2010-09-19

Монгол уран бичлэгийн философи сэтгэлгээ

1289 оны арваннэгдүгээр сар. Гоо хэмээх хоч нэрээрээ алдаршсан Францын дөрөвдүгээр Филип вангийн өргөөнөө Монголын дипломат төлөөлөгч Бускарел де Гизолфи заларчээ. Тэрбээр Ил хаан Аргуны захиаг Филип ванд гардуулсан байна. Аргун захиандаа Филипийн Мисир улсыг хамтран дайлъя хэмээснийг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд хаана хэзээ цэргээ ирүүлэхийг шийдсэн, мөн "хэрэв тэд иргэнийг авбаас Урислимыг (Йерусалим) танайд өгье" гэж Францын талыг харж үзсэн, "хэм болзол хождовоос юу зохих, хоцорч ирвэл юун тус" гэх мэтээр анхааруулсан зэрэг нь Монголын их гүрний сүр хүчийг илтгэнэ.

Монгол бичгээр уран гоё бичсэн уг захианы утгыг орчуулагч нар нь тайлж өгсөн нь лав. Харин тэрхүү "уран гоё" гэдгийн цаана байгаа бичгээр илэрхийлсэн нарийн далд санааг Францын вангийн мэргэн түшмэд эзэндээ тайлж өгч чадсан эсэх нь тун эргэлзээтэй.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Их хааны суу дор
Аргун үг ману хэмээн эхлэх энэхүү захианы эхний гурван мөрийг нарийн ажиглавал дэд мөр нь эхнийхээсээ, гутгаар мөр нь дэд мөрөөсөө яльгүй доохноос бичигдсэн нь харагдана. Энэ нь энэ гурван сүрлэг хүчний хэн нь хэнээсээ илүү хүчтэй, чухлыг үзүүлж байгаа хэрэг. Дараа нь Францын хааны нэр зүй ёсоор бичигджээ. Гэхдээ тээр дор, Аргун хааны нэрийг босоо хүнээр зүйрлэн бодвол өвдөг тушаа нь бичсэн байгаа нь бас л цаанаа далд агуулгатай. Энэ бол монгол албан бичиг эрхлэх уламжлал дахь мөр тэтгэх ёсон юм. Үүнээс гадна мөрийг төгсгөхдөө сүүлийг уртасган татаж тэнцүүлсэн, хамгийн төгсгөлийн "бичибэй" хэмээх үгийг уран бичлэгийн өндөр төвшинд хийсвэрлэн татсан зэргээс үзэхэд Аргун хааны захиа нь каллиграфын үнэтэй дурсгал болох нь тодорхой.

Гагцхүү "каллиграф" гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу "гоё", графиа буюу "бичиг" гэсэн үгнээс гаралтай, "гоё бичих" гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай Монгол бичгийн уламжлалд "уран бичлэг" хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас "уран нарийн санаа өгүүлэмж гаргах" гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь "гоё" гэсэн ганц л утгатай бол Монгол хэлний "уран" хэмээх үг, түүний язгуур нь болох "ур" гэсэн үгэнд "уран гоё" ч гэсэн санаа, "ур ухаан" ч гэсэн утга хоёул агуулагдаж буй.

Тийм ч учраас зөвхөн албан захиа бичих уламжлалд л гэхэд Монголчууд ацаг шүдийг тогтуухан бичиж харилцагчаа хүндэлдэг бол заргын бичигт сүүлээ жад маягаар татах, шүдээ арцалдуулах зэргээр санаагаа нарийн илэрхийлдэг байжээ. Түүнээс гадна захидал бичсэн өнгө ч утгатай. Албан захиаг бол хар бэхээр, баяр ёслолын захиаг улаан шунхаар, уй гашуудлын захидлыг хөх шугамтай цаасан дээр бичиж хөх бэхээр тамга тэмдэг дардаг уламжлалтай байж /Ц.Шагдарсүрэн, "Монголчуудын утга соёлын товчоон", Улаанбаатар, 1992/.

Үүнээс үзэхэд уран гоё бичлэгээрээ нүд баясгахаас гадна ур ухаанаа давхар илэрхийлдэг нарийн далд санаа, философи сэтгэлгээгээрээ монгол каллиграф нь Европынхоос ялгарах аж. Монгол бичиг анх үүсэн бий болох мөчөөс л монгол каллиграф хамт үүсчээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бичиг үсгийн жирийн хэрэглээ нь уран гоё бичих, үсгийн хэлбэр, бичлэгийн орон зайгаар санаа илэрхийлэх ёстойгоо эхнээсээ л хамтдаа оршсоор байсан байна. Үүний баталгаа бол одоогоор бидэнд олдоод байгаа монгол бичгийн хамгийн анхны дурсгал болох "Чингисийн чулууны бичээс" юм.

