2010-08-31

Ураг төрлөө ухаарч, мэндээ зөв мэдэж суръя

Ойрын хэдэн жил телевизээр Солонгосын цуврал кино гарч,  хайртай залуугаа убаа /ахаа/ гэж хичнээн ч хашгирав даа. Солонгосын монгол хэл мэддэг хүнтэй уулзаад ярихад хайртай залуу гэсэн үг. Танайхан хайрт минь, амраг минь гэдэг шүү дээ. Энэ л үгээр орчуулбал зөв. Ахаа гэсэн үндсэн утгатай боловч сүүлийн хориод жил Солонгост энэ үгийг хайртай хүнээ хэлэх болсон   хар ярианы үг болжээ. Ахаа гэхийн оронд  хайраа л гэвэл дүйх юм билээ.

Саяхан телевизийн есдүгээр сувгаар гарсан энэтхэг хуримын тухай нэвтрүүлэгт  үеэлүүд “ханилан суудаг” мэт ярьж байлаа. Манайхаар бол, үеэл биш, бүлэнцэр ч биш, жичинцэрээс цааш үед ханилж болох тал бий. Англиар үеэл, бүл хоёрыг cousin, оросоор кузен, эмэгтэйг нь кузина гэдэг. Монголоор үеэл бол нэг айлын хөвгүүдийн хүүхэд хоорондоо үеэл. Бүл гэдэг нь нэг айлын охидын хүүхэд. Мөн хүү, охины хүүхэд хоорондоо бүл болно. Үүнийг манай залуучууд битгий хэл, ахмадууд ойлгодоггүй буюу мэддэггүй. Зарим хүн зээгээ дагуулсан хэрнээ ач гэж ярих юм. Гэтэл бид  үеэ өөрөөсөө дээш есөн үе, өөрөөсөө доош есөн үе тогтоож нэрлэж ирсэн түүхтэй. Харин нэр томъёог төдий л хэрэглээгүйн улмаас мартагдаж, хэлэхэд төсөөрсөн, сонсоход хөндийрсөн тал бий.

1.Буданцар (өвөг)
2.Дутахун (өвөг)
3.Зүрхин (өвөг)
4.Өндөр (өвөг)
5.Хуланц (өвөг)
6.Элэнц (өвөг)
7.Өвөг (эцэг)
8.Эцэг
9.Бие буюу би гэж бий.

Биеэсээ тоолбол буданцар өвөг нь 9 үе. Үүнээс цааш төрөл садан арилна гэсэн үг. Одоо өөрөөсөө доош үеийг өгүүлье.

1.Бие буюу би
2.Хүү ба охин
3.Ач ба зээ
4.Жич
5.Гуч
6.Дөч
7.Тач
8.Жилигч
9.Талигч болно.

Энэ төрлийг үүсгэгч нь хос холбоо болно. Хүнтэй суугаагүй залуу эмэгтэй авхай, эрд холбосон буюу нөхөртэй эмэгтэй авай болно. Хос холбоо гэж эр эм хоёр нийлж, айлын голомт бадраан, үр хүүхэдтэй болохыг хэлнэ. Дангаараа яваа эр хүнийг эр, гэргийтэй болоод нөхөр болно. Зарим  сударт гэргийтэн гэж бичсэн ч  байдаг. Дангаараа яваа эм хүнийг эрд гарахаар нь гэргий гэнэ. Нөхөрт гарах гэсэн буруу үг их түгжээ. Нөхөрт гарна гэвэл хүний хоёр дахь эхнэр буюу татвар эм болно гэсэн үг. Нөхөрт гарна гэдэг үг нь выйти за муж гэсэн орос үгийг махчилан орчуулсаны гай юм. Цаашдаа эрд гарах гэж бичиж, ярьж сурах нь зүйтэй.


