2013-09-08

Зэлмэ О. Бүрэнжаргал абугайн орчуулсан Лев Гумилевын Ухаанд ургасан эзэнт гүрэний эрэл буюу “Гэгээн Иоанны улсын тухай” домог номын оршил үг



Эх сурвалж: burenjargal.com

Монгол бичгээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.


2013-08-08

Эх хэлнийхээ эрдэнэсийг эрэн түүж, энхрийлэн хайрлаж, харь хэлээр туурвисан сайн сайн бүтээлийг чамбай нямбай орчуулж, уншигч түмэндээ хүргэдэг эрхэм гүүш Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн орчуулгын номд оршил үг бичихдээ, ер нь монголчууд чинь орчуулах эрдмийн хэр их өв уламжлалтай болох тухайд өгүүлэн бичихээр шийдэв. Нуршин өгүүлсэн бол өршөөх буй за. Аливаа улс гүрэн, үндэстэн угсаатны оюуны соёлын өвийг хэдийд бичиг үсэгтэй болсон хийгээд, тэр бичиг үсгээрээ туурвин бүтээсэн ном зохиолын хэр хэмжээ, үнэ цэнээр нь хэмжин баримжаалдаг билээ. Монголчуудын тухай авч хэлбээс, татаж хэлэхэд, 1000 жилийн тэртээ согд уйгурын хэрэглэж байсан авианы бичиг үсгийг өөрийн хэл аялгуунд таацуулан боловсруулж авсан нь монголч эрдэмтдийн судалгаагаар нэгэнтээ тодорхой зүйл болжээ. Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд, эзэн Богд Чингис хааны дэлхийн талыг төвшитгэн дагуулж явсныг нь ярьж бичихээс бус, эсгий туургатныг нэгтгэсэн Их Монгол улсын төрийн бичгийг монгол бичиг болгон соёрхож, хөвгүүд, дүү нараасаа эхлэн бичгийн эрдэмд сургасныг төдийлөн дурдахгүй явж ирлээ. Чингис хаантан бээр, тухайн үеийн олон монгол аймгуудаас Найман, Хэрэйд, Онгууд мэтийн аймаг ханлигууд аль эрт хэрэглэж дадсан бичиг үсгийг, их монгол улсын хүрээ хэмжээнд нэгдмэл хэрэглэж, төрийн албан хэргийг хөтөлж эхэлсэн нь хойч үе, хожмын монголчуудыг монгол бичгээр гэгээрч явах соёлын их замыг баттай зассан агуу үйлс байлаа. Өөрөөр хэлбэл, нийт монголчууд монгол бичгээ тэгш хэрэглэж, алба, амины хэргээ ч бичиж, судар шастираа ч туурвиж, бичиг соёл тогтвортой түгэх зам тавигджээ.

Аливаа улс гүрэн хэл, соёлоо эрхэмлэн дээдэлж, харь хэлний нөлөө, хар ярианы хэлний тусгал зэргээс сэрэмжлэхдээ юун түрүүнд бичгийн хэлээ цэвэр ариун байлгах тухайд анхаарч, төрийн бодлого нь ч үүнд чиглэдэг. Бичгийн хэл гэдэг нь зөв бичих зүй, зөв дуудах зүй, хэл зүй, найруулга зүйн тогтсон хэм хэмжээтэй сайтар боловсорсон хэл юм. Бас аман бичгийн хэл  гэж бий. Бичгийн хэлийг даган мөрдөх, түүний дархлааг бэхжүүлэхэд төр засгийн оролцоо нэн чухал.

Аливаа хэлний тухайд, хэр зэрэг эртний хэл вэ?, тухайн үндэстэн угсаатан хэдийд бичиг үсэгтэй болсон бэ?, тэр бичиг үсгээр хэдий хэмжээний өв соёл уламжилсан бэ?, хэдийд ном барлаж эхэлсэн бэ?, хэдий үед бичгийн хэл нь бүрэн цэгцэрсэн бэ? гэх зэрэг асуудал зүй ёсоор тавигддаг.

