Сайхан зохиол уншаад, амтанд нь орохдоо, уншаад зогсохгүй өөрөө бичээд үзэх юмсан гэдэг нь нэг бодохноо түмэн зөв ч юм шиг.
Улсын харилцаа хөгжөөд ирэхэд, ямар ч сонин дэлгэсэн даян дэлхийн олон улс орны дуулдаагүй нэр гарч, Монгол Ард Улсын маань алдар нэрий нь сонсоод, хөгжил байдлы нь үзэх гэж цагаан арьстан, шар арьстан, хар арьстан, хэл бүрийн зочин жуулчин хот хөдөөгүй үзэгдэх болж, тэднийг үйлчилж яваа манай залуус оросоор бол оросоор, англиар бол англиар, францаар бол францаар, германаар бол германаар, чехээр бол чехээр, польшоор бол польшоор, хятадаар бол хятадаар, японоор бол японоор, энэтхэгээр бол энэтхэгээр харилцаж хэл залгуулан явахы нь харахдаа нээрээ ч хэлтэй хүн сайхан юм байна. Хэдэн хэлтэй болох юмсан. Амархан арга байдаг байх гэж асууж сонирхох нь, нэг бодохноо мянган зөв ч юм шиг.
Зарим хүн бас ямар нэгэн гадаадын хэлтэй боллоо. Диплом гэвэл дипломтой боллоо. Ямар ч зохиол баривал монгол болгож орхино гэж олон улсын нэрт зохиолоос орчуулан хэвлүүлдэг байна. Тэр нь нэг бодохноо зуун зөв ч юм шиг.
Зарим нэгэн хүн, би нэг сонин зохиол бүтээл хийнэ. Ганц миний мэддэг кирилл үсгээр ер үзээд авах зохиол байхгүй юм. Би гадаадын хэлтэй. Энд тэнд сургууль хийсээн. Надад тэр гадаадын хэлээр миний хэрэглэх сэдвийн ганцхан л номын нэр хэлээд өг. Би үзчихвэл, дороо сайхан зохиол бичиж орхино гэдэг хүн ч бас дайралддаг. Тэгэж боддог нь бас нэг бодохноо арван зөв ч юм шиг.
Гэтэл нарийвчлан бодоод ирэхэд зохиолч болдог аргы нь мэдээд авбал, монголын зохиолчийн эвлэлийн батлахыг өвөртлөж амжаагүйгээс бараг зохиолч болдгийн даваан дээр гарсантай адил гэж бодогсод, аргы нь л хэлүүлээд авбал, хэдэн хэл сураад хэн гуайтайгаа ч үг солиод "Мэнд дооровы нь мэдээд байхад" юухан байхав гэж санагсад, дээд боловсролын дипломтойгоос хойш ямар ч зохиолыг монгол хэл рүү нуга мушгичихад юугаа ядахав гэж зориглогсод, сонирхсон сэдвийнхээ тухай нэг номын нэр хэлүүлж аваад, нэг сөхөөд үзвэл сонин зохиол бичих минь энүүхэнд гэж зүрхлэгсэд, цөм ардын маань зүйр үгээр хэлбэл "үндэс холбоо нэгтэй" үзэгднэм.
Тэр нь юу вэ? гэвэл, ерөнхий боловсролын асуудал болж байна гэж бодсоноо би хэлэх хүсэлтэй байна. Зохиол зохиох, хэл сурах, зохиол орчуулах залуусын зориг мохоох гэсэн санаа огт биш, зохиол бичихдээ, хэл сурахдаа, сайхан ном хэлнээ буулгахын чин зориг тавихдаа, юуны өмнө орчин үеийн дэлхий нийтийн ерөнхий боловсролт хүний хэмжээнд хүртэл манай соёлт ардын маань зүйр үгээр хэлбэл "цээжээ хавтаслах" нь чухал болж байна.
Үүнд дунд сургуультай хүнээр барахгүй, дээд сургуулийн дипломтой хүний өөдөөс "ерөнхий боловсрол" гэж номнох гээд зүйрлэвэл "Ариявалдаа ном заах" санаатай байна даа? гэж бодох хүн гарах вий. Түр тогтож, учры нь сонсон, хужры нь тунгаах ажаам уу.