Монгол бичгийн анхны дурсгал л гэхэд аль хэдийн тогтсон гэмээр уран нарийн бичлэгийн тогтолцоотой байгаа нь гайхамшигтай. Монголын орчин цагийн гарамгай каллиграфчидын нэг Жалайр Батбаярын бичсэнээр "Чингисийн чулууны бичээс" нь "... дорно дахины уран бичлэгийн тэнгэр, газар, арга бэлгийн харьцаа, үсгийн мөр тэтгэх ёс, ёслол хүндэтгэлийн журам, үг, үсэг, мөр хоорондын харьцааны сонгодог өгүүлэмжтэй гэрэлт хөшөөний ховор нандин дурсгал бөгөөд Монголын бичгийн урлагийн гайхамшигт онцлог нь түүний сонгодог босоо хэлбэр, чиглэл, үсгийн зурлага, үсэг хоорондын залгамал бүтэц нь бусад улс үндэстэнүүдээс өвөрмөц давтагдашгүй билээ" хэмээсэн байна.

Ийнхүү бүр анхнаасаа нарийн төлөвшин тогтож асан монгол уран бичлэг нь мянгаад жилийнхээ түүхэнд улам боловсрон хөгжсөн бөгөөд хэрэглээ, зорилго, бичлэгийн нөхцөлөөс хамаарсан олон өвөрмөц хэв маяг, тигт хуваагдан хөгжсөнөөс жишээлэхэд: хичээнгүй үсэг, бийрээр дарж бичсэн үсэг, гүйлгэн бичсэн үсэг, таталган бичсэн үсэг, эвхмэл үсэг гэх мэт, зөвхөн эвхмэл үсгийг гэхэд дотор нь дөрвөлжлөн эвхэх, дугуй эвхэх, угалзлан эвхэх, дүрслэл гарган эвхэх гэхчилэн ангилж болно.

Энэ бүгдийг нэг бүрчлэн тайлбарлан өгүүлэхэд энэхүү ганцхан өгүүллийн байтугай хэдэн хасаг тэрэг номын зай ч багадах их өв болох тул Монгол уран бичлэгийн урлаг дахь зөвхөн эвхмэл үсгийн талаар хамгийн товчоор өгүүлж, эрхэм уншигчийг бичгийн их далайн уснаас амсах төдийгөөр дайлсу. Монгол эвхмэл үсэг нь эртний Монгол хээ угалзын урлагтай салшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл нүдээр харах уран гоё дүрсийг утга санааг илэрхийлэх үсэг бичигтэй холбосноор чухам арга бэлгэ хослон утга үзэмж хоёр нэгдэж, нэгэн цогц урлаг болсон байна.

Угаас монгол хээ гэдэг сэтгэмж дүрслэлийн хувьд хязгааргүй баян, дээр нь Монгол бичиг нь нуруугаар холбогдон дээрээс доош тасралтгүй бичдэг тул шийдэл, дизайны талаасаа үнэхээр төгс, гагцхүү каллиграфчийн л уран сэтгэмж эс дутах аваас боломж хязгаарлагдана гэж үгүй юм. Гэвч хэдий уран сэтгэмжийн талаасаа ийм чөлөөтэй хэрнээ нөгөө талаасаа бас үсэг бүрийг эвхэх дүрэм зарчимтай байдгаараа онцлог. Өөрөөр хэлбэл хэчнээн ч угалзлуулан эвхрэлдүүлэн ороолоо гэсэн цаана нь шүд бол шүдээрээ, гэдэс нь гэдсээрээ танигдах ёстой.

Үсэг бүр ийнхүү танигдах ёстойгоос гадна үсэг хоорондын зай тэнцүү харьцаатай, тэгш хэмтэй байх ёстой. Энэ бүхнийг үгээр тайлбарлахаас илүү тодорхой жишээгээр үзүүлбэл илүү тодорхой болох тул та бүхэнд зөвхөн Монгол хэмээх үгийг хэрхэн олон янзаар эвхсэн жишээг толилуулан энэхүү өгүүллээ өндөрлөсү. Францын Гоо Филип вангийн олж хараагүй нарийн ширийнийг эрхэм таны билгийн нүд даруй олзолно гэдэгт үл эргэлзнэм.

Үнэн

No comments:

Post a Comment