Showing posts with label Ахмадын үгийг сонсъё. Show all posts
Showing posts with label Ахмадын үгийг сонсъё. Show all posts

2013-09-08

Зэлмэ О. Бүрэнжаргал абугайн орчуулсан Лев Гумилевын Ухаанд ургасан эзэнт гүрэний эрэл буюу “Гэгээн Иоанны улсын тухай” домог номын оршил үг



Эх сурвалж: burenjargal.com

Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


2013-08-08

Эх хэлнийхээ эрдэнэсийг эрэн түүж, энхрийлэн хайрлаж, харь хэлээр туурвисан сайн сайн бүтээлийг чамбай нямбай орчуулж, уншигч түмэндээ хүргэдэг эрхэм гүүш Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн орчуулгын номд оршил үг бичихдээ, ер нь монголчууд чинь орчуулах эрдмийн хэр их өв уламжлалтай болох тухайд өгүүлэн бичихээр шийдэв. Нуршин өгүүлсэн бол өршөөх буй за. Аливаа улс гүрэн, үндэстэн угсаатны оюуны соёлын өвийг хэдийд бичиг үсэгтэй болсон хийгээд, тэр бичиг үсгээрээ туурвин бүтээсэн ном зохиолын хэр хэмжээ, үнэ цэнээр нь хэмжин баримжаалдаг билээ. Монголчуудын тухай авч хэлбээс, татаж хэлэхэд, 1000 жилийн тэртээ согд уйгурын хэрэглэж байсан авианы бичиг үсгийг өөрийн хэл аялгуунд таацуулан боловсруулж авсан нь монголч эрдэмтдийн судалгаагаар нэгэнтээ тодорхой зүйл болжээ. Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд, эзэн Богд Чингис хааны дэлхийн талыг төвшитгэн дагуулж явсныг нь ярьж бичихээс бус, эсгий туургатныг нэгтгэсэн Их Монгол улсын төрийн бичгийг монгол бичиг болгон соёрхож, хөвгүүд, дүү нараасаа эхлэн бичгийн эрдэмд сургасныг төдийлөн дурдахгүй явж ирлээ. Чингис хаантан бээр, тухайн үеийн олон монгол аймгуудаас Найман, Хэрэйд, Онгууд мэтийн аймаг ханлигууд аль эрт хэрэглэж дадсан бичиг үсгийг, их монгол улсын хүрээ хэмжээнд нэгдмэл хэрэглэж, төрийн албан хэргийг хөтөлж эхэлсэн нь хойч үе, хожмын монголчуудыг монгол бичгээр гэгээрч явах соёлын их замыг баттай зассан агуу үйлс байлаа. Өөрөөр хэлбэл, нийт монголчууд монгол бичгээ тэгш хэрэглэж, алба, амины хэргээ ч бичиж, судар шастираа ч туурвиж, бичиг соёл тогтвортой түгэх зам тавигджээ.

2013-08-29

Ж.Нэргүй: Сайн засварчин хүнд усан онгоц, оёдлын машин хоёр адилхан

Эх сурвалж: shuud.mn

Энэхүү ярилцлагыг монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.



Фердинад Оссендовскийн  “Хүн, араатан, бурхад”, “Ленин“,  Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” , Саддам Хусейны “Забиба хаан хоёр”, Сергей Есениний “Сонгодог шүлгүүд“, Владимир Высоцкийн  “Бухимдал”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв“  роман  зэрэг орчуулгын олон ном,    “Сэтгэл хазгар биш бол…” шүлгийн номоороо  уншигчдын эчнээ танил болсон сэтгүүлч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйг “Ясан хуягт мэлхий их далайг зоримой“ гэсэн нэртэй нийтлэлээ номоо гаргасны дараахан уулзаж ярилцсанаа хүргэе!


-За, Нэргүй ах, орчуулаад л байна уу?
-Яахав дээ, цаасаа нухаад л…

-Одоо яг юун дээр ажиллаж байна даа?
-Хүмүүс дандаа л ингэж асуух болж. Надад очиж ганц нэг хуудас буулгаж өгөх нь үү?