Манай улс монгол маань, хуучин соёл боловсрол нь азийн соёл боловсрол байлаа. Тэр соёлын талаар даруй Энэтхэг, Хятад, Вьетнам, Лаос, Камбож, Бирм, Тай, Ланка, Япон, Солонгос лугаа нэгэн соёлын хүрээний улс байлаа. Азийн тэр соёлын хүрээний улсаас урлаг, утга зохиол, мөн тэр хүрээний хуучин "Таван ухааны" талаар дутуу юм бараг үгүй байлаа. гагцхүү Манж Дайчин улсын бөглүү хязгаар орон болж дарлагдсан талхидуулсны харгаагаар хөгжил, дэлхийд эхнээс зарим зүйлд мянган, хэдэн зуун жилээр хоцорчихсон байлаа. Азийн соёлын нөгөө улс, гол төлөв нь өнгөрсөн зуунаас европ зүгийн соёлын хүрээнд ойртон орж, грек-латин соёлын хүрээний улс болох европын ямар нэгэн улсын хэлээр дамжин, өөрийнхөө хуучин тэр азийн соёлын хүрээний боловсрол дээр дэлхийд нийгэм тархаж байгаа европ зүгийн соёлын хүрээний боловсрол нэмэн залгуулах замд түмэн бэрхийг туулсаар зуу буюу зуу гаруй жил болж ирсэн уламжлалтай аваас, манай ард түмэн гагцхүү октябрийн нийгэм журамт их хувьсгалын нөлөө тусаж, ардын хувьсгал мандсаны ачаар орчин үеийн шинэ боловсролын замд орох үүд нээгдэж, азийн бусад улсын зуугаад жилийн турш оролдсоор одооны соёл боловсролын хүрээнд ойртсон буюу орсны нь бид дөчөөдхөн жилийн дотор амжуулах шаардлага гарч ирээд, анх ардын эрхт ёсны бага сургууль, хувьсгалаас хойш сая үүсгэн байгуулж, дараа нь шинэ ёсны дунд сургууль бий болгож, дэлхийн хоёрдугаар их дайны дундуур Зөвлөлт улсын найртай тусламжийн ачаар сая Монгол улсын их сургууль байгуулж, орчин үеийн боловсролын талаар бага, дунд, дээд сургуулийн бүрэн тогтолцоотой болж авлаа шүү дээ. Чингэхдээ бага сургуульд гүйцэд болгосоор асар удаагүйг бид мэднэ шүү дээ. Дараа нь дундад сургуулийг сурах бичигтэй болгож тун саяхан гүйцээв шүү. Их сургууль, дээд сургуулийн олон оюутны үзэх бичиг гэвэл одоо хүртэл манай эрдэмтэн багш нар бүрдэл болгож амжаагүй байна шүү дээ.
Европын улс бол, грек латиныхаа соёлын хүрээний боловсролын талаар анх эртний грек улсын соёлоос уламжлан дараа нь Ром улс, латин хэлээрээ залгамжлан хөгжүүлээд тэр грек латин соёлын өв соёлд нь эзэн болж суусан европын олон улс, өчнөөн олон зуун жил дотор нэгэн жил хэмээн тасалдуулалгүй залгамжилсаар, дээр нь хожим боловсорсон улс нь нэмэн залгасаар ирсэн өдий төдий зуун жилийн уламжлалтай нь манай хуучин азийн соёлын нэгэн адил боловч хорьдугаар зууны хориод он гарсан хойно тэр европ зүгийн соёлын хүрээнд сая ойртсон бидэнд тэр европын байсан бөгөөд одоо орчин үеийн бүх улс түмэнд тархаж байгаа боловсрол нь гуч дөчин жилээс нэг их хэтрээгүй, зарим зүйл нь хориод жилээс хэтрээгүй шинэ уламжлал болоод байна. Учир иймд, яг адил авьяаст монгол залуус дундад сургууль онц төгссөн байхад түүнтэй адил орос, чех, мажар, польш, болгар, румын буюу англи, франц, герман зэрэг залуус мөн онц төгсгөсөн нь дундад сургуульд сайн суралцсаны хувьд олгосон үнэмлэх баримт яг адилхан байна. Ялгаа нь юундаа байхав. Тэгвэл? гэж надаас асууваас