Тэр учраас, мөн Европын шүлгийн ёс тогтолцоо, монгол сонгодог шүлгийн ёс тогтолцоог судлаагүйгээс шүлгийн зүйл орчуулсан зүйлд сайжруулах шаардлага бүхий зүйл цөөнгүй байна. Жишээ нь: дөрвөн шад шүлгийг дураараа 8, 16 болгон орчуулах үзэгдэл байж болохгүй. Шүлгийн зүйлд хэлбэр олон, түүнээс хэм хэмжил нарийн баримтлан зохиосон, сүүл, толгой холбох мөн шад дотроо авиа давтах зэргийн уран сайхны олон арга хэрэглэн зохиосны учры нь танилгүй орчуулж, утгы нь найруулаад, цаад зохиогчийн уран сайхны аргы нь гээгдүүлдэг үзэгдэл байна.
Шүлэгт цаад зохиол нь тусгай хэм хэмжээтэйгээр зохиосон юм бол, түүнд утга санаа нийлэх, урт богино нь нийлэх, монгол үг сонгон эрж хэрэглэх чимхлүүр ажлыг боддоггүй хялбарчилдаг үзэгдэл байна.
Манай монгол утга зохиолын өв уламжлалыг судлах нь утга зохиолын орчуулагчийн мэдлэгийн нэг зүйл байх учиртай. Манай зохиолын өв тун их. Би улсын номын санд байдаг монгол зохиол орчуулгын зүйлээс жишээлэхэд дөч илүү жил үзсээр, дөрөвний нэг хувий нь үзэв үү, үгүй юү тийм их зохиолтой улс шүү бид.
Орчуулгын зохиолыг уншигч олондоо тэр улсын утга соёлын онцлог, зохиолчийн бүтээлийн онцлогийг сурталчлах гэж санал гаргаж байгаа Хасбаатарын санал зүйтэй. Хэвлэлээрээ тэр зүйлийг гүйцэтгэх нь ганц нэг хурал уулзалтаас илүү үр дүнтэй байх вий.
Бадраагийн өгүүлэлд орчуулгын тухай тавьсан сэдэв нь тун зүйтэй. Орчуулагчийг өндөр боловсролтой байх ёстой юм гэж шаардах нь түмэн зүй. Тэр талаар их ажил хийх ёстой болж байгаа маань улсын хөгжлөөс гарч буй шаардлага даруй мөн. Бид эх хэлээ сайн мэдэх хэрэгтэй болж байна. Утга зохиолын орчуулагчийг албан газрын бичиг хаягийн орчуулгатай адил үзэж болохгүй, өндөр боловсрол шаардах бүтээлч мэргэжил, зохиолчтой адил хөдөлмөр гэж үзүүштэй байна.
Монгол хэлнийхээ өгүүлбэрзүйг цаад хэлний өгүүлбэрзүйн онцлогийг мэдэж утга судлалын боловсрол хэрэгтэй байна. Манайхан орос бичгийн хэлний өгүүлбэрзүйг ухаараагүй учраас өөр хэлний өөр өгүүлбэрзүйн хэвийг хуулан хэрэглэдэг зүйл цөөнгүй байдаг нь монгол хэлэнд бас өгүүлбэрзүйн хууль байдгийг сэнхрээгүйгээс болж утга гажуу болгодог байна. "Хонь ямааны сүү" гэж "Овца и козье молоко" биш "Молоко овец и коз" гэсэн утга бүхий өгүүлбэр юм.
Намайгаа ялгаад байна уу гүй юу?
No comments:
Post a Comment