Оросын алдарт монголч эрдэмтэн Б. Я. Владимирцовын анхлан үечилж тогтоосноор, монгол бичгийн хэл нь эртний, дундад, орчин цагийн хэмээсэн үе шатыг туулж иржээ. Манай эрдэмтэн академич Д. Төмөртогоо багш бээр монгол бичгийн хэлний хөгжлийн үечлэлийг сонгодог бичгийн хэлний өмнөх болон сонгодог бичгийн хэлний гэсэн хоёр үе болгох нь зүйтэй хэмээгээд учир шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн байдаг. XVII зууны эцэс гэхэд монгол бичгийн хэл маань зөв бичих дүрэм, хэл найруулгын хувьд хэдийнээ хэвшин тогтсон, харь үгийг тэмдэглэх тогтолцоот галиг үсэгтэй, орчуулгын нарийн чанд зарчимтай сонгодог бичгийн хэл болсныг зөвхөн бид бус, дэлхийн алдартай монголч эрдэмтэд судлан тогтоосон билээ.

Аливаа улс  үндэстэн өөрийн бичгийн хэлний өв уламжлалыг хойч үедээ эзэмшүүлэхийг эрхэмлэн чухалчилж, үе үеийн бичгийн мэргэдийн  зохиол бүтээлийг өвлүүлэн үлдээдэг нь тэр хэл оршин тогтохын нэг үндэс болдог. Академич Ш. Лувсанвандан багштан “Монгол бичгийн хэл” хэмээх өгүүлэлдээ “Бичгийнхээ хэлийг сайн эзэмших нь мянган жилийн өмнө бичсэн хүний зохиолыг уншиж, өөрийн бичсэн зохиолыг мянган жилийн дараа ч хүнд уншуулах боломжтой болно” гэж бичсэн байдаг. Лу багшийнхаа “Бичгийнхээ хэлийг сайн эзэмших нь…” хэмээснийг онцлон санах нь зүйтэй буй за.

Монголчууд орчуулгын ном зохиолын нэн арвин өв сантай. XIII, XIҮ зуунаас XX зууны эхний хагас хүртэлх олон зуун жилд монголчууд монгол бичгээрээ зүйл зүйлийн судар шастирыг туурвиж ирснээс гадна, эртний соёлт орнууд, тухайлбал, Энэтхэг, Төвд, Хятад зэрэг хэлнээс орчуулсан ном зохиол нэн арвин бөгөөд бүртгэн товчоолбоос, боть боть ном болох буй за. Олон зүйл ухааны судар шастирыг сонгодог яруу хэлээр орчуулан дэлгэрүүлэх болсны ач тусыг ХIХ зууны нэрт орчуулагч, хэлзүйч Түмэдийн Галсан бээр "Эн дэлхийн элдэв олон эрдэм, чухал ном бичгийг монголоор орчуулан дэлгэрүүлэх ба уламжлан тэмдэглэх болсон нь харанхуй тивд наран гарсан мэт гэгээн саруул болоод хөлгүй усанд хөлөг онгоц тавьсан мэт нэвтэрхий тустай болоод монголын ёс төр, түүнээс сайтар засран, эрдэм ном үүнээс ихэд дэлгэржүхүй"  хэмээн бичсэнтэй бодол санал нэгдэхийн учир эш татав.

Одоо хэр нь мэдэгдэж байгаагаар, ХIII зуунд эртний Энэтхэгийн алдарт үлгэрийн цоморлиг "Панчатантра" буюу "Таван ном"-ын нэг хувилбар "Калила Димнагийн үлгэр" хэмээхийг перс хэлнээс монгол хэлнээ орчуулж, Чингис хааны ач Их Монгол улсын хаан Мөнхөд уншуулж байсан мэдээ баримтыг нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов дурдсан байдаг. Б.Я.Владимирцовын бичсэнийг товчлон өгүүлбэл, XIII зуунд эртний Энэтхэгийн "Калила, Димнагийн үлгэр" -ийг Перст монгол хэлээр орчуулсныг дурдаад, Өгэдэй хааны үед Ифтихāр Эддūн Мохаммед гэдэг хүн Их Монгол улсын хааны ордонд дуудагдаж, Тулуйн хүү Мөнхийг сурган боловсруулахын тулд, "Калила Димнагийн үлгэр"-ийг сонгон орчуулж хэрэглэжээ. Энэ нь тохиолдлын зүйл бус байсан бөгөөд Чингисийн удмын хан хөвгүүдийг сурган хүмүүжүүлэхэд уг зохиолыг тохирно гэж үзжээ. Учир нь, Энэтхэгийн "Paсcatantra"-ын үлгэрийн цоморлигийг анх бүтээхдээ, хаадын угсаа залгах хөвгүүдийг санскрит хэлэнд төгс сургах, нөгөөтэйгүүр улс гүрнийг мэргэн бодлогоор удирдан залах хаан хүний арга билигт сургаж төлөвшүүлэх зорилготой зохиогдсон бөгөөд ерөнхий агуулга ч тийм юм. Б.Я.Владиморцов бээр уг баримт мэдээг хэн, хаана, хэрхэн өгүүлснийг тодорхой бичсэн байдаг.