дундад сургуульд заадаг бүх хичээлд нь монгол хэлээр нэг нэг л сурах бичиг хэвлээстэй байдаг тул адил авьяаст монгол залуус хэдий сайн суралцавч тэр л ганц сурах бичгийн хэмжээнээс мэдсэн юм илүү гарахгүй байна. Гарамгай сайн цээжтэй гээд, нэг ч үсгийг орхиолгүй цээжилж авлаа гэхэд, цорын ганцхан ном л цээжинд нь байна. Тэхэд тэр монгол залуутай адил авьяастай, мөн адил дундад сургуулийг төгссөн орос залуу, чех залуу, мажар залуу, польш залуу, болгар залуу, румын залуу бол дундад сургуульдаа суралцаж байх үеэс сонирхсон хичээлийнхээ тухай сурах бичгээс гадна нэг зуун жилийн турш тасалдалгүй гарсаар ирсэн зохиол, жич, эртний грек-латин зохиолоос орчуулсан зүйл гэвэл аргын улирлын хоёр мянган жилийн доторхи зохиол олж үзэн мэдэх бололцоотой байна. Францын дунд сургуульд латин, грек хоёр сонгодог хэл эхнээс нь заан сургаж, грек ром сонгодог зохиолын зүйлийг жинхэнэ эх хэлээр нь үзүүлдэг тул грек латины сонгодог зохиолыг бахдан уншиж байсан оросын нэрт зохиолч Пушкины адил эртний зохиолчдын нэрт бүтээлийг амтархан үзэж судалдаг байна. Утга зохиол сонирхогсод европын сонгодог зохиол, сонгодог дорно дахины зохиол, грек-латины домог судлалын дотор гардаг тэнгэр сахиус, домгийн баатар, түүхт хүн мэт европын боловсролтой хүн бүхний мэддэг, зохиолдоо хэрэглэдэг юм нь дунд боловсролтой болохдоо цөмий нь мэддэг нэг хэмжээ байна. Нэг хичээлд нэг л сурах бичигтэй болоод байгаа энэхэн үед бид уг хөтөлбөрөөрөө хэмжээгээрээ дунд сургуулийн боловсролтой хүн тийм тийм хичээл үзнэ гэсний хувьд зөвлөлтийн орос сургуультай, польшийн польш хэлээр хичээлээ заадаг сургуультай ав адил боловч хичээлээс гадуур үздэг зүйл ихтэйгээрээ дагуулахгүй уужим мэдлэгтэн болох нөхцөлтэй байгаад хамаг учир ялгавар байгаа юм.
Манай өөрсдийн дээд сургууль онц төгсгөсөн хүн ч тэр, гадаадад ямар нэгэн дээд сургууль төгсгөсөн хүн ч тэр дундад сургуулийн хичээл бүхэнд ганц сурах бичгийн мэдэцтэй "ерөнхий боловсрол" бүхий учраас дээд сургуулийн хичээлийн хугацаанд дунд сургуулийн цор ганц ганц сурах бичгийн дээр нэмэн үзэх зүйлээ үзээд, түүний үндсэн дээр дээд сургуулийн оюутан хүний үзэн судалж, хичээлээс гадуур нөхөн унших зүйлийг үзэж чаддаггүй дээрээс дээд сургуулийн заах хичээлийн хувьд авьяас онцын учир онц сурлагатайгаар төгсөвч, цаагуураа мэдлэгийн бууриар уг дунд сургуулийн үеэс аваад зузаан суурьтай агуу мэдлэгт гүйцэд "ерөнхий боловсролтой" хүний мэдэх юмы нь үзэж амжаагүй учраас ялангуяа хүмүүнлигийн ухаан, хэл зохиол, түүх, газар зүйн зэрэг мэдвээс зохих зүйлээр дунд сургуулиас эхлэн хэдийн мэдвээс зохих зүйл нь дутуу хоцордог нэг түр зуурын зовлон байна.
Хэтдээ тэр зовлон арилах юм. Арилгах нөхцөл бүрдтэл нэг хэсэг үед "ерөнхий боловсролтой" болж байгаа учрыг мэдээд, биеийнхээ боловсролыг орчин үеийн гүйцэд ерөнхий боловсролтой болгож авахын талаар сургуулиасаа гадуур биеэ авьяасаа дайчлан, цагаа зөвөөр ашиглан оролдох зүйл үлэмжхэн байна.