Хос холбоо үүсмэгц эр эм буюу нөхөр гэргий аав ээж ах дүүгээ яаж дуудах вэ гэсэн асуудал гарна. Хүү нь охины талд хүргэн, охин нь хүүгийн талд бэр болно. Үүний улмаас худ, худгуй гэсэн хоёр нэр гарсан байдаг. Бэрийн төрлийн хүмүүс хүргэний талд худ, хүргэний талын хүмүүс бэрийн талд худгуй, хүү охиноо харилцан суулгасан буюу нэг айлын хүү охин, нөгөө айлын хүү охинтой солилцон суусан бол андлай худ болно. Гэргийн ээж аавыг төрхөм, хүүгийн ээж аавыг хадам гэнэ. Ийм учраас охиноо хадамлах, хадамд гаргах гэж ярьдаг,  бичдэг. Ийм маягаар ураг төрөл үүсч, хүргэн, бэр, мөн бэргэн гэсэн үг үүсчээ. Ахын гэргий бэргэн, дүүгийн буюу хүүгийн гэргий бэр болно. Бэргэнээ ависан, бэрээ ажин гэж хүндлэн дуудна. Эр эм хоёр дүү нараа хүр дүү гэнэ. Эгч дүү хоёртой суусан хоёр эр бие биеэ баз гэж нэрлэнэ. Харин гуя баз гэвэл нэг эмийн хоёр эр, жидгэр гэвэл нэг эрийн хоёр эм болно. Манайхан гуя баз, баз хоёрыг ялгахгүй ярих нь түгээмэл. Энэ хоёрыг ялгаж сурах, ялгаж ярьж хэвшвэл зүгээр. Нэгэнт төрөл үүссэн болохоор төрлөө юу гэж нэрлэх нь чухал. Хөвгүүдийн хүүхдүүд үеэл болно. Үеэл, үеэнцэр, бүл, бүлэнцэр гэж байдаг. Хоёр буюу түүнээс дээш хөвгүүдийн хүүхдүүд хоорондоо үеэнцэр, хоёр буюу түүнээс дээш охидын буюу охид, хөвгүүдийн хүүхдүүд, өөрөөр хэлбэл дан эм хүйс буюу хүйс холилдсон бол бүлэнцэр болно. Үеэнцэр, бүлэнцэрийн дараа хаяалд байна.

Хаяалд нь авга овгийн ач хөвгүүд юм. Ингээд хаяалд дүү, хаяалд хүү (үеэл ах дүүгийн хөвгүүд) гэж тайлбарласан байдаг. Бүл зээ ураг гэвэл нагац эгч, нагац хүргэн ах, нагац авга эгчийн хүүхдүүд болно. Ах дүүгийн хүүхэд бүл ач болно. Хүүгээс төрсөн хүүхээ (хүүхдийн ганц тоо) ач болно. Ач хүү, ач охин гэнэ. Охиноос төрсөн хүүхээ зээ болно. Зээ охин, зээ хүү болно. Мөн ах дүүгийн хүүхдээ ач гэнэ. Эгч дүүгийн хүүхдийг мөн зээ гэнэ. Ачаас төрсөн хүүхэд жич болно. Жичээс төрсөн хүүхэд гуч болно. Гуч бол дөрөвдүгээр үе юм. Гучаас төрсөн хүүхэд гучинцар болно. Энэ нь тавдугаар үе юм. Зээгээс төрсөн хүүхэд бүл зээ болно. Бүл зээгээс бүлэнцэр төрнө гэж байв. Жигүү төрлийн үе, жичинцэрээс төрсөн хүүхэд буюу тавдугаар үе мөн болно. Ингэхлээр төрлийн үеийг үе, үеэлд, хаяалд, жигүү үе гэж хуваадаг байна. Ураг бол төрлийг үүсгэнэ. Төрөл нь жигүү үе буюу гучинцар бүлэнцэрээс цааш хамаатан, садан болно. Хамаатан гэдэг жаахан хамааралтай гэсэн утга. Садан нь садрах буюу задарсан гэсэн утгатай юм.