-Тэр нь ч юу юм. Хүмүүс ингэж асуугаад байгаа бол их л эрэлт хэрэгцээтэй хүн болж байгаа юм байна даа. Тэгээд л ямар сайхан ном гар дээр нь тавихыг хүлээгээд байхгүй юу. Нээрээ одоо яг юун дээр ажиллаж байна?
-“Алтан ордны улсын яруу найраг” гэдэг юм нухаж байна. Жоохон ном оо, гэхдээ их адармаатай золиг.

2013-08-14

Го. Аким: Зян Рун монгол хэл мэдэхгүй юм чинь яаж миний номыг хуулдаг юм

Эх сурвалж: 24tsag.mn

Монгол бичгээр уншихыг хүсвэл зураг дээр даран томруулж уншина уу. Монгол бичгээр уншихдаа PDF файлаар уншихыг хүсвэл энд дарна уу. Кирил (БСШУЯ-наас "кирил" гэж бичихээр баталсан)-ээр унших бол доороос үзнэ үү.


2012-11-23

"Хэл устах хэмжээнд хүрээгүй, харин мохож, ядуурч байна"

Эх сурвалж: Монголын мэдээ

Академич Д.Цэрэнсодномыг хэлний хүн, "Монголын нууц товчоо”-г шад мөр бүрээр нь судалсан дэлхийд нэртэй эрдэмтэн гэдгийг мэднэ. Хэл зохиолын хүрээлэнд 40 гаруй жил зүтгэж буй тэрбээр эх хэл сэвтэж буйд санаа зовж, “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг” байгуулсан. Мөн “Эх хэл, бичиг” сэтгүүл гаргаж байгаа аж. Түүнтэй эх хэлний асуудлаар ярилцлаа.

-“Эх хэл, бичиг” сэтгүүл гаргасан байна. Мэдээж хэлний асуудлуудыг хөндсөн байж таарна. Та сэтгүүлийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулбал?
-Эх хэлний асуудал үнэхээр хүнд болсон. Янз бүрийн байдлаар эх хэлний дархлаа суларч байна. Тиймээс бидний хэсэг эрдэмтэд нийлж “Эх хэлээ эрхэмлэх” нийгэмлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэр утгаараа “Эх хэл, бичиг” нэртэй сэтгүүл гаргаж, бага ч болов асуудлаа хөндье гэж хичээсэн юм. Бид аль эртнээс “Эх хэл” сэтгүүл гаргах гэж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “Мон судар” хэвлэлийн газраас ийм нэртэй сэтгүүл гаргачихсан. Энхбат уг нь намайг таних л ёстой. Гэтэл надтай уулзаагүй, яриа ч үгүй. Ар хударгаар тийм юм хийсэн байна билээ. Тэгээд аргагүйн эрхэнд “бичиг” гэдэг үг нэмээд, “Эх хэл, бичиг” гэдэг сэтгүүл гаргаад байна. Энэ бол хүмүүст эх хэлний асуудлыг хүргэх гэсэн, нөгөө талаар хүмүүст гарын авлага болгох гэж гаргаж байгаа сэтгүүл. Тэр ч утгаараа хэлний тухай ойлголт, хэл ярианы соёлын талаар хөндсөн.

2012-11-06

“-гд”-ийн илүүдлийг арилгая

М. Баярсайхан 
Эх сурвалж: www.greenbough.mn

Монгол хэлний найруулгыг харьжуулсан “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...

Санаа тавибал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил; ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг-ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн (засварласан) байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах- зальт этгээдэд хууртах; үзэсгэлэн нээгдлээ - үзэсгэлэн нээлээ; тавигдах шаардлага – тавих шаардлага; батлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – батлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу – гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил олгогчдодоо сонгогдсон хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг нэмж болно; захиалга явагдаж байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.

Энэчлэн уншигч та бүхэн -гд илүүдэж буй эсэхийг нягталж, эх хэлнийхээ зүй тогтолд нийцүүлэн бичиж найруулахыг хичээгээрэй.

Жич: Уншигчийн хүсэлтээр нийтлэв.