Би англи хэл суралцах нэг англи сурах бичгээс нэг өгүүлбэрийг чех мажар залуучуудаас учир утгы нь асууж үзлээ. Тэр өгүүлбэрт гарсан домогт хүн, хот балгасны нэрийг цөм мэддэг байв. Ингээд манай их сургууль төгссөн хэд хэдэн хүнээс, Прага хотын Карлын их сургуулийн ангийг сайн төгсгөсөн нэг залуугаас мөнхүү өгүүлбэрийг асуулаа. Цөмөөрөө тэр өгүүлбэрт гардаг хүний нэр, хотын нэрийг, ямар хүн, хот болох домог, түүхий нь мэдэхгүй байлаа. Сургууль төгсгөсөн хувьд миний асуусан сонирхсон манай залуус дундад сургуультай мажар, чех залуусаас их сургууль төгссөний хувьд илүү гэж үзвэл зохих улс байтлаа, тэр нэгэн энгийн өгүүлбэрийн зүйр үгэнд "хөл алдчихлаа" тэгэхэд, тэр англи сурах бичгийг Англид гарсныг Польшид улируулан хэвлэсэн бөгөөд англи сурах хүнд зориулан зохиосон зохиогч нь, бусад европ хэлд байдаггүй ганц англи хэлний өвөрмөц хэллэгийг хэрэглэсэн ину бус нийт европын дунд боловсролтой хэн хүний мэдэх байдалд, орчин үеийн хэрэглэдэг үгнээс нь авч хэрэглэсэн зүйл байгаа юм. Тэр өгүүлбэрийг энд дурдвал, нэг гадаадын хүн Лондонд хүрч ирээд, галт тэрэгний буудалд буумагц такси хөлслөн зочид буудалд хүрэхдээ "Лот гэр бүлээрээ Содом Гоморроос гарахдаа хэрэглэсэн бололтой гэмээр такси тэргэнд суулаа" гэсэн үг байжээ. Лот гэж ямар хүн байсан юм бэ? Содом Гоморро гэж юу байсан юм бэ гэхэд миний тэр хэдэн залуус, дээд сургуулийн дипломтон, нэг нь ч надад хариу хэлж чадсангүй. Европ зүгийн утга зохиолын мэргэжилтэй, Прагийн Карлын их сургуулийн дипломтой залуу ч юм хэлж чадсангүй.
Энэ нь надад юуг давхар батлан үзүүлэв? гэвэл, дан ганцхан хичээлийн хөтөлбөр дотор заасан хичээлийн зүйлээс гадна дундад сургуульд, дараа нь дээд сургуульд суралцахдаа ерөнхий боловсролын талаар орчин үеийн дэлхийн хэмжээгээр, грек-латин соёлын хүний мэддэг зүйлийн хүрээнд багтсан зүйлийг үзээгүйг харуулж байгаа хэрэг.
Тэр нь бас энэ өгүүлбэрт гарсан нэрийн тухайд бол монгол хэлнээ зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн зүйл байгаа юм шүү! Тэгэхэд нь та нар, дээд боловсролтой боллоо гэж нэг нэг мэргэжилтэй болсон боловч ерөнхий боловсролын талаар дутуу юм их байна шүү гэлээ.
Орчин үеийн ерөнхий боловсролын гүйцэд хэмжээнд хүрэх гэвэл, хүмүүнлигийн ухааны талаар юу хэрэгтэй юм бэ гэвэл би нэг хэдэн зүйлийг тоочиж үзсү:
Утга зохиол: Дунд сургуульд үздэг анги ангийн нэг нэг сурах бичиг бий. Түүн дээр нэмэн үзэхийг мэрийн хичээх нь: монголоороо үзвэл азийн хүрээний утга зохиолоос хятадын сонгодог зохиол бүрэн бийгийн хувьд грек-латин соёлын хүрээний европын олон улсын хэлэнд энэ хирд орчуулан нийтэлсэн зүйлээс жишиггүй их юм бий. Түүнээс наад зах нь дөрвөн гайхамшиг гэж алдартай дөрвөн том сонгодог зүйлийг үзвээс зохино.