Манайхан авга нагац гэвэл сайн мэднэ. Харин ургийн ахмад эр хүнийг Баавай гэдэг. Ингэж нэрлэсэн нь  буриадууд дотор хэвийн, бусад омгийн дотор мартагдсан юм шиг. Мөн ураг төрлийн ахмад эр хүнийг агаа гэдэг. Энэ нь зүүн аймгуудад байх шиг байдаг. Агаа гэж эхнэр хүнийг дууддаг нь одоо үгүй  болжээ. Ийм шаардлага ч алга. Зарим нутагт ураг төрлийн ахмад эрийг амаа гэх нь бий. Мөн ажаа гэж лам хүний хүүхэд аавыгаа дуудна. Зарим нутагт өөрөөс эгчмэд хүнийг ажаа гэх нь бий. Мөн зарим нутагт ахмад эр хүнийг Амбаа, Бандихай гэж дуудна. Мөн хүнтэй холбоотой, тэр тусмаа хүйс ялгасан хүндэтгэлийн үг байдаг. Абугай гэвэл хүндтэй яваа эр хүнийг, ахай гэвэл мөн хүндтэй яваа эм хүнийг дуудна. Жишээ нь Ринчен абугай, Дамдинсүрэн абугай, Удвал ахай, Оюун ахай гэх мэт. Гэтэл Цэцэг гуай гэж эм хүнийг хэлэх нь сонсогдох боллоо. Ингэвэл доромжлол болно. Цэцгээ эмэгтэй хүний нэр. Эмэгтэй хүнийг гуайлах уу? Үгүй. Эр хүнийг абугайлна. Эм хүнийг ахайлна, Цэцэг ахай юм.

Мөн аминдай, амидай хоёрыг ялгахаа больжээ. Нэг ижил овгийн хүмүүсээ аминдай гэнэ. Жишээ нь, боржигон овогт хоёр хүн бие биеэ аминдай гэнэ. Амидай гэж ижил нэртэй хоёр хүн бие биеэ дуудах үг. Жишээ нь, Болд гэдэг нэр олон. Хоёр Болд уулзвал бие биеэ амидай гэнэ. Одоо цагт зуны улиралд амидай үүрсэн хүн олон болжээ гэвэл аяны майхан дэвсгэр, идэх уух юмаа үүрч яваа хүний үүргийг амидай гэнэ. Дээр үед бадарчингууд  амидайтай явдаг байжээ. Бидний тун анхаарах нэг зүйл бол Ерөнхийлөгч бөлгөө гэхийг Ерөнхийлөгч асан, их хурлын гишүүн бөлгөө гэхийг их хурлын гишүүн асан гэх юм. Асан нь үхсэн гэсэн үг. Ерөнхийлөгч бөлгөө, их хурлын гишүүн бөлгөө гэж байсан, асан бус, бөлгөө гэх нь зөв. Хүндтэй эр хүнийг буюу эр хүнийг хүндлэн ноён гэж дуудна. Жишээ нь ноён Ерөнхийлөгч өө. Ноён Сайд аа. Ноён Сандаг гэж хэлнэ. Ноён Сандаг гэвэл Сандаг гэдэг хүндтэй эр. Сандаг ноён гэвэл олон Сандагийн нэг нь юм. Төрийн тэргүүний гэргийг бол эш хатан гэнэ. Тэргүүн хатагтай гэдэг нь Монголын бусад хатад эмэгтэйчүүд хоёрдугаарт орно гэсэн үг. Нөхөр нь өндөр тушаалтай, эсвэл өөрөө олонд нэр хүндтэй эмэгтэй хүнийг хатан (хатагтай), ноёгтой, эзэгтэй, ахай гэж дуудна. Өнөөгийн байдлаар жишээлбэл, Ганди хатан, Арвин хатан гэнэ. Мөн Ганди ноёгтой, Арвин ноёгтой гэнэ. Эзэгтэй нь өмчтэй холбоотой утгыг голчилдог. Өнөөдөр бол компанийн эзэн, компанийн эзэгтэй, мөн гэрийн эзэгтэй гэнэ. Эмч, хуульч, багш, жүжигчин, сэтгүүлч эмэгтэйчүүдийг голдон ахай гэх нь зөв байх.

