бичихэд бид “баатар” гээд л уншчихна. Өвөрмонголын Бааран хошуунд “баатар”, Буриадад “батыр” гээд уншчихна. Дөрвөдүүд бас өөрсдийнхөөрөө. Энэ чинь манай өвөг дээдсийн гаргасан ухааны ур. Тэгэхээр Өвөрмонголчуудыг халхажсангүй гэж загнаж, дөрвөдүүдийг аялгатай гэж шоолж болохгүй. Яагаад гэвэл Монгол овогтнуудын аялгуу гэдэг чинь өөрөө шинжлэх ухааны судлагдахуун.
Энэ олон овог чинь өөр өөрийн аялгуугаар ярих ёстой. Дөрвөдүүдийг “халхаар ярь” гэвэл цаадуул чинь уурлана. “Би дөрвөд хүн яагаад би дөрвөдөөр ярьж болохгүй юм” гэж хэлнэ. Тийм учраас энэ бүх байдлыг бодож зохиосон бичиг. Талд дандаа улаан цэцэг байвал уйдна биз дээ. Хааяа цэнхэр, эсвэл шар цэцэг таараасай гэж бодно. Олон овогтны аялгуу гэдэг чинь алаг, шар, улаан гээд амьдралд өнгө нэмж байгаа цэцэг, Монголчуудын өнгө юм. Заавал дан улаан, шар болгох гээд байх ямар ч шаардлагагүй.
-Хамгийн сүүлд Та хэзээ зохих түвшнийх нь хүмүүст “бичгээ солих шаардлагатай” гэдэг санал тавьсан бэ?
-Манай Боловсролын яам байж байгаад л биднийг “саналаа хэл” гээд дууддаг юм. Баахан яриулчихаад л өнгөрнө. Уржнан бил үү дээ, номын санд байхдаа хамгийн сүүлд хэлэлцүүлэгт нь орсон. Тэгэхэд Куланда сайд байсан. Тэр үед би “та нар тэгнэ, ингэнэ гэсэн дорвитой шийд гарга. Тэгэхгүй бол хойтон наадхаа яриад л сууна” гэж хэлсэн. Хойтон жил нь яриад л сууж байсан даа.
-Нэгэнт одоогоор бичгээ солих тухай асуудлыг шийдвэр гаргах түвшинд ярихгүй байгаа болохоор кирилл үсгийнхээ асуудалд эргэн оръё. Монгол хэл баялаг гэж их уншиж байсан. Нэг үг 15 өгүүлбэрийн дараа давхардаж орж байвал найруулгын хувьд тун сайнаар дүгнэнэ гэж уншиж байсан санагдана. Харин одоо харьцангуй багасаж байгаа байх?
-Монгол хэлний үгийн баялагтай л холбоотой. Ном уншихгүй байна. Ре багшийг уншихгүйгээр, Цэндийн Дамдинсүрэн, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Р.Чойномыг уншихгүйгээр үгийн баялаг нэмэгдэнэ гэж байхгүй. Ядахдаа л Я.Цэвэл гуайн толийг харахгүйгээр үгийн баялаг нэмэгдэхгүй. Манай сонингуудын үг ер нь 100 хавьцаа л эргэлдэж байна уу гэж харагддаг юм. Гэтэл Ре багш “100 түмэн үгтэй хэлэнд зуд туслаа” гэж бичиж байсан. Тэр үед зуд туссан байсан, одоо бол юу тусч байгааг би хэлж мэдэхгүй байна.
-Хүүхдүүдийн дунд алдаатай бичих нь ихэсчээ. Дээд сургууль төгсөөд ирж байгаа атлаа маш их алдаатай бичих юм. Энэ юутай холбоотой гэж та бодож байна?
-Дунд сургуулиудад монгол хэлнийх нь цагийг хасчихсан юм чинь. Тийм айхтар нарийн олон дүрэмтэй шинэ үсгийг зөв бичүүлэхийн тулд цаг хэрэгтэй. Тэгэхээр тэр хүүхдүүд яаж сурах вэ. Дээр нь хүүхдүүдийн сурлага, багш нарын заах аргатай ч холбоотой байгаа байх. Мөн Уран зохиолын хичээл гэж тусдаа хичээл байсныг Монгол хэл-Уран зохиол болгоод хамтатгачихсан.
