2011-03-18

Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Эх сурвалж: ganzo-n.blogspot.com

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивээд байсныгаа өнөөдөр оруулж байна. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

Гоодаль: Орчуулга сайн боллоо гэж үзэхэд ямар ямар зүйлс чухал вэ?

Нэгд, орчуулж буй зүйлээ хэр зэрэг ойлгож байна вэ, хоёрт, хэр зэрэг сайхан монгол хэлээр орчуулж чадав аа гэдэг хоёр зүйлийг хэлнэ. Найруулга зүй нь их сайн, утга алдаагүй байх ёстой. Манайхны зарим орчуулгыг хэд хэд уншаад ойлгогдохгүй юм. Гэтэл жинхэнэ орчуулга гэдэг бол нэг уншаад л ойлгогдохоор байдаг.

“Монгол хэл их хатуу хэл юм. Та нарын ярьж байгаа, хэрэлдээд байгаа хоёр нь ялгагдахгүй юм” гэж гадаадынхан хэлэх нь бий. Гэтэл манайхан өөрсдөө монгол хэл бол их уянгын хэл гэж ойлгодог.

Бид чинь өөрсдөө л монгол хэлээ магтана шүү дээ. Б. Ренчин гуай “Хөндий цээжинд орогч бүгдийг илэрхийлэгч чадалт хөгжим мэт яруу сайхан монгол хэл минь” гэсэн байдаг. Энэ цээжин дотор юу л орно бүгдийг илэрхийлэх чадал буй нь хөгжим мэт яруу сайхан байх нь. Тэр сайхан нь алдагдаад манай сонин хэвлэлүүд хэлээ хазсан зүйл бичээд байх юм. Тэгэхээр хахир хатуу сонсогдохгүй яах билээ. Монгол хэлийг уянга яруу болгодог нь нэгд эгшгэндээ байна. Монгол хүн яагаад ямар ч хэлийг цэвэрхэн сурчихдаг вэ гэвэл дэлхийн бүх ард түмний авиа Монголд байдаг учраас тэр юм. Монгол хэлийг уян налархай болгож буй хоёр дахь шалтгаан нь үйл үгэндээ байна. Нэр үг хэлийг хатуу болгодог эд юм. Мөн нэр үг оруулахгүйгээр зөвхөн үйл үгээр ч бид ярих боломжтой. Энэ тухай би бичиж л байсан даа. Зурагтаар гар бөмбөгийн тэмцээн тайлбарлаж байгаа хүн “тэдэн номерын хүн дамжуулалт хийгээд, тэдэн номерын хүн өргөлт хийгээд... цохилт хийлээ” гэж байгаа юм. Гэтэл тэр тайлбарлагч баахан “лт”-үүдийг хэлж ядсаар байтал аль хэдийнээ бөмбөг уначихаж байгаа байхгүй юу. Үүнийг давууллаа, авлаа, өргөлөө, цохилоо гэхэд болчихож байгаа юм. Бөмбөгнийхөө хурдыг ч гүйцнэ. Ингэхээр орчуулга ч биш, зохиол ч биш зүйл бичихгүйн тулд хэлийг уян налархай болгогч үйл үгээр бичиж сурах хэрэгтэй.

Ном орчуулах сонирхолтой хүмүүс орчуулах номоо хэрхэн сонгох нь зүйтэй вэ?

Хүн өөрөө л сонирхож, үүнийг би орчуулж, уншигчиддаа хүргэж чадах юм байна, өөр хүн бол барахгүй ээ гэж бодож хийвэл тэр орчуулга сайн болно. Хүн дуртай юмандаа сайн шүү дээ. Ер нь нэгэнт уран зохиолын, уран орчуулагч болъё гэж бодож байвал өөрийнхөө зүрх сэтгэлийг өгсөн тэр зохиолчийн бүтээлийг орчуулах хэрэгтэй.

5 comments:

  1. Сайхан зөвлөгөө байна. Ойлгуулах ойлгуулахдаа зөв ойлгуулах л хэцүү байдаг юм даа.

    ReplyDelete
  2. Аким багш мундаг шүү дээ... Номын сангийн эрхлэгч байх үед нь мөн их баярлаж билээ. Гэхдээ болиход нь ч бас Баярласан. Яагаад гэж үү? Би нарийнийг сайн мэдэхгүй ч эрхлэгч байх хугацаандаа номын санг өөд татах гэж мөн ч их зүтгэсэн тэрнийхээ хариуд өнөөдөр Ганжуур Данжуур хил давуулсан гэж гүтгүүлээд.. Юунд цөөн үлдэж байгаа "бүдүүн" багш, жинхэнэ дуун хөрвүүлэгчдээ гүтгэнэ вэ??
    Харин ч БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр гуайтай уулзахаар мөн ч их очоод туслахуудыг нь л мөргөөд буцдаг байсан. Номын сан хөмрөгийн тухай ярих гэхээр зугатаад тэгсэн хирнээ сонин хэвлэлд номын санд өдий төдий зарцуулна зарцуулсан гэж үлгэр яриад л , дэндүү худалч .... "сайдын сандал " зайдлагч гэдгийг нь яс махаараа мэдэрсэн дээ..
    Тэгж бие сэтгэлээ тэнэгүүдийн төлөө зовоож явснаас сургуульд лекц уншаад, дуун хөрвүүлгээ хийсэн нь дээр. Сэтгэлд ч тайван. Бидэнд ч том хишиг. Тийм болохоор Баярласан юмаа.
    "Марк Твений минь махыг зулгааж дээ" бас орчуулгын сонирхолтой номуудынх нь нэг..
    Аким багшдаа Эрүүл энхийг олон зуун шавь нарыг нь төлөөлөн хүсэн ерөөеэ!
    /Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ургана. The mighty shall be humbled and weak exalted. by Ts. Dashdondov.

    ReplyDelete
  3. Тийм шүү, энэ мэт сайд нэртэй худлаа гарууд хэрэгтэй газраа хийх ёстой юмаа хийхгүй энэ тэр ерөнхийлөгч сайд дагаад л намирч байдаг..
    Сүүлд хэзээ ном шагайсан бол доо хөөрхий??
    Орчуулгын хөдөлмөр гадарлах ? Амжихгүй байх...

    ReplyDelete
  4. Юу гэж амжихав дээ... Өөр нөгөө нэг ажлууд нь овоороостой байгаа. Хахаха.

    ReplyDelete
  5. Жаахан хүүхэд байхдаа Аким багшийн орчуулсан "Цаазын тавцан", "Зуун жилийн ганцаардал" номуудыг шимтэн уншдаг байлаа. Үнэхээр сайн орчуулсан номууд шүү. Түүнээс хойш оюутан болоод багшийн "Орчуулгын онол"-ын хичээлээс олон юм сурч, мэдэж авсан даа.

    ReplyDelete