Дүрэм 47
Том үсгээр бичих:
* Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид дэлхийн тавцанд гарна гэх мэт.
* Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энхтайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.
* Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.
* Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Дэд Бүтцийн Яам гэх мэт.
Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Намын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.
Тайлбарлах нь:
a) 47-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Оросын Холбооны Улс, Их Сургууль, Улсын Их Сургууль гэх мэт.
b) Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг больжээ гэх мэт. Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуутад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.
c) Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг тос үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монголын Үндэсний Ардчилсан Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөө зүтгэх, улсын төлөө зүтгэх гэх мэт.
* Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Баабарын “Монголын түүх” ном сайн зарагдаж байна. “Компьютер Таймс” сонин, “Хөдөлмөр” нэгдэл гэх мэт.
* Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энхтайван мандтугай! гэх мэт.
* Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.
* Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.
2010-12-10
Subscribe to:
Post Comments (Atom)
Үргэлжлүүлээд байгаарай.
ReplyDelete