Энэтхэг төвдийн сонгодог зохиолоос европын хэлнээ орчуулсан зүйлтэй жишиггүй их юм бий. Эдгээрийг үзвэл, азийн соёлын хүрээний талаар европын "ерөнхий боловсролын" хүрээнээ багтдаг грек-латин соёлт улсын сонгодог зохиолын зүйлийг үзэх хэрэгтэй. Энэ талаар монголоор одоохон дээрээ тун цөөхөн юм сая л бий болж байна. Бий болохдоо орчуулагсад нь тэр орчуулдаг юмныхаа утга учрыг ухаарах хэмжээнд заримдаа хүрээгүй учраас бас азийнхаа соёлын хүрээний юмыг наад захын хэмжээгээр үзээгүй учраас орчуулагч нь Христосын Мари дагиныг энэтхэгийн Буддын ёсны бөгөөд Марид огт хамаа намаагүй Дар эх гэж самууран будилсан зэргийн маапаантай юм бий тул, европын сонгодог утга зохиолыг үзэхдээ, орос, чех, унгар зэргийн тэр л хүрээний нь ямар нэгэн улсын хэлээр урьдаар үзвэл, Дар эх энэ тэр гэж толгой түрүүгээ эргүүлэн зүдэрснээс дээр тул манайханд шинэ байгаа эл соёлын хүрээнд орох их хаалгын түлхүүр болох орос хэл юуны өмнө сурах бололцоо арвин буйг ашиглан, орос хэлтэй болохыг шамдан, түүгээр европын улсын боловсролын хэмжээнээ хүрэхийг мэрийх хэрэгтэй. Яавал зохиолч болох вэ? гэсний нэг хариу бол орчин үеийн зохиолч болох гэвэл, орчин үеийн дэлхийн хэмжээний ерөнхий боловсролтой болоход нөхцөл бүрдүүлэх орос хэл шамдан сур аа! гэж би хариулах байна. Энэ завсар, өөр ямар нэгэн европ хэлтэй болсон хүн байвал орчин үеийнхээ дэлхийн ерөнхий боловсролын хэмжээнд мэдцээ, дипломоосоо гадуур зузаатгах санаа чин байвал тэр мэддэг хэлээрээ дундад сургуульд энэ тухайг үзээгүй юмаа мэрийн үз ээ гэж сануулан захих байна. Эс тэгвэл дэлхий нийтийн ерөнхий боловсролтой хүнтэй үг солих зуур, өнөөх дутуугаа өөрөө эс мэдэвч, цаад хүнд судлаа бариулан мэдэгдэх нь гарцаагүй болно.
Парисын дар эх одоо ч хэвээрээ
Европын зохиолоос монгол болгох утга зохиолын ёстой орчуулагч хүн бол, бас азийн хүрээний домог судлалыг мэдэхгүй бол, Мари дагиныг Дар эх гэж боловсролтой хүний өмнө хөгөө тарих, бас европ хэлнээс азийн хүрээний зохиол дамжуулан орчуулахдаа тэр тухайн боловсролгүйгээ үзүүлж шившиг хутгахын дээр монгол уншигчийгаа төөрөгдүүлэхэд хүрнэ. Манайханд улсын хэвлэлээс 1959 онд оросоос орчуулсан "япон үлгэр" гэдэг бяцхан дэвтэр бол, энэ тухай "сонгодог үлгэр жишээ" болсон байна. Түүний хөглөсөн зүйлээс ганцхан юм иш татвал "Энэ бол мандара, энд дархи бурхан Канноны гучин гурван дүр" гэсэн нь хэлний шинжлэлийн мэдлэг, орчуулагч хүнд хэрэгтэйг мэдсэнгүйн учраас япон хэлэнд "л" байдаггүйн учир, энэтхэгээс япон хэлэнд буухдаа "мандара" гэдэг нь монголд энэтхэгээс бичиг ярианы хэлэнд "мандал" гэж орсныг мэддэггүйгээ үзүүлж, "Дархи бурхан Канноны гучин гурван дүр" гэж орчуулахдаа Япон Кваннон гэдгийг хятад "Гуан их (пу сы)" гэдэг тэр нь монголоор даруй Хоншим бодисад гэсэн үг. Хоншим бодисадын гучин гурван дүр болохоос "Дархи бурхан" гэдэг огт бус, азийн домог судлалд бурхан, бодисад гэж маш их ялгаатай байдаг юм гэдгийг огт гадарлахгүй "дархи" гэж монголоор унанги модыг хэлдэг юм гэдгийг мэдэхгүй. Дар эх гэдэг бол Энэтхэг соёлын хүрээний улс бүхэнд байдаг юм, цагаан, ногоон Дар эх, хорин нэгэн дар эх гэж байхаас биш, гучин гурван Дар эх гэж Ази, Европын зохиолд хаа ч байдаггүй юм гэдгийг мэдэхгүйгээ хойч өдөр тэр номыг үзэх европ зүгийн дорно дахин судалтан хүнд муугаа үзүүлж, муухайгаа дуудуулах болсноор барахгүй, азийнхаа соёлын хүрээний домог зэргийг андахгүй монгол уншигч нарын нэгэн хэсэгт нь "гуулиа цухуйлгаж", соёл түүхийн зүйлтэй холбогдсон уран зохиолын зүйлийг боловсролтой хүн орчуулан, уншигчдын дунд бас боловсролтой хүн байх ёстой гэж боддогийн хэмжээнд орчуулагч нь редакторлосан гэж нэрээ хадалцан, хамт муугаа үзүүлэлцсэн хүн ч, утга зохиолын редактор хүн, орчин үеийн соёлт дэлхийн олон улсын шаардлагат ерөнхий боловсролын талаар шалгалтаа давсангүйгээ мэдээгүй явж байгаа байх. Сая дурдсан зүйл бол тэр "Япон үлгэр" гэдгийн 75 дугаар талд бий.