Энэ мэдээ нь монгол орчуулгын тухай сонин баримт болохын сацуу Өгэдэй тэргүүтэй монгол хаад Мөнх хаантан монгол бичгээр төрийн хэргээ явуулж, "МНТ" зэрэг өөрийн улсын ном зохиолыг уншдаг байсан төдийгүй бусад харь орны ном зохиолыг орчуулган, тэдннй соёлоос хүртэхийг хөхүүлж байсны гэрч юм. Мөн харь орны нэртэй бичгийн хүмүүсийг авчран, монгол хэл бичиг сургаж орчуулга хийлгэж байсан баримт "Юань улсын судар"-ын 159 дүгээрт байх ажээ.

XIII зууны сүүл хагас болоход, Их Монгол улс нь Юань улс, Цагаадайн улс, Ил хааны (Хулагугийн) улс, Алтан Ордоны улс хэмээх дөрвөн том эзэнт гүрэн болон хуваагдсан билээ. Тэдгээр эзэнт гүрнүүд ч уламжлалт монгол бичгээ төрийн албан ёсны бичиг болгож, аливаа дипломат харилцаанд хэрэглэж байсан баримт нуталгаа олон бий. Тухайлбал, Ил хаадаас францын хаад, Ватиканы Пап ламд илгээсэн захидлууд монгол бичгээрээ, уг эхээрээ одоо хадгалагдаж байна. Алтан Ордоны улсын тухайд, дипломат захидал харилцааны дэг журам тун нарийн байсныг түүхчид тодорхой бичсэн байдгаас нэгэн сонин баримт дурдвал, Египетийн Мамлюк (1250-1517) улсын хаад Алтан Ордоны улсын хаадтай захидал харилцаагаа их төлөв монгол хэлээр явуулж байсан ажээ  . Энэ нь дундад зууны үед монголчуудын нөлөө хүч нэн их байсныг харуулахын хамт бичгийн соёл нь ч өндөр байсны гэрч юм. Монголын эзэнт гүрнүүдийн хаадын дэргэд олон хэлний орчуулагч байсныг судлаачид баримтаар тодолсон байдаг бөгөөд албан бичгийг орчуулах, найруулах үйл ихэд жигдэрч, боловсорсон нь тов тодорхой харагддаг. Өмнө өгүүлсэн зүйлсийг багцлаад хэлэхэд, Монгол улс бол дипломат ёс, дипломат орчуулгын их эртний сайхан өв уламжлалтай билээ.

Хубилай Сэцэн хаан бээр Юань гүрнийг байгуулан төвшитгөж, Дайду (одоогийн Бээжин)-д нийслэлээ байгуулснаас хойш Түүх бичих хороо буюу Судар бичгийн хүрээлэнг 1264 онд байгуулан, улсын бичиг буюу "Дөрвөлжин үсэг"-ийг улсын багш Пагва лам Лодойжалцанаар зохиолгож, хятад, санскрит, төвд, араб зэрэг хэлнээс ном зохиол олныг орчуулгажээ. Энд нэгэн зүйлийг тэмдэглэхэд, "Улсын бичиг" болсон дөрвөлжин үсэг нь бичих зурлага төвөгтэйн дээр, нэгэнтээ дадаж хэвшсэн монгол бичгийг давж чадахгүй байлаа. Орчуулагч нар арга буюу урьдаар монгол бичгээрээ орчуулж, гэрэлт хөшөө сийлэх зэрэг чухал шаардлагатай бол дөрвөлжин бичгээр хөрвүүлдэг байжээ. Мөн бас Юань гүрний үед монгол бичгээр барласан ном судрын зүйл өдгөө бидэнд цөөнгүй уламжилсан байдаг. Юань гүрний сүүл үеэс Чойжи-Одсэр тэргүүтэй алдартай орчуулагч нар Бурхан багшийн зарлиг номлолын алдарт цоморлиг Ганжуураас өдий төдийг орчуулж эхэлжээ.