2011-11-26

Орчуулагчдын гаргадаг нийтлэг дутагдлын заримаас өгүүлбэл…

Эх сурвалж: www.greenbough.mn

Энэтхэг-европын язгуурын хэлэнд төлөөний үгийг их элбэг хэрэглэдэг. Манай албан аппаратынхан төдийгүй сонин сэтгүүл, радио, телевизийн газарт ажилладаг орчуулагчид гадаад хэлнээс орчуулга хийхдээ төлөөний үг л байвал монголоор заавал төлөөний үгээр оноож хөрвүүлдэг зуршилтай болчихжээ. Тэгвэл найруулгазүйн үүднээс авч үзвэл төлөөний үгийг манай хэл тэр бүр тэвчдэггүй юм. Жишээлбэл, “Дорж хонио хариулж явав. Тэгтэл уулын араас чоно бууж ирж яваа харагдав” гэсэн хоёр өгүүлбэрийг орос, англи юмуу франц хэлээр орчуулах гэвэл хоёр дахь өгүүлбэрт өгүүлэгдэхүүнийг нь заавал он, he, il гэсэн төлөөний үгээр орчуулж таарна. Яагаад тэр вэ гэвэл эхний өгүүлбэр нь өнгөрөн үргэлжлэх цагт байгаа бол дараагийн өгүүлбэр нь өнгөрөн төгссөн цагт байна. Монголоор дээрх хоёр өгүүлбэрийг “Доржийг хонио хариулж явтал уулын араас чоно бууж ирж яваа нь харагдав” гэж нийлмэл өгүүлбэрээр ч илэрхийлж болно. “Дорж хонио хариулж явав. Тэрбээр уулын араас чоно бууж ирэхийг харав” гэж найруулах юм бол сонсголон нь их онцгүй дуулдаж байгаа биз. Хотын хүүхэд үүнийг ойлгох нь ойлгоно. Тэгтэл аливаа нэг хөгжсөн хэл бол ганцхан “ойлголт”-оор хязгаарлагддаггүй гэдэг байх аа. Жинхэнэ монгол хэлээ мэддэг хүнд бол саяхь хоёр өгүүлбэр махчилсан орчуулгын маягтай соностоно. Махчилсан орчуулгаар аргацаана гэвэл монгол хэлний ёсзүй алдагдана. Хэлний зүй тогтоол, ёсзүй алдагдвал тэр хэлний амин сүнс үгүй болно. Амин сүнс нь үгүй болохоор ямар ч хэл мөхөх тийшээ ханддаг жамтай. Үүнийг орчуулагчид ер хайхардаггүй нь гаслантай. Сонин сэтгүүл болон радио телевизийн үг ярианд тэр, тэрбээр, үүнийг түүнийг гэх мэтээр хэрэглэх нь хирээс хэтэрлээ. Гахай, нохой, хулгана, зурмыг хүртэл тэрбээр, тэрээр, тэдгээр гэж бичдэг болсон байна. Хүүхдэд зориулж гаргасан “Сэтгэхүй хөгжүүлэх сорилтууд” гэсэн номд яг тэгж бичсэн байгаа шүү.

2011-09-29

Т.ТӨМӨРХҮЛЭГ: ГҮН УХААНТНУУДЫН ЗОХИОЛЫГ ОРЧУУЛБАЛ ТУХАЙН ХЭЛ БАЯЖДАГ

Эх сурвалж: mongolnews.mn

Нэрт орчуулагч, дипломатч Тойтогийн Төмөрхүлэг франц хэлнээс олон сайхан ном орчуулсныг сэхээтнүүд андахгүй ч өргөн олон нийт төдийлэн сайн мэдэхгүй байж болох юм. Тэрбээр түүхийн шинжлэх ухааны доктор бөгөөд “Занабазар улс төрийн бодлоготон мөн”, “Да лам Цэрэнчимэд”, “БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхэд яагаад АНУ үл татгалзаж, Тайвань хориг тавиагүй вэ?”, “VIII богд Жавзандамба хутугт ямар хүн байв?” зэрэг олон сонирхолтой түүхэн өгүүлэл бичиж, сонин сэтгүүлд хэвлүүлж байсан, Оксфордын Англи-Монгол толь бичигт зохиогчоор оролцож, “Цогт тайж”, “Ингэн нулимс” зэрэг киног франц хэл рүү хөрвүүлсэн гэхчлэн дурдаад байвал өргөн талт мэдлэг бүхий манай урдаа барьдаг сэхээтний нэгэн болохыг төвөггүй мэдэж болно. Т.Төмөрхүлэг одоо МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд багшилдаг