Түүх: Дунд сургуульд монгол улсын болон олон улсын түүхийн сурах бичиг бий. Олон улсын түүхийн ТҮГЭЭМЭЛ түүх гэж оросоос мөн аанай хэлний мэдлэг нимгэний учир всеобщая история гэдгийн всеобщая хэмээх үгийг "түгээдэг юм" гэж ухаарч, түгээмэл хэмээн орчуулсан нь түүхийг ард түмэн бүтээхээс биш ямар нэг их хүн, тэнгэр сахиус заяан түгээдэг биш болгон ухаарах хачин нэр болсон нь чухам ёсоороо бол всеобщая гэж "нийтийн" гэсэн үг тул "нийтийн түүх" гэх юм уу "олон улсын түүх" гэвэл зохих ажээ. Хэлний боловсролгүй орчуулагч бол нэг үг нэг л утга орчуулгатай гэж боловсрол нимгэний харгаагаар боддог тул, олон улсын гэж "международный" гэсэн үг гэж ганцхан утгаар аваачдаг сэтгэхүй хөгжөөгүйн байдлыг үзүүлэх магад үгүй, жинхэнэ орчин үеийн гүйцэд ерөнхий боловсролтой болсу гэж зорих хүн, түүхийн зохиол, түүхийн уран зохиол монгол хэлэндээ орчуулан буулгах зорилготой эрдэмтэн орчуулагч болсу гэж зорих хүн бүх дэлхийн олон улсын тухай түүхийн зохиолыг заавал уншин мэдэж тоймы нь танихаас гадна европын улсын үздэг сонгодог дорно дахин гэдэг эртний Ассири, Бабилон, Мисир зэргийн түүхээс гол гол зүйлийг унших нь их хэрэгтэй. Чингээд монголын түүхийн холбогдолтой зохиолоос монгол хэлээрээ тулгар бичгийн зүйл нэлээд буйг уншин таньж аваад, европын түүхчний бичмэл зүйл, монголын түүхтэй холбогдсон лалын түүхчний зохиол, тулгар бичгээс европын хэлнээ орчуулаастай зүйлийг үзэх нь их хэрэг болно. Азийнхаа соёлын хүрээний улсын түүхийг мөн үзвээс зохих нь монгол хэлээр одоохон дээрээ орчин үеийн түүхчний тэр тухайн зохиолоос орчуулсан зүйл үгүй тул, мөн манай орчин үеийн түүхчин, тэр зүйлийн тухай судлан, европ хэлнээ буй зүйлээс илүүтэй зохиол хараахан гараагүйн учир ямар нэгэн европын хэлээр үзэж, тэр тухайн зүйлд европын "ерөнхий боловсролтны" дээд хэмжээнд хүрсэн ямар ч улсын түүхтэй нүүр тулан ярихад "хөл алдах" газаргүй, санаа амар болно. Мөн европ хэлнээс монгол болгон орчуулахдаа "дархидахгүй" болно.
Зохиолч болох хүн европын хэлнээс грек латин соёлын хүрээний зохиол буюу дорно дахины зохиолын зүйлийг дамжуулан орчуулах зэргийн утга зохиолын орчуулга хийж, монгол хэлнээ орчин үеийн орчуулгын зохиолоор уншигч олноо одооны дэлхийн "ерөнхий боловсролын" хэмжээнд хүрэхэд нь хэрэгтэй зохиолыг ёстойгоор, хүнд тус болохоор орчуулах бөгөөд монголын орчин үеийн соёлд нэмэр болохоор орчуулах зорилготой эрдэмтэн, орчуулагч хүн болсу гэвэл, орчин үеийн боловсролын эл болзлыг хангах ёстой байна.