Орос Улсад  1990 оноос ахай буюу госпожагаа сэргээсэн. Хятадад ахайтай дүйх нэрийг үе үе сэргээж хэрэглэж байгаа сурагтай. Хүндэтгэлээр дуудах, гэр орон, албан газар хүндэтгэлийн үг хэрэглэх нь хувь хүний болон нийтийн хүмүүжилд тустай. Жишээлэхэд,  цусаар гоож гэхгүй. Тосоор гоож, үхэж хэвт гэхгүй буян нь дэлгэрэг гэх. Судар номонд  урдас, дээдүүс гэж их гардаг. Энэ нь өвөг дээдэс гэдгийн эртний утга юм билээ. Дивангарын үе гэдэгтэй тэнцэх үеийн хүмүүс болно. Энэ бол бидний соёл ямар эртнээс улбаатайг харуулж байна. Феодалын үе гэдэг нэрийн дор хүндэтгэлийн үг хэрэглэхийг хориглосноос эмнэлгийн шинжилгээнд баас шээс гэсэн үг ороод ирсэн. Хуучны өвгөд эмгэд босч ирээд чагнавал хойч үе нь ямар муухай ярьдаг  болоов дээ гэх байх даа. Баас шээс гэдэг үгүүдийг өөр хоорондоо хар ярианд хэрэглэнэ үү гэхээс албан  ярианд хэрэглэх үг биш ээ.

Зүй нь өтгөний шинжилгээ, шингэний шинжилгээ гэх. Морь харах гэнэ. Үгүй шүү дээ. Өтгөн мөр, шингэн мөр харах шүү дээ. Одоо аав ээжтэйгээ сайн байна уу гэдэг болсон. Гэтэл сайн байна уу гэдгийг ахмад буюу албаны хүнтэй мэндлэхэд хэрэглэх ёсгүй. Баг, хороон даргаас ерөнхийлөгч, их хурлын дарга хүртэл амгаланг айлдъя, амгалан уу? гэж мэндэлнэ. Мөн номын багш, аав ээж, авга нагацтай амгалан уу? гэж мэндэлнэ. Ерөнхий сайд, сайд нартай амар байна уу? амрыг эрье гэж мэндэлнэ. Жирийн ярианд амархан уу? гэж мэндлээд, мөн амархан гэж хариулдаг байна. Гэтэл өнөөдөр юу байна, юу ч үгүй гэж үгүйрсэн үгээр ярьдаг нь сэтгэлийн дарамт үүсгэхээс өөр юмгүй. Олон хүнд хандаж мэндлэхэд ноёд, хатад аа, амгалан уу? Эсвэл сайхан морилж байна уу? гэдэг юм билээ. Ноёд хатагтай гэж буруу хэлээд зуршжээ. За тэгээд цагаан сараар даага далантай, бяруу булчинтай юу? гэж хүн бүр хэлэх юм. Зүй нь малчид л лагшин тунгалаг, онд мэнд орж, даага далантай, бяруу булчинтай юу? гэвэл зөв. Хотын бид малгүй ажлын, номын хүмүүс тул лагшин тунгалаг, эрдэм өндөр үү? эсвэл алба өндөр үү? гэх ёстой юм.

Наймааны буюу business (андулга) -ийн хүмүүс лагшин тунгалаг, олз омог ихтэй юу? гэх ёстой билээ. Сурагч оюутанд эрдэм хурц, хариулт нь ерөөлөөр болог. Хооллох ундлах үед шүд хурц гэж ерөөхөд хариулт нь рашаан болог гэнэ. Хоол ид, цай уу биш, зоог зоогло, цай зоогло, хутгийг исгүүр, махыг шигүс гэвэл зөв болно. Ингээд хүндэтгэлийн хэдэн үг жагсаая. Өмсөхийн хүндэтгэл – Асаах, хүрмээ асаа буюу асаах уу? Юугаа асаах вэ? Дэхэлээ /Дээлийн хүндэтгэл/ асаана, Дэвэл ээ (Одоо дээлээ) өмсөнө. Малгайг – Титэм. Гутал (Ботинк, Туфль)-ийг бойв. Толгойг тэргүүн, нүүрийг гэгээн (бүр мартсан), нүдийг мэлмий, гарыг мутар, хөлийг өлмий буюу бойв, хувцасыг баринтаг. Өнөөдөр баринтагийг номын боолтоор л ойлгох байх. Цусыг шунх, өвчнийг чилээ. Эдгэрэхийг илаарших гэх мэт. Ядаж энэ хэдийг сэргээн хэрэглэвэл хүндэтгэлийн үг цуваад сэргэнэ байх. Таны чилээтэй газар хаана байна гэвэл таны өвчин хаана нь байна. Та шунхласан юм уу гэвэл таны цус гоожсон юм уу? гэх мэт юм билээ. Төрлөө хамаатан гэдэг болжээ. Дээрхийг уншаад төрлөө нэрлэж, мэндээ зөв мэдэж сурна байх гэж итгэж байна.