2011-09-27

МЭДЭЭЛЛИЙН ХЭЛ булингартах учиргүй

Аливаа зүйл цаг хугацаа болон өөрийн хөгжлийн зүй тогтлын нөлөөлөлд оршин байдаг. Цаг хугацаа нь үе үеэрээ өөрийн өвөрмөц шинж төлөвийг агуулсан байдаг онцлогтой. Бидний амьдран буй энэ цаг үеийн өвөрмөц шинж төлөв нь мэдээлэл юм.

Энэ эринд амьдарч байгаа оюунлиг хүн бүр алхам тутамдаа шинэ мэдээлэл эрэн хайж, олсон мэдээллээ мэдлэг болгон оюун ухаанаа хөгжүүлж, амьдрал ахуйдаа болон ажил мэргэжилдээ хэрэглэхийг эрхэмлэж байна. Шинжлэх ухаан, техник технологийн асар их хурдтай хөгжлийн өнөө үед мэдээллийн олон хэрэгсэл өрсөлдөн бий боллоо. Монголчууд нэгэн үед цөөн тооны тогтмол сонин болон шугамын радиогоор мэдээллээ хангадаг байсан бол одоо маш олон төрлийн сонин хэвлэл, олон нийтийн хийгээд хувийн телевизүүд, гадаадын TV болон радиогийн богино долгионы сувгууд, компьютер, интернэт, цахим сүлжээ гээд мэдээллийн олон зүйлийн хэрэгсэл үүсэж хөгжлөө. Гэхдээ хүнд мэдээлэл өгдөг гол зүйл нь яах аргагүй хэл юм.

2011-09-16

TEDxUlaanbaatar - Jack Weatherford - The Jewels of Mongolian Culture

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон.
Д. Нацагдорж

Mongolia is a beautiful country.
Mongolia is a magnificent country.
Mongolia is a great country.
D. Natsagdorj

2011-06-01

Ц.Шагдарсүрэн: Бурхан буян хайрлаж, чөтгөр чөлөө өгвөл бодсон юм бий

“Монгол хэлний тайлбар толь” хэмээх зузаан ном хэвлэгдэн гарсаар даруй 40-өөд жилийн нүүр үзлээ. Олон түмний дунд “Цэвэлийн ногоон толь”гэж алдаршсан энэ номыг зохиогчийн хүү, Төрийн шагналт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн сонин хэвлэлийнхнээс “зай барьдаг” хэдий ч аавынхаа талаар ярилцахаас татгалзсангүй. Тэрбээр сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ болой.
-Аав тань “Монгол хэлний тайлбар толь” хэмээх алдарт бүтээлээ туурвих үед та хэдэн настай байсан бэ? Энэ бүтээлээ хэрхэн яаж хийсэн бол?
-Аав толио арав гаруй жил хийж, 1966 онд хэвлүүлсэн. Тэр үед нь би МУИС-ийн төгсөх буюу V ангид байсан юм. Уг толь дотоод гадаадад гарсан нь дараа дараагийн монгол толгойтой бүх толийн суурь болсон төдийгүй Монголын судлалд шинэ үеийг нээсэн гэж Францын монголч эрдэмтэн Франсуаз Обен профессорын бичсэн үнэлгээг хэлмээр байна.

2011-05-30

Г.Аким: Улс үндэс, соёл уламжлалаа гэсэн сэтгэл манай дээдсүүдэд дутаж байна

Энэ удаагийн GoGo.Cafe булангийн зочноор бид АНУ-ын Сан-Францискод төвтэй ЮНЕСКО-гийн соёрхолтой дэлхийн соёл урлагийн Академийн гишүүн, Утга зохиолын доктор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуайг урин оролцуулж, Монгол хэл бичгийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна.