Угсаатны зүй буюу угсаатны судлал (орос хэлнээ грекээр этнография, этнология гэж нэрлэдэг): дунд сургуульд сурах бичиг байдаггүй. Дээд сургуульд мэргэжлийн зүйл тул, монгол хэлээр нь энэ тухайн шинжлэл зохиол урьд өмнө байгаагүй тул, энэ тухайд ёстой "европ" судлал шинжлэл болно. Үүнд зохиолч болох хүн, утга зохиолын эрдэмтэн орчуулагч болох хүн, юуны өмнө монгол угсаатны тухай судлал шинжлэлийн зүйл европ хэлнээ буйг үзэн танилцаж, тухайлбал, юуны өмнө орос хэлээр юу буйгаас эхлэн үзээд, тэр олж авсан зүйл дээрээ монгол ардынхаа зан заншил, ёс горимоос нь өөрөө өтгөс өвгөдөөс болон ард олныхоо дунд буй ёс журамтай танилцан дэлгэрүүлж, цаашлан бусад улсын ази, европ, америк, африк, австрали тивийн улс түмний угсаатны зүй, угсаатны судлалын тухай шинжлэлийн зүйлийг гүнзгийрүүлэн үзэж учры нь мэдэх болно. Чингээд ирэхдээ зохиолч болсу гэж ардын зан заншил, ёс горим, тухайн үеийн хэрэглэж байсан зан заншил, хувцса хунар зэргийг түүхэн зохиол, жүжиг мэтэд гаргаж бичихдээ, орчин үеийн боловсролын хэмжээний зохиол болох бөгөөд бусад хэлнээс орчуулахдаа учрыг мэдэж, хамаагүй буруу ташаагаар таан эндүүрэх гэмээс мултрана.
Энэ зүйлийн судалгааг зохиолчийн зохиолд ямар инээдэмтэй юм гарч байгааг үзэх нүд нээгдээд, жүжгийн хүрээлэнгийн тайзнаа "Монголын түүх, зан ёс" тэргүүтэнтэй холбогдолтой жүжгийн хувцас чимэглэл мэтэд одоо санааны зоргоор авч байдаг найруулагч нарын найруулсан нь чухам ямар байвал зохихыг мэдэх болж ирээд боловсон улсын жүжгийн хүрээлэнд түүхийн сэдэвтэй холбогдолтой жүжиг гаргахдаа тайзны засал, хувцас зэргийг загварлын гаргаж өгдөг зураачаас нь эхлээд жүжгийн хөдөлгөөн байдалд тухайн үеийн ёс журмын дагуу найруулагч нь их л өндөр боловсролтой хүн байвал зохих юм байна.
Дэлхий нийтийн ерөнхий боловсролын хэмжээнээс яасан ч доогуур хүн байж болохгүйн учир утга нь тодорхой мэдэгдэж, үзэгч олноо тэр боловсролын хэмжээнд өөд нь татан хүмүүжүүлэгч үүрэгтэй байдаг учир нь мэдэгдэх болж ирнэ.
Тэгээд ирвэл, наад зах нь манай Нацагдоржийн "Учиртай гурван толгойн" тайзны засал, хувцас хунараас нь эхлээд ямар "хэмжээнд" байгаа нь мэдэгдэн, зураач найруулагч нараас нь ямар шаардлага шаардах цаг болоод байгаа нь бас зохиолч шүүмжич зэргийн хүнд үзэгдэж, орчин үеийн дэлхий нийтийн хэмжээний ерөнхий боловсролын үүднээс ийм шаардлага гардаг юм байна гэж мэдээд ирэхэд их учир бий.
Ерөнхий боловсролын хэмжээ орчин үеийн ийм хэмжээнд хүрээд ирэхэд өөрийнхөө монгол ард түмний соёл урлагт сонин сайхан, өвөрмөц бахдалт юм нь юу байна?
Ардын маань суу их билиг авьяасаар бүтээсэн юмнаас юу нь интернациональ гэдэг, монголчилбол олон улсын гэдэг соёл урлагт манай ардын хувь нэмэр нь болж, олон улсын соёл урлагийг баяжуулан, өнгөт ертөнцийн чимэг болон бахдуулах юм нь юу байна гэдгийг сонирхох сүв, нүд нээгдэж ирнэ.