МУИС-ийн багш доктор, дэд профессор Н. Доржготов


Удам судрын талаар

Эцгийн үеийг дээрээс нь нэрлэвэл: Буданцар, дутахун, юрхи, өндөр, хуланц, элэнц, өвөг эцэг, бие гээд есөн үе юм. Хүмүүсийн огт мэдэхгүй болсон нь буданцар, дутахун, юрхи юм. Буданцар нь будан шиг сарниж бутарсан санаагаар илэрхийлсэн нь илт байна. Дутахун нь өнөөгийн утгаар холдох гэсэн утгатай үйлт нэр байна. Монгол бичгээр ном уншдаг бол утга нь ойлгомжтой. Юрхи нь эртнээс эртний гэсэн утгатай.

Иймд биеэс өгсүүлээд нэрлэвэл: бие, эцэг (аав), өвөг элэнц, хуланц, өндөр, юрхи, дутахун, буданцар болно. Өвөг гэдэг үгийг элэнц, хуланц, өндөр гэсний ард хэрэглэж байна. Энэ байдлыг баримтлаад хэлбэл элэнц өвөг, хуланц өвөг, өндөр өвөг, юрхи, дутахун өвөг, буданцар өвөг болно. Эмэг эхийг өвөг адилаар нэрлэсэн байна билээ. Авга аав, авга ээж гэж аавын аав, ээж, нагац аав, нагац ээж өвөг гэж ээжийн аав, ээжийг нэрлэх ёстой ажээ.

Буданцараас улбаатай биеэс ёсон үе гарч байна. Үүнийг нэрлэвэл: бие, хүү, ач, жич, гуч, дөч, тач, жилигч, талигч гэсэн байна. Зарим хүн жич гучийн байрлалыг сольж хэлэх нь байна. Жи нь хоёрын, гуч нь гурвын язгуур юм. Тийм учраас гурван настай эр охин малыг гунь, гунж гэдэг. Жи-гийн хоёр гэсэн утгыг хадгалж жидгэр гэж нэрлэдэг. Жидгэр бол нэг эрийн хоёр хүүхэн хоорондоо бие биеэ жидгэр гэдэг. Энд жи-гийн хоёр гэсэн язгуур ойлгомжтой байна.

Цаашид бидний зарим нь төөрч буй төрлийн нэр үеэл юм. Үеэлийг хэрэглэх нь мартагдаад ах дүүгийн хүүхдүүд гэсэн нь олонтаа сонсогдож байдаг. Гэвч орчуулгаар дамжиж үеэлийг сэргээн хэрэглэж эхэлжээ. Олон үг хэлснээс тогтсон нэг үг хэрэглэх нь хялбар бизээ. Төрсөн ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үеэл юм. Тэгээд энэ төрлийн хүмүүсийг үеэлид гэдэг. Үеэлид ах, үеэлид охин, үеэлид хүү, үеэлид бэргэн, үеэлид бэр, үеэлид охин, үеэлид хүү гэнэ.

Үеэлидийн дараахь төрлийн үе нь үеэнцэр болно. Үеэнцэрийн хүйсийг үеэлтэй адилхан хэлдэг байна. Үеэлтэй ижилхэн утгатай бүл гэж үг байна. Бүл бол нэг айлын охидоос гарсан хүүхдүүд буюу хүү, охиноос гарсан хүүхдүүд хоорондоо бүл юм. Өөрөөр хэлбэл нэг айлын хүүхдүүдийн хүйсийн ялгааг заасан, хүйс нь эм буюу холимог болчихвол бүл гэдэг ажээ.

Үеэл бол дээр нэг эцгийн үр үргэлжилж, бүл нь эм хүйсийг голлон зааж байгаа нь тодорхой утга илэрхийлж байна даа. Үеэлийн дараа ордог чухал төрөл бол авга өвөг, авга нагацын үр хүүхдүүдийн төрлийн холбоо байна. Ялангуяа авга, авгын хөвгүүд, ач хөвгүүд үеэлид болдог байна. Авга, нагацын хүүхдүүд бие биедээ хаялид болж, нэг айлын хүүхдүүдийн хүүхдүүд хоорондоо үеэлд буюу бүлүүд болох нь байна. Хаялид бол маш ойрхон төрөл байна шүү. Хаялид ах, хаялид дүү, хаялид ач, хаялид зээ гэх мэтээр нэрлэдэг байна.