-Сүүлийн үед Монгол хэлэнд огт байгаагүй “нэлээдгүй” гэх ямар ч утгагүй үг, мөн хэр зэргийн “хэр” гэдгийг хир буртгийн “хир”-тэй андуурч бичих гэх мэт түгээмэл алдаа хэт их боллоо. Кирилл үсгийн дүрэмд ер нь өөрчлөлт орсон уу?
-Б.Осор, Ц.Дамдинсүрэн гуай нарын зохиосон дүрэм хэвээрээ л байгаа. Мөн “Зөв бичих дүрмийн толь” гэж байгаа. Манайхан л тэр бүхнийг ерөөсөө үзэхгүй байна. Хүн, хүн дураараа бичдэг болж. Үнэхээр зөв бичиж суръя гэвэл сэтгүүл зүйн сургуулиудад зөв бичих дүрмийг нь заах хэрэгтэй шүү дээ. Ер нь орос үсгийн дүрэм бол сурахад маш хэцүү. Энд байгаа таван хүнээр арав, арван өгүүлбэр бичүүлэхэд бүгд өөр өөр бичнэ. Яагаад гэхээр энэ нь үгийн үндсийг эвддэг дүрэм юм. Англи, франц, герман аль ч хэлэнд үгийн үндсийг эвддэг дүрэм гэж байдаггүй. Үгийнхээ үндсэн дээр дагавраа залгаж бичдэг учиртай. Гэтэл манайх үгийн үндсээ эвдээд, гээгдэх эгшиг, шилжих эгшиг гээд олон хэцүү дүрэмтэй.

2011-04-20

Үгэнд биш, утганд шүтэж ярих хэрэгтэй

Бичсэн Ш.Билэгсайхан
2010 оны 3-р сарын 16
www.tsagtur.mn

Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн багш Дүгэржавын Бадамдоржийг дугаарынхаа зочиноор урилаа. Тэрбээр 1993 онд “Өөлд аман аялгууны ойллого” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Монгол хэлний үгийн сан-утга зүйн ай” /1995/, “Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс” /1997/, “Монгол хэлний утга судлал” /2006/ зэрэг арав гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Мөн утга судлалаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн профессор болсон эрдэмтэн. Түүнтэй хэл соёл, утга судлалын чиглэлээр тулгамдаж байгаа асуудлын тухай ярилцлаа.

2011-04-02

Харь холоос багшаа дурсахуй

Л. Батбаяр
www.dayarmongol.com

Их Сургуулийн 3-р дамжаанд Үгийн сангийн хичээлийг амьддаа домог болон алдаршсан эрдэмтэн багш Чой. Лувсанжав бидэнд зааж билээ. Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, М.Гаадамба тэргүүтнээс номын дуу сонсох завшаан дутсан ч Чой.Лувсанжав, С.Дулам, Ч.Билигсайхан, Чоймаа, Баянсан, Буянтогтох зэрэг эрдэмтэй чадалтай багш нараас номын дуу сонсох сайхан завшаан бидэнд оногджээ.

2011-03-18

Г.Аким гуайн орчуулагчдад өгсөн зөвлөгөө

Эх сурвалж: ganzo-n.blogspot.com

Дээхнэ тохиолдлоор Гоодаль сэтгүүл олж үзсэнд дотор нь СГЗ, орчуулагч Г.Аким гуайн ярилцлага гарсан байв. Уншаад үзтэл орчуулга хийж буй хүмүүст тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Яасан завшаантай хэрэг вэ гээд тийм зөвлөгөөтэй хэсгийг нь компьютертээ шивээд байсныгаа өнөөдөр оруулж байна. Би хувьдаа Аким гуайн орчуулгын нэг л номыг уншсан хүн, "Зуун жилийн ганцаардал"-ыг нь. Үнэхээр мундаг бүтээл, над шиг орчуулга оролдож буй хүмүүсийн заавал уншчихсан байх номны нэг болов уу. Аким гуайг сүүлийн үес харин мулгуу, бэртэгчин хүмүүс их л гомдоож буй бололтой. Ш.Баатар ахын блог дээр түүний бухимдаж бичсэн нийтлэл тавигдсан байна лээ.