Зохиолч болох хүсэлтэй хүн, дэлхийн олон улсын шилдэг сайхан зохиолы нь монгол хэлэндээ амты нь алдагдуулахгүй орчуулах эрдэмтэй орчуулагч, дуун хөрвүүлэгч болох зорилготой залуусын өмнө ийм шаардлага тулгараад байна. Эл шаардлагыг хангах зүйл нь монгол хэлэнд байгаа ном зохиол одоохон дээрээ бүрдээгүй түр зуурын нэгэн үе байгаа нь дэлхий нийтийн болон европын соёлын хүрээнд эхлэн орж байгаагийн учраас хуучин азийн маань соёлд байгаагүй юмыг бид энэхэн маш богино хугацаанд өөрийнхөө хэлээр буулгаж гүйцээгүйн учир байна. Орчин үеийн улс гүрэнд орчин үеийн нэвтэрхий толь бичиг гэдэг эл зүйлийн уг нэр утга учрыг тайлбарлаж, юу юуны тухай юу юу гэж уншиж үзвэл зохихыг хэрэглэх хүнд тайлбарласан зүйл байдаг бол манайханд тийм нэвтэрхий толийн зүйл бий болоогүй, бий болгоход олон эрдэмтний хүч нийлэн орж бүтэх ёстой тул Шинжлэх ухааны Академитай болсон маань ойрын ирээдүйд товч нэвтэрхий толь хийхийн нөхцөл бүрдэж байгаа хэрэг.
Зохиолч хүн хэлээ баяжуулахад хэрэглэх монгол үгийн тайлбар толь, шүлэгч хүнд толгой холбосон шүлэглэлийн толь, утга ойролцуу үгийн толь зэргийн маш олон толийн зүйл гадаад монгол хоёр хэлний олон толь бичиг бий болгож орчуулан хөрвүүлэх хүний гар дор хэрэглүүлэх юмы нь бий болгож өгөх ажил манай Хэл зохиолын хүрээлэнгийн өмнө тулгараад байна.
Эл нөхцөл бүрдэхийн янар яахав? гэхэд монголоор олж унших зүйл гүйцэд бий болоогүй энэхэн завсар орчин үеийн дэлхий нийтийн ерөнхий боловсролын хүрээнд хүрэхийг эрхэм болгох авьяас төгөлдөр залуус, тэр хүрээний соёлын нэг хэлийг судлан шүтэж, мэдлэгээ зузаатгахыг мэрийн хичээж, дараа нь бас нэг гадаадын хэл эзэмшиж, тэр хэлээр бас л өнөөх мэдвээс зохих зүйлээ судлах, үзэх хэрэгтэй байна. Манайханд нийт олон залууст маань ийм соёлын хэл бол бололцоогий нь бодоход, хэрэглэх ном, судры нь олдохы нь бодоход, нүдээрээ номы нь үзэж, чихээрээ радиогий нь сонсох зэргээн дөхмийг бодоход ОРОС ХЭЛ болно.
Чингээд цаашлан бусад европын хэлээр улмаар мэдлэгээ зузаан болгоё гэвэл монголын судлалын хувьд тулгын дөрвөн хэл болсон шинжилгээний дөрвөн хэл гэвэл Оросоос гадна Англи, Франц, Герман энэ гурван хэл болно.
Европын хэлнээс эл дөрвийг сурахын хэрэгцээ нь гэвэл амар мэндийн хэдэн үг солилцохын төдийхнөөр бодож болохгүй, европын соёлын хүрээний мэдвээс зохих юмы нь мэдэж, орчин үеийн төгс боловсролтой болохын төлөө сурах учиртай юм. Чингэсэн хүмүүсийн дотроос аяндаа сайн зохиолч гарна, сайхан зохиолын зүйлийг эх хэлэндээ эвдэн гутаалгүй ухамсартайгаар баяжуулж утга соёлоо орчин үеийн боловсон улстай мөр зэрэгцүүлэх чадал төгөлдөр дуун хөрвүүлэгч нар ч аяндаан гарах болно.
Яаж зохиолч болох вэ? Яаж гадаадын хэдэн хэл сурав аа? гэж асуудаг залуусын зарим нь зохиолч болоход ямар шаардлага байна гэдгийг бодвол тэр шаардлагыг хангах талаар оролдох болов уу, хэл сурах юмсан гэж боддог нэг хэсэг нь юуны төлөө хэл сурвал зохих юм бэ? гэдгийн тухай миний боддогийг үзээд, нарныхаа эртэд, насныхаа залууд эрдмийн хойноос чин зориг барих болов уу гэж үүнийг бичлээ.
yaj hewlej awah be???
ReplyDeletetanai blog-s hed heden yum hewlej awah gesen bolowch yaj awahaa medehgvi bnaa tuslaach,,
ReplyDeletegaihaltai...
ReplyDelete