Хүүгийн хүү, ач хүү, хүүгийн охин зээ охин юм. Охиноос гарсан хүү бол зээ хүү, охин бол зээ охин. Ачаас жич гарна. Зарим нутагт ачийг омбул гэдэг. Ачийн хүүхдүүдийг жич хүү, жич охин, жич бэр, жич хүргэн, зээгээс гарсан охин зээ охин, хүү нь зээ хүү, зээ бэр, зээ хүргэн болно. Бүсгүй дүүгийн хүүхэд зээ болдог байна. Жичээс гуч гарна. Гучид төрсөн хүүхэд биеэс салаалсан дөрөв дэх үе ажээ. Өнөөдөр аавын төрөл, ээжийн төрөл гэж нэрлэх нь сонсдож байна. Гэтэл энэ төрлүүдийг хэдэн зуун жилээр нэрлээд хэвшсэн үгс байна.

Аавын талыг авга, ээжийн тал нагац гэдэг. Аавын талыг ярихдаа авга өвөө, авга элэнц өвөө, авга хуланц өвөө буюу нагац өвөө, нагац элэнц өвөө, нагац хуланц өвөө гэх ёстой байна. Мөн аавын ах, аавын дүү гэх нь буруу. Их авга, бага авга, их авга бэргэн, бага авга бэргэн, их нагац, бага нагац, их нагац бэргэн, бага нагац бэргэн гэх нь зөв байна. Авга нагацын хүүхдүүдийг хаялид төрлийн нэрээр авч ярих нь зүйтэй болж байна. Хаялид, үеэлид төрлийн хооронд ойрхон яс угсаа байгаа нь ойлгомжтой.

Үеэлид үеэнцэр, хаялид хаянцар болон садарч, садан гэсэн төрөл үүсч байна. Садангаас аглаг, сунжирга төрлүүд болж холдож байна. Гэхдээ авга талыг нагацаас илүү анхаарч нэрлэсэн нь эцгийн удам хүчтэй салбарладгийг өгүүлж, эцгийн төрөлд цус ойртох улам хялбархныг сануулсан биш үү. Гэхдээ нагац талаас цус амархан холдохгүй байх аа.

Бүл ураг нэр дайралдаад байна билээ. Бүл урагийг нарийвчилсныг харсангүй. Худ ургийн тухайд бол одоохондоо мартагдаагүй байна. Харин гэргий авснаар нөхөр болно. Анхны нөхөр болон гэргийг авааль нөхөр, авааль гэргий гэж нэрлэдэг байна. Гэргийг авгай, эхнэр мөн зарим газар хатан гэж нэрлэх нь бий. Авгай болно гэдэг нь асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр. Эхнэр нь нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утгатай л юм.

Уул нь хүний дайтай яваа эр хүнийг ноёнтон, хүний дайтай яваа эм хүнийг хатан буюу хатагтай гэхэд их л хүндэлж буйн шинж тэмдэг мөн болно. Мөн бичигт абугай, ярианд гуай хоёр нь нэг утгатай. Абугай нь бичгийн, гуай нь ярианы үг болохыг ялгаж сурахсан даа. Энэ нь олны хүндийг хүлээсэн эр хүнийг хүндлэн хэлдэг юм. Одоо эмэгтэй хүнийг гуайлж сонсогдох юм. Энэ бол хүний хүйсийг солин хүндлэх бус доромжилж буй хэрэг. Олны хүндийг хүлээсэн эм хүнийг ахай л гэдэг ёстой.

Одоо зөвхөн орчуулгын жүжигт хэлж байна. Удвал ахай, Ганди ахай буюу одоо бол эмч, багш, сэтгүүлч мэтийн мэргэжлийн эрдэмд сайн, алба өөд татаж, үр хүүхдээ зөв төв хүн болгож байгаа эмэгтэйчүүд цөм л ахай гэж хүндлүүлэх бүрэн дүүрэн эрхтэй, ёстой болсон мэт санагдана.