2011-03-05

Монгол хэл минь хэл биш, сэг болох нь ээ

Б.Бирваа (Шинжлэх ухааны доктор)

Хүний хэл бол хүн багаж хэрэгсэл үйлдвэрлэх авъяастайн зэрэгцээ хүн, адгуус хоёрын хамгийн гол ялгааны нэг мөн. Хүн, адгуус хоёрын бас нэг гоц ялгагдах шинж тэмдэг нь хүн хийсвэрлэн сэтгэх чадвартайд оршино. Хүн хийсвэрлэн сэтгэсэн зүйлээ өөрийн хэл яриагаар илэрхийлдгийг хүн бүхэн мэднэ. Хүн чухам хэдийд ярьж, ойлголцож сурсан нь өнөөг хүртэл тодорхой биш боловч наанадаж 40000 жилийн тэртээгээс хүн ярьж ойлголцох чадвартай болсон байх гэж шинжлэх ухаан үздэг юм билээ. Эдүгээ дэлхий дээр хүмүүн төрөлхтөний ярьдаг, эсвэл бичгээр уламжилж үлдсэн хэлний тоог 2500-гаас 5000 гаруй байгаа гэж үздэг юм байна. Анхны үедээ энэ дэлхий дээр 10 мянга шахам хэл байсан бололтой гэх боловч мөхөж сөнөсөөр байгаад өнөөгийн энэ эринд өөр хоорондоо ихээхэн ялгаатай хэрнээ бие биетэйгээ хүйн холбоо, гарал төрлийн хэлхээ сүлбээтэй 12 том бүлэг хэл үлдсэний нэг алтайн хэлний бүлэгт багтдаг монгол хэл минь одоо л монголчууд бидний овлигогүй төрх, сармагчин маягийн дууриамтгай зан араншингаас болоод мөхлийн замдаа орох нь уу даа гэж сэтгэл шаналж яваагаа нуугаад яахав. Өнгөрсөн зууны 50-иад оны үед ёстой л идэр залуудаа “Үнэн” сонинд ажиллаж байхдаа Б.Ринчен гуайг бараадан эрдмийн шимээс нь бага ч болов хүртэх аз тохиож, монгол хэлний найруулга зүйн талаар чамлахааргүй мэдлэг, туршлага олж авсан маань миний амьдралд ач буянаа хайрласан болохоор би тэр ачтай хүний хэлсэн сургасныг мартахгүйгээр барахгүй байн байн дурсах, ярих дуртай байдаг юм даа. Тэр үед монгол хэл минь түүхэн хөгжлийн эрхээр, хойт хөршийн эерэг нөлөөгөөр, мөн хойно сургууль төгссөн залуусаар дамжин, мөн шинжлэх ухаан техникийн хөгжлийн жамаар шинэ шинэ нэр томьёо, шинэ үг, шинэ ойлголтоор баяжин, хөгжиж ирснийг үгүйсгэвэл нүгэл болно. Гэхдээ л орос хэлийг хальт мулт, буруу хазгай сураад харийн хэлний үг, өвөрмөц яриа хэллэгийг монгол хэлэнд хүчээр чихэж, төрөлх хэлээ эвдэх, гуйвуулах явдал газар аваад эхлэхэд өнөө л муу нэртэй, луу данстай Ринчен гуай л дугардаг, шүүмжилдэг, хэлдэг ярьдаг байсан юм. Тэгэхэд өнөөдөр монгол хэл тэр үеийнхээсээ бүр дордоод, монгол хүний юу яриад, хэлээд байгаа нь ойлгогдохоо байчихаад байхад энэ талаар сэтгэл түгшиж, санаа бодлоо хэлж ярьж байгаа эрдэмтэн мэргэд, эх оронч сэтгэлтэй хүн байна уу? Бараг л алга гэж болохоор. Хаа холын Америкийн эрлийз англи (жинхэнэ цэвэр англи хэл чинь Англи, Ирланд, Австрали гэх зэрэг газар л байгаа) хэлийг орчлонгийн ганц хэл юм шиг шүтэгчдээс эмээж сүрдээд байгаа юм уу, аль эсвэл гөрдлөг гүтгэлгийн элдэв балай юм сонин сэтгүүлд сараачин ходоодоо тэжээдэг зарим сэтгүүлчинцэрээс айгаад байдаг юм уу, олигтойхон дуугараад, алдаа оноог нь тунгаагаад өгсөн хүнийг би мэдэхгүй л юм байна. 1990-ээд оноос өмнө бол хойд хөршийнхөнд өвдөг сөгдөн бишрээд л, орос хэлнээс буруу зөрүү үгчлэн орчуулсан үг хэллэг, онож хэлээгүй орчуулгын хэл яриа, нэр томъёо газар сайгүй байсан боловч өнөөгийн (үүрэг, хариуцлагын талаар үг дурсах ч цээртэй) эрх, эрх чөлөө хоёрт бялуурсан үеийнх шиг зар сурталчилгаа, бүх газрын хаяг, пүүс компани, урлаг, дуу хуурын олон хамтлагийн нэр усыг арай ч ингэж харийн хэлээр бичдэггүй, тэгж ч ярьдаггүй байсан. Үүнийг эрүүл ухаантай монгол хүн хэн хүнгүй л мэдэж байгаа. Монгол хэл ийнхүү сэглэгдэн зэрэмдэг хэл болсон явдал манайд бага, дунд сургуулийн сургалтаас улбаатай байна. Бага, дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн сурах бичиг, тоо, хими, физик, биологи гэх мэт бүх хичээлийн сурах бичиг, унших ном, хичээлийн хэрэглэгдэхүүнийг яруу сайхан, баялаг үгтэй монгол хэлээр бичиж туурвилгүй, орос болон бусад гадаад хэлнээс таамаг төдий, буруу зөрүү, махчилан орчуулсан модон хэлээр зохиож байгаа юм чинь хүүхэд залууст ямаршуу мэдлэг дадлага эзэмшүүлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд тэд нь цаашаа дээд сургуульд орсон шүү болохоороо нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр бий болсон 170 гаруй их, дээд сургуулийн аль нэгний босгыг яаж ийгээд ар, өврийн хаалгаар, хахууль махуулиар давж эрдэм номын далайд шумбадаг юм болов уу гэтэл аанай л нөгөө буруу зөрүү ярьдаг монгол хэлэн дээр нь бас эрлийз англи хэл, орос хэл бас бус гадаад хэл ороод ирэхээр аль ч учраа олохгүй мунгинадаг бололтой. Шинээр оюутан бологсдын зарим нь сэтгүүлч болохыг зориод, МУИС-ийн сэтгүүл зүйн анги, Радио телевизийн дээд сургууль, мөн сэтгүүлч бэлтгэж төгсгөдөг бусад дээд сургуульд орж суралцсан болоод сэтгүүлчийн мэргэжилтэй гэх диплом нэртэй жонхуутай хавтас өвөртөлж авах боловч монгол хэлний мэдлэг, найруулга зүйн талаархи ур чадвар нь тун маруухан байна даа гэсэн сэтгэгдэл хүмүүст төрдөг юм байна лээ шүү. Монгол хэлийг сэглэж буй нэг хэсэг өвчнийг дор дурдъя. Үүнд:

2010-12-05

Б.Ринчин: Сархад сайхан ч ёс эрхэм

Манай Монголын ард түмэн маш эртний соёлт улсын нэгэн тул боловсон улс бүхийд эртнээс нааш уламжилсан ундааны зүйлд өвөрмөц сонин нэртэй, нэр нь бас түүхтэй, хэрэглэх нь бас ёс журамтай билээ. Хөлчүүлдэг ундааны зүйлийн ерөнхий бөгөөд хүндэтгэлийн нэр нь САРХАД. Сархад дотроо бас нэрийн ялгаатай. Нэрж боловсруулсан сархадын зүйлд АРХИ гэдэг нэгэн зүйл бий. Архи гэдэг нэр нь монгол худам үсгээр одооны дуудлагаар болбол арахи гэж бичсэн байдаг. Уг эртний дуудлагаар нь бол араки гэсэн үг бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь явж байгаа хэрэг. Арабчууд дундад Азид наймдугаар зууны үеэс эзэн болсон гэдгээр бодоход монголчууд тэднээс наад зах нь наймдугаар зууны үеэс өөрийн үг болгон авсан болно. Тэгэхэд лав 1200 жил архи гэдэг нэр хэрэглэсээр иржээ. Арабаар арака гэж архийг нэрлэдэг нь болгар хэлэнд ракия гэж орсон хэлбэр одоо ч бий. Архийн дотор монголчууд шимийн архи гэж, түүн дотроо арз, хорз гэх зэргээр хатуугийн хэмжээгээр ялган нэрлэсэн олон нэр бий.