-Хятад хэлний дунд сургууль хаа сайгүй болжээ. Ер нь манайхан хүүхдүүдээ “хурдан сурдаг” гэх шалтгаанаар цэцэрлэгт байхаас нь л гадаад хэл зааж эхлэх юм. Энэ зөв үү?
-Энэ бол олон улсын практикт байдаггүй зүйл. Манайхан ч ер нь дандаа олон улсын практикт байдаггүй зүйл хэрэглэдэг улс даа. Аль ч оронд хүүхдийг гадаад хэлэнд 12-13 наснаас нь заадаг юм. Эхлээд тэр хүүхдүүдэд “би япон эсвэл герман, монгол, америк” гэсэн эх оронч үзлийг 13 нас хүртэл нь төлөвшүүлж өгдөг. Түүний дараагаас гадаад хэл заадаг. Тавтайгаас нь хятад хэл заавал тэр хүн хятад л болно.
-Бидний үед нээрээ л дөрөвдүгээр ангиас орос хэл заадаг байсан санагдана.
-Тэр чинь зөв байхгүй юу.
-Хэрвээ таны хүслээр болдог бол?
-Р.Гамзатов “Эх хэл маань үгүй болбол маргааш нь би үхнэ” гэж хэлсэн байдаг. Их эрдэмтэй, ухаантай улс тэгж л ярьдаг юм байна.
Хүслээр болдог бол Монгол бичигт л шилжмээр байгаа юм. Монгол бичигтэй хүүхдүүд олон бий. Нэг хэсэг их бэлтгэсэн. Одоо ямар ч байсан хүн амын 60-70 шахам хувь нь сайн, муу ямар нэгэн байдлаар Монгол бичиг мэдэж байгаа. Харин дарга нар юм уу, дээгүүр зиндааныхан хэцүүдэж магадгүй. Тэрнээсээ айгаад байгаа байх. Монгол хүний мах цусанд нь шингэсэн юм чинь 7-10 хоног суухад л уншдаг болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ярилцсан О.Ариунбилэг
www.gogo.mn
Subscribe to:
Post Comments (Atom)
Үнэхээр сайхан ярилцлага байна. Үгээ хэлэх хүмүүс хэлж байгаа шүү. Даанч авах "хүн" цөөн юм даа.
ReplyDeleteZov bichigiin durmiin asuudlaar arga hemjee avahgui bol er ni ih zambaraagui bolood udaj baina. Zarimdaa Ts. Damdinsuren guain gargasan ter "Mongol helnii zov bichigiin durem"-t oorchlolt orson yum bolov uu gej hurtel bodogdoh bolson. Sayahan bi G, Ayurzanyn nomyn omnoh ugiig unshij baigaad "une tsene" gedeg ugiin "une" ardah "e" usgiig dandaa geesen baidaltai bichseniig haraad uchryg ni oloh gej heseg iishee tiishee website-ruu orood uchiryg ni ololgui orhison. Bichigiin aldaa yum uu getel orson tohioldol bolgond geej bichseniig haraad gaihald orson. Yadaj Ya. Tsevel guian tailbar toli maani Mongold gert baigaa bolohoor demii l site-aar jaahan haraad orhiloo. Gehdee l tarhinaas garahgui l zov bichigiin aldaatai yum shig sanagdaag boldoggui.
ReplyDeleteBichigee shiljuuldeggui yumaa gehed yadaj Mongol hudam bichigig bidniig dund surguulid baihad 7, 8-p angid zaadag baisan shig surgaltand uldeesen ni deer yum shigee.
ReplyDeleteМонгол бичигтэйгээ байсан бол ийм асуудал гарахгүй л дээ. Бүх дүрэм, бичлэг нь хэдийнээ хэвшээд тогтчихсон.
ReplyDelete