Харин засаг, захиргааны албаны эрчүүлийг ноён, эмэгтэйчүүдийг хатан гэж хүндэлбэл зүйд илүү нийцнэ. Ноён гэдэг тушаал алга болоод удаж байгаа. Ноён буюу хатан гэж хүндлүүлэх эр ч, эм ч хүмүүс үе үед мэндэлсээр бойжсоор улс орондоо зүтгэсээр байгаа билээ. Нөхрийн дүү гэргийд, гэргийн дүү нөхөрт хүр дүү болдог. Хүр охин дүү, хүр дүү бэр гэдэг байна. Энэ үгийг мэдэх хүн их л цөөрсөн мэт. Нэг айлын хоёр бэр хоорондоо авсин, ажин болно. нэг айлын хоёр хүргэн хоорондоо баз болно.

Нэг айлын хоёр хүүхэд нөгөө айлын хоёр хүүхэдтэй солбин нийлэх явдал гардаг байна. Ийм болбол андлай худ болно. Нэг эрийн хоёр эм хоорондоо жидгэр, нэг эмийн хоёр эх хоорондоо гуя баз болно. Эхийг төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ. Хойт эх, дараа эх хоёр нэг утгатай байна. Мөн хүй тасалж өлгийдөж авсан эмэгтэйг авсан ээж гэдэг. Эрэгтэй хүүхдийг нуган, агь, хөвгүүн гэж хэлдэг.


Нуган агь хоёр хүндэтгэлин утгатай. Хөвгүүн нь жирийн утгатай юм. Хөвгүүнийг ярианд хүү гэдэг байна. Охин хүүхдийг хэүхэн, бяцхан, нунжи охин гэдэг байна. Хэүхэнг хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ. Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.

Ойрдод бяцхан, буриадад бацаан гэж байх шиг. Нунж нь жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм. Эрд гараагүй залуухан эмэгтэй ойрдод сээвгэр, буриадад басхан гэдэг бол, халхад хонгор гэдэг байсан нь мартагдаад хайрт хонгор гэж захиад бичихээс цаашгүй болжээ. Уул нь хонгор нь монгол аав, ээжтэй, удам сайтай бүсгүй, эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм.

Ноёны охиныг аби, зангийн охиныг бэхи, сайн удамтай охиныг гэгээ гэдэг билээ. Харин гүнж бол монгол аавтай, манж эхтэй бүсгүй юм.

Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэйг бяцган гэдэг байсан нь халхад мартагджээ. Гэргий аваагүй нас ахисан эрийг гоонь гэдэг. Одоо гоонь, бяцган хоёр олшрох төлөвтэй байгаа тул энэ хоёр үг сэргэнэ биз ээ. Мөн европт гоонь, бяцхан хоёр элбэг тал бий. Анх жирэмсэлж буй эмэгтэйг тулгар гэдэг. Анх амаржиж буй эмэгтэйг томуй гэдэг байна. Хүүхэд төрөхгүй эмэгтэйг ойс гэдэг ажээ. Би өөрт олдсон ном төлгийг шүүрдэж байж эдгээр зүйлсийг гаргалаа.

Европынхны сууж болдог үеэл манайхны орчуулсан үеэл хоёрыг ялгааг одоо хэлбэл ойлгогдох байх аа. Европт кузен гэдэг үгийг манайхан махчилаад орчуулжээ. Европын кузен нь нэгдүгээр үеийн кузен, хоёрдугаар үеийн кузен гээд цааш нь кузен гээд үеэл, бүлүүдийг нэрлэдэг юм. Мөн холын саднаа кузен гэнэ. Тэдний хуулиар бол дөрвөн үе өнгөрснөөс хойших кузенуудыг хоорондоо сууж болно гэсэн нь бий.

Энэ нь яг суух дээр хүртэл нагац талаас суудаг болохоос авга талаас үгүй юм билээ. Сууж болох кузеныг аглага буюу сунжирга гэдэг холдсон төрөл дээр хэрэглэдэг үгийн аль нэгээр орчуулбал европ утгаа алдахгүй, монгол цус ойртуулах нүглийг дуудахгүй.

ask.banjig.net

No comments:

Post a Comment