2010-12-03

Б.Ринчин: ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО


Ардын засаг мандаад, ЗХУ-ын хэл бичгийн дээд сургуульд явуулсан анхны 18 оюутны нэг нь болсон миний бие зөвлөлтийн нэрт эрдэмтэн есөн академичаар багшлуулан заалгах хувь заяа олдож, монгол бичиг үсгээ Монгол сайн багш нараар заалгасныхаа дээр эх хэлээ шинжлэх ухааны ёсоор ухааран танихын ховор завшаан тохиолдсон билээ.

2010-08-04

Өнөөдөр миний хэл уствал маргааш би үхнэ

Энэ дугаарынхаа зочноор Монголын үндэсний номын сангийн захирал, орчуулагч, доктор профессор Г.Аким гуайг урьлаа. Эх хэл, бичиг, соёлын талаар түүнтэй ярилцлаа.

2010-07-27

М.Чимидцэеэ: Бид хятад хэл, соёлыг маш сайн судалж байж дархлаатай болно

МУИС-ийн ГХСС-ийн багш, МУИС-ийн Кvнзийн институтын дэд захирал, нэрт орчуулагч, хятад судлаач М.Чимидцэеэтэй ярилцлаа.

-Монголд Кvнзийн институт саяхан нээлтээ хийлээ. Ач холбогдлыг нь Та хэрхэн vнэлж байна вэ?
-Дэлхий даяар хятад хэл сурах давалгаа єрнєж байна. Ялангуяа Америк, Канад, Европын єндєр хєгжилтэй орнуудад. Монгол Улс маань энэ давалгаанаас хоцорч болохгvй. Хил залгаа хєрш орны хувьд хятад хvнтэй зєв харилцаж сурахын тулд, нєгєє утгаараа Монгол Улс оршин тогтнохын тулд бид хятад хэлийг заавал сурах шаардлагатай. Мєн хэлнээс гадна соёлыг нь маш сайн судалж, таних ёстой. Хятадын хэл, соёлыг мэдэж байж бид улстєрийн салбарт хамтын ажиллагаа, тvншлэлээ єргєжvvлж, бизнесийн салбарт vр ашигтай хамтран ажиллана. Тиймээс Кvнзийн институт Монголд салбараа нээсэн нь ихээхэн ач холбогдолтой юм. Зарим хvмvvсийн ойлгож байгаагаар Кvнзийн сургаалыг судалдаг газар биш. Кvнз бол Хятадын эртний сэтгэгч, сурган хvмvvжvvлэгч, дэлхийн суут арван их сэтгэгчийн нэг. Хятадын соёл гээд ярихад Кvнзийн соёлын тухай ярих хэрэгтэй болдог. Кvнзийн институт нь Бээжинд тєвтэй хятад хэлний дэлхийд тархсан сvлжээ юм. АНУ-д гэхэд 20 орчим, дэлхийн 60 гаруй оронд 220-иод салбар нь байна. Кvнзийн институт гурван vндсэн зорилготой. Нэгдvгээрт, хятад хэл заах, сургах дипломын бус сургалт явуулах. Хоёрдугаарт, Хятадын соёлыг судлах, гуравдугаарт, хятадтай холбоотой янз бvрийн соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.

2010-07-06

Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө

Саяхан нэг залуу орчуулагч орчуулж буй номынхоо хэсгээс үзүүлж зөвлөгөө авах үед хэлсэн зүйлээ тэр чигээр нь дор тавив. Бусад хүмүүст ч хэрэг болох нь юуны магад.