Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан БНСУ-ын Сөүл хотноо болж, шинжлэх ухааны доктор, профессор Б.Сумъяабаатар тус хуралд “Дундад зууны Монгол Улс Солонгос гүрэнтэй номын садан байв” нэртэй илтгэл тавьжээ. Тэрбээр дундад зууны Монгол, Солонгосын харилцааг дан ганц өрсөлдөөн, тэмцэл, хардалт сэрдэлт, үймээн самуун дайн дажны талбар байсан гэж үзэх нь туйлаас өрөөсгөл бөгөөд тухайн үед хоёр орны хувьд соёлын харилцаа онцгой байр эзэлдэг байсан гэдэг санааг түүхэн баримтаар батлан харуулжээ. Түүнээс энэ талаар тодруулсан юм.
Дундад зууны үед манай хоёр орон соёлын онцгой харилцаатай байсан талаар баримт олон бий юү?
-Оюутан суралцуулах, багш мэргэжилтэн илгээх, ном судар солилцох, бичгийн хэрэгсэл өгч, авах, хамтарч ном судар бичих, орчуулж хөрвүүлэх, хэлмэрч орчуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, хэргэм зэрэг хүртээх, байнга бичиг захидлаар харилцаж байсан тухай түүхэн сурвалж бий. Түүнээс гадна урлаг соёлын тоглолт хийх, урчууд хатгамалчин, эмч домч, бөө удган солилцож байсан зэрэг хэзээ ч үнэ цэнээ алдаж хуучрахгүй түүхэн хуудас тоолж баршгүй. Чухамхүү үүнийг товойлгож дундад зууны Монгол, Солонгос нь эрдэм түгээгч жинхэнэ номын садангууд байсныг баримтаар батлах нь судалгааны маань зорилт юм аа.
-Хэлмэрч, орчуулагчдыг өндөр үнэлж, хэргэм зэрэг хүртээдэг байсан талаар та сонин зүйл хэллээ.
-Монголын хаад ноёд орчуулагчдын эрдэм чадал, авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг нь маш өндөр үнэлдэг байжээ. Өөрийнхөөр зогсохгүй, өрөөлийнхнийг нэн хүндэтгэдэг байсан нэгэн жишээ дурдъя. Хубилай хаан 1272 онд Гуулин улсын ванд илгээсэн зарлигтаа:” Хэлмэрчид Японд очоод гавьяа байгуулсан учир өндөр хэргэм хүртээвээс зохистой” хэмээсэн байдаг. Гуулин улсын ван Хубилай хааны зарлигийг дагаж, нэг хүнд нь жанжин цол олгосон жишээтэй.
-Монголчууд саяхнаас л гадаадад урлагийн тоглолт хийж эхэлсэн гэж боддог. Гэтэл ХIII зууны үед тийм тоглолт болж байсан хэрэг үү?
-1282 онд Монголын хэсэг жүжигчид солонгост тоглолт хийж, вангаас нь шагнал хүртэж байсан удаатай. Энэ бол үнэхээр дэлхийн соёлын түүхэнд орох зүйл. Энэ талаар дараа дэлгэрэнгүй ярилцаж болох юм.
-Дундад зууны үед Монгол улс гадаадад номын сан бэлэглэж байсан тухай өмнө нь сонсож байгаагүй юм байна?
-Монголын хаан Солонгосын ванд 17 мянган дэвтэр бүхий 4371 боть ном бэлэглэж байсан түүхэн баримт бий.
-Хэн гэдэг хаан, хэдэн оны явдал вэ?
-Тэдгээр номыг Солонгосын ван Y жарны хөх барс жилийн хөх барс өдөр хүлээж авсан байна. Энэ нь 1314 он юм. Тэр үеийн Юань Хөх улсын хаан, тухайлбал, ном бэлэглэсэн монгол хаан нь 1312-1320 он хүртэл ширээнээ заларсан Аюурбарбада буюу Буянт хаан болно. Тэдгээр нь Сүн улсын Нууц сангийн хөлгөн судрууд байсан гэж солонгос сурвалжид тэмдэглэжээ. Энэ түүхэн баримт бидэнд өөр нэгэн зүйлийг өгүүлж байгаа юм. Тэр нь монголчуулд харь орныг эзлээд, галдан шатааж, үнсэн товрог болгодог бус эрдэм чадалтай хүмүүсээр зогсохгүй, номын санг нь хүртэл нутаг руугаа зөөж, хямгадан хадгалдаг байсан гэсэн үг. Бараг номын сан бүрдүүлэх шахам ийм олон боть номыг гадаадад бэлэглэж, номын хишиг хүртээж байсан дундад зууны нэг ч орныг би санахгүй байна. Тэгэхээр энэ ч бас дэлхийн соёлын түүхэнд зүй ёсоор бичигдэх ёстой зүйл гэж боддог. Олон түмэн уншиж, ашиглаж, үнэмшин урамшихад нь тус болуужин хэмээн эртний солонгос сурвалжид буй эхийг сонирхуулав.
Г.Гэрэл
"Өнөөдөр" сонин
No comments:
Post a Comment