ХV-ХVII зууны үед монголчууд бутран салж, үргэлжийн үймээн самуун, дайн дажинтай байсан тул дорвитой, зохион байгуулалттай орчуулга хийлгэх боломж нөхцөл муухан байв. Гэвч уламжлал үл тасран үргэлжилж байжээ. Түүнээс товчлон тоймыг дурдвал, XVI зууны сүүл хагаст Түмэдийн Алтан хаан Мин улстай хэвийн харилцаа тогтоож, хүч чадлаа бэхжүүлж, Хөх хотыг байгуулж, улмаар Төвдөөс Содномжамц (1543-1588) хутагт ламыг залж, "Далай лам" цол өргөмжилж, Монголд шарын шашныг дэлгэрүүлжээ. Түүнээс уламжлан Цахарын Лигдэн хутагт Бурханы шашинд нэн таалалтай болж, судар ном орчуулах үйлийг тун түргэн сэргээж, XVII зууны 20-иод он болоход Ганжуурын 108 ботийн хуучин орчуулгыг бүрэн болгон орчуулах нөр их үйлийг дууссан байна.

XVII зууны нэрт орчуулагч нарын тоонд Ойрадын Зая бандид Намхайжамц (1599-1662) зүй ёсоор орно. Тэрбээр 17 наснаасаа ном эрдэмд шамдаж, Төвдийн Лхаст хориод жил таван ухаанд мэргэжиж, Рабжамба цол хүртсэн билиг төгс хүмүүн байв. Тэрбээр эх нутагтаа эргэж ирсэн хойно орчуулгын ажил үйлд шамдан, мөн бас 1648 онд монгол бичгийг ойрадын аялгуунд зохицуулан "Тод бичиг"-ийг зохиож, орчуулгаа ихэвчлэн тэрхүү тод бичгээр бичиж үлдээжээ. Зая бандид Намхайжамц болон түүний шавь нарын орчуулсан ном 200 гаруйг нэлээд хэдэн жилийн өмнө бүртгэн гаргажээ. Сүүлийн 10 гаруй жилд олдсон орчуулга цөөнгүй олон байна. Зая бандид болон түүний шавь нарын орчуулга зөвхөн Монгол улсад төдийгүй Хятадын Шинжань, Оросын Халимаг болон дэлхийн номын сангуудад хадгалагдаж буй.

Орчуулгын үйл өргөжихийн дагуу монгол хэлний тайлбар толь зайлшгүй шаардагдаж, Даш, Данзан Арвидах, Авид, Сэнгээ, Арнаа зэргийн монгол хэлбичгийн эрдэмтэд "Хорин нэгт" хэмээх тайлбар толийг 1708-1717 оны хооронд зохион найруулж, мөн барлуулан гаргажээ. Энэ толь бичгийн оршилд "Найман хошууны (Цахар найман хошуу, Ш.Ч) өтгөс өвгөд ба дөчин есөн хошууд хийгээд тавин долоон хошууны шинийн мөргөлд ирсэн монголчуудаас үл мэдэх үсгээ тодруулан ялгамжлан асуугаад... "  хэмээн тэмдэглэснээс үзвэл, ар өвөр монголын олон аялгууны үгсийг зохих хэмжээгээр сайн тусгасан толь бичиг юм. "Хорин нэгтийн тайлбар толь" барласан жил буюу 1717 онд Энх-Амгалан хаан зарлиг буулгаж, Лигдэн хааны үед бүтээсэн монгол Ганжуурыг дахин хянан тохнолдуулж, барлуулахаар тушаажээ. Энэ зарлигийг хүлээсэн Даш тэргүүлэн Данзан, Сэнгээ, Арнаа, Урадын гүүш Билгүүндалай, Ганжуурва Лувсанцүлтэм, Сөнөдийн Шар бээл, Авгын Дэмчиг гүүш тэргүүтэн хошуу хошууны орчуулагч гүүш нар "Ганжуурыг шүүн ариутгах ажлыг 3 жил хийж, 1720 онд Ганжуурын 108 ботийг барлуулжээ. Үүний дараагаар, Данжуурын 225 ботийг орчуулах нөр их ажлыг эхэлжээ. Данжуур нь 10 ухааны (Дотоод ухаан, учир шалтгааны ухаан, дуун ухаан, урлахуй ухаан, тэжээхүй ухаан, эдгээр нь их таван ухаан болно. Зохист аялгуу, илт өгүүлэх нэр, эвсүүлэн найруулах, одон зурхай, бүжиг эдгээр нь бага таван ухаан болно. Ш.Ч) олон зүйлийн нэр томъёо бүхий 3400 гаруй зохиолыг багтаасан асар том цоморлиг тул сайн орчуулахын тулд нэгдсэн нэр томъёоны толь бичиг шаардлагатай байлаа. Жанжаа хутагт Ролбийдорж /1688-1763/ удирдан, олон монгол хошууны эрдэмт гүүш нарыг урин цуглуулж,  10 ухааны ном зохиолыг түвдээс орчуулахад нэгдсэн баримжаа болох "Мэргэд гарахын орон" хэмээх толь бичгийг 1741-1742 оны хооронд зохиолгож, даруй барлуулжээ. Энэ толь бичигт газар газрын гарамгай орчуулагч нарын оюун билиг хүч хөдөлмөр шингэсэн юм. Энэ толь бичигт орчуулгын тухай бичсэн зүйл нь өнөөдөр ч эрхэмлэх зохистой зүйлүүд байгаа юм. Тухайлбал:

1. Орчуулгыг жигд сайн, чанар чансаатай хийх тухай өгүүлэхдээ: "Орчуулагч хэлмэрч нар ашиг хийгээд алдрыг хүсэх, алагчлахуй (ялгамжлах) сэтгэлийг тэвчиж, шударга оюунаар үг утгасын хувийг сайтар шинжлээд, өөрийн ямар ёсоор эс мэдсэнээ, мэргэн хэмээн алдаршсан дээд доод хэн ч бологдохуунаас сайтар асууж, сэжгийг таслаад, тодорхой бөгөөд мэдэхүйеэ хялбар үгээр утга лугаа үл харшилдуулан сайтар орчуулбаас өөр бусдын үндсэнд олон сайн чуулганыг ариутган чадах бөгөөд . . . бусцар бөгөөс өөрөө мэргэн бус боловч мэргэн хэмээн эрэмшихүйгээр омоглон. бусдыг мэргэн боловч түүнд алагчлахуй уналын сэтгэлээр оюуны нүдийг бүрхээд, Богдын номыг өчүүхэн хэрэг болгож, өдөр өнгөрүүлэхүй аргаар ботийг аль олон орчуулахуйд баясагчид нь Бурханы хиргүй сайн зарлигийг буруу номлох ба гэмт номлохын буртаг усаар өөр бусдад, энэ хойтод тэсэхүйеэ бэрх зовлон болохуйг огоот эс болгоомжилсон болох болой"  хэмээн заажээ.

Төвд, монгол хэлний онцлогийг сайтар ухаарч монгол хэлнийхээ утга илтгэх зүй ёсыг тууштай баримтлах хэрэгтэйг заахдаа "Тэр мэт тус эрдэм хийгээд гэм алдлыг сайтар нуталж, бодот орчуулахуй ёсон нь; голын (гол эх сурвалжийн, Ш.Ч) үгсийг төвд хэлний үе зэрэг ямарчлан орчуулбаас монголын хэлнээ мэдэхүйд хялбар бөгөөд утга үл солицолдох нугуудыг тэрхүү ёсоор орчуулаад, тийм бус урьд хойд үгийг солиулбаас утга нь тод мэдэгдээд, өгүүлэх хялбар нугуудыг шүлэглэсэн үг болбоос нэгэн шүлгийн дотор аль амраар солиулж, орчуулахуй хийгээд үргэлжилсэн үгсийг нэгэн үг ба хоёр ба гурван тэргүүтэн тэдгээр үгийн утга алинд хүрэхээс дээш аль амраар солиулж орчуулагтун. Тийм боловч урьд хойд утгыг үл солиулах их хэрэгт бөгөөд тэр ч тэрхүү үгийн чадал гаргагч ёсыг сайтар шинжлэх хэрэгт болой. Бас заримд төвд хэлний ёсоор орчуулбаас, монгол үсэгт асар илүү үлдэж, утгын хувийг халхлах мэт ч олон буйн тул түүнд нь утгад гэм үл болохоор илүү үгсийг огоорч болох бөгөөд зарим үгийг өчүүхэн эс нэмбээс утгын чадал үл бүрдэх мэт ч буйн тул түүнд утгыг тодруулахад туст . . . үг нэмэн орчуулагтун. Нэгэн нэр олон утганд орох нугуудыг нь урьд хойдыг сайтар шинжлээд нэгэнтээ шийдэж болох бөгөөс алинд хүртэх түүнд орчуулаад, шийдэж үл болох бөгөөд монгол хэлнээ тэр утганд орохуй нэр эс олдвоос мөнхүү төвд үгээр тавигтун"  хэмээн заажээ.

Бас тухайн харь хэлний ном бичгийн үг үсгийг тас баримтлан, утгыг огоорч үл болохыг онцгойлон заагаад яруу найраг шүлгийн зүйлийг орчуулахдаа "яруу найртай, утга төгс, мэдэхүйеэ хялбар" хэмээсэн гурван зарчмыг чанд дагаж, үгийн өнгийг зохистой сонгох тэргүүтнийг нарийн тод бичсэн байх юм. Тухайлбал, "Монголын хэлэнд шүлэглэсэн хийгээд үргэлжилсний ялгал ба шүлэгт ч бадаг урт, охор, тэгш болох тэргүүтэн төвдийн хэл ямарчлан эс болбоос бээр шүлэглэсэн шүлгүүдийг нь яруу найртай, утга төгс, мэдэхүйеэ хялбар, бадгийн урт охорыг ч олонхиныг тэгш үйлдэх бөгөөд магтаал хийгээд залбирал мэт заримуудад монгол хэлэнд алдаршсан толгой холбох мэт үйлдвээс бээр харшгүй боловч их гол нугуудад (их шүн ном буюу бурханы эш зарлиг номлол, Ш.Ч) тэр мэт үл үйлдэх бөгөөд бусцар болбоос олон илүү үгс орсноор утга далдлагдахын тулд болой"

... Эсрэглэгч хийгээд хариулагчдын (ном хаялцагчдын, Ш.Ч) тэмцэхүйн үгсийг цаад наад хоёулын санааны уг хийгээд тэмцлийн явцыг (ном хаялцааныг, Ш.Ч) сайтар ажиглаж, бүтээхүй үг хийгээд сөхөөхүйн үгсийг хурц бөгөөд мэдэхүй амар үгсээр орчуулахуй хэрэгт болой. Бус бас магтахын үг хийгээд муутгахын үг ба гайхахын үг, уйтгарлахын үг, айхын үг мэтэст нь, монгол хэлэнд хотолд алдаршсан бөгөөд их чадалт сэтгэлийг хөдөлгөн чадахуйг учирт хүрсэн (зохистой таарсан, Ш.Ч) үгсээр орчуулагтун". Бус бас үүнд (энэ толь бичигт, Ш.Ч) үгүй, бус хийгээд бус нэрийн зүйлийг эртний үнэнхүү шалгадаг болсон мэргэдийн зохиосон их, бага элдэв байгч даягуудад (толь бичгүүдэд, Ш.Ч)8 нягтад шинжилж, бодгальд (хувь хүнд, Ш.Ч) үл итгэн номд итгэх; үгэнд үл итгэн утганд итгэхийн үүднээс сайтар мэдэж үйлдмүй зэ"
  хэмээн бичжээ.

Шинэ нэр томъёо, үг хэллэгийг хэрхэн орчуулах тухай өгүүлэхдээ: "Бус бас дохио найруулахын гол энэ хийгээд бусдад эс гарсан дохиог шинэ найруулах хэрэгтэй болбоос өөр өөрийн газарт дураар, зориг мэдэн нэрийдэлгүй орчуулахын хүрээнд тулгаж, гол (эх сурвалж, Ш.Ч) ба учир шалтгаан лугаа харшуулалгүй орчуулагтун. Тэдгээр нь шалтгааныг өгүүлэх хийгээд ном орчуулах ёсныг цаазлан тогтоосон товч төдий болой"  хэмээжээ. Энд өгүүлснийг мөн бас "Мэргэд гарахын орон" толь бичгийг зохиох болсон учир шалтгааныг өгүүлэхдээ дурдсан байх бөгөөд түүнд "Их оор Монголын тус тус орны үгийн гол адил болбоос бээр өнцөг өчүүхэн төдий адил бус олон. Ялангуяа номыг орчуулахуйд, нэр, дохио, нэрийдэхүй ёсныг цаазлан тогтоосон мэт нэгэн үгийн тул, олон хэлмэрч (орчуулагч, Ш.Ч) нар өөр өөрийн зорилгоор элдэв зүйл үл зохилдох нэрийтгэл (нэр томъёо, Ш.Ч) найруулбаас, сонсохуй, сэтгэхүйг таалагчид бээр мэдэхүйеэ бэрх тэргүүтэн олон гэмийн орон болохын тул сайн зарлигийн нэр дохионы нэрийтгэлийг нэрийдэхүй ёсныг бүдүүвчлэн хураасан нэгийг найруулан, хэвд сийлээд ..."  хэмээжээ. Товчлон өгүүлбэл, "Мэргэд гарахын орон" толь бичиг нь зөвхөн нэр томъёог нэг мөрөөр зөв орчуулах төдийгүй хэрхэн орчуулах онол, аргыг хамтад сурган соёсон бүтээл болно.

Монгол бичгийн хэлний хөгжлийг сонгодог монгол бичгийн хэлээр зааглан хувааж үздэг. Монгол бичгийн хэл чухамхүү сонгодог бичгийн хэлний хэв хэмжээнд хүрснийг Ганжуур, Данжуурын орчуулгаар баримжаалан хэлж болох юм. XVIII зууны тэргүүн хагаст буюу 1742-1749 оны хооронд бүх монгол нутгаас шилж сонгосон 200 орчим орчуулагч гүүш нар Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагаар, "Мэргэд гарахын орон" толь бичгийг лавлалт болгож байгаад, тун богино хугацаанд Данжуурын 225 ботийг амжилттай орчуулж барласан нь тухайн үеийн орчуулагч  мэргэдийн хир хэмжээ, чадал чансаа ямар төвшинд байсныг бүрэн илтгэж байгаа билээ.

Эртний Хятадын сонгодог уран зохиолын орчуулгууд өнөөдөр ч гэсэн яруу тансаг монгол хэлээр байдаг тул бидний бахархалыг төрүүлж байдаг. Энэ бүхэн нь монгол хэлээр төгс эзэмшсэн, бас тухайн хэлийг гаргуун мэддэг гүүш нар тун олон байсныг л батлах гэрч баримт юм даа.

Өмнө өгүүлсэн зуун зууны гүүш нарын шил даран гарч ирсэн орчуулагчид социализмын гэгдэх он жилүүдэд өрнөдийн хэлнээс олон сайн орчуулга хийснийг хэн бүхэн мэднэ. Бидний сайн мэдэх академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд л олон нэр алдар дурдаж болно.

Ардчилалын үеийн 20 гаруй жилд орчуулах үйл их болж, төрөл бүрийн ухааны янз янзын орчуулгын ном өнгө зүс гоё ганган хэвлэгдэх боллоо. Энэ бол зүй ёсны сайн хэрэг мөн боловч, жинхэнэ орчуулга гэдэг нэрэндээ хүрч чадаж байгаа нь цөөн л бололтой. Зах зухаас нь уншихад, гэрэлтүүлэх нимгэн цаас тавиад хуулчихсан юм шиг модон хэлтэй тун тааруухан орчуулга их болжээ. Энэ гэмийн уг шалтгаан нь эх хэлээ, монгол хэлээ муу мэддэг, бичих, найруулах уламжлалт эрдэм чадварыг эзэмшиж чадаагүйд л байгаа юм. Гэвч эх хэлээ хайрладаг, эх хэлнийхээ баялаг сангаас эрэн хайдаг, монгол хүний хэл сэтгэлгээгээр бодож, тунгааж, орчуулдаг сайн гүүш цөөн ч гэсэн байна. Түүний нэг нь Зэлмэ О.Бүрэнжаргал абугай юм. Тэрбээр Марко Пологийн тэмдэглэлийг тун сайн орчуулснаа надад бэлэглэж, эх хэл маань эвдэрч байгаа тухай, бас шинэ үсгийн дүрмийн гажуудлын тухай ч хуучилж байсан нь саяхан санагдах авч, хоёр жил лав өнгөрчээ.

Өнгөрсөн жил Лев Гумилев гуайн үнэ цэнтэй бүтээлийг орчуулснаа авчирч өгөөд, монгол хэлийг нь харж хандаач гэсэн юм.

Лев Гумилевын алдар нэр, бүтээл ном нь монголчуудад танил болсон хэдий ч, том том бүтээл доторх нарийн нандин ухаарал, зүг зүгээс нь харсан торгон мэдрэмжийг тогтоон уншдаг эсэхийг би хэлж эс мэднэ. Орос хэлээр нь уншдаг хүмүүст өөр хэрэг буй заа. Харин ийм ухаарал бясалгалаас төрсөн нэрт эрдэмтний бүтээлийг уншихад сайн орчуулга л хэрэгтэй билээ. Энэхүү эгээрэл хүслийг бүрэн хангасан орчуулгыг Зэлмэ О.Бүрэнжаргал абугай үйлджээ. Сайн орчуулгыг уншихад энхэл донхолгүй цагаан замаар давхиж яваа юм шиг л санагддаг. Үнэндээ, Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн орчуулга өмнө өгүүлснийг батлана. Лев Гумилев абугайн номоос эш татан, нуршин өгүүлэх хүсэл байсан боловч уншигч таны мэлмийн өмнө дэлгэгдэх бүтээлээс хуулан бичих нь илүүц юм хэмээн бодов.

Зохиол нь том боловч амттай, орчуулга нь сайн тул цаг зав муутай ч уншсаар олон сар саатуулав. Бас нэгэн шалтгаан бол Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн өнөөгийн кирил үсгийн дүрмийг баримтлаагүй, өөрийн буюу монгол хэлний зүй тогтлоор бичсэнийг уншаад, засах уу гэтэл "Үгүй, үүгээр нь л хэвлүүлмээр байна" гэв. Ингээд би ацан шалаанд орж хэсэг тээнэгэлзэв. Уг нь Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн түмэн зөв байв.

Өдөр хоног өнгөрч байтал Монгол улсын засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн "Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай" 37 дугаар тогтоол гарав. Уг тогтоолд "Монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ..." тухай заасан тул БШУЯ-ны дэд сайд ахласан ажлын хэсэг гарч, бид оролцож нэлээд зүйлийг тохиролцож, одоо ид ажиллаж байна. Орос үсгийг авснаас хойш буюу 1950-иад оноос өнөөг хүртэл кирил үсгийн тухай шүүмжлэл тасраагүй билээ. Академич Ц.Дамдинсүрэн гуай ч аль эрт 1957 онд "Одоо ч шинэ үсгийн дүрэмд битүүлэг зүйл үлэмжхэн бөгөөд түүнийг улам улам тодорхой болгох нь хэл бичгийн ажилтны үүрэг болно" хэмээн бичсэн буй. Өнгөрсөн цаг хугацаанд монгол хэл бичгийн нэрт эрдэмтдийн кирил үсгийн дүрмийн талаар гаргасан санал шүүмжлэлийн хамгийн гол нь "ъ, ь" тэмдгийг хасах, гээгдэх эгшгийн дүрмийг хасаж, үгийн бүтцийг эвдэхгүй байх тухай л онцолсон байдаг.

БШУЯ-наас томилсон ажлын хэсэг урьд хождын судалгаа, мянган жилийн түүхтэй, маш сайн зөв бичих дүрэмтэй монгол бичгээ ч харгалзан үзэж, дээрх хоёр саналыг тусгахаар болсон билээ. Энэ нь монгол хэлнийхээ зүй тогтол, бүтцэд ч бүрэн тохирохоор барахгүй, анхлан сурагч хүүхэд багачууд, ер хэн бүхэнд хялбар дөхөм болох юм. Энэ ажлын хэсгийн боловсруулж байгаа кирил үсгийн зөв бичих дүрмийн өөрчлөлт нь Зэлмэ О.Бүрэнжаргал абугайн аль эрт бичээд, тэр бичлэгээрээ хэвлүүлнэ гээд байгаатай яв цав нийцэж байгаа нь монгол хүний авиалах унаган мэдрэмжтэй таарч байгаа хэрэг юм.

Учир иймээс, энэ номыг хэвлэх хэвлэлийн газар уг бичлэгээр нь өөрчлөлгүй хэвлэхийг монгол хэл бичгийн эрдэмтэн багшийн хувьд хичээнгүйлэн хүсмү.

Эрхэм гүүш Зэлмэ О.Бүрэнжаргал абугай та урт удаан наслаж, уншигч түмэндээ, угсаа гарвалаа мэдэж, улс Монголоо хэмээх язгуурын үзэл төрүүлэхүйц олон бүтээл орчуулан барих болтугай.



Энэхүү орчуулгын бүтээлийг уншигч таны билиг хурц, үзэл төв, сэтгэл ариун, бие эрүүл, үйлс бүтэмжтэй байж, Монголоо хэмээсэн чин санаа төгс байх болтугай.



МУИС-ийн профессор, доктор (Sc.D) Шаравын Чоймаа

No comments:

